Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 142/2017/00957/и |
Дугаар | 001/ХТ2020/00074 |
Огноо | 2020-02-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2020/00074
И.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00240 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар магадлалтай,
И.Бын нэхэмжлэлтэй
Д.Эт холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 538 072 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э нь Анар болор хишиг ХХК, Анар болор интракт Монголия ХХК гэсэн 2 компаниар Эрдэнэт үйлдвэр ХХК-д тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг байсан. Тухайн үед Эрдэнэт Үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх 3 том гэрээ хийсэн. Гэрээнүүд урьдчилгаагүй хийгдсэн. Тоног төхөөрөмж оруулж ирэх мөнгө хэрэгтэй байна. Та мөнгө олж өгч туслаач гэж гэрээнүүдээ үзүүлж гуйсны үндсэн дээр тухайн үеийн ажлыг хийж гүйцэтгэх хэмжээний мөнгө болох 240.000.000 төгрөг зээлдүүлсэн. Үүнд: 2015 оны 5 сарын 7-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу 70.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 5 сарын 8-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу 90.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 6 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот гэрээний дагуу 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй нийт 240.000.000 төгрөг зээлдүүлсэн. 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40 000 000 төгрөгийн зээлээс 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийсэн. 40.000.000 төгрөгийн зээлээс 21.760.000 төгрөгийн зээл, зээлийн хүү хассан. Ингээд 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдүүлсэн 40.000.000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 төгрөг болж нийт үндсэн зээлийн үлдэгдэл 220.000.000 төгрөг үлдсэн. Иймд 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу зээлдсэн 70.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 75.600.000 үндсэн зээл 70.000.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг нийт 180.600.000 төгрөг, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 02 тоот гэрээний дагуу зээлдсэн 90.000.000 төгрөг 18 сарын хугацаатай 6%-ийн хүүтэй зээлсэн 18 сарын хүү 97.200.000 үндсэн зээл 90.000.000 төгрөг, алданги 45.000.000 төгрөг нийт 232.000.000 төгрөг, 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 03 тоот гэрээний дагуу зээлдсэн 40.000.000 төгрөг үүнээс 2015 оны 07 сарын 22-ны өдөр 22 хоногийн хүү 1.760.000 үндсэн зээл 20.000.000 нийт 21.760.000 төгрөгийн тооцоо хийж үндсэн зээлийн үлдэгдэл 20.000.000 болсон. 2015 оны 7 сарын 22-оос 2015 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл 518 хоногийн хүү 20.072.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг нийт 50.072.000 төгрөг, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 04 тоот зээлийн гэрээний дагуу зээлдсэн 40.000.000 төгрөг, 18 сарын хугацаатай сарын 6%-ийн хүүтэй зээлдсэн. 18 сарын хүү 43.200.000 төгрөг, үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 103.200.000 төгрөг болсон. Д.Эаас үндсэн зээл 220.000.000 сая төгрөг, хүү 236.072.000 төгрөгөөс хүү гэж төлсөн 28.000.000 төгрөгийг хасаад 208.072.000 төгрөгийн хүү тооцно, алданги 110.000.00 сая төгрөг нийт 538.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-р бичил хороолол 2-р байр 102 тоотод оршин суух И.Б би тус шүүхэд хандаж иргэн Д.Эаас үндсэн зээлд 220.000.000 төгрөг, зээлийн хүүд 208.072.000 төгрөг, алдангид 110.000.000 төгрөг нийт 538.072.000 төгрөг гаргуулан авахаар шаардлага гаргасан. Дээрх шаардлагуудаа дараах байдлаар тайлбарлая. Үүнд хариуцагч Д.Эын надаас авсан нийт зээлийн талаар А-д: 2015-05-07-ны өдөр 70.000.000 төгрөгийг 2015-05-07-ны өдрөөс 2016-11-07-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, сар бүрийн хүү 6% байхаар тохиролцож, мөн гэрээнд заасан хугацаандаа зээлдэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд үндсэн төлбөрөөс хоног тутамд 0.5%-ийн алданги тооцон төлөхөөр тохиролцсон хоёр талын зээлийн гэрээ байгуулагдсанаар мөн өдөртөө би Д.Эын Хаан банкан дахь 5029682927 дугаартай дансанд нь 70.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Дээрх зээлийн гэрээгээр Д.Эаас авах ёстой төлбөрөө тооцвол: Үндсэн зээлд 70.000.000 төгрөг, зээлийн хүүд /70.000.000 6%=4.200.000 төгрөг*18 сар=75.600.000 төгрөг/ 75.600.000 төгрөг, алданги 35.000.000 төгрөг/ 70.0 сая:2=35.000.000/ нийт 180.600.000 төгрөг,Б-д: 90.000.000 төгрөгийг 2015-05-08-ны өдрөөс 2016-11-08-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл биелэгдээгүй үндсэн төлбөрийн 0.5%-иар тооцож хоног тутамд алданги тооцохоор хоёр талын гэрээ байгуулан бөгөөд мөн өдөртөө 90.000.000 төгрөгийг Д.Эын Хаан банкан дахь 5029682927 дугаартай дансанд бэлэн бусаар шилжүүлсэн.Дээрх зээлийн гэрээгээр Д.Эаас авах учиртай мөнгөө тооцвол: Үндсэн зээлд 90.000.000 төгрөг, зээлийн хүүд /90.000.000 *6%=5.400.000 төгрөг*18 сар=97.200.000 төгрөг/ 97.200.000 төгрөг, алданги /90.000.000 төгрөг: 2=45.000.000 төгрөг/ 45.000.000 төгрөг нийт 233.200.000 төгрөг, В/ 40.000.000 төгрөгийг 2015-07-30-ны өдрөөс 2017-01-30-ыг хүртэл 18 сарын хугацаатай, сарын 6%-ийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон хоёр талын гэрээг байгуулан Д Д.Эын Хаан банкан дахь 5029682927 дугаартай дансанд 40.000.000 төгрөгийг мөн өдрөөр бэлэн бусаар шилжүүлсэн. Дээрх зээлийн гэрээний дагуу Д.Эаас авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээлд 40.000.000 төгрөг, зээлийн хүүд 40.000.000 төгрөг*6%=.нэг сарын хүү 2.400.000 төгрөг*18 сар =43.200.000 төгрөг /43.200.000 төгрөг, алданги /40.000.000:2=20.000.000 төгрөг/20.000.000 төгрөг нийт 103.200.000 төгрөг, Г/40.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 18 сарын 1 хугацаатай, сар бүрийн 6%-ийн хүүтэй, гэрээний үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5%-иар алданги төлөх үүргийг хүлээн хоёр талын гэрээ байгуулснаар мөн Д.Эын ХААН банкин дахь 5029682927 дугаартай дансанд мөн өдрөөр 40.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Дээрх гэрээний дагуу зээлдэгч Д.Эаас авах учиртай төлбөрөө тооцвол үндсэн зээлд 40.000.000 төгрөг авах учиртай ч зээлдэгч Д.Эын 2015-07-22-ны өдөр төлсөн 21.760.000 төгрөгөөс 20.000.000 сая төгрөгийг нь үндсэн зээлээсээ хасаж үлдэх 1.760.000 төгрөгийг 22 өдрийн хүүд тооцож хассан. Дээрх зээлийн гэрээний дагуу Д.Эаас авах учиртай мөнгөө тооцвол: Үндсэн зээлд 20.000.000 төгрөг, зээлийн хүүд /40.000.000 төгрөг*6%=2.400.000 төгрөг*22 өдрийн хүү 1.760.000 төгрөг, 20.000.000 төгрөгийг / 2015-07-22-ны өдрөөс хойш тооцвол 17 сар, 8 өдөрт тооцвол/*6%=1.200.000 төгрөг*17 сар 08 хоног буюу 518 хоногийн хүү 20.720.000 төгрөг/ 20.720.000 төгрөг,алданги 10.000.000 сая төгрөг нийт 50.720.000 төгрөг болж байна.Зээлдэгч Д.Эаас үндсэн зээлд нийт 220.000.000 төгрөг, зээлийн нийт хүүд 236.720.000 төгрөг гаргуулан авахаас Д.Эын төлсөн 28.000.000 төгрөгийг хасаж 208.720.000 төгрөг, алданги нийт 110.000.000 төгрөг нийт 538.720.000 төгрөг гаргуулан авахаас 648.000 төгрөгөөс татгалзаж байгаа болно. 2016-06-17-ны өдөр миний ХХБ дахь 407060311 дугаартай дансанд хийсэн 5.000.000 төгрөг, 2016-06-23-ны өдөр ХАС банкин дахь 5001218889 дугаартай дансанд төлсөн 5.000.000 төгрөг, үндсэн зээлээс, мөн 2017-03-10-ны өдөр ХААН банкин дахь 5094635491 дугаартай дансанд төлсөн сая төгрөг, 2017-06-21-ний өдөр төлсөн 8.000.000 төгрөгийг нийт 28.000.000 төгрөгийг зээлүүдийн нийт хүү болох 236.720.000 төгрөгөөс хасаж тооцсон болно. Иймд Д.Эаас 538.072.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нийт 538.072.000 төгрөг нэхэмжилсэн байх ба үүнийгээ алданги 110.000.000 төгрөг, хүү 208.072.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 220.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 28.000.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс бус хүүнд төлсөн гэж тооцсон нь буруу байна. Тодруулбал үндсэн зээлж авсан төлбөрөөс 28.000.000 төгрөг хасагдах ёстой юм. Зарим зээлийн гэрээг байгуулах үед зээлийн гэрээний гол нөхцөлүүдийг бөглөөгүй гэрээний хоосон загвар дээр гарын үсэг зуруулан зээл олгож байсан байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ажил гүйцэтгэх мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул хариуцагч Д.Э нь зээлдүүлэгчийн шаардлагын дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцолгүйгээр хоосон үлдээсэн бөглөөгүй гэрээн дээр гарын үсэг зурах байдлаар хэлцэл хийж байсан. Гэрээний хугацаа, алданги зэргийн хэмжээг одоо болтол хариуцагч өөрөө мэдээгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 538.072.000 төгрөгөөс хүү, алданги хэмээн нэхэж буй 318.072.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбадам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: И.Б нь анх Д.Эт 2015 онд мөнгө өгөхдөө хоосон Зээлийн гэрээний загвар гарган ирж түүн дээрээ гарын үсэг зуруулж авдаг байсан бөгөөд тухайн үед талууд зээлийн гэрээний гол нөхцөл буюу ямар хэмжээний мөнгө, эд хөрөнгийг ямар хугацаагаар, ямар нөхцөлтэйгөөр, хүүтэй юу хүүгүй юу?, хэрхэн буцаан төлөх талаар огт тохиролцоогүй байна. Гэтэл И.Б нь мөнгө нэхэх болохоороо буюу шүүхэд хандах болохоор Зээлийн гэрээнүүдийг нөхөн бичиж, гэрээний гол нөхцөл зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрийн дураар бичин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. И.Б нь зээлийн хоосон загварт гарын үсэг зуруулаад нэг хувийг огт өгдөггүй байсан байна. Нөгөөтээгүүр Д.Э нь дээрх компанийн бизнесийн байгуулагдсан гэрээний ажлууд хэдэн сарын дотор гүйцэтгээд ажлын хөлс, төлбөр тооцоо хийгдэх байсан тул энэ байдалд И.Б итгэл үзүүлэн зээл өгсөн юм. Хэрэв ийм урт 2 жилийн хугацаагаар зээлэх байсан бол И.Б зээл олгох ч үгүй, Д.Э ийм урт хугацаагаар ийм өндөр хүүгээр зээл авах ч үгүй байсан. Хэрэв ийм 200 гаруй сая төгрөгийг 2 жилийн хугацаагаар авах байсан бол ийм өндөр хүүгээр хүнээс авч байхаар Банк, банк бус санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах байсан. Түүгээр ч зогсохгүй И.Б нь огт барьцаагүй зээлж байж 200 гаруй сая төгрөгийг ийм удаан буюу 2 жилийн хугацаагаар Д.Эт огт зээлэхгүй байсан билээ. Иймд И.Б Д.Э нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 1 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 05 сарын 08-ны өдрийн 2 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 4 дугаартай зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч И.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Эт 240.000.000 төгрөг зээлэхдээ өөрийнх нь Хаан банкны 5029682927 тоот дансанд гэрээ хийж гарын үсэг зуруулж баталгаажуулсныхаа дараа мөнгөө шилжүүлж байсан. 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-нд 90.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээ байгуулан Д.Э ч өөрөө гарын үсэг зурсан байгаа. Д.Э нь зээлийн гэрээнүүд дээр зурсан гарын үсгээ өөрийн гарын үсэг биш гэж маргаагүй, түүгээр ч барахгүй 2017 оны 06 дугаар сард өөрөө хүсэлт гаргасан байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу шүүх хурал болохын урд орой над руу утсаар яриад та алдангиасаа жаахан хасаач гэж гуйж байсан. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00240 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Эаас 346.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191.512.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Эын нэхэмжлэгч И.Бд холбогдуулан гаргасан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.848.310 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.360.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1.890.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00240 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Эаас 346.560.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191.512.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д зааснаар хариуцагч Д.Эаас зээлийн гэрээний үүрэг 538.072.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Бд олгосугай... гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг ...хариуцагчаас 1.890.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...хариуцагчаас 2.848.310 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.115.510 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 944.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар хяналтын гомдолдоо: Магадлалаас 348 832 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын 8 дахь хуудасны дээрээсээ 4 дэхь догол мөрөнд “Түүнчлэн хариуцагч Д.Э “2017 оны 06 дугаар сарын 25-наас юмаа авч эхэлнэ. Тэгэхээр 25-наас хойш гарсан өдрийн гарцнаас хамаарч би 5-20 сая хүртэл /1 хийхдээ/ төлөлтийг 7-10 хоног тутам дансанд хийж байх болно. Энэ байдлыг харгалзан үзэж гэрээг 2-3 сараар сунгаж өгнө үү...” гэх хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан, мөн зээлийн хугацаа хэтэрснээс хойш үндсэн зээлээ төлөөгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой юм...” гэж хавтаст хэргийн 107 дахь талд авагдсан хэн бичсэн нь тодорхойгүй гар бичмэлийг гуйвуулан тайлбарлаж үндэслэл болгосон байна. Уг гар бичмэлийг хариуцагч Д.Э бичээгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр шинжээч томилж шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүгчийн 764 дугаартай захирамжаар “107-р хуудсанд авагдсан баримт болох хариуцагчийн нэхэмжлэгчид хандаж зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтэнд зурагдсан гарын үсгийг хариуцагчийн гарын үсэг биш маргаж, гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргаж байх бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан, мөнгө хүлээн авсан талаар маргадаггүй, харин зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар тохироогүй гэж тайлбарладаг тул, гарын үсгийн шинжилгээ хийх нь хэрэгт ач холбогдолгүй” гэх үндэслэлээр 5 дахь заалтаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар 157 320 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...гэж бичээд 107 дахь талд авагдсан баримтыг магадлалын үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1, дэх заалтыг хэрэглэхийг хүсээгүй бөгөөд анхаараагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмнө оролцож байсан Т.Гүрбадам нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШЗ2017/05319 дүгээр захирамжийн 2 дахь хэсгийн 1,2,3-д заасан дүгнэлтийг бүрэн гүйцэт хийлгүүлэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн и/1063 албан тоотоор “...шинжилгээ хийхийн тулд стандарт ажлын зааврын /СНЕМ-7/ дагуу....” шинжилгээ хийхээс Шүүхийн шинжилгээний хуулиас давсан стандарт ажлын зааврын дагуу татгалзаж байгаа тул уг “СНЕМ-7” стандарт ажлын заавар-ыг нотлох баримтаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гаргуулах”-ыг хүссэн хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар хангахаас татгалзаж, захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдаж шийдвэрлэсэн. Ийнхүү хариуцагч талаас гаргасан нотлох баримт цуглуулж бүрдүүлэхтэй холбоотой гаргаж буй хүсэлтүүдийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх хариуцагч талаас өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж цуглуулж өгөх үүргээ биөлүүлээгүй хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. 2. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн болон бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн. Иргэн И.Б болон Д.Э нар нь өмнө болон тухайн үед И.Баас хөрөнгө оруулалт буюу мөнгийг нь гаргаж Д.Э Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлж уг бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн ашгаас И.Бд өгдөг байсан юм. Тухайн үөд И.Баас авсан мөнгөөр хийгдсэн бизнесийн үйл ажиллагаа амжилт муутай болж ашиг муу байсан. Үүнийг мэдсэн И.Б нь зээлийн гэрээнүүдийг ашиглан өөртөө ашигтай байдлаар нэхэмжлэл гаргаж бизнесийн үйл ажиллагааны эрсдлээс зайлсхийж байгаа юм. И.Б нь өмнө нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд тухайн үөд нь Д.Э зээл авч, буцаан төлж байсан. Гэтэл энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй зээлийн гэрээнүүдийг байгуулах үед И.Б нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэж байгаагүйг нь Д.Эын хувьд мэдээгүй. Зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа хүү болон хугацааг бичээгүй зээлийн гэрээнүүд дээр гарын үсэг зуруулан авсан ба сүүлд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээнүүдийн хүү болон хугацааг нөхөж бичиж өөртөө ашигтай байдлаар нэхэмжлэл гаргасан. Дээрх нөхцөл байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Нөгөө талаас шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглээгүй нь буруу болсон. Тодруулбал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт банкнаас бусад этгээд хадгаламж зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан байна. Гэтэл И.Б нь дээрх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. И.Б болон Д.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” юм. Анхан болон давж заалдах шатны шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй бөгөөд уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй талаарх үндэслэлээ эрх зүйн үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тодруулбал хууль тогтоогчоос баталж мөрдүүлж буй дээрх хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж хэрэглэхдээ мөнгөн хадгаламж болон зээлийн үйл ажиллагааг эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авч, төрийн холбогдох эрх бүхий байгууллагын хяналтанд, хүчин төгөлдөр мөрдөгдөж татварын хуулиудад заасан орлогоо тайлагнаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгааг анхаарахгүйгээр нэхэмжлэгчид ашигтайгаар буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байна. Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас 348 832 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Д.Эт холбогдуулан зээлийн үүрэгт 538 072 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 07, 2015 оны 05 дугаар сарын 08, 2015 оны 06 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 346 560 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 538 072 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.
Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний хүчин төгөлдөр байдал, улмаар нэхэмжлэлийн талаар зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байна.
И.Б, Д.Э нар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 70 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 90 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлэх гэрээг бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нь нийт 240 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч 49 760 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.
И.Б нь ЦОБАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, тус компани нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулдаг болохыг нотолсон баримт, бусдаас зээлийн гэрээний үүргийг шаардсан И.Бын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, хариуцагчид удаа дараагийн зээлийн гэрээгээр мөнгө зээлдүүлсэн байдлаас дүгнэвэл И.Б нь зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэх байдал тогтоогдсон байна.
Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар 15.3.4.-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөлтэй байна.” гэж заасан тул нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагааг явуулах юм. Тэрээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг байгуулсан атлаа иргэний хувиар зээлийн үйл ажиллагаа явуулсан нь хууль зөрчинө.
Хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн байх нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д заасан. И.Б нь зохих этгээдийн зөвшөөрөл буюу Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулж, хэлцэл байгуулсан нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болжээ.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” тул хариуцагч Д.Э нь 240 000 000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь үндсэн зээлийн дутуу 220 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрчээ. Харин сарын 6 хувийн хүү, алданги нийт 318 072 000 төгрөгийг зөвшөөрөөгүй байна. Тэрээр “гэрээ” гэсэн хоосон цаасны доор гарын үсэг зурсан, нэхэмжлэгч гэрээг нөхөж бичихдээ зээлийн хүүг 6 хувь гэж өсгөж бичсэн, анхнаасаа сарын 3 хувийн хүү гэж тохирсон байсан гэж маргажээ.
Талуудын мэтгэлцээний явцад үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар шүүх уг хэмжээнд дүгнэлт хийх үүрэгтэй.
Хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд сарын 3 хувийн хүүг, гэрээний хугацаа болох 18 сараар тооцвол 2015 оны 05 дугаар сарын 07-ны гэрээний дагуу 37 800 000 төгрөг төлөхөөс 28 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 9 800 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 08-ны гэрээний дагуу 48 600 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны гэрээний дагуу 40 000 000 төгрөг авснаас үндсэн зээлд 21 760 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 18 240 000 төгрөгөөс хүү тооцвол 10 800 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 30-ны гэрээний дагуу 21 600 000 төгрөг бүгд 90 800 000 төгрөг, үүн дээр үндсэн зээл 220 000 000 төгрөгийг нэмж тооцвол нийт 310 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Энэ тооцоолол нь гэрээний үүрэг бус хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу буцаан гаргуулах үнийн дүнг тодорхой болгож байгаа агуулга болно.
Шүүх сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1.-д заасан хэм хэмжээг нэхэмжлэлийн хүрээнд хэрэглэсэн нь үндэслэлтэй боловч үүнээс гадна хэлцэл хүчин төгөлдөр бус эсэхийг дүгнэх нь шүүхийн зайлшгүй хийх дүгнэлт юм.
Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 310 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00240 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дах хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 07, 2015 оны 05 дугаар сарын 08, 2015 оны 06 дугаар сарын 30, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Д.Эаас 310 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Бд олгож, үлдэх 227 272 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...1 890 750..гэснийг 1 711 950 ...гэж, олгосугай...гэснийг нэхэмжлэгчээс 1 360 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 902 110 төгрөгийг буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА