Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00291

 

Т.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00201 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 881 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.Н-

          Хариуцагч: Д.А-д холбогдох

          Газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Н-, хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2010-8-р сард өөрийн танил хүнээс Д.А- ЧД, ..-р хороо, ... тоот хашааны газрын 355 м.кв газраас 235 м.кв газрыг хувааж зарна гэсний дагуу Д.А-тай уулзаж, 235 м.кв газрыг худалдаж авахаар харилцан тохиролцсон бөгөөд мөн оны 8-р сард бэлнээр 3,500,000 төгрөгийг Д.А-д төлсний үндсэн дээр түүний эзэмшлийн ... тоот хашаанд нүүж очин өдийг хүртэл 8 жил амьдарч байна. Үүнээс хойш Д.А- нь газрын эзэмших эрхийг шилжүүлэхгүй, гэрчилгээгээ хайгаад олохгүй байна гэх шалтаг, шалтгаан хэлсээр хойшлуулаад байсан тул шахаж шаардсаар байгаад 2013-11-14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатаар батлуулсан бөгөөд үүнээс хойш газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул арга буюу 2015-9-14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээс нэхэмжлэлээ татаж аваач дахин нэмж 1,500,000 төгрөг өгчихвөл газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж өгье гэж удаа дараа гуйгаад байхаар нь 1,500,000 төгрөгийг нэмж төлөн урьд төлсөн 3,500,000 төгрөг дээр нийлээд нийт 5сая төгрөгийг өгсөн. Ингээд шүүхээс 2015-11-04-ний өдрийн 35433 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Д.А- газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг биелүүлэхгүй, харилцан тохиролцсон үгнээс удаа дараа буцаж миний газар эзэмших эрх болон өмчийн халдашгүй байдалд хууль зөрчин халдаж, ... тоот хашааны газрын 355 м.кв газрыг Бармун гэр хороолол төлөвлөлт-ийн компанитай 2017 оны 1 улиралд барилга барихад газар чөлөөлөх 3 талт гэрээ байгуулан миний 235 м.кв газрыг мөн адил энэ компанид зарахаар болсныг 2017-5-р сард мэдсэн. Үүнээс хойш Д.А-д шаардлага тавьсан боловч заргалдаад аваарай гэж миний эзэмших эрхийг зөрчин өдийг хүрээд байна. Би Д.А-ы хууль бус үйлдлээс газар эзэмших эрхээ хамгаалах гэж ЧД-н газрын албанд хандаж хүсэлт гаргаж байсан. 2018-5-15-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018-5-22-ны өдрийн 4955-р захирамжаар Газрын тухай хуулийн 38.1, 38.3, 38.4, 60.1.2-р газар эзэмших талаар иргэдийн хооронд үүссэн маргааныг тухайн шатны засаг дарга шийдвэрлэнэ гэсний дагуу шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргад 2018-5-28-ны өдөр газар эзэмших асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018-6-14-ний өдөр 3/1056 дугаартай албан тоотоор миний өргөдлийг хангаж шийдвэрлэх боломжгүй тул харьяалах шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн. Иймд 2013-11-14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 235 м.кв газрыг худалдан авсан тул Чингэлтэйн ... тоотод байрлах 235 м.кв газрын эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2013-11-14-ний өдрийн гэрээг хэлбэрийн хувьд байгуулсан боловч 2 талт хариу төлбөрийн нөхцөлтэй байсан. Нэхэмжлэгч эрх шилжүүлэх гэрээний үүрэг буюу төлбөрийг огт төлөөгүй, хариуцагч мөнгө огт аваагүй ба түүнд эрхийн гэрчилгээ нь байдаг. Т.Н- нь мөнгөө өгч, харин Д.А- эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх байсан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас газрын эрх шилжээгүй. Гэрээний шаардах эрхийн хугацаа дууссан, нэхэмжлэгч шүүхэд хандаж байсан боловч нэхэмжлэлээ татан авсан захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд түүний нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 182/ШШ2019/00201 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Т. Н- Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Чингэлтэйн .. дүгээр гудамжны .. тоот хаягт байршилтай 355 м.кв газраас 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 94 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 881 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. 

      Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн 11-р хуудсанд авагдсан Д.А-аас Т.Н-т 1.500.000 төгрөгийг хүлээн авлаа гэсэн 1 хуудас баримтыг ИХШХШТХ-н 44.2-т зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ гэж дүгнэж дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэргийн 11-р хуудсанд авагдсан нотлох баримт нь эх баримт бөгөөд 2015-11-р сард Д.А- өөрийн өмгөөлөгчийн хамт Т.Н-ийг дуудан уулзаж 1.500.000 төгрөгийг бэлнээр тоолон авч уг баримтыг өөрийн гараар бичиж түүнд өгсөн эх баримт юм. Хариуцагч талаас шинжээч томилуулах нэг ч хүсэлт гаргаж байгаагүй, мөн Д.А- нь нэхэмжлэгч хариуцагчийн нэрийн өмнөөс гарын үсэг зурсан баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллага тэр дундаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өөрийн өмчлөх эрхэд хууль бусаар баримтаар халдаад байгаа үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй өдий хүрсэн нь санаатай шүүхэд худал мэдээлж байгаагийн илрэл юм. Мөн хэргийн 11-р хуудсанд 1.500.000 төгрөгийг хүлээн авсан баримт дээрх гарын үсэг, мөн хэрэгт авагдсан газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх гэрээнд Д.А-ы зурсан гарын үсэг, хэрэгт авагдсан Д.А-ы давж заалдах журмаар гаргасан гомдолд зурсан гарын үсэг ижил хэлбэрээр зурагдсан бөгөөд энэхүү гарын үсгүүд Д.А-ы жинхэнэ гарын үсгийн хэлбэр мөн болохыг нотлож байна. Харин Д.А-ы нэхэмжлэлийн хариу тайлбар болон хэргийн материал зурсан зарим гарын үсгийн хэлбэр өөр байгааг анхаарах хэрэгтэй юм. Д.А-ы газрын хэрэгт авагдсан баримтад өөр өөр байгаа нь түүнийг 1.500.000 төгрөгийн баримтыг болон өөрийн мөнгө авсан баримтууд дээрх гарын үсгээс өөр зурах гэж оролдсон үйлдлийг илчилж байна. Харин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо санаандгүйгээр худал зурдаг гарын үсгээ мартаж зурсан нь үүнийг давхар нотлож байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж хэргийн бодит үнэнийг тогтоосон шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Т.Н- 2018-07-18-ны өдөр Д.А-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ...-р хороо, ...-р гудамж, ... тоот хашааны 355 м.кв газрын 235 м.кв газрын /цаашид 235 кв.м газар гэх/ хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгохыг шаардаж “.....Би 2010-8-р сард Д.А-аас ... тоот хашааны 355 м.кв газраас 235 м.кв газрыг нийт 5 сая төгрөгөөр худалдан авсан гэтэл газрын бичиг баримтыг  шилжүүлэхгүй байгаа бөгөөд бусдад зарахаар болсныг 2017-5-р сард мэдлээ...” гэсэн үндэслэл заасан байна. 

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгө огт өгөөгүй...” гэжээ.

      Анхан шатны шүүх Т.Н- 235 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. 

      Нэхэмжлэгч гомдолдоо “...хэргийн 11-р хуудсанд авагдсан нотлох баримт нь эх баримт юм... хариуцагч шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаагүй... гарын үсэг зурсан баримтыг хуурамчаар үйлдсэн гэж байгаа бол хуулийн байгууллагад хандах байсан... Д.А- заримдаа гарын үсгээ өөр өөр зурдаг гэдгийг анхаарах хэрэгтэй...” гэжээ. 

      Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.

     Т.Н- нэхэмжлэлээ “...355 кв.м газраас 235 кв.м хувааж хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох..”, “...235 кв.м газар худалдан авсан болохыг тогтоолгох,газар эзэмших эрх шилжүүлэх..”, “...235 кв.м газрыг өмчлөлд шилжүүлэх..” гэж тодорхойлж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр “235 кв.м газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох..” –г шаардсан байна. /хх1, 85,104,109 /     

      Нэхэмжлэгч нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ..-р хороо, ..-р гудамж, ... тоот  хашааны зарим хэсгийг эзэмших эрхтэй гэж маргах боловч 235 м.кв газар 355 м.кв газрын аль хэсэгт байршиж буйг заагаагүй, нэхэмжлэлийн шаардлагад хашаа багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ.

      Шүүхээс гарч буй шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг тодруулаагүйгээс хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх, улмаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

      2. Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт хуульд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

      Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2018-07-26-ны өдөр гардан авч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн боловч энэ тухай үндэслэлээ тайлбарлаагүй /хх 28,89,90/, шүүх хуралдаанд оролцоогүй буюу мэтгэлцээгүй байх бөгөөд хэрэгт буй баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй юм. 

     Давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзаагүй баримтыг /хх11/ шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6., 42 дугаар зүйлийн 42.4, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

    3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, 355 кв.м газрын аль хэсэгт байрлах 235 кв.м газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардсан, үүнд газар дээрх хашаа багтаж байгаа эсэх зэргийг тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 881 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ