Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 71

 

О.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

                                                          Ц.Амаржаргал

Прокурор                                          О.Доржмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 678 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ын С-т холбогдох эрүүгийн 201609000609 тоот 5 хавтас хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй Е- овогт О-ын С- нь 2013 оны 09 дүгээр сард хохирогч Т.Н-гийн нийт 120 м.кв  талбай бүхий 2 давхар амины орон сууцны хийцийн материалыг өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол “Олон улс”-ын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай газар дээр барьж худалдаж авахаар тохиролцож, Т.Н-гаас уг хийцийг худалдаж авахад зарцуулсан 27.000.000 төгрөгийг байшингийн үнэнд өгнө гэж Т.Н-д итгүүлж, улмаар дээрх үнээс ямар ч төлөлт хийгээгүй хирнээ 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж Т.Н-г хуурч залилан 27.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Г.О-т Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол “Олон улс”-ын худалдааны төвийн зүүн урд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 амины орон сууцыг нь өгнө гэж төөрөгдөлд оруулж 2 амины орон сууцыг барихад 8.330.000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар Т.Н-гаас худалдаж авахаар тохиролцсон амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын  нэр дээр шилжүүлж, Г.О-аар “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30.000.000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 20.000.000 төгрөгийг нь залилж авсан, 2013 оны 09 дүгээр сард Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол “Олон улс”-ын худалдааны төвийн урд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр Ч.Р-гийн амины орон сууцыг бариулж, улмаар Ч.Р-гаас худалдаж авах хэлцэл хийгээгүй, төлбөр төлөөгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг сууцыг өөрийн өмчлөлийн мэт материал бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2013 оны 11 дүгээр сард “Чингис хаан” банкинд зээлийн барьцаанд тавьж, Ч.Р-г хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар залилж 54.000.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 109.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх О.С-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 6.15, 12, 33.3 дугаар зүйлийн 1.2, 2-д заасныг үндэслэн 678 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захиармжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэлд: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. О.С-т холбогдох хэргийг анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад 559 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан бөгөөд  захирамжинд”... хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойгоос гадна мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй...” гэжээ. Гэтэл шүүх дээрх захирамжнаас утга агуулгын  зөрүүтэй шийдвэр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаас нэмэлт мөрдөн байцаалтын хийлгэхээр прокурорт буцаасан байна. Шүүгдэгч О.С- 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг үндэслэн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэсэн хуульд харшилсан дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-д ...тухайн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд уг урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх тухай ойлголт байхад урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй, гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас 2 ширхэг  амины орон сууцны хийц материалаар О.С-ын эзэмшил газар дээр байшин барих харилцаанд оролцсон бүхий л хүмүүс болох Ч.Р-, Г.О-, иргэний нэхэмжлэгч П.Э- нар оролцож хэргийн үйл баримтын талаар мэдүүлэг өгсөөр байхад Ч.Р-, О.С-, П.Э- нарын хооронд үүссэн харилцааны санаа зорилго, маргааны бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, анхнаасаа залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж заасан нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэгт оюун дүгнэлт хийж дээрх байдлыг өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх байтал дүгнэлт хийх асуудлыг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогч нарын хохирсон байдал нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй байна гэж шүүх дүгнэсэн тохиолдолд нотлогдож байгаа хэмжээнд нь шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон эрх бүхий албан тушаалтнууд нь холбогдох хууль тогтоомжинд заасан үндэслэл, журмын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон эсэх асуудлыг мөрдөн байцаалтанд гэрчээр байцаагдсан гэрч Д.С-, Ш.Ц- нарыг шүүх хуралдаанд оролцуулах байдлаар тогтоох боломжтой юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: О.С-т анх 2016 онд эрүүгийн хэрэг үүссэн үеэс л хяналт тавьж ажиллаж байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах 2 үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. О.С-т холбогдох хэрэг Улсын ерөнхий прокурорын шатанд, анхан болон давж заалдах шатны шүүхээр тус тус нийт 3 шатаар хянагдах бүрт О.С-ын гаргасан “хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах тухай” хүсэлтийг анхан шатны шүүх хүчингүй болгосон. Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж байгаагүй нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэж  заасныг анхан шатны шүүх зөрчиж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаасан. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгчээс “хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах тухай” хүсэлт гаргасан боловч хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан. Анхан шатны шүүх хэлэлцээгүй асуудлаар захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй байж хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь үндэслэлгүй. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж шүүгчийн захирамжинд дурдсан. Хэргийг тус тусд нь шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг тогтоосон гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэлгээний талаар хүсэлт гаргасан. Хавтангуудыг тоолж үнэлгээ гаргасан, иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. О.С- байшинг барьж худалдана гэж тохирсон байж эхний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулсныг хохирогч мэдээгүй байсан. 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байшинг бариулсан. 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын тогтвортой мэдүүлэг байгаа учраас үнэлгээ эргэлзээгүй. Байшинг барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Анхан шатны шүүгчийн захирамжинд “54.000.000 төгрөг нотлогдохгүй байна” гэдэг. Шинжээчийн үнэлгээ 54.000.000 төгрөгийн талаар хэн ч маргадаггүй, зээлийн барьцааны гэрээ байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч О.С-, хохирогч Ч.Р-, Г.О- нар бүгд оролцож мэдүүлэг өгсөн байтал анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын мэдүүлгийг үндэслэж бодитой дүгнэлт хийх байтал хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь үндэслэлгүй. 

Мөн 8.330.000 төгрөгийн шинжээчийн дүгнэлт гарсан байтал мөн тогтоогдохгүй байна гэж шүүх дурдсан нь үндэслэлгүй. Хохирогч нарын зүгээс бүх боломжтой баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан н.Ц- гэрчээр байцаагдсан. Мөрдөн байцаалтын шатанд эдгээр гэрчүүд мэдүүлэгтээ “ямар ч эргэлзээ төрөөгүй, газар О.С-ын нэр дээр байсан” гэдэг. Энэ асуудлыг тусд нь шалгах боломжтой гэж үзэж байна. Хохирогч мэдүүлэгтээ “О.С-ыг бид нарт мөнгийг төлөх юм байна гээд итгээд явж байхад гэрчилгээг барьцаанд тавьсан байсан” гэдэг. Хохирогч Ч.Р- “миний байшин зүгээр байсан, байшингийн гэрчилгээг гаргуулж авна” гэж анхан шатны шүүх хуралдааны шатанд мэдүүлээд явж байхад хүртэл О.С- гэрчилгээг барьцаанд тавьсан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих бүх ажиллагаа хийгдсэн тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хохирогч Ч.Р- нь хэрэгтээ холбоотой баримтууд надад өгснийг анхан шатанд гаргаж өгөх боломжтой гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

О.С- нь 2013 онд иргэн Т.Н-, Г.О-, Ч.Р- нарыг хуурч, залилан мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар нийт 109.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх О.С-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 6.15, 12, 33.3 дугаар зүйлийн 1.2, 2-д заасныг удирдлага болгон шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаажээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн 678 дугаар захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр болон хуульд заасан журмын дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлт хийж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч О.С- нь 2013 оны 9 дүгээр сард өөрийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 7 дугаар хороолол буюу “Олон улс”-ын худалдааны төвийн зүүн урд хэсэгт байрлах газар дээр хохирогч Т.Н-гийн 120 м.кв 2 давхар 27.000.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-аас оруулж ирсэн барилгын хийцээр амины орон сууц  барьж өгөхөөр, улмаар хохирогч Г.О-аар 10 амины орон сууцны суурь цутгуулж төлбөрт нь 1 амины орон сууц өгөхөөр тохиролцсон гэх бөгөөд хохирогч Г.О- 2 амины орон сууцны суурийг 8.330.000 төгрөгийн барилгын материалаар хийж гүйцэтгэсэн, хохирогч Т.Н-гийн орон сууцны гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлэн, Г.О-аар “Болор зоос” ББСБ 30.000.000 төгрөгийн зээл гаргуулан 20.000.000 төгрөгийг авч хохирогч Т.Н-, Г.О- нарт 55.330.000 төгрөгийн хохирол, 2013 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшлийн дээрх газар дээр Ч.Р-гийн амины орон сууцыг бариулж, улмаар Ч.Р-тай худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, төлбөр төлөөгүй атлаа 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг өөрийн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан улмаар “Чингис хаан” банкны 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж хохирогч Ч.Р-д 54.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх О.С-т холбогдох хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааныг зарласан атлаа шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүхийн гаргах шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байхаар заасан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 6.15, 12, 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлүүдээр хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.С-т холбогдох эрүүгийн 201609000609 тоот 5 хавтас хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                       ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ