Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00337

 

Ө.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00788 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 920 дугаар магадлалтай,

Ө.А-ийн нэхэмжлэлтэй,

Э ХХК, ГБ ХХК-д тус тус холбогдох

Гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр, алданги 28.980.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг, хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч Э ХХК болон ГБ ХХК-тай байр захиалан бариулах гэрээг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулж урьдчилгаа төлбөрт 19.320.000 төгрөг төлсөн. Гэрээнд зааснаар байр 2014 оны 9 дүгээр сард ашиглалтад орох ёстой байсан боловч төмөр карказ, рам босгоод өдийг болтол ашиглалтад ороогүй. Иймд байр захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 19.320.000 төгрөг, алданги 9.650.000 төгрөг, нийт 28.980.000 төгрөгөөс хариуцагч Э ХХК-иас 14.490.000 төгрөгийг, ГБ ХХК-иас 14.490.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Л.Т-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилааны дарга н.Мэндсайхан, Ганганжир ХХК-ийн захирал Ц.Ганбат, Э ХХК-ийн захирал Л.Т- миний бие бид 3 хамтран хөрөнгө оруулж, 66 айлын орон сууцны барилга барихаар 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Замын-Үүд зангилаа нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн шаардлага хангаж чадах 30 хувийн урьдчилгааг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж чадах чадамжтай, 66 ажилчдыг бэлтгэх, мөн барилгын гадны инженер шугам сүлжээг бие дааж гүйцэтгэх гэсэн үүргийг хүлээсэн. Ганганжир ХХК, Э ХХК нар хамтран барилгын ажлыг өөрсдийн хөрөнгөөр 30 хувийг төлөх, захиалагчдын 30 хувийн хөрөнгөөр 60 хувьд хүргэж, улмаар Худалдаа хөгжлийн банкны зээлээр үлдэгдэл зээлийг төлж барагдуулна гэсэн тохиролцоотой байсан. Ингээд ажил эхэлж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 1.700.000.000 төгрөгийн барилгын угсралтын ажил хийж, барилгын ажил 60 хувьд хүрч, санхүүжилтгүй болж зогссон. Урьдчилгаа 30 хувь болох 1.100.000.000 төгрөгийн санхүүжилт хийхээс 690.000.000 төгрөгийн санхүүжилт хийж, 62 хувийн гүйцэтгэлтэй биелэгдсэн. Мөн захиалагч тал бие даан бэлтгэх ёстой байсан газар болон эрчим хүчний асуудлаа шийдэхгүй байсан зэргээс болоод ажил зогссон. Нэхэмжлэгч 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор урьдчилгаа төлөх үүргээ 6 дугаар сарын 23-ны өдөр болгож хойшлуулсан. Зангилаа болон Төмөр замын удирдлагаас хүлээсэн үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар захиалагч тал иргэний өмнөөс хариуцлага хүлээхгүй гэж иргэдтэй байгуулсан гэрээний 4.6-д заасан. Газрын асуудал 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эцэслэн шийдэгдсэн. Энэ үед Худалдаа хөгжлийн банкны зээлийн материалыг хүргүүлсэн. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ганганжир ХХК-ийн захирал Ц.Ганбат, Э ХХК-ийн захирал Л.Т-, Дорнын гэгээ ХХК-ийн захирал н.Наранчимэг, ГБ ХХК-ийн захирал Г.Э- гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдааны шийдвэрээр Э ХХК-ийн нэр дээр гарсан байсан үл хөдлөх хөрөнгийн 60 хувьтай дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээг ГБ ХХК руу шилжүүлж, ГБ ХХК өөрөө банкны зээл авч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ шийдвэрийн талаар захиалагч нарт болон Замын-Үүд зангилаа, ГБ ХХК удаа дараа албан тоотоор хүргүүлж байсан. 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан, Үйлдвэрчний хорооны дарга гэж танилцуулсан Ц.Цэрэндорж, байр захиалсан 42 ажилтан оролцсон хуралдааны тэмдэглэлд манай саналыг үл хэрэгсэн нэг талын 100 хувийн санаачлагаар Э ХХК-иас гэрээ цуцалж, ГБ ХХК-тай гэрээ үйлдсэн. Захиалга өгсөн 52 иргэн болон ГБ ХХК-ийн хамтарсан 100 хувийн өмч болж бүртгэгдсэн. Э ХХК дээр нэг ч өмч, хөрөнгө бүртгэгдээгүй. Энэ өмчид хамаарах асуудлаар иргэн Ө.А- нь Э ХХК-иас нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ГБ ХХК-ийн төлөөлөгч Г.Э-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Манай компани нь барилга угсралтын компани бөгөөд Ганганжир консалтинг ХХК-ийн охин компани. Манай компанийн 66 хувийг Ганганжир консалтинг ХХК 34 хувийг иргэн н.Жаргал гэж хүн эзэмшдэг. Манайх энэ төсөлд хөрөнгө оруулагчаар оролцсон. 2013 оны 11 дүгээр сард манай толгой компани болох Ганганжир консалтинг ХХК нь Улаанбаатар Замын-Үүд зангилаа, гүйцэтгэгч Э ХХК-тай гэрээ хийсний үндсэн дээр 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр манай ГБ ХХК, Э ХХК-тай орон сууцад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ хийж, 2014 оны 4 дүгээр сард багтааж 450.000.000 төгрөгийн хөрөнгийг оруулсан. 2014 оны 8 дугаар сард хөрөнгө оруулалт маань зогссон. Үүнээс хойш энэ барилга баригдаагүй. 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар төмөр замын удирдах газар гүйцэтгэгч Э ХХК-д хөрөнгө оруулаагүй, цаашид барилга барих боломжгүй гээд 2014 онд хийсэн гэрээг цуцалсан. 2015 оноос хойш тус барилгыг хэн барьж гүйцэтгэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тус барилга нь 60 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ барилгын дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээ өмнө нь Э ХХК-ийн нэр дээр гарч байгаад сүүлд Э ХХК-иас манай компани руу шилжсэн. 2018 оны 1 дүгээр сард Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа санал гаргасны үндсэн дээр энэ барилгын дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээ байр захиалан бариулсан 52 айлын иргэний нэр дээр өмчлөл нь шилжсэн байдалтай байгаа. Тийм учраас бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00788 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 9.665.000 төгрөг, хариуцагч ГБ ХХК-иас 9.665.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.650.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГБ ХХК, Э ХХК-иас тус бүр 127.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 920 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00788 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э ХХК-иас төлсөн 169 590 төгрөгийг, хариуцагч ГБ ХХК-иас  төлсөн 169 590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Л.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь Э ХХК-тай байгуулсан гэрээг нэг талын санаачлагаар цуцалж Э ХХК-ийг гэрээний оролцогчоос гаргасан хэргийн бодит үйл баримт, нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь 2015 оны 9 сарын 19-ний өдрийн бүх талууд оролцсон хурлаар Замын Үүд зангилаа, Э ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №03 тоот гэрээг талуудын санаачилгаар цүцалсан. Ийнхүү цуцалсанаас хойш Э ХХК нь гэрээний харилцаанд оролцох боломжгүй болсон. Энэ хуралд байр захиалагч иргэд оролцсон ба нэхэмжлэгчийг төлөөлж түүний хамтын амьдралтай байсан, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 13.770.000 төгрөгийг өөрийн данснаасаа шилжүүлсэн Б.Дугарсүрэн оролцож, гэрээ цуцлах саналыг дэмжиж гарын үсэг зурсан. Үүний дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ганганжир консалтинг ХХК, Э ХХК, Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан нар нь гэрээгээ дүгнэж “Гэрээ дүгнэсэн акт” үйлдэж гарын үсэг зурцгаасан. Энэ хурлаар Ганганжир консалтинг ХХК, Э ХХК, Дорнын гэгээ ХХК-ийн хамтарсан 2015 оны 03 сарын 18-ны протоколоор Э ХХК, Замын-Үүд зангилаагийн хооронд байгуулсан гэрээг Гарьдийн бүрд ХХК-руу шилжүүлэх, мөн 66 айлын дуусаагүй үйлдвэрлэлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Гарьдийн бүрд ХХК-ийн нэр дээр шилжуүлэхээр тус тус шийдвэрлэж гарын үсэг зурсан. Эдгээр үйл баримтын талаар талууд маргадаггүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Давж заалдах шатны шүүх уг барилгад оруулсан хөрөнгө болон мөнгөнөөс, мөн нэхэмжлэгчийн шилжүүлсэн урьдчилгаа мөнгөнөөс Э ХХК нь нэг төгрөг ч аваагүй, уг урьдчилгаа нь дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгө болж түүнийг нь ГБ ХХК 38.7 %, Замын-Үүд өртөөний 52 ажилтан 61.3 % өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад, энэ талаар шүүхүүд өөрөө үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа үүргийг тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулахаар гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Э ХХК-ийг хохироосон шийдвэр болсон. Талуудын өөрсдийнх нь буюу захиалагч нарын санаачлагаар Э ХХК-ийг гэрээний харилцаанаас гаргасан, хамтран хариуцагч гэж үзэх өмнөх гэрээний нөхцөл байдал арилсан байхад энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Зөвхөн анх гэрээ байгуулсан эрх зүйн байдалд дүгнэлт хийх замаар хэргийн үйл баримтад хандсанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн урьдчилгаа мөнгөнөөс манай компани өөрт авсан зүйл огт байхгүй, уг урьдчилгаа нь 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөд шингэж түүнийг өмчилсөн зүйл байхгүй байхад нэхэмжлэгч тэнцүү нэхэмжилсэн гэх байдлаар хандаж шийдвэрлэснийг хүлээн авах боломжгүй байна. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч Ө.А-тэй хамтын амьдралтай байсан Б.Дугарсүрэнгийн шилжүүлсэн 13.770.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцон хариуцагч хүлээн авсан бөгөөд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор заасан тул хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр хэн нэгэн гуравдагч этгээд түүний өмнөөс шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, гомдол үндсэлэлгүй болно” гэж дүгнэжээ. Түүнчлэн “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр ГБ ХХК 38.7% болон Замын-Үүд өртөөний 52 ажилтан 61.3% гэж бүртгэгдсэн байгаа боловч уг бэлэглэлийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч Ө.А- оролцоогүй, түүнээс хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл олгогдоогүй байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл тэрхүү “Замын-Үүд өртөөний 52 ажилтан 61.3% гэж бүтгэгдсэн” гэх дотор нь “Нэхэмжлэгч Ө.А-тэй хамтын амьдралтай байсан бөгөөд 13.770.000 төгрөгийг шилжүүлсэн Б.Дугарсүрэн нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр орсон байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй орхисон. Эдгээр дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй, өмнө хийсэн дүгнэлтээ хойно хийсэн дүгнэлт нь шууд үгүйсгэсэн хуульд нийцэхгүй дүгнэлт болсон. Хэрэв нэхэмжлэгч Ө.А-, түүний хамтран амьдрагч Б.Дугарсүрэн нар нь нэг байр захиалж, тус тусын данснаас урьдчилгаагаа шилжүүлсэн бол тус дуусаагүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийн хамтран амьдрагч Б.Дугарсүрэн нь урьдчилгаа төлбөртөө тохирсон хувь хэмжээгээр Улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад нэхэмжлэгч “Ө.А- оролцоогүй, түүнээс хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл олгогдоогүй байна” гэх үндэслэлгүй дүгнэлт хийх боломжгүй юм. Хэргийн үлй баримт, нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийснээс Ө.А- нь Б.Дугарсүрэнгийн хамт шилжүүлсэн нийт 19.320.000 төгрөгийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжиж, үүний зэрэгцээ түүний хамтран амьдрагч байсан Б.Дугарсүрэн нь мөн 19.320.000 төгрөгийн дүнгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болж хөрөнгөжих боломжийг шүүх олгосон үндэслэлгүй шийдвэр гаргасан. Ө.А-, Б.Дугарсүрэн нар нь тус тусын данснаас нийт 19.320.000 төгрөгийг шилжүүлж, харин түүнийгээ шүүхийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас 38.640.000 төгрөг болгон хөрөнгөжих боломжийг шүүх олгосон. Иймд шийдвэр, магадлалын Э ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ГБ ХХК-ийн төлөөлөгч Г.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх “Хариуцагч ГБ ХХК-ийн тухайд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ГБ ХХК болон Ганганжир консалтинг ХХК, Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд өртөөний дарга Л.Бямбасүрэн нар нь захиалагч 52 ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдсан Төмөр замчдын 66А орон сууцны дутуу хэсгийг шүлжүүлсэн хэдий ч гэрээний хавсралтад орон сууцны төлбөрийг шилжүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтад Ө.А-ийн нэр ороогүй байна. Мөн дуусаагүй барилгын өмчлөх эрх захиалагч 52 иргэний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан ч дуусаагүй барилгын урьдчилгаа төлбөрт тооцож авахыг Ө.А- зөвшөөрч хүсэлт, итгэмжлэлийг олгосон баримтгүй байна” гэжээ. Гэтэл дээрх 52 ажилтны нэрс дунд нэхэмжлэгч Ө.А-ийн нэр байхгүй хэдий ч шүүхийн шийдвэрээр түүнтэй хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон Б.Дугарсүрэнгийн нэр уг 52 ажилтны нэрсийн 43-т бичигдсэн байх бөгөөд байр захиалан бариулах гэрээг Ө.А- байгуулсан ба урьдчилгаа 30 хувьтай тэнцэх 13.770.000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тогтоогдсон байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч Ө.А- байрны урьдчилгаа төлбөр нь уг баригдаж байгаа барилгад шингэсэн эсэх талаар огт маргадаггүй байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн ГБ ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал тогтоогдохгүй байхад шүүх ингэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалын ГБ ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ө.А-, Э ХХК, ГБ ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр, алдангид 28.980.000 төгрөгийг тэнцүү хувааж гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч Эрдэм түм ХХК “...хамтран ажиллах гэрээнээс гарч ГБ ХХК-д эрх, үүргээ шилжүүлж, 60 хувийн гүйцэтгэлтэй барилга нь захиалагч 52 иргэн, ГБ ХХК-ийн хамтын өмч болсон” гэж, хариуцагч ГБ ХХК “...урьдчилгаа төлбөрийг Ө.А-, түүнтэй хамтын амьдралтай байсан Б.Дугарсүрэн нар төлсөн, ...захиалагч 52 иргэн өмчлөгчөөр бүртгэгдсэний нэг нь Б.Дугарсүрэн байгаа” гэж тус тус нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх, хариуцагч нараас тус бүр 9.665.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх, алданги гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч нарын  төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тодорхойлж, түүний эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 124 дүгээр зүйлийн 124.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ө.А- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутагт баригдах Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын орон сууцны барилгын 3 дугаар давхарт 62.78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 56.502.000 төгрөгөөр захиалан бариулахаар 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр барилгын ерөнхий гүйцэтгэгч Э ХХК, хөрөнгө оруулагч ГБ ХХК-тай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 19.330.000 төгрөг төлсөн нь тогтоогджээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцүүлэн дүгнэсэн байна.

Ажил гүйцэтгэгч барилгыг 2014 оны 09 дүгээр сард багтааж ашиглалтад өгөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, барилга нь 60 хувийн гүйцэтгэлтэй баригдсныг зохигч маргаагүй байна.

Хариуцагч Э ХХК, ГБ ХХК-иуд үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй, цаашид хэрхэн баригдах, үр дүн бий болох нь тодорхой бус үндэслэлээр нэхэмжлэгч Ө.А- гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө буцаан шаардсан нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээ Ө.А- болон Э ХХК, ГБ ХХК-ийн хооронд байгуулагдсан тул гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийн талаар бие биедээ харилцан шаардлага гаргах ба орон сууцны урьдчилгаа мөнгөний зарим хэсгийг Ө.А-тэй хамтран амьдарч байсан Б.Дугарсүрэн төлсөн нь гэрээний талуудын эрх, үүрэгт нөлөөлөхгүй, үүнийг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хариуцагч Э ХХК-ийн татгалзалд хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасантай нийцсэн байна. Хариуцагч Эрдэм түм ХХК нь орон сууц барих хамтран ажиллах гэрээнээс гарч эрх, үүргээ ГБ ХХК-д шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон хэдий ч уг үйл баримт нь ажил гүйцэтгэгч гэрээний нэг тал болсон эдгээр хоёр компанийн хоорондын хамтран ажиллах гэрээнд хамааралтай. Нөгөө талаар Э ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ ГБ ХХК-д шилжүүлэхдээ нэхэмжлэгч Ө.А-д  мэдэгдсэн, тэрээр зөвшөөрсөн нь нотлогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч Ө.А- ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэлээ хоёр хариуцагчид холбогдуулан гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

60 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгч болсон захиалагч 52 иргэнд  Ө.А-тэй хамтран амьдарч байсан талийгаач Б.Дугарсүрэн байгаа гэх боловч тэрээр гэрээний оролцогч бус, Ө.А- түүнд өөрийгөө төлөөлөх итгэмжлэл олгоогүй тул хариуцагч ГБ ХХК-ийн татгалзал үндэслэлгүй болно.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т “гүйцэтгэгч өөрийн буруутайгаас орон сууцны байрыг ...хугацаанд хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн бол төлөгдсөн үнийн дүнгийн хэмжээнд хэтэрсэн хоног тутамд 0.05 хувийн алданги төлнө” гэсэн нь гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардахад хамаарахгүй байна. Иймээс алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

Эдгээр үндэслэлээр хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 920 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э ХХК 169.590 төгрөг, хариуцагч ГБ ХХК 169.590 төгрөг тус тус төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ