Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00462

 

Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02218 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1908 дугаар магадлалтай,

Г-ын нэхэмжлэлтэй,

Ухолбогдох,

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 61 705 350 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Байгууллагад учирсан хохирол 34 473 433 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, С.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, Ц.Баасандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тайван, өмгөөлөгч С.Энхбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нь нэхэмжлэгчтэй 2017 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл 8 сарын хугацаанд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Монгол дахь алтны уурхайдаа электроникийн техникч ажлын байранд ажиллуулахаар Монгол улсад ажиллах виз болон Монгол улс руу явах онгоцны тийз авч өгсөн.

Нэхэмжлэгч нь ажилд орсон өдрөөс хойш ямар нэг ажил үүргийн доголдол, гологдол, ур чадварын талаар мэдэгдэл, буруу зөрүү хийсэн зүйл байхгүй. Энэ хугацаанд амаар болон бичгээр ажлын зөрчлийн талаар мэдэгдэл өгч байгаагүй, миний зүгээс ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр компанийн захирал Дэнни Уолкер намайг дуудаад “чамд такси дуудсан, 2 цагийн дараа Улаанбаатар явна. 23-ны өдөр Монгол улсаас явна” гэж хэлснээр 23-ны өдөр ниссэн. Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож өгнө үү.

Хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацааны цалинг тухайн үеийн ханшаар шилжүүлж 61 705 350 төгрөг болж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаан дээр Г 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ Зеланд Улсын хуульчтай уулзсан. Тэр хуульч нь чиний асуудал Монголын хуулиар шийдэгдэнэ гэсэн байгаа. Энэ талаар и-мэйлд үзлэг хийлгэсэн. Тухайн үед Г 1 сарын дотор гомдол гаргах гэдэг заалтыг мэдээгүй. Ингээд 8 дугаар сарын сүүлээр, 9 дүгээр сард Монголын Бизнес дата сайтад мэдээллээ байршуулж И Эл Си товчоо 10 сард холбогдож энэ хэрэг дээр хуульчаар ажиллах зөвшөөрөл өгсөн. Тив алгасан, хууль мэдэхгүй хүнийг ажлын сүүлийн буюу 5 дахь өдөр ажлаас халсан талаар амаар мэдэгдэж, Шинэ Зеланд руу нутаг буцах ёстой 4 дүгээр сарын 23-ны өдөр нь ням гараг байсан тул мэдээлэл авах боломжгүй, Монгол хэл мэдэхгүй асуудалтай байсан. 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол хуульчтай холбогдож уулзсан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэж 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Өмчийн хэлбэр харгалзахгүй ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалж байгааг бичгээр гаргах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөө бичгээр ямар нэг шийдвэр гаргаагүй. Амаар л хэлсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал нь хожим гарсан байдаг. Хуульд зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Ажлаас халсан тухай тушаалыг ажилтанд өөрт нь гардуулахыг хүлээн авсан гэж үзнэ.

Хариуцагч тал Гыг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, хүнд механизмыг засч чадахгүй байгааг тогтоосон мэт ярьж байна. Энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж 1 сарын тэтгэмж олгосон. Энэ тэтгэмжийг олгочихоод буцаагаад нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй. 20 000 000 төгрөг юунаас болж хохирсон бэ? гэдэг нь эргэлзээтэй. Тийзний зардал 1 343 Шинэ Зеланд доллар буюу 2 315 538 төгрөг гэж байна. 2 тал эрх зүйн харилцаанд оролцсон. Гэрээний дагуу төлсөн төлбөр гэж ойлгож байгаа. Үүнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасандорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Шинэ Зеланд улс дахь зуучлагч компаниар дамжуулан ажиллах хүч авахаар болж тус улсын ажлын байрны зар мэдээний Трэйдми жоб вэб сайтад ажлын байрны мэдээллээ нээлттэй байршуулсан. Үүний дагуу Шинэ Зеландын иргэн Г нь өөрийгөө манай компаниас зарласан Техникийн засварын мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа, гүйцэтгэх ёстой ажил үүргийг маш сайн гүйцэтгэж чадах тухайгаа илэрхийлж, өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн. Бид тухайн хүний өргөдөл, мэдээлэлтэй танилцаад туршилтын хугацаагаар ажиллуулахаар болж Монгол улсад ажиллах виз болон Монгол улсад ирэх онгоцны тийзийг захиалан авч өгч, холбогдох бүх зардлыг гаргасан.

Ийнхүү түүнийг Монгол улсад 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирэхэд нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, Техникийн засварын мэргэжилтэн албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилон ажиллуулсан. Уг туршилтын хугацааны эхний сар Г нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлж, хүнд даацын ачааны машин, хагас механикжсан трактор, эксковатор, бульдозер, грейдэр өргөх болон ажиж буулгах машин механизм болон бусад төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй байсан. Энэ нь манай компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байсан тул Гад энэ талаар мэдэгдэж, мэргэжил, ур чадварын түвшин тогтоолгохыг санал тавихад татгалзаж, надад мөнгө болон буцах онгоцны зардлыг шийдээд өг, нутаг буцлаа гэсэн. Ингээд Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон тушаалыг нь гардуулж, тохиролцсоны дагуу ажилласан хугацааны цалин болох 2 554 Шинэ Зеланд доллар дээр нэмээд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний 5 000 шинэ Зеланд долларыг Гын данс руу шилжүүлсэн.

Мөн компаниас Гын хүсэлтийн дагуу Шинэ Зеланд явах онгоцны тийзийг нь захиалж өгсөн. Гэтэл Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худал, үндэслэлгүй тайлбарыг гаргаж байна. Манай компани нэхэмжлэгчид итгэж, ажилд авснаас маш их зардал гаргаж хохирсон. Иймд Гын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Батбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу Гын ажлын байрны төлбөрт 3 609 500 төгрөг, Монгол руу ирж, буцах онгоцны зардалд 1 343 шинэ зеланд доллар буюу 2 315 583 төгрөг, ажилласан хугацааны цалин 2 554 шинэ зеланд доллар буюу 4 400 542 төгрөг, илүү олгосон цалин 5 000 шинэ зеланд доллар буюу 8 615 000 төгрөг, нийт 18 940 625 төгрөгийн тодорхой зардлуудыг гаргасан байдаг.

Мөн Г нь мэргэжил, ур чадварынхаа талаар худал мэдээлэл өгч, чухал хариуцлагатай албан тушаалд ажиллаж чадахгүй байснаас болж манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зарим үйл ажиллагаа зогсож 20 000 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Гаас компанид учруулсан хохирол 20 000 000 төгрөг, илүү олгосон цалин 5 000 шинэ зеланд доллар буюу 8 548 350 төгрөг, ажлын байрны зардал 3 609 500 төгрөг, онгоцны тийзний зардал 1 343 шинэ зеланд доллар буюу 2 315 583 төгрөг, нийт 34 473 433 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тайван, өмгөөлөгч С.Энхбат нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Монголын уул уурхайн аль нэг компанид ажиллах хүсэлтээ 2014 оноос эхлэн гаргаж, өөрийн мэдээллээ байршуулсан талаар нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн байгаа. Хариуцагч талаас Шинэ Зеланд Улсын Олон улсын уул уурхайн компанид хандсан Гын мэдээллийг худал байсан талаар гомдол нэхэмжлэл гаргасан баримт нотолгоо байхгүй бөгөөд, харин ч хариуцагч компани өөрөө сонголт хийж У-иас Гад анх санал тавьсан. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааны талаар огт дурдагдаагүй, харин 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг заасан. Иймд сөрөг нэхэмжлэлд туршилтын хугацааны талаар бичсэн нь огт үндэслэлгүй, худал зүйл байна.

Хариуцагч талын шүүхэд нөхөн гаргасан байж болзошгүй гэж үзэж байгаа ажлаас халсан тухай тушаалд дурдсанаар түүнд ажилласан хугацааны болон ажлаас халагдсан тэтгэмж 5 000 шинэ зеланд доллар олгохоор заасан байна. Захирлын тушаалаар олгосон мөнгийг ажилтан илүү авсан гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Сөрөг нэхэмжлэлд ажлын байрны зардал 3 609 500 төгрөг болон онгоцны тийзийн зардалд 1 343 шинэ зеланд доллар буюу 2 315 583 төгрөг зарцуулсныг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн гэрээний 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасан хоол болон байр, гэрээний хугацаа, аялал болон даатгал, гэрээ дуусгавар болгох нөхцөлд ажил олгогчоос хариуцан гаргахаар заасан зардал байх тул нэхэмжлэгчээс нөхөн гаргуулах үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 136 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл үүсээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруугаас тухайн байгууллагад хохирол учраагүй, нэхэмжлэгч хохирол учруулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02218 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг Техникийн засварын мэргэжилтний ажлаас үндэслэлгүйгээр буруу халсан болохыг тогтоож, хариуцагчаас 61 705 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс байгууллагад учруулсан хохирол 34 473 433 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 477 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 330 320 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 466 477 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1908 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 638 845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг мэдсэн тухайд.

Магадлалын 8-р талд “...хуульд зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэг хүлээдэг бөгөөд ажил олгогч У нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж ажилтан Гад ажлаас халагдсан тушаалыг гардуулан өгсөн болохоо нотлоогүй байна” гэжээ.

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байдаг. Ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авах гэдэг нь шийдвэрийг мэдэх гэсэн агуулгатай бөгөөд хавтаст хэргийн 1-2-р хуудсанд нэхэмжлэгч Гын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь 2018 оны 1-р сарын 15-ны өдрөөр огноологдсон ч хавтаст хэргийн 41-р хуудсанд байгаа Иргэний хэрэг үүсгэх захирамжаас харвал нэхэмжлэл гаргасан огноо нь 2018 оны 3-р сарын 13-ны өдөр болох нь тогтоогдож байна. Уг нэхэмжлэлд нэхэмжлэгч нь “...2017 оны 4-р сарын 21-ний өдөр ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдсан ...намайг ажлаас буруу халсан” гэжээ. Эндээс нэхэмжлэгч нь өөрийгөө 2017 оны 4-р сарын 21-ний өдөр ажлаас халагдсанаа мэдсэн гэсэн бөгөөд мэдсэнээсээ хойш 10 сар 22 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
  2. Нэхэмжлэгч Г нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 28 тоот “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай” тушаалыг хүлээн аваад явсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2017 оны 4-р сарын 21-ний өдөр ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдсан ...намайг ажлаас буруу халсан" гэж тушаалыг гардаж аваад гарын үсэг зураагүй байдлаа далимдуулж, ИХШХШтХ-ийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна" гэж заасантай нийцээгүй худал, үндэслэлгүй тайлбар гаргадаг. Ажил олгогчийн зүгээс ажилтныг албадаж, хүчээр гарын үсэг зуруулах эрх, үүрэг бол байхгүй.
  3. Шүүхээс хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрийг ажилтанд хүлээлгэн өгсөн болох нь нотлогдохгүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэв нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг хүлээж аваагүй бол ажлаас халагдсанаа хэрхэн мэдэж, шүүхэд хандаж буй нь тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр, шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан заалтыг “тушаалыг ажилтанд гардуулах” гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл ажилтны зүгээс тушаалаа авахгүй байх, гарын үсэг зурахгүй байх нөхцөл байдал бий болж 2, 3 жилийн дараа, цаашлаад 10 жилийн дараа тушаалаа гардаж аваагүй, гарын үсэг зураагүй учир шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн хууль бус байдал бий болох болно.
  4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаас үзвэл гомдол гаргах хугацаа нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс тоологдох хуулийн урьдчилсан нөхцөл агуулж байх ба 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалт нь уг урьдчилсан нөхцөлийн хүрээнд нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхийг олгосон зохицуулалт юм. Мөн Иргэний хуулийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Гын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан: “...2017 оны 4-р сарын 21-ний өдөр ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа ажил олгогчийн аман шийдвэрээр ажлаас халагдсан ...намайг ажлаас буруу халсан" гэж бичсэн 2017 оны 4-р сарын 21-ний өдрөөс буюу ажлаас халагдсанаа мэдсэн үеэс үүссэн байх ба шүүхэд мэдсэнээсээ хойш 10 сар 22 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн тухайд.

Магадлалын 9-р талд “...анхан шатны шүүхийн нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар шүүх уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй гэж өөрчилж, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Гад хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна гэсэн дүгнэлтийг хийв” гэжээ.

1. Хавтаст хэргийн 1-2-р хуудсанд авагдсан нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрийгөө ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш 6 сар 26 хоног, хавтаст хэргийн 25, 26-р хуудсанд авагдсан [email protected] хаягтай хүнээс Монголын шүүхэд ханд гэсэн зөвлөгөөг 2017 оны 4-р сарын 26-ны өдөр авснаас хойш 6 сар 21 хоногийн дараа Aslanbyek.S хаяг руу и-мэйл бичиж харилцсан, тэр хүртэл 6 сар гарангийн хугацаанд Монгол Улсын шүүхэд хандах ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй, уг хугацаанд шүүхэд хандаж чадахааргүй хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаантай байснаа нотлоогүй, анх ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш 10 сар 22 хоногийн дараа /хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлд 1-р сарын 15 гэж огноолсон ч хавтаст хэргийн 41-р хуудсанд авагдсан Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар дээрх нэхэмжлэлийг 2018 оны 3-р сарын 13-ны өдөр тус шүүхэд анх өгсөн учир 10 сар 22 хоног өнгөрсний дараа өгсөн гэж үзнэ/ буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 9 сар 22 хоногоор хэтрүүлсэн.

2. Хавтаст хэргийн 11-р хуудсанд байгаа нэхэмжлэгч Гын 2017 оны 12-р сарын 11-ний өдөр БГД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтэд “...2017 оны 4-р сарын 21-ний өдөр алтны компанийн захирал Дэнни Волкер өрөөндөө дуудаж ажлаас халсан тухай хэлсэн, ...би буцаж ирээд Шинэ Зөланд дахь хэд хэдэн хуульчид хандсан,...ажилласан газар чинь Монгол болохоор Монголын хуулиар, Монголын шүүхэд хандах ёстой тухай хэлсэн,...ингээд би Монголын хуульчдад хандахаар интернетээр хайсаар хэд хэдэн өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг газруудад хандсаны эцэст 2017 оны 10-р сарын 02-ны өдөр Өмгөөллийн “ИЭлСи” ХХН-өөс надад хариу ирснээр би Монголын хуульчидтай холбогдсон, ...Монгол улсын хууль тогтоомжид зааснаар ажлаас хууль бусаар халагдсан тохиолдолд 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа байдгийг би мэдээгүй учраас...хэтрүүлсэн байна" гэсэн байна. Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа Монгол улсын хуулийг мэдэхгүй байсан гэж тайлбарлажээ. Гэвч Иргэний хуулийн 3-р зүйлийн 3.7-д “...хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан учир Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг мэдэхгүй нь уг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Мөн дээрх хүсэлтдээ өөрийг нь төлөөлж шүүх хуралд оролцсон “ИЭлСи” ХХН-ийн өмгөөлөгч Энхтөр овогтой Билэгсайхан, Дува овогтой Батзориг, Серик овогтой Асланбек нартай анх 2017 оны 10-р сарын 02-ны өдөр холбогдсон гэсэн байгаа нь өөрийгөө халагдсанаа мэдсэнээс хойш 5 сар 11 хоногийн дараа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш 4 сар 11 хоногийн дараа юм. Анх Монгол улсын өмгөөллийн нөхөрлөлийн дээрх хуульчидтай холбогдох хүртэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129-д заасан хугацааг 4 сар 11 хоногоор хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааны тухай нэг ч баримт хэрэгт авагдаагүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хамгийн багадаа 4 сар 11 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл юм. Анхан шатны шүүх гадаад улсаас Монгол улсын хуулийг судлах боломжгүй нөхцөл, мөн Монгол Улсын хуульчидтай холбогдсон ч орон зай, газар зүйн байрлал алслагдмал зэрэг Монголын хуульчид хандаж зөвлөгөө авч байсан нь хүндэтгэн үзэх шалтгааныг хэтрүүлсэн гэж үзнэ гэж үндэслэлгүй дүгнэлт хийгээд байгаа ч Монголын хуульчид хандах хүртлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа болох 30 хоногийн хугацааг 4 сар 11 хоногоор хэтрүүлсэн асуудалд дүгнэлт хийгээгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнээд байгаа нь ИХШХШТХ-ийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна.

3. Хавтаст хэргийн 130-135-р хуудсанд mailto:[email protected] гэх хаягнаас Aslanbyek.S гэх хаяг руу “...Би нийт 4 бичиг баримтыг хэвлэж аваад хууль зүйн JP-ээр баталгаажуулан тамга дарууллаа. Өчигдөр эдгээр баримтуудыг танай шуудангийн хаягаар илгээсэн болно. Банкнаас дөнгөж сая над руу залгаад шилжүүлсэн мөнгө буцаж дансанд орсон тухай мэдэгдсэн. Монголын банк яагаад миний мөнгийг буцааж, үйлчилгээний хөлсөнд 70 Шинэ Зеланд доллар суутган авах болсон тухай мэдээлэл байхгүй байна гэж хэллээ. Энэ нь надад үнэхээр шударга бус санагдаж байна. Банкнаас тэд өөр аргаар төлж болох эсэхийг асуусан. Энэ талаар тодруулаад надад мэдэгдээрэй” гэжээ. Уг бичгийн баримтуудад и-мэйлээр харилцсан цаг хугацаа нь 2017 оны 11-р сарын 17 гэсэн байгаа нь нэхэмжлэгч хавтаст хэргийн 1-2-р хуудсанд өөрийгөө ажлаас халагдсанаа 2017 оны 4-р сарын 21-ний өдөр мэдсэн гэснээс хойш 6 сар 26 хоног өнгөрсөн, хавтаст хэргийн 25, 26-р хуудсанд авагдсан [email protected] хаягтай хүнээс Монголын шүүхэд ханд гэсэн зөвлөгөөг 2017 оны 4-р сарын 26-ны өдөр авснаас хойш 6 сар 21 хоног өнгөрсөн болох нь тодорхой харагдаж байна. Монголын шүүхэд хандах тухай зөвлөгөөг өөрийн улсын [email protected] хаягтай хуульчаас авснаас хойш 6 сар 21 хоногийн дараа Aslanbyek.S гэх хаягтай хүнтэй и-мэйлээр харилцсан баримтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарлаад байгаа шүүхийн тайлбар үндэслэлгүй байна. 2017 оны 11-р сарын 17-ны өдөр mail:[email protected] гэх хаягнаас Aslanbyek.S руу и-мэйл явуулах хүртэл нэхэмжлэлд бичсэнчлэн анх ажлаас халагдсанаа 2017 оны 4-р сарын 21-ний өдөр мэдсэнээс хойш 6 сар 26 хоног, өөрийн улсын байж болох [email protected] хаягтай хуулийн мэдлэг бүхий хүнээс 2017 оны 4-р сарын 26-ны өдөр и-мэйлээр зөвлөгөө авснаас хойш 6 сар 21 хоногийн хугацаанд ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ Монгол Улсын шүүхэд гаргаагүй болох нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч Г өөрийгөө халагдсаныг мэдсэнээс хойш 6 сар 26 хоног, Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэхээ мэдсэнээс хойш 6 сар 21 хоногийн дараа Aslanbyek.S хаяг руу и-мэйл бичиж харилцсан, тэр хүртэл 6 сар гарангийн хугацаанд Монгол Улсын шүүхэд хандах ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй, уг хугацаанд шүүхэд хандаж чадахааргүй хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаантай байснаа нотлоогүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байхад гадаад улсаас Монгол улсын хуулийг судлах боломжгүй нөхцөл, мөн Монгол улсын хуульчидтай холбогдсон ч орон зай газар зүйн байрлал алслагдмал зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг 9 сар 22 хоногоор хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж дүгнэж уг хугацааг сэргээсэн нь ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.2-т “...шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасантай нийцэхгүй, шүүхийн шийдвэр мөн хуулийн 116-р зүйлийн 116.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байна.

4. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг 10 сар 22 хоног хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар ч тогтоогддог. Тухайлбал хавтаст хэргийн 6-7-р хуудсанд Англи хэлээр Power of attorney, Монгол хэлээр Итгэмжлэл гэж орчуулагдсан бичмэл баримтууд дээрх огноо нь 2017 оны 11-р сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байна. Уг бичгийн баримтуудаас харахад ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш 6 сар 26 хоногийн дараах хуулийн хувьд хүчин төгөлдөр байх шаардлага хангахгүй “ИЭлСи” ХХН-ийн өмгөөлөгч Нацагдорж овогтой Тайван, Энхтөр овогтой Билэгсайхан, Дува овогтой Батзориг, Серик овогтой Асланбек нарт итгэмжлэл хийж өгсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Г нь ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш 6 сар 26 хоногийн дараа Монгол улсын хуульчид анх хандсан гэсэн юм.

  1. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрсний дараа хавтаст хэргийн 11-р хуудсанд 2017 оны 12-р сарын 11-ний өдөр Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбанк БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг онцгой ажиллагааны журмаар сэргээлгэх хүсэлт гаргасныг 2017 оны 12-р сарын 14-ний өдөр тус шүүхийн шүүгч Т.Гандиймаа хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж хавтаст хэргийн 12-13-р хуудсанд нотлох баримтаар авагдсан байна. Үүний дараа дахин шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг 2017 оны 12-р сарын 25-ны өдөр тус шүүхийн шүүгч Ш.Оюунтуул нэхэмжлэлийг 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж хавтаст хэргийн 36-р хуудсанд авагдсан бөгөөд уг захирамжинд гомдол гаргах эрхгүй гэжээ. Шүүгчийн дээрх захирамж гарснаас хойш 2 сар 19 хоногийн дараа буюу 2018 оны 3-р сарын 13-ны өдөр 2018 оны 1-р сарын 15-ны өдрөөр огноолсон нэхэмжлэл, 2018 оны 3-р сарын 12-ны өдрөөр огноолсон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтүүдийг өгснөөр шүүгч 2017 оны 3-р сарын 20-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан нь хавтаст хэргийн 41-р хуудсанд авагдсан байна. Хавтаст хэргийн 36-38-р хуудсанд авагдсан дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, гомдол гаргах эрхгүй захирамж 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн өдөр гарснаас хойш 2 сар 19 хоногийн дараа буюу 2017 оны 3-р сарын 13-ны өдөр дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн л хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж байгаа үйлдэл юм. Хэдийгээр энэхүү үндэслэл нь гомдлын гол үндэслэл биш ч Иргэний хуулийн 79.1-д зааснаар тасалдсан хөөн хэлэлцэх хугацаа 79.2-т зааснаар 2017 оны 12-р сарын 25-ны өдөр дууссанаас хойш 2 сар 19 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Анхан шатны шүүх уг асуудалд мөн л ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэргийн 1-2-р хуудсанд байгаа 2018 оны 3-р сарын 13-ны өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ 2018 оны 1-р сарын 15 гэж огноолсон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийг төөрөгдүүлэх гэсэн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин тоологдсон хугацаанд нэхэмжлэл гаргасан мэт харагдуулах заль хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дахин тоологдсон гэж гэж үзэж болох хөөн хэлэлцэх хугацааг 2 сар 19 хоногоор хэтрүүлээгүй гэх харагдуулах зорилгоор дээрх байдлаар буруу огноолсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд заасан 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хамгийн багадаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нараа интернетээс хайж олох хүртэл 4 сар 11 хоног /2017.4.21-2017.10.02/, цаашлаад төлөөлөгч нартаа итгэмжлэл гэх бичиг баримт хийж, и-мэйлээр дахин харилцах хүртэл 6 сар 26 хоног, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 10 сар 22 хоног хэтрүүлсэн байна. Анхан шатны шүүх гадаад улсаас Монгол улсын хуулийг судлах боломжгүй нөхцөл, мөн Монгол улсын хуульчидтай холбогдсон ч орон зай, газар зүйн байрлал алслагдмал байсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж хуулийг буруу тайлбарласан ч гэсэн Монголын хуульчид анх хандсан 2017 оны 10-р сарын 02-ны өдөр хүртэлх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн 4 сар 11 хоногийн хугацаа нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа юм. Үүнийгээ нэхэмжлэгч Монгол улсын хуулийг мэдэхгүйгээс болсон /Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт хавтаст хэргийн 11-р хуудас/ гэж тайлбарладаг ч уг тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Гурав. Үндэслэлгүй ажлаас халсан гэх тухайд.

Магадлалын 8-р талд “...хэрэгт нэхэмжлэгч Гыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаарх баримт авагдаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэжээ.

Шинэ Зеландын иргэн Г нь өөрийгөө манай компаниас зарласан “Техникийн засварын мэргэжилтэн” гэх ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд гүйцэтгэх ёстой ажил, үүргийг маш сайн гүйцэтгэж чадах тухайгаа илэрхийлж, манай компанид 3 жил дараалан анкетаа ирүүлсэн, энэ талаараа ч нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Бид түүний анкетанд үндэслэж сайн ажилтан байна гэж итгэсэн. Ийнхүү 2017 оны 3 сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.3 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 19, 20 дугаар зүйлийг үндэслэн тус компанийн захирлын 17/08 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар Гыг Техник засварын мэргэжилтний албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилсон. Уг туршилтын хугацаа нь ажилтны мэргэжил, ур чадвар нь гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа нийцэж, цаашид байгууллагад үр бүтээлтэй ажиллаж чадах эсэхийг харуулах хугацаа байдаг. Гэтэл Г нь гүйцэтгэвэл зохих ажлыг хийж чадахаүй байснаас шалтгаалан өдөр тутмын ажил удаашрахад хүрч байсан тул мэргэжил ур чадварын түвшин тогтоолгохыг санал болгоход шууд татгалзсан. Ийнхүү Г нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоолгохоос татгалзсан нь байгууллагын зүгээс ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг тогтоох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн.

У-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийн 22.8-д “...хэрэв ажилтан мэдлэг, ур чадвар, мэргэжлийн түвшин тогтоолгохоос татгалзвал мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно..." гэж заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй" гэж заасны дагуу У-ийн хөдөлмөрийн дотоод журам нь хууль тогтоомжид нийцсэн, хүчин төгөлдөр журам юм.

Иймд Г нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоолгохоос татгалзаж, тухайн албан тушаалд тэнцэхгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учир Хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийн 22.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй юм.

Гэтэл шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцээгүй байна.

Дөрөв. Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

Иргэний хуулийн 369 дугаар зүйлийн 369.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж заасан байдаг бөгөөд У болон Г нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон шалтгаан нөхцөл нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой юм. Тодруулбал, Г нь Хөдөлмөрийн гэрээ болон Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлж байсан учир талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Ийнхүү Г гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор У нь өөрийн гаргасан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл,  Г нь ажил үүргээ гүйцэтгэсэн бол У-д зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцож, Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу 20 000 000 төгрөгийн хохирол шаардах эрхтэй. Гэтэл шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Мөн У нь Гад ажилласан хугацааны цалин 2 554 NZ$ буюу 4 400 542 төгрөг, илүү олгосон цалин 5 000 NZ$ буюу 8 615 000 төгрөг, нийт 18 940 625 төгрөгийг олгосон байдаг. Үүнээс үндэслэлгүйгээр илүү шилжүүлсэн 5000 NZ$ буюу 8 548 350 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”. 492.1.1- т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон” гэж заасны дагуу шаардсан. Шүүхээс илүү олгосон цалин нь талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчийн хариуцах зардал гэж үндэслэх хэсэгтээ тодорхойлсон байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний заалтанд илүү олгосон цалин нь ажил олгогчийн хариуцах зардал болно гэсэн заалт байхгүй. Хариуцагч У нь нэхэмжлэгч Гад үндэслэлгүйгээр илүү олгосон хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр буцаан шаардах эрхтэй. Гэтэл шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний Аялал ба Даатгал хэсэгт “...”Уулс Заамар” ХХК нь ажиллах хугацаанд ажилд холбогдох аяллын зардал болон аяллын, эрүүл мэндийн даатгалыг төлөх болно... хэрэв та улирлын гэрээ дуусахаас өмнө ажлаас халагдвал нислэгийн үнэ болон нислэгийн үнийн зарим хэсэг сүүлийн цалингаас хасагдах болно. Бусад явах тээврийн хэрэгсэл болон байрны төлбөрийг та өөрөө хариуцна” гэж заасан байдаг тул Гын өөрийнх нь хүсэлтийн дагуу компаниас захиалж өгсөн онгоцны тийз захиалсан төлбөр нь компанийн хариуцах зардалд хамаарахгүй, компаниас захиалж өгөх үүрэггүй тул онгоцны тийз захиалганд төлсөн 1 343.2 NZ$ буюу 2 315 583 төгрөгийг Иргэний хуулийн 492.1-д заасан үндэслэлээр буцаан шаардах эрхтэй.

У нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө” гэж заасны дагуу Гын ажлын байрны 7 сар 14 хоногийн төлбөрт 3 609 500 төгрөгийг төлсөн. Гэтэл Гтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас 2017 оны 4 сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу Гын ажлын байрны зардалд төлсөн 3 609 500 төгрөгийг ажил олгогчид учирсан бодит хохиролд тооцож нэхэмжлэл гаргасан атал шүүхээс “ажил олгогчийн хариуцах зардал” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.1-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй үндэслэлгүй шийдвэр байна.

Иймд ИХШХШтХ-ийн 176 дугаар зүйлийн 176.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Г нь У-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 61 705 350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтан мэргэжил, ур чадварын талаар худал  мэдээлэл өгснөөс байгууллагаас үндэслэлгүй зардал гарч, хохирол учирсан гэх үндэслэлээр 34 473 433 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн 129.3., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг У-ийн Техникийн засварын мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 61 705 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгуулахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3., 129 дүгээр зүйлийн 129.1. дэх хэсгийг баримтлан, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүй сэргээсэн, ...хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж, дүгнэлт хийгээгүй, ...сөрөг нэхэмжлэлтэй холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар үнэлээгүйгээс үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...ажил олгогч 8 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, үүргээ хэвийн гүйцэтгэж, зөрчил дутагдал гаргаагүй, энэ хугацаанд амаар болон бичгээр ямар нэгэн зөрчлийн талаар мэдэгдэл өгч байгаагүй. Гэтэл ажиллаад 3 долоо хоног өнгөрсний дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө тодорхой шалтгаан хэлэлгүй, ямар ч үндэслэлгүй ажлаас халсан.

Ажилласан хугацааны цалин, ажлаас халахад нэг сарын цалин өгсөн тул үлдэх 7 сарын цалинг гаргуулахаар нэхэмжилж байна. ...Монголоос Шинэ Зеландад ирээд хэд хэдэн хуульчдад хандаж цаг хугацаа их алдсан бөгөөд ...Монголын хуульчдад хандахаар интернетээр хайж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг газруудад хандсны эцэст 2017 оны 10 дугаар сарын 02-нд “ИЭлСи” ХХН-өөс надад хариу ирснээр Монгол хуульчидтай холбогдож зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хооронд хугацаа их алдсан тул  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...ажилтан туршилтын эхний сар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй байсан тул мэргэжил, ур чадварын түвшин тогтоолгохыг санал болгоход татгалзаж, “...мөнгө, буцах онгоцны зардлыг шийдээд өг...” гэсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй...” гэж маргасан байна.

а. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах, 129.3.-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зохицуулсан.

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр, 2017 оны 12 дугаар сарын 18, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.  /хэргийн 1 дүгээр хавтас, 11 дүгээр тал/

Хөдөлмөрийн  тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан “хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх үндэслэл” гэдэгт хуульд заасан хугацааны дотор гомдол гаргагчаас өөрөөс нь үл хамаарах /хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоосон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг/ хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан нөхцөл байдлыг ойлгоно.

Анхан шатны шүүх “...ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалыг ажилтанд хүлээлгэн өгснөө нотлоогүй тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж..., мөн “...нэхэмжлэгч нь гадаад улсын иргэн, Монгол хэл, бичиг мэдэхгүй, ...түүнийг ажлаас халсан даруй Шинэ Зеланд руу буцаан явуулсан нь Монгол Улсын хуулийг судлах боломжгүй болсон нөхцөл үүссэн, ...Монгол Улсын хуульчидтай холбогдсон ч орон зай, газар зүйн байрлал алслагдмал... зэрэг байдал нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзнэ” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хоёр өөр үндэслэл заасан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн тухайг шийдээгүй байна.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх, эсхүл нэгэнт өнгөрсөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, эсэх нь хоёр өөр ойлголт тул хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт салаа утгатай, ойлгомжгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

б. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан “ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан” гэдгийг ажил олгогчоос гаргасан эрх зүйн актыг ажилтан гардаж авсан, эсхүл түүнд гардуулж өгснийг ойлгох бус ажилтныг ажлаас халсан тухай түүнд албан ёсоор мэдэгдсэн, ажилтан ажлаас халагдсан болохоо мэдсэн байхыг ойлгоно.

Г нь У-иас Шинэ Зеланд Улсын ажлын байрны зар мэдээний Трэйдми жоб /trade me jobs/ вэб сайтаар зарласан Техникийн засварын мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэх үндэслэлээр тухайн ажлын байранд ажиллахыг хүссэн өргөдлийг өөрийн дэлгэрэнгүй мэдээллийн хамт хүргүүлсэн байна.

У мэдээллийг үндэслэн нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд ажиллуулахаар болж, Монгол Улсад ажиллах виз, Монгол Улсад ирэх онгоцны тийз болон холбогдох зардлыг гаргаж, түүнийг Монгол Улсад ирэхэд нь У-ийн Ерөнхий захирлын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17/08 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3. дахь заалтыг үндэслэн Техник засварын мэргэжилтний албан тушаалд туршилтын 3 сарын хугацаагаар томилж, улмаар ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулж,  гэрээний хугацааг “...ойролцоогоор 2018 оны 03 дугаар сарын 27-ноос 2017 оны 11 дүгээр сарын 18, эсхүл хүйтний улирлаар уурхай зогсох хүртэл үргэлжилнэ...” гэж тохиролцжээ.

У-ийн Ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийг тус тус үндэслэн ...Г нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр цуцалж, дуусгавар болгосон, ажилтан 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсаас явсан үйл баримт тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ ямар нэг байдлаар цуцлагдсан, түүний Монгол Улсад үргэлжлүүлэн ажиллах боломжгүй бодит байдал бий болсон тул тэрээр ажлаас буруу халагдсан гэж үзсэн бол энэ үед шүүхэд гомдол гаргах эрх нь үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г-ын ажлаас халагдсан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш шүүхэд эхний нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэл гаргах хугацааг сэргээх, улмаар ажлаас буруу халсан тухай гомдлыг хянан хэлэлцэх хуульд заасан үндэслэлгүй байна.

Тухайлбал: 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Шинэ Зеланд Улсын хуульчаас Монгол Улсын шүүхэд хандах талаар зөвлөгөө аваад Монголын Бизнес дата сайтад мэдээллээ байршуулсан гэх 2017 оны 08 дугаар сарын сүүл, 09 дүгээр сар хүртэлх 4 сарын хугацаанд өөрийн эрхээ хамгаалах, хамгаалуулахаар ямар нэг идэвхтэй үйлдэл хийснийг баримтаар нотлоогүй, энэ хугацаанд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх  хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Монгол Улсын өмгөөлөгчтэй холбогдсон гэх 2017 оны 10 дугаар сар, шүүхэд нэхэмжлэл гаргасан бусад хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан 7 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 61 705 350 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Ажил олгогч нь ажилтнаас компанид учирсан хохиролд 20 000 000 төгрөг, илүү олгосон цалин 5 000 NZ$ буюу 8 548 350 төгрөг, ажлын байрны зардал 3 609 500 төгрөг, онгоцны тийзийн зардал 1 343.2 NZ$ буюу 2 315 583 төгрөг, нийт 34 473 433 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...нэхэмжлэгчнь мэргэжил, ур чадварын талаар худал мэдээлэл өгснөөс бид Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.1., 9.2.-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын байрны төлбөрт 3 609 500 төгрөгийг төлж, Монгол руу ирж, буцах онгоцны зардал, ажилласан хугацааны цалин, ажлаас халагдсны тэтгэмж зэргийг төлж тодорхой зардал гаргаснаас гадна ажилтан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байснаас компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, 20 000 000 төгрөгийн хохирол учирсан...” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ: “...компанид 20 000 000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчоос хариуцан гаргахаар заасан зардлыг гаргасан тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргасан байна.

Ажил олгогч ажилтанд нэг сарын цалин 5 000 NZ$ буюу 8 548 350 төгрөгийг үндэслэлгүй шилжүүлсэн, ажилтны өөрийнх нь хүсэлтийн дагуу буцах онгоцны тийз захиалгад 1 343.2 NZ$ буюу 2 315 583 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэжээ.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний Аялал болон даатгал хэсэгт У нь ажиллах хугацаанд холбогдох аяллын зардлыг ...төлөх болно.  ...Хэрэв улирлын гэрээ дуусахаас өмнө ажлаас халагдвал нислэгийн үнэ болон нислэгийн үнийн зарим хэсэг сүүлийн цалингаас хасагдах болно гэж тохиролцжээ.

Ажил олгогч гэрээнд заасны дагуу ажилтанд захиалсан онгоцны тийзийн хөлсийг буцаан авах байсан бол ажилласан хугацааны цалингаас суутган авах боломжтой байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

У ажилтныг ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, эх орон руугаа буцах онгоцны тийзийг нь захиалж өгөхөөр харилцан тохиролцсон үндэслэлээр үүргээ гүйцэтгэсэн, энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бус болоогүй, ажил олгогч үүргээ гүйцэтгэсэнд ажилтныг буруутгах боломжгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө олж авсан этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх ба хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Талуудын хооронд үүрэг үүссэн, ажил олгогч үүргээ гүйцэтгэсэн, хэлцэл хүчин төгөлдөр бус болоогүй тул ажилтныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэхгүй, ажил олгогчийн шаардлага үндэслэлгүй байна.

У нь гадаадын иргэнийг мэргэжилтнээр ажиллуулж, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийн ажлын байрны төлбөрт 3 609 500 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөнөөс хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон, түүнчлэн ажилтан ажил үүргээ хангалтгүй биелүүлснээс байгууллагад 20 000 000 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй  байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтад үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3. дахь заалтад нийцсэн, үндэслэл бүхий байх боловч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02218 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1908 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар У-д холбогдох ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 61 705 350 төгрөгийг гаргуулахыг хүссэн Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3., Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г-д холбогдох байгууллагад учирсан хохирол 34 473 433 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч У-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэнгийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638 845 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД