Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00093

 

Ц.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаар шийдвэр,

          Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Т-

          Хариуцагч: Д.Х-д холбогдох

          Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т-, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2003-04-29-ний өдрийн 30 тоот шийдвэрээр ..0100374 дугаар бүхий 1518,7 м.кв газрыг 60 жилийн хугацаатай Алтанбулаг сумын ..-р баг, суваргын .. тоот газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Д.Х- миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхгүй байгаа учраас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ..-р багийн ... тоот хашаа байшинг анх 2001 онд буюу одоогоос 16 жилийн өмнө иргэн В.Хандсүрэн Амараа гэдэг хүнд худалдсан. Амараа нь 2004 онд Гантөгс гэдэг хүнд худалдсан. Гантөгсөөс миний бие 2011 онд худалдан авсан юм. 2001 онд В.Хандсүрэн нь энэ хашаа байшинг худалдсан тэр үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримт гардаггүй байсан юм уу, эсвэл бичиг баримт авч чадаагүй байсан юм уу ямар нэгэн гэрчилгээ баримтгүйгээр энэ олон айл дамжин худалдагдан ирсэн хашаа байшин юм. Энэ олон жилийн хугацаанд Т- нь тус хашаа байшинд амьдран суудаггүй байсан болно. Миний бие тус хашаа байшинг Гантөгсөөс худалдан аваад хөрөнгө мөнгө гаргаж малын зүчээ барьсан байгаа билээ. Би өөрийгөө ямар нэгэн хууль журам зөрчөөгүй бусдын эрх ашигт хохирол учруулаагүй, энэ хашаа байшинг шударгаар эзэмшиж байгаа иргэн хүн. Алтанбулаг сумын газрын албанд хандан миний амьдран суугаа хашаа байшинг чөлөөлүүлэхээр Т- нь өргөдөл өгсөн бөгөөд тус сумын газрын даамал ажилтай Отгонцогт нь намайг газраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирүүлснийг үндэслэлгүй гэж үзээд Алтанбулаг сумын засаг даргаар хандан гомдол гаргасан боловч тус сумын Засаг дарга надад хариу өгөхдөө энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн. Ингээд би Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Алтанбулаг сумын газрын даамлын газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т- нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2001 оноос хойш, байшин олон айл дамжин худалдагдсан байхад олон жилийн дараа нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би уг газрыг худалдаж авсан байхад, намайг залилж газрыг минь авах гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг анхааран үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 76 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Д.Х-ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ..дугаар баг Суврагын ..-д байрлах гэр бүлийн хэрэгцээний 1518.7 м.кв газрыг чөлөөлүүлэх”-ийг хүссэн Ц.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

     Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

    Хариуцагч хяналтын гомдолдоо: Магадлалыг хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул энэ гомдлыг гаргаж байна. Ц.Т- нь нэхэмжлэл гаргаж олон жилийн хугацаанд хашаа байшинг шударгаар эзэмшиж байгаа намайг хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна. Магадлалд “Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна” гэж заасан. Ингэж заасан мөртлөө ИХШХШТХ-ийн 167.1.5-д заасныг удирдлага болгов гэж заасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалд заасан ИХШХШТХ-ийн 167.1.5-д заасан заалтыг уншиж үзэхэд энэ хуульд заасан ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана гэж заасан байна. Гэтэл Анхан шатны шүүх ХХША-ны журмыг зөрчсөн зүйл байхгүй. Мөн Давж заалдах шатны шүүх нь Анхан шатны шүүхийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж үзэж Иргэний хуулийн 75.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн зөв шийдвэр гэж үзэж байна. Иргэний хуулийн 75.2-т заасан заалтыг Давж заалдах шатны шүүх хэрэглэх байсныг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тус хашаа байшин нь 2001 оноос хойш олон айл дамжин худалдагдаад байхад тэр үед нь нэхэмжлэл гаргаагүй байж одоо болохоор намайг шүүхэд дуудуулж байгаад гомдолтой байна. Би хууль журам зөрчөөгүй тул хохирох ёсгүй гэж үзэж байна. Магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.Т- 2018-11-30-ны өдөр шүүхэд хандан, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1518,7 кв.м газрыг Д.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “..Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ..-р багийн ... тоот хашаа байшинг 2011 онд Гантөгс гэж хүнээс худалдаж авсан...” гэж маргажээ.

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...2003-04-29-ний өдрийн 30-р захирамжийн хавсралтын 204-д Ц.Т-д хашаа байшингийн зориулалтаар 1518,7 м2 газрыг нөхөн эзэмшүүлсэн... 2017-02-01-ний өдөр гэрчилгээ олгосон байна... газрыг Д.Х- эзэмшиж байгаа нь тогтоогдож байна.... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотлоогүй..” гэсэн дүгнэлт хийсэн байна.

    Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...маргаан бүхий газрын асуудлыг урьд нь шүүх шийдэж байсан эсэх, газар дээрх байшин хашаа ... өмчлөлд шилжсэн атлаа газар нь шилжээгүй нь... нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хэзээ зөрчигдсөн нь тус тус тодорхойгүй байна...” гэжээ. 

       Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь Иргэний хуульд нийцсэн...” гэсэн үндэслэл заасан байна. 

       Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Анхан шатны шүүх Ц.Т-гийн нэхэмжлэлийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэснээс шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.  

       Ц.Т- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1518,7 кв.м газрыг Д.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн боловч уг газар хаана байрладаг, газар дээр ямар эд хөрөнгө байдаг нь тодорхойгүй үлджээ. 

       Иймд хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь зөвхөн газрыг эсхүл газар дээр байгаа эд хөрөнгийг газрын хамт хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн эсэх нь   ойлгомжтой байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нийцнэ.   

      2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.   

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө маргааны зүйл болсон газарт “...-р багийн ... тоот хашаа байшин ..” мөн “.... тоот хашаа байшин..” байрладаг мэт /хх 14,16,38/ өөр өөр тайлбар өгсөн, энэ талаар гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг тодорхой бус /хх 25/, Н.Алтантуяа, С.Оюунцэцэг нараас эд хөрөнгө буй газрын хаягийг тодруулаагүй /хх 29-31/   байна. 

      Түүнчлэн, хэргийн 39 дүгээр талд буй бичгийн баримтаас үзвэл гэрч Б.Батмөнх “...байшин нь Х-ын байшингийн зүүн талд ... байсан..” гэж мэдүүлж байжээ.

      Шүүх зохигч нарын хүсэлтийг хүлээн авсан боловч нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг  зөрчөөгүй байна.

      3. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, зохигчийн хүсэлтээр нотлох баримт  бүрдүүлэх ажиллагаа дутуу хийгдсэн зэргээс шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй эсхүл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. 

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нотлох баримтыг тухайн нэхэмжлэлд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ