| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2017/0184/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 20
О.С-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2017/0184/Э/001/2018/0049
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор О.Доржмаа
Хохирогч Г.О-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны 1098 дугаар захирамжтай О-ын С-т холбогдох 2016090000609 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, Е- овогтой О-ын С-.
Шүүгдэгч О.С- нь 2013 оны 9 дүгээр сард хохирогч Т.Н-гийн нийт 120 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцны барилгын хийцийн материалыг өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай газар дээр барихаар худалдаж авахаар тохиролцож, Т.Н-гаас хийцийн материалыг худалдаж авахад зарцуулсан 27.000.000 төгрөгийг байшингийн үнэд өгнө гэж хуурч мэхлэн улмаар дээрх үнээс ямар ч төлөлт хийлгүйгээр 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж Т.Н-гийн 27.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан.,
-мөн хохирогч Г.О-т Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр нийт 10 амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1орон сууц нь өгнө гэж итгүүлэн 2 амины орон сууцыг барихад 8.330.000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар Т.Н-гаас худалдаж авахаар тохиролцсон 1 сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлж Г.О-аар “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30.000.000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, Т.Н-, Г.О- нарт нийт 55.330.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
-2013 оны 9 дүгээр сард Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улс худалдааны төвийн зүүн талд байрлалтай өөрийн эзэмшлийн газар дээр Ч.Р-гийн амины орон сууцыг бариулж улмаар Ч.Р-гаас худалдаж авах хэлцэл хийгээгүй, төлбөр төлөөгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 17-ний өдөр уг сууцыг өөрийн өмчлөлийн мэт материал бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2013 оны 11 дүгээр сард “Чингис” хаан банкинд зээлийн барьцаанд тавьж, Ч.Р-г хуурч, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар 54.000.000 төгрөгийн хохирол учруулсан бусдад нийт 109.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны 1098 дугаар захирамжаар:
- Е- О-ын С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016090000609 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,
-Хэрэг прокурорт очтол шүүгдэгч О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.С-ын эзэмшлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий "Toshiba" маркийн 42 инчийн лед өнгөт зурагт, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий "Toshiba" маркийн хоёр хаалгатай том хөргөгч тус бүрийг битүүмжилсэн болохыг дурдаж... шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
...Анхан шатны шүүхийн шүугчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул эсэргүүцэл бичиж байна.
2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд 2 амины орон сууцны хийцийн материалаар О.С-ын эзэмшлийн газар дээр байшин барих харилцаанд оролцсон бүхий л хүмүүс болох хохирогч Ч.Р-, Г.О- иргэний нэхэмжлэгч П.Э-, шүүгдэгч О.С- нар бүрэн хэмжээнд оролцсон ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд оролцогч нараас уг явдлын талаар бүрэн хэмжээнд мэдүүлэг өгсөн.
Дахин шүүх хуралдаан зарлахад эдгээр хүмүүс хүрэлцэн ирж оролцох боломжтой, болсон үйл баримтын талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх боломжтойн дээр хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоосон байхад 2013 онд Ч.Р-, О.С-, П.Э- нарын хооронд үүссэн харилцааны санаа зорилго, маргааны бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, анхнаасаа залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэхийг тогтоох үндэслэлийг захирамжинд заасан нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүгч хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэгт оюун дүгнэлт хийж дээрх байдлыг өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх байтал дүгнэлт хийх асуудлыг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.
Түүнчлэн хохирогч нарын хохирсон байдал нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох зайлшгүй шаардлагатай гэж шүүгчийн захирамжинд дурдсан боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс өөрт байгаа бүхий л нотлох баримтуудаа гаргаж өгсөн, мөн хавтаст хэрэгт хохирлын хэмжээг нотлох бүхий л боломжит бичгийн баримтуудыг хавсаргасан төдийгүй 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн урьчдчилсан хэлэлцүүлэгт шүүгчийн захирамжинд дурдсан баримтуудыг нэмж гаргаж өгсөн ба хэрэв шүүх хохирлын хэмжээ бүрэн нотлогдохгүй байна гэж дүгнэсэн тохиолдолд нотлогдож байгаа хэмжээнд шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон эрх бүхий албан тушаалтнууд нь холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон эсэх асуудлыг мөрдөн байцаалтанд гэрчээр байцаагдсан гэрч Д.Сэргэлэн, Ш.Цэндсүрэн нарыг шүүх хуралдаанд оролцуулах байдлаар тогтоох боломжтой бөгөөд эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаанд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг О.С-т холбогдох энэ эрүүгийн хэрэгт шалгаж мөрдөн байцаалтыг удаашруулах бус тусд нь шалгаж тогтоох бүрэн боломжтой асуудал юм.
Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрпэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.д заасан шүүгчийн захирамжинд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2.т заасныг баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа дүгнэлтдээ:
...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна., Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд хэргийг прокурорт буцаасан захирамж хуулийн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал тайлбартаа:
...Хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй байгаа тул захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.О- тайлбартаа:
...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна., нотлох баримт ханалттай байхад шүүх хэргийг шийдвэрлэхгүй хэт удаашруулж үүний улмаас хохирогч миний бие маш их хохирч байна., хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Дархан-Уул аймгийн Прокуророос О-ын С-ыг бусдад нийт 109.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасан нь хуулийн үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Прокурорын эсэргүүцлийг үндэслэн тухайн үйл баримтанд хамаарал бүхий хэрэгт авагдсан нотлох баримт, түүнчлэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн, судалж үзвэл:
-Шүүгдэгч О.С- нь 2013 оны 9 дүгээр сард хохирогч Т.Н-гийн 27.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан.,
- Т.Н-гаас худалдаж авахаар тохиролцсон 1 сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлж Г.О-аар “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30.000.000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, Т.Н-, Г.О- нарт нийт 55.330.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
-2013 оны 9 дүгээр сард иргэн Ч.Р-г хуурч, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар 54.000.000 төгрөгийн хохирол учруулсан бусдад нийт 109.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.
Хэргээс үзэхэд энэ үйл баримттай холбоотой бичгийн нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн., мөн шүүгдэгч О.С- болон хэрэгт хамааралтай этгээд болох хохирогч Ч.Р-, Г.О- иргэний нэхэмжлэгч П.Э-, мөн холбогдох гэрчүүдээс хууль сануулж мэдүүлэг авсан., мөн хохирогч нарын хохирлын талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, холбогдох дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, бусад холбогдох этгээд тухайлбал улсын бүртгэлийн ажилтанаас гэрчээр байцаалт авчээ.
Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн, эсхүл харилцан зөрүүтэй бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоож чадаагүй бол шүүх нотлогдож тогтоогдож байгаа хэмжээгээр үнэлж, дүгнэлт гарган шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны 1098 дугаар захирамжийг хүчингүй болгож Е- овогт О-ын С-т холбогдох, 2016090000609 дугаартай, 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
4.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Б.МАНЛАЙБААТАР