| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 183/2019/00877/И |
| Дугаар | 001/ХТ2020/00452 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00452
Г.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1954 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Г.Б-
Хариуцагч: “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д холбогдох
Ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоох, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ч.Чинбатын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-д хангамжийн хэлтэст хангамжийн инженерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирал Ч.Чинбатын 2019-02-22-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар ажлаас өөрчлөгдөж дамжлагын машинчаар томилогдсон. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40-г зөрчсөн, надтай харилцан тохиролцоогүй атлаа дамжлагын машинчаар ажиллахыг шаардаж байгааг хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолыг илт зөрчсөн хариуцагчийн 2019-02-22-ны өдрийн Б/51 дугаар ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Г.Б-г 2016-03-02-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны хэлтэст хангамжийн инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Худалдан авах ажиллагааны хэлтсийн хангамжийн инженерийн албан тушаал нь үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой албан тушаал тул түүнд тавигдах шаардлага нь дулаан, цахилгааны инженер мэргэжилтэй, үйлдвэрт 5-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг. Гэтэл Г.Б- нь уул уурхайн инженер мэргэжилтэй, ямар ч ажлын туршлагагүй ба эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын албан бичиг, төрийн албан хаагчийн анкетыг үндэслэн шууд ажилд авсан байдаг. 2016-10 сард дотоод аудитор ажлын байранд тавигдах шаардлагын хэрэгжилтэд аудит хийсэн ба аудитын тайланд худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авах ажиллагааны инженерээр ажиллаж байгаа Д.Алтан-Эрдэнэ, Г.Б-, М.Энхмаа нарын ажлын байрны шаардлагад дулааны болон цахилгааны тоног төхөөрөмж, электроникийн инженер мэргэжилтэй гэж заасан боловч Г.Б- нь уул уурхайн инженер үйлдвэрлэлд 5-аас доошгүй жил ажилласан худалдааны дуудлага туршлагатай гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Ажилтнуудыг ажилд авахдаа заавар журамд нийцүүлэн нарийвчлан боловсруулсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангасан ажилтнуудыг сонгон авч байх шаардлагатай гэж дүгнээд ажлын байрны шаардлага хангахгүй байгаа ажилтнуудын асуудлыг гүйцэтгэх захирлын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан. ДЦС-3 ТӨХК-ийн дотоод аудитын үйл ажиллагааны дүрмийг төрийн удирдах зөвлөлөөс баталдаг ба дүрмийн 10.2-т дотоод аудиторын гаргасан үнэлэлт, дүгнэлт зөвлөмжийг компанийн гүйцэтгэх захирал, холбогдох нэгж түүний удирдлага, албан хаагчид хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан ч аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. ДЦС-3 ТӨХК нь цахилгаан дулаан үйлдвэрлэдэг улсын онцгой объект тул үйлдвэрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахад хангамжийн инженер чухал үүрэгтэй тул нарийн мэдлэг мэргэжил, туршлагатай хүнийг авч ажиллуулах зайлшгүй шаардлага бий болдог. Иймд үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүднээс төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4-т заасан эрхийнхээ хүрээнд Г.Б-гийн ажлыг өөрчилж түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн ба ажлаас халаагүй тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Дамжлагын инженерийн ажлын байранд тодорхой шаардлага тавигддаггүй. Тодорхой мэргэжил, ур чадвар шаардахгүй учраас өөрийнх нь тохирох албан тушаалд шилжүүлсэн. Ажлын байр өөрчилсөн гэж нэхэмжилж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д буруу ажлаас халсан эсхүл шилжүүлсэн тохиолдолд нөхөн олговрыг олгоно гэж заасан. Ажлаас халсан тохиолдолд үндсэн цалинтай тэнцэх, шилжүүлсэн бол зөрүүг олгохоор тооцсон байдаг. Гэтэл нэхэмжлэгчийг тохирох албан тушаалд нь шилжүүлсэн байхад нэхэмжлэгч өөрөө сайн дураараа ажлаа орхиж явсан. Иймд Г.Б-гийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 183/ШШ2019/02010 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Г.Б-г Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн Хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-с 16,124,724 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар Г.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 308,774 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1954 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлсөн 308,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэн гэсэн 2 өөр үндэслэлээр ажилтны гомдлыг хянан шийдвэрлэдэг. Манай компани Г.Б-г ажлаас халаагүй, 2019-02-22-ны өдрийн Ажил өөрчлөх тухай Б/51 дүгээр тушаалаар Г.Б-гийн ажлыг өөрчилж Түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар томилсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халсан, хариуцагч ажлаас халаагүй харин шилжүүлсэн гэж маргасан. Гэтэл шүүх хэргийн бодит үнэнийг тогтоолгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар Г.Б-г Хангамжийн хэлтсийн Хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69.1-д зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,124,724 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь маргаан бүхий харилцааг зөв тогтоолгүй буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлж байна гээд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийн бодит байдалтай зөрүүтэй шийдвэр гаргасан. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Б- 2019-03-18-ны өдөр “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...намайг дамжлагын машинчаар ажиллуулах тушаал гаргасан нь буруу...надтай энэ талаар тохиролцоогүй...” гэж марган, хангамжийн хэлтэст хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Г.Б-г ажлаас нь халаагүй... эзэмшсэн мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлагад нийцэхгүй хүнийг хангамжийн инженерээр ажиллуулж байгаа нь буруу талаар аудитын зөвлөмж гарсан...иймд халалгүйгээр ажлыг нь өөрчилсөн...” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-н гүйцэтгэх захирал 2019-02-22-ны өдөр Б/51 дугаартай тушаал гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1, байгууллагын дотоод журмын 7.4.1, 7.4.3-т заасныг баримтлан Г.Б-г хангамжийн хэлтсийн хангамжийн инженерийн ажлаас чөлөөлж, түлш дамжуулах цехийн дамжлагын машинчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
Ажилтныг эрхэлж буй ажлаас нь өөр ажилд шилжүүлэх тохиолдлыг хуулиар зохицуулсан байдаг бөгөөд “...ажилтныг өөр ажилд шилжүүлсэн..” талаарх хариуцагчийн тайлбар Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна.
Түүнчлэн, хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол шийдвэр, магадлалыг үгүйсгэх нөхцөл болохгүй байна.
Г.Б- халагдахаасаа өмнө хангамжийн инженерийн ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон, ажилтан гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэх хуульд заасан үндэслэл нотлогдоогүй тул “...ажилтан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй..” гэх хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийг үгүйсгээгүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, 21, 32-34 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.
Ажил олгогч 2019-02-22-ны өдөр Б/51 дугаартай тушаал гаргахдаа Г.Б-г хангамжийн инженерийн ажлаас чөлөөлсөн байх тул “..ажлаас нь халаагүй..” гэх хяналтын гомдол үндэслэлгүйгээс гадна баримтгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1954 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ч.Чинбатын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 308,774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ