Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2185

 

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/02185

 

 

 “ЭЭЖЮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ю” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 84 740 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М

Хариуцагчийн төлөөлөгч: Л.Ш

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Ю” ХХК-тай гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, өөрийн компанийн барьсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын “Залуу гэр бүл-2” 216 айлын орон сууцны барилгын гадна талбайн ажил гүйцэтгүүлэхээр болсон.

Гэрээгээр 1126 м.кв талбайг бетондуулах ба бетон зуурмагийг нь 27 808 000 төгрөгөөр  “ЭДТ” ХХК-иас худалдан авч өгсөн.

 Манай компани гэрээний  төлбөрийг цаг хугацаанд нь хийсэн.

 “Ю” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа эхэлж, манай талд 2015 оны 12 дугаар сарын 22-нд талбайг бетондсон, ажлыг хүлээлгэж өгөөгүй.

Гэрээний хавсралтад заасан 10 ажлаас хөрс хуулалт, тээвэрлэлт, индүү, пандус, бродюр суулгах ажлаас бусад ажлыг огт хийгдээгүй, талбай бетондох ажил нь чанаргүй хийгдсэнээс болж хавар газар гэсэхээр зүгээр л саарал шороо болж хувирсан.

 “Ю” ХХК-д хандах удаа дараа завсарлахыг шаардсан. Ажлаа хийгээгүй тул “Прайм капитал” ХХК-тай дахин 25 020 000 төгрөгийн гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хохироод байна.

Иймд гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй “Ю” ХХК-иас худалдан авч өгсөн бетон зуурмагийн үнэ 27 808 000 төгрөг, хийгдээгүй ажлын хөлс 31 912 000 төгрөг, дахин шинээр хийлгэсэн ажлын хөлс 25 020 000 төгрөг, нийт 84 740 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “ЭЭЖЮ” ХХК-тай гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 

 Хөрс хуулалт, бетон хучилт зэрэг ажлуудыг өвлийн улиралд хийж болохгүй талаар сануулсан ч  тайлбар хэрэггүй гэсэн тул бид ажлаа эхэлсэн.

Гэрээнд заагдсан бетон хучилтын ажил хийгдэхийн тулд зайлшгүй хөрс хуулж, хуулсан хөрсний гадаргыг индүүдэж тэгшилж, бетон хучилтаа хийхдээ майхан хучилт хийж, пуужин тень тавьж хатаах, хучилтыг индүүдэж тэгшлэх гэсэн ажлуудыг горимын дагуу  хийж 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гадна зам талбай, тохижилт хийсэн актаар захиалагч талд хүлээлгэж өгсөн.

 Манай компанид талбай цөмөрсөн талаар албан шаардлага нэг ч хүргүүлж байгаагүй.

 Буетон зуурмагийг тэд өөрсдөө сонгосон, өгсөн зуурмагаар л ажлыг гүйцэтгэсэн. Нийлүүлсэн материалын чанарын шаардлагыг бид хариуцах боломжгүй. 

Иймд “ЭЭЖЮ” ХХК-ийн 84 740 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ю” ХХК-иас 12 925 000 гаргуулан нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71 815 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456 551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ю” ХХК-иас 221 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх “ЭЭЖЮ” ХХК-иас “Ю” ХХК-д явуулсан 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 016/95 дугаар албан тоотыг үндэслэн 237 м.кв талбайг дахин бетондсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 71 825 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“ЭЭЖЮ” ХХК барилгын ажлаа хийж дуусгаад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссоос гадна талбайн ажил дутуу буюу стандартын шаардлага хангахгүй байгаа талаар дүгнэлт гарсан. “Ю” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 22, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 016/95 мтоот мэдэгдэл хүргүүлсэн.

Энэ үед 237 м.кв талбайг дахин бетондох шаардлагатай байсан. Өвөл чанар муутай хийгдсэн бетондсон талбай 7 дугаар сарын бороонд бүтэн устаж алга болсон.

Ингээд “Прайм капитал” ХХК-тай гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгүүлэх гэрээг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулж 25 020 000 төгрөгөөр нийтэд нь буюу 1170 м.кв талбайг дахин шинээр бетондуулсан.

Анхан шатны шүүх зөвхөн 237 м.кв талбайг л дахин шинээр хийсэн гэж үзэж байгаа. Ямар хэмжээний талбай эвдэрсэн талаар хэрэгт авагдсан фото зургаас тодорхой харагдаж байхад аль 5 дугаар сард байсан тооцоог үнэлж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтыг гүйцэт, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна  

Шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэж танилцуулж, гарын үсэг зуруулж авсан.  Гэтэл 7 дугаар сарын 26-ны өдөр хөдөө байж байтал “өнөөдөр, одоо 10 цагаас шүүх хуралдаа ир” гэж утсаар ярьсан.

Ингээд миний бие тэр өдрийн шүүх хуралд оролцох эрхээ алдсан.

Шүүх  12 925 000 төгрөгийг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээнд заасан үүргээ бүхэлд нь цаг хугацаанд нь, зохих ёсоор, зориулалтын дагуу ашиглах чанарын шаардлагад нийцсэнээр гүйцэтгэж үүргээ биелүүлсэн.  

Гадаа хүйтэн болж байна, бетон хучилт хийхэд тохиромжтой цаг биш, чанаргүй болно гэдгийг манайх хэлж, сануулсан.

Шүүх  манай талыг хэлж сануулах ёстой байсан, нөгөө тал ажлаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөх ёстой байсан гэсэн дүгнэлт хийсэн хууль болон бодит байдалд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргах эрхгүй. Гэрээний дагуу захиалагч талын нийлүүлсэн бетон зуурмаг шаардлага хангахгүй байсан.  Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д заасны дагуу шаардлага хангахгүй буюу чанар муутай материалыг солих талаар щаардлага тавьсан боловч хүлээж аваагүй, захиалагчийн өөрийн буруутай ажиллагаа байна.  

Гэтэл захиалагчийн зуурмаг нийлүүлсэн талаар, уг зуурмаг ямар ангилалд ордог, стандартын шаардлага хангаж байсан эсэх гадна талбайн бетон зуурмаг нь дунджаар өвлийн нэмэгдэлтэй 350-400 гэсэн маркийн бетон зуурмаг байх ёстой талаар ямар ч дүгнэлт шүүхийн шийдвэрт байхгүй байна.

Энэ нь ажлын доголдол үүссэн эсэх маргаанд заавал анхаарч үзэх шаардлагатай нөхцөл байдал юм.

Энэ нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн доголдлын талаар  манай компанид албан ёсоор мэдэгдээгүй.  Шүүх ямар үндэслэлээр 2016 оны 04 сарын 22-ны өдөр манайд мэдэгдсэн байна гэж дүгнэснийг ойлгосонгүй. Ийм маргаантай нөхцөл байдал байхад шүүх хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт цугларсан эсэхийг тооцож, шүүх хурлыг товлож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд талуудад тэгш боломж олгож, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх ёстой байсан гэж үзэж байна.

Гэрээний ажлын хөлс нийтдээ 38 446 000 төгрөг бөгөөд 12 925 000 төгрөг нь манай тохиролцсон ажлын хөлсийн 34 хувь нь, бид ажил хийх гэж ажилчдаа цалинжуулна, машин механизм түрээслэнэ, хоол унд гээд маш их хэмжээний зардал гарсан.  

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК нь хариуцагч “Ю” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 84 740 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор бетон зуурмаг худалдан авсан санхүүгийн баримтууд /хэргийн 31-43 дах тал/-ыг шүүхэд өгсөн боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан  бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй болно. Өөрөөр хэлбэл, Бетон зуурмаг нийлүүлсэн гэх баримтууд нь огноогүй, хүлээн авагч талын гарын үсэг байвч аль компанийн ажилтан болох нь тодорхойгүй, баримтын арын нүүрт хуулбарласан хэсэгт нотариатчийн үйлдэл хийгдсэн эсэх тодорхойгүй байх бөгөөд анхан шатны шүүх уг баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгож дүгнэж, нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах эсхүл нотлох баримтаас хасах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд хийх байтал хийгээгүйгээс зохигчдод нотлох баримт гаргах, цуглуулах талаарх мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийг тайлбарлах ажиллагааг хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар явуулсан эсэх нь эргэлзээтэй болжээ.

 

            Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/01670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ЭЭЖЮ” ХХК-ийн төлсөн 517 025 төгрөг, хариуцагч “Ю” ХХК-ийн төлсөн 221 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                 ШҮҮГЧИД                                                       Т.ТУЯА

 

                                                                                         Э.ЗОЛЗАЯА