Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00563

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00914 дугаар шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр  сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалтай,

Б.А-ын нэхэмжлэлтэй,

Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

Албадан дуудлага худалдаа явуулахыг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүррагчаа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний өмчлөлийн Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот Ү-2101001450 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын Мөнхийн эрхи ББСБ-ийн 55,4 сая төгрөгийн зээлийн барьцаанд өр төлбөр барагдуулахаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 сарын 19-ний албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Г.Гүррагчаа утсаар холбогдож өгсөн. Гэвч би дуудлага худалдаа явуулахыг үл зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Үүнд: Анх Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг бид 115 сая төгрөгөөр үнэлснийг мөн Улаанбаатар хотын Мөнхийн эрхи ББСБ-ын үнэлгээтэй тохирч байгаа гэж ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Г.Гүррагчаа хэлж зөвшөөрсөн боловч одоо дуудлага худалдаанд 115 сая төгрөгийн 80 хувь буюу 80,5 сая төгрөгөөр дуудах гэж байгааг үл зөвшөөрч байгаа тул мэргэжлийн шинжээчээр үнэлүүлж өгнө үү. Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг өмчлөгч нь Б.А- миний бие, хамтран эзэмшигч нь миний охин Н.Санчирмаа юм. Тэрээр одоо АНУ-ын Өмнөд Миссипигийн Их сургуульд суралцаж байгаа, түүний эрх ашиг хөндөгдөнө. Орхон Аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг баг 4-р хороолол 7-р байр 36 тоот 4 өрөө орон сууцыг хэт багаар үнэлж албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хийх нь миний болон надтай хамт амьдардаг том охин 27 настай Н.Бямба-Эрдэнэ, 22 настай Н.Санчирмаа, 17 настай Н.Нинжбадгар нарын эрх ашиг хөндөгдөж 55,4 сая төгрөгийн өрөнд дор хаяж 115 сая төгрөгийн үнэтэй 4 өрөө орон сууцаа өгөх, бид орон гэргүй хоцрох болоод байна. Иймд Иргэний хуулийн 176.2.1, 176.2.3-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү. Миний бие газар тариалан эрхэлдэг бөгөөд ургац хураан аваад төлбөр тооцоогоо барагдуулах боломжтой гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүррагчаагийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1108 дугаар шийдвэрээр Б.А-аас 55.270.140 төгрөг гаргуулж Мөнхийн эрхи ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-нд тус газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу барьцаалбартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө бие даан худалдан борлуулах сарын хугацааг олгох хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хүлээн авч хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгсөн. Төлбөр төлөгч Б.А- нь уг хугацаанд төлбөрийг барагдуулаагүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон байх тул төлбөр төлөгч Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манайхаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1509 дугаартай мэдэгдлийг шуудангаар хүргүүлж өөрт нь танилцуулсан байдаг. Талууд 115 сая төгрөг дээр тохиролцсон. Манайх 115 сая төгрөгийн 70 хувиар тооцож 80 500 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаа явуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал ирүүлж болно гэж заасан. Гэтэл ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу дур мэдэн, эсхүл хууль бусаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэхийг хориглосон тул Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00914 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2., 176.3.-т заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сарын хугацаагаар хойшлуулах тухай нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төлбөр төлөгч Б.А-д холбогдох 18140046 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгаж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр  сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00914 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.А-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь манай байрыг албадан дуудлага худалдааны үнийг тогтоохдоо төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хоорондоо зөвшилцсөн үнийг хэт бууруулж үнэлсэн байгаа нь нотлох баримтаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх шинжээчээр үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасныг эөрчин нэхэмжлэгчийн үнэлгээ хийлгэхийг хүссэн хүсэлтийг эс хүлээн авч түүний мэтгэлцэх эрх, өөрийн гаргаж өгч чадахгүй нотлох баримтыг шүүхээр гаргуулах эрхийг тус тус зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэхүү зөрчлийг зөвтгөн шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдаануудыг олж харалгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулахыг түр хойшлуулахыг хүссэн Б.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хоёр шатны шүүх зохигчийн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Б.А-аас 54.838.000 төгрөг гаргуулж Мөнхийн эрхи ББСБ-д олгох Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.31-ний өдрийн шийдвэрийг тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437-р нээлттэй хорих анги биелүүлэх явцдаа барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.А-ын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдааг 1 сарын хугацаатай хойшлуулж түүнд үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө худалдах боломж олгосон байх бөгөөд дуудлага худалдааг дахин 6 сараар хойшлуулах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, жил бүр ногоо тариалдаг, намар ногоо хурааж орлого олж өрөө төлөх боломжтой гэж тайлбарласан хэдий ч энэ үндэслэлээ нотлоогүй тул шүүх дуудлага худалдааг хойшлуулах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00914 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 138 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б.А- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод оруулсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ