Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0909/З |
Дугаар | 221/МА2016/0416 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2016/0416
2016 оны 6 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2016/0416 | Улаанбаатар хот |
С.Ц нарын 9 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч С.Ц, С.Б, Ч.Д, С.Б, нэхэмжлэгч Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, нэхэмжлэгч А.Ж-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэртэй, С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О, С.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Зайсангийн аманд оршин суудаг дээрх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Эдгээр 9 иргэн нь бүгд Зайсангийн ам, дайчдын хөшөө гэх хаягт олон жил (9-38 жил хүртэл) амьдарсан уугуул болон суугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн иргэд юм. Эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богд-Хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан болно. 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаар захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэгдүүлж, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан. Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн. Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч дээрх 9 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй. Эдгээр 9 иргэн нь тухайн газар дээр олон жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжид газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй, өөр компанид кадастрыг нь давхардуулан газар ашиглах эрх олгосон байх нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Улмаар иргэдэд газар ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь А ХХК-тай газрын кадастрыг давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон байсан. А ХХК нь иргэдийг албадан нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч шүүхээс мөн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Дээрх иргэд албан ёсны хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх болох газар ашиглах, эзэмших эрхээ олж авч чадахгүй байгаагийн улмаас газар дээрээ амины байшин барих, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг эрхгүй байгаа юм. Нөгөөтээгүүр дээрх 9 иргэдийн газрыг авсан гэх компани нь тухайн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно. Эдгээр 9 иргэн нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар нэгдсэн байдлаар хандсан боловч хариу өгөхгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Б-н 10/6222 тоот албан тоотоор "А" ХХК-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй гэсэн мэдэгдэл өгсөн юм. Иймд дээрх 9 иргэний оршин суудаг газартай, А ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ-ний дээрх 9 иргэний газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 9 иргэн нь Зайсангийн аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд" гэжээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар "удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлдүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий" ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах, Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон. Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь: Хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богд хан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Гэтэл эдгээр иргэд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно", 35 дугаар зүйлийн 1-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 37 дугаар зүйлийн 1-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасныг тус тус зөрчин амьдарсан. 2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжид газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад А ХХК-д давхардуулан газар ашиглах эрх олгосон байна гэжээ. "А” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны бусад хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн хууль ёсоор ашиглах эрх 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 450 тоот газар ашиглах гэрчилгээгээр 0.8 га газарт үүссэн байна. Иргэдийн хууль ёсны газар ашиглах эрхийг хөндөж "А" ХХК-д давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон бус А ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар оршин сууж байгаа болно. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй юм. Иймд 9 нэр бүхий иргэнд газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй тул эдгээр иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ч.Д зайсанд 38 жил амьдарч байна гэж байгаа боловч одоогоор амьдарч байсан гэх нотлох баримт байхгүй байна. Уг газар үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Шүүхээс газрын үзлэг хийхэд орц, гарцыг тойруулаад хашаа барьснаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төдийгүй, бодит байдал дээр машин байтугай явган хүн орж гарах ч хэцүү байдалтай байгаа. Мөн орц, гарц хааснаас болж 2 хөрөнгө оруулагч компани хөрөнгө оруулахаас татгалзсан бөгөөд үүнээс болж их хэмжээний хохирол учирч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээ байгуулсан 2 компанид торгууль нөхөн төлсөн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба зэрэг холбогдох бүхий л газраас зөвшөөрлийг авч, бүртгэгдсэн байдаг. Эскиз зургийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар бичиг баримтаа баталгаажуулсан байгаа. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас удаа дараа газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч нэхэмжлэгчид газар чөлөөлж өгөөгүй гэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О, С.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-н гаргасан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ-г нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улсын тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт 450 дугаар гэрчилгээгээр 0.8 га газрыг ашиглуулахаар олгосон газрын нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тухайн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан шинэ акт гартал нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О, С.Ц нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Байгаль орчны сайдаас А ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон тушаал гараагүй, өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Гэтэл дээрх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн захиргааны төв байгууллага гэж заасан байдаг бөгөөд Байгаль орчны сайд гэж заагаагүй байна. Төрийн захиргааны төв байгууллага нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, тус яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгодог. Үүний дагуу Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2007 оны 450 дугаартай гэрчилгээ олгож, мөн оны 12 дугаар сард газар ашиглуулах гэрээг байгуулж, гэрчилгээг 2012 онд 5 жилийн хугацаатай сунгасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчны сайд газар ашиглуулах эсэх талаар өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хэт ерөнхий, ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна.
Түүнчлэн 2007 оноос өмнө тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчны сайдын тушаалаар олгодоггүй байсан тул А ХХК-д газар ашиглах зөвшөөрөл олгосон сайдын тушаал байдаггүй болно.
Мөн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нар 2000, 2001 оноос дээрх газарт амьдарсан, 2012 онд Хан зайсан холбоо ТББ-аар дамжуулан, мөн нэхэмжлэгч П.Э, Б.О, С.Б нар нь 2015 онд, С.Ц 2014 онд, С.Б 2011 онд газар ашиглах хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргаж байсныг шүүх үндэслэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар А ХХК нь газар ашиглах гэрчилгээг 2007 онд, уг объектоо 1994 онд дуудлага худалдаагаар авсан, тэргүүн ээлжид газар ашиглах эрхтэй этгээд болох нь харагдаж байхад шүүх эсрэгээр нь тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэгч нарын амьдарч байгаа газар нь хууль тогтоомжийн дагуу олгогдсон, албан ёсны ашиглах эрхтэй газар биш байтал газрын давхцалтай гэсэн үндэслэлээр А ХХК-д олгосон гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасныг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ мөн хуулийн 27 дугаар зүйлийн 4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Тиймээс эрх бүхий төрийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин сууж байгаа бол газар эзэмшигч, ашиглагч гэж үзэхгүй бөгөөд энэ нь хууль бус тул давхцалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн хуралдаанаар хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгч иргэдийн газар нь А ХХК-ийн хууль ёсны зөвшөөрөлтэй газартай давхцалтай байгаа тул нэхэмжлэгч нарт газар ашиглах эрхийг олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаал нь зөвхөн ажлын хэсэг байгуулсан тушаал ба тушаалд заасныг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Харин ажлын хэсгээс гарсан шийдвэрийг үндэслэн газар ашиглах эрхийг олгосон байдаг.
Анхан шатны шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Ц нарын гарын үсэг зурсан байдаг бөгөөд нэр бүхий 9 нэхэмжлэгч нараас Г.Ц-д нэхэмжлэл гаргах эрх олгосон итгэмжлэл олгоогүй байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг алдагдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлийг гаргуулан авсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд ..., итгэмжлэлийн үндсэн дээр бусдыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхтэй байхаар зохицуулсан заалтыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаж, хэргийг шийдсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр 34.1.5, 34.2-т тус тус заасныг зөрчин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
С.Ц нарын 9 иргэнээс “...бид тухайн газар дээр олон жил амьдарч байгаа, оршин суух хаягтаа бүртгүүлсэн тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжид газар ашиглах эрх олж авах эрх үүссэн байхад газар ашиглах гэрчилгээ олгоогүй, өөр компанид бидний амьдарч байгаа газрыг давхардуулан олгосон нь эрх ашгийг ноцтой зөрчиж байна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргаж, нэхэмжлэгч нарын газартай давхардуулан олгосон “А” ХХК-ийн газар ашиглуулахаар олгосон гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг дараах байдлаар өөрчлөлт оруулав.
Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Н /хуучнаар/ гуравдагч этгээд “А” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богд хан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт орших Зайсангийн ам нэртэй газарт 0.8 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч, 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар ашиглах 450 дугаартай гэрчилгээ олгож, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр уг гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн амьдарч байгаа газар гуравдагч этгээд “А” ХХК-д ашиглуулахаар олгогдсон газрын зарим хэсэгтэй давхцалтай болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч нар тухайн газартаа 2007 онд гуравдагч этгээдэд газар ашиглуулахаас өмнө амьдарч байсан болох нь тэдгээр иргэдийн оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, архивын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба уг газраа ашиглах тухай хүсэлтээ холбогдох газруудад гаргаж байсан, уг хүсэлтийг тухайн газар нь гуравдагч этгээд “А” ХХК-ийн газартай давхцалтай байгаа гэх үндэслэлээр хүлээн авч шийдвэрлээгүй нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагчаас иргэдийн амьдарч буй газар нь зохих журмын дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан, голын хамгаалалтын бүсэд орсон, орц гарц, хааж буусан, мэдээллийн санд бүртгэлгүй, хоосон газарт кадастр хийлгэсэн, инженерийн шугам, сүлжээ бүхий газар дээр байрласан, орон сууцны барилга баригдсан байгаа гэх үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй талаар тайлбарлаж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан маргаж буй газрын байршлыг харуулсан кадастрын зураг, агаарын зураг, нэхэмжлэгч нарын тайлбараар үгүйсгэгдэж байх бөгөөд эдгээр иргэдийн газар нь 2007 онд ашиглах эрхийн гэрчилгээ авсан “А” ХХК-ийн газартай давхцалтай байх тул дээрх үндэслэлд хамаарахгүй байна.
Нөгөөтээгүүр гуравдагч этгээдэд төрийн захиргааны байгууллагын эрх бүхий этгээдийн шийдвэр гаргалгүйгээр газар ашиглах гэрчилгээ олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасныг зөрчсөн байна.
Гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон газрын зарим хэсэг нь буюу газар ашиглахыг хүссэн газрын зарим хэсэг нь нэхэмжлэгч нарын тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгө бий болгож, олон жил амьдарч ирсэн газартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын ашиглаж эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын амьдарч буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт заасныг хэрэглэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “тухайн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан шинэ акт гартал нэхэмжлэгч ...нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь буруу байх тул зохих өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч нэр бүхий иргэд өмгөөлөгч Г.Ц-тэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээнд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэсгүй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О, С.Ц нарын газар ашиглахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ