Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 142/шш2017/01205

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 23 өдөр                      Дугаар 142/ШЗ2017/01205                                          Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг ....тоотод оршин суух Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг ....... тоотод оршин суух Д.А-д холбогдох

 “Орон сууцнаас албадан гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.А миний төрсөн эцэг Шарав овогтой Баярхишиг нь 2011 оны 04 сарын 11-нд ...... тоот байрыг Д.А-гаас ХХБ-ны зээлээр худалдан авч, байрны зээлээ цаг тухай бүрд нь төлж яваад 2014 оны 10 сарын 25-нд зуурдаар нас барсан. ХХБ-ны үлдэгдэл зээлийг хүү Б.А нь үргэлжлүүлэн төлж байгаад 2016 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Уг ...... тоот байр нь аав Ж.Баярхишигийн эзэмшлийн байр байсан ба өв залгамжлагчаар нь би өвлөн үлдэх болсон. Тухайн үед байраа зарсан эзэд нь зарсан байрандаа түр хугацаагаар суухаар аавтай тохиролцож байсан юм билээ. Одоо уг ...... тоот байраа суллаж авах гэсэн боловч байранд сууж буй хүмүүс байр суллаж өгөхгүй байгаа тул албадан гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.А би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос улс руу хараар явуулах гэж бизнесийн зээл аваад явуултал 2 дүү маань 2 сарын дараа баригдаад Монголд ирсэн. Тэр үеийн Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу зөвхөн сард хүүд нь 684 000 төгрөг төлж байсан. Тэгээд Анод банк татан буугдаад зээлээ 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул олон сараар төлөөгүй байж байгаад Анод банк нь бүх зээлтэй хүмүүсээ шүүхэд өгөөд төлүүлсэн байдаг. Яг тэр үед Анод банкны зээлийг төлөх гээд яаж төлөх вэ гэж байж байтал манай нэг танил найз манай таньдаг ах эгч хоёр байгаа, ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог юм уулзаад үз гээд очиж уулзахад тохироод Баярхишиг ах Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Мөн бид хоёр 12 500 000 төгрөгөөр 2009 онд орж ирсэн машин авсан байснаа зарж зээлдээ хийх гэж байгаа гэсэн. Тэгвэл та хоёр машинаа 9 сая гэж байгаа юм уу бид хоёрт 7 саяаар өгчих. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод аймгийн захиргааны нэг цонхны нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийж машин өгөөд ХХБ-аас авсан зээлийг Баярхишиг нь 17 350 000 төгрөгийг сар бүр 228 953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18 650 000 төгрөгийг сар бүр 245 600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээлээ авсан байдаг. Тухайн зээлтэй холбоотой бүх зардлыг би даана гээд төлсөн байгаа. Ингээд мөн зээл авч өгсөн шагнал гэж 1 000 000 төгрөг өгсөн байгаа. Тэр нь Хабитатын төсөв, байшин бариулах урьдчилгаа төлбөр нь 2 500 000 төгрөг төлдөг байсан юм. Үүний 1 500 000 төгрөгийг өөрсдөө төлж 1 000 000 төгрөгийг би өгч байшин бариулсан. Ингээд 2011 оны 5 сарын 11-нээс эхлэн төлөлтөө яг цаг тухайд нь ХХБ-ны Баярхишигийн 407185279 тоот дансанд 2015 оны 09 сарын 11 хүртэл яг хугацаандаа хийж байсан. 2015 оны 06 сарын 17-нд манайх Ланд машин авах гээд наадмын өмнө та хоёр зээлээсээ төлөх үү гэхээр нь миний зээл үндсэн мөнгө 7 100 000 төгрөг үлдсэн юм. Үүнээс цааш хувиар гаргаж үзэхээр би үлдсэн мөнгөн дээрээ сард 98 000 төгрөгөөр төлөх байсан боловч хаашдаа би төлөх юм чинь гээд 7, 8, 9 сард нь 245 000 төгрөг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 сард Баярхишиг ах нас бараад би ч ажилгүй байсан тэр үед 10, 11 сард мөнгө хийгээгүй байсан. Эхнэр Оюунцэцэг эгч манай гэрт 2 удаа ирэхээр нь 250 000 төгрөгөөр 2 удаа мөнгө өгөөд явуулсан. Баримт аваагүй. Хэн хэндээ итгээд тэгээд цаашдаа мөнгөө огт төлөөгүй биш 98 000 төгрөгөө хугацаандаа хийж амжаагүй үеүд байсан ч дараа нь нөхөөд өгөөд яваад байсан. Яагаад гэнэт зээлээ хийж чадахаа байсан гэхээр би өөрөө ажилгүй болоод ажиллаж байсан төслийн маань хугацаа дуусаад 2015 оны 11 сараас нөхөр маань бөөрний архаг дутагдалд орж 2016 оны 03 сараас бүр бөөрний аппаратанд ордог болоод тэр үед Эрдэнэтэд апаратны очер байхгүй гээд Улаанбаатар хотод 7 хоногтоо 750 000 төгрөгөөр апаратанд мөн 7 хоногт эм түлш 250 000 төгрөгөөр орж байсан. Тэгж байгаад 7 сард нь Эрдэнэтэд апаратны очер гараад эндээ орж байгаад 2017 оны 3 сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Бөөрний донор нь би өөрөө болж 40 гаран сая төгрөг болсон. Мөн тэгж байтал охин маань оюутан болоод зөндөө хүндрэл гарсан. Хүү Анхбаярт нь ах эгч хоёр нь боломжгүй байна. Зээлийн үлдэгдэлээ 98 000 төгрөгөөр хийгээд явж байгаад гайгүй болно, удахгүй тэгээд мөнгөө өгье. Зээлээ хаасан бол манай ордерыг банк бусад тавиад өгчих бид төлөөд авъя гэтэл үгүй гэсэн. Сүүлд нь бүр байнга ирж дарамт шахалт үзүүлээд байр зарна гэж хүмүүс дагуулж ирээд байхаар нь за ах эгч хоёр нь өөрсдөө зар өгье  тэгээд хүн явуул үлдэгдэл мөнгийг өгье гэж тохирсон байсан. Мөнгөө өгье гэхээр хаа замбараагүй 25 сая төгрөг авна гэж байсан. Тэгэхээр нь эгч нь үлдсэн мөнгөө хүү торгуультай нь өгнөө хохироохгүй арай ингэж болохгүй гэж хэлэвч ойлгоогүй. Байр зарсан тухайн үеийн татварын хөнгөлөлт 3 сая төгрөг бид авахгүй та ав гээд Баярхишиг ах авч байсан. Мөн байрны зээл амь насны даатгалтай байсан учир мөнгө орсон гэж байсан. Гэхдээ үүнийг би энэ хүмүүс авах ёстой л гэж бодож байна. Хэрвээ надаас нотлох баримт бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзвэл би өгч болно. Уг нь анхнаасаа хоорондоо тохироод зээл авсан юм чинь хүлээцтэй хэн хэндээ хандаад эвээр шийдмээр байна. Шүүх цагдаа гэхгүй. Мөн би гэрч дуудаж тайлбар өгч бас болно. Бичих юм их байсан ч сэтгэл санаа хямраад дутуу бичсэн байх. Мөн маш муухай бичлээ. Гэхдээ шүүх байгууллага сайн хянаж нягталж үнэн зөвөөр нь шийдэж өгөх байх гэж найдаж байна” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.А-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг ...... тоот орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.А-ын эцэг Ш.Баярхишиг нь 2011 оны 4 дүгээр сарын 08-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ...... тоот 3 өрөө орон сууцыг Д.А-гаас худалдах худалдан авах гэрээгээр авсан болох нь хэргийн 43 дугаар хуудас дахь худалдах худалдан авах гэрээ, хэргийн 3 дугаар хуудас дахь …... дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэргийн 74-82 дугаар хуудас дахь улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Ш.Баярхишигийн зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна.

Шаравын Баярхишиг нь 2014 оны 10 дугаар сарын 25-нд нас барсан байх ба /хэргийн 6 хуудас/ 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ...... тоот байрны өвлөх эрхийн гэрчилгээ авч, уг байрны өмчлөгчөөр улсын бүртгэлийн …....  дугаарт бүртгүүлж гэрчилгээ авчээ.

Тиймээс Б.А нь хариуцагчийг орон сууцнаас албадан гаргахаар шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...Баярхишиг ах Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод худалдах худалдан авах гэрээ хийж ХХБ-аас авсан зээлийг Баярхишиг нь 17 350 000 төгрөгийг сар бүр 228 953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18 650 000 төгрөгийг сар бүр 245 600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээл авсан. ...Уг нь анхнаасаа хоорондоо тохироод зээл авсан юм чинь хүлээцтэй  хандаад эвээр шийдмээр байна... гэсэн.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.

Маргаан бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ...... тоот орон сууцыг Ш.Баярхишиг нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчилж авсан, түүний хүү Б.А нь өвлөх эрхийн үндсэн дээр уг байрны өмчлөгч болсон байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.А-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ...... тоот орон сууцнаас албадан гаргасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА