Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Т.Шинэбаяр, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

            иргэдийн төлөөлөгч  Т.Ганзориг,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч С.Цэрэндорж,

Хохирогч Г.Ганболд,

           шүүгдэгч И.Тогтбаатар түүний өмгөөлөгч И.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ишигнээгийн Тогтбаатарт холбогдох 201625010604 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1954 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-922 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Бэсүд овогт Ишигнээгийн Тогтбаатар /РД: ДА54042011/,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч И.Тогтбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастайн ам”-ны Майхан толгой гэх газарт хохирогч Г.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг цохиж, газарт унаган өшиглөж, зодсоны улмаас түүний биед гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт зэрэг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

           Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч И.Тогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагаан сараас өмнө 1 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр би Дайчинхүүгийнд очиж архи уугаад согтсон байсан. Нэг мэдэхэд гэртээ унтаж байсан. Би тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Би хохирогчид гэмтэл учруулсан юм байлгүйдээ.

Хуулийнхаа дагуу шалгаад энэ хэргийг үнэнээр нь шийдэж өгнө үү. Дайчинхүүг шалгуулмаар байна. Энэ хэргийг дахин нягтлаж үзнэ үү гэв.

 

            Шүүгдэгч И.Тогтбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад оройхон нар шингэж байх үед Дайчинхүү манай охин Цэнд-Аюуш руу утсаар залгаад намайг дуудаж байна гэж охин Цэнд-Аюуш надад хэлсэн тэгээд би охин Цэнд-Аюушын хамт очиход Дайчинхүүгийн гэрт Болдоо гэх залуу Дайчинхүү хоёр л байсан тэгээд Дайчинхүү архи хийж өгөөд тэрнээс уугаад сууж байхад гаднаас Хас гэдэг хүн эхнэртэйгээ хамт орж ирэхэд нь Дайчинхүү архи хийж өгсөн чинь Хасын эхнэр нь архи ууж болохгүй гээд ганц татчихаад л гараад явсан. Тэгээд Дайчинхүү, Болдоо бид гурав үлдсэн архиа хуваагаад уугаад суусан охин Цэнд-Аюуш Дайчинхүүгийн гэрт нь байж л байсан. Тэгээд хоёр шил архийг ууж дуусгаад гэртээ харихаар болоход Цэнд-Аюуш аав одоо согтчихлоо аав уначих гээд байдаг юм гэсэн чинь Дайчинхүү Болдоод чи наад хоёрыгоо дөхүүлээд өгчих гэсэн. Тэгээд Болдоо Цэнд-Аюуш бид гурав Дайчинхүүгийн гэрээс гараад манай гэрлүү алхаж байхад манай охин Цэнд-Аюуш ааваа энэ чинь болохгүй байна шүү намайг оролдоод байна ш дээ гэсэн тэгээд тэрнээс болоод Болдоотой маргалдаад манай гэрийн үүдний хэсэгт цохисон чинь газар уначихсан, тэгэхээр нь толгой руу нэг удаа лав дэвссэн , бас нэг удаа лав өшиглөсөн тэгээд охин Цэнд-Аюуштайгаа гэртээ орсон тэгээд 5 орчим минутын дараа охин Цэнд-Аюуш аав тэр хүн чинь уначихаад босохгүй байна та гараач гэсэн тэгэхээр нь би гараад мөрөн дээрээс нь татаад чи битгий маяглаад бай босоод яваач гээд татаад суулгасан чинь хажуу тийшээ унаад байсан тэгээд хоёр удаа татахад буцаад хажуу тийшээ далийгаад гулжигнаад байсан тэгэхээр нь оруулаад таамбарт оруулж ирээд жаахан суулгаж байгаад гарах юм болов уу гэж бодоод гэртээ оруулаад газар хэвтүүлээд толгой дор нь дэр тавьж өгөөд унтуулсан. Тэгээд маргааш өглөө нь босоод ирсэн чинь Болдоо хэвтүүлсэн газар хэвтэж л байсан тэгэхээр нь босгох гэсэн чинь босохгүй газар хэвтээд л байсан тэгээд Дайчинхүү 10 цаг өнгөрч байхад ирээд Болдоог босгох гэж оролдсон чинь бас босохгүй байсан тэгээд Дайчинхүү энэ яахчихсан юм бэ гэхээр нь би нэг хэд цохичихсон юм гэсэн. Дайчинхүү гарч яваад 30-40 минут болж байгаад нэг эмэгтэйг дагуулаад орж ирээд тэр хоёр босгох гэж үзээд босохгүй болохоор нь тэр эмэгтэй чи яачих ваа гээд тэвэрч аваад уйлаад байсан. Тэгэж байгаад Дайчинхүү тэр эмэгтэйтэй хамт яваад эмч нар ирээд Болдоог босгож авч явах гээд чадаагүй насилк дамнуурган дээр аваад явсан. Би Болдоог хэрэг явдал болохоос хоёр байна гурав хоногийн өмнө манай гэрт Дайчинхүүтэй хамт ирээд манай хонины махыг эвдэж өгөөд тэгэж л  танидаг болсон /хх-62-63х/ гэжээ.

Хохирогч Г.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 1 дүгээр сард Дайчинхүүгийн гэрт Тогтбаатар бид 3 шөнө архидсан. Би нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Би тухайн өдөр юу болсон талаар санахгүй байгаа. Миний толгойны баруун хэсэг цөмөрсөн байсан. Одоо бол соривтой болсон. Би сэхээнд байсан. Мөн хагалгаанд орсон. Эмнэлгээс гараад Энэрэл эмнэлэгт хэвтсэн. Эмчийн хяналтад байж байгаад 70 хувийн группд орсон. Одоо биеийн байдал толгой өвддөг. Юм мартдаг, юм хэлэхдээ гацдаг болсон. Шүүгдэгчийн зүгээс надад юу ч өгөөгүй. Эмчилгээний зардалд манай дүү 3.000.000 төгрөг зарцуулсан гэж хэлсэн. Одоо баримттай 700 гаруй мянган төгрөгөө гаргуулна. Манай дүү надад хэлэхдээ шүүгдэгч Тогтбаатар таныг зодсон гэж хэлсэн. Одоо санал, хүсэлт, гомдол байхгүй гэв.

Гэрч Ш.Содном мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Г.Ганболд манайхаар байнга орж гарч манай гэрт зурагт үздэг байсан. 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш манайхаар харагдахаа больсон. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гол дээр үхрээ тууж явж байгаад 11 цагийн үед Дайчинхүүтэй таараад Ганболд хаана байна үзэгдэхгүй байна гэсэн чинь хойно айлд байгаа гэсэн тэгэхээр нь Дайчинхүүгийн хамт очиход нэг өвгөн байсан Ганболд зуухны хажууд хэвтэж байсан тэгээд би татаад сэрээх гэсэн чинь ямар ч ухаангүй байсан тэгээд тухайн үед утасгүй байсан болохоор манай гэрлүү Дайчинхүү бид хоёр очоод утсаар түргэн дуудсан. Тэгээд түргэний машин цагийн дараа ирээд Дайчинхүү түргэний машинд суугаад Ганболдын байгаа айлыг заахаар явсан /хх-24х/ гэжээ.

           Гэрч П.Дайчинхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зүс таних нэг нутгийн Болд /Ганболд/ манайд ирж хүйтэн өнгөрөөе гээд хэд хоносон тэгээд 2016 оны 01 дүгээр сарь 24-ний өглөө мал харж бай би хот руу яваад ирье гээд өглөө Болдоог гэрт үлдээгээд гараад явсан тэгээд орой давсны булаг дэлгүүрээс 2 шил архи аваад гэртээ харихад Болдоо гэрт байж байсан. Тэгээд хоол хийгээд үхрээ саачихаад Тогтбаатар гуайн утас руу залгахад охин нь утсаа авсан тэгэхээр нь аавыгаа дагуулаад ирээд цай уу гэж хэлсэн. Тэгээд арав гаран минутын дараа Тогтбаатар гуай охин Цэнд-Аюуштайгаа ороод ирэхээр нь цай хоол хийж өгөөд нэг шил архиа задлаад тойруулж байсан чинь манай хажуу айлын Хасбат эхнэр Гэрлээгийн хамт орж ирэхээр нь архинаасаа ганц хоёр хийж өгсөн. Тэрнээс татчаад Хасбат эхнэрийн хамт гараад явсан. Тэгээд дахиад нэг шил архи. задлаад тэрийгээ хувааж ууж дуусахаар нь Ганболдод чи Тогтбаатар ахыг охинтой нь хамт хүргээд өгчих гээд тэр гурав манайхаас гараад явсан. Тэгээд шөнө Болдоо буцаж ирээгүй тэгэхээр нь маргааш өглөө нь босоод үхрээ саачихаад Тогтбаатар ахын гэрт очиход Тогтбаатар ах босчихсон цайгаа уугаад Цэнд-Аюуш бас цайгаа уучихсан, Болдоо газар унтаж байхаар нь Болдоог сэрээе гээд татсан чинь босохгүй байсан. Шартаад босож чадахгүй юм байлгүй гэж бодоод яасан юу болсон юм бэ гэсэн чинь Тогтбаатар ах наад залуу чинь өчигдөр намайг их доромжиллоо танай хүргэн чинь бол гэж байна тэгвэл таныг их сайн асарна гээд байсан мөн охин Цэнд-Аюушыг оролдоод байхаар нь цохиод дэвссэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би үхэр малаа гаргачихаад ирье тэгэхэд сэрэх байлгүй гээд би гарч яваад үхрээ гаргаж гол руу оруулчихаад би өөрөө утасгүй болохоор гар утас хайгаад Мяагаа гэх үхэртэй айлын гэрт очиход Мяагаа ах сууж байхаар нь утсаа өгч байгаа ч нэг ярьчихая гэсэн чинь би утасгүй гэсэн тэгэхээр нь гарч яваад Содномтой таарахад Содном надаас Болдоо хаана байна хоёр гурав хоног үзэгдэхгүй юм танайд байна уу гэхээр нь байгаа манай дээр айлд хүнд зодуулчихсан унтаж байгаа одоо сэрээж аваад цуг явчих гээд Содномыг дагуулаад Тогтбаатар ахын гэрт очиход Болдоо унтаж л байсан. Тогтбаатар ах хэвтэж байсан Цэнд-Аюуш тухайн үед байгаагүй. Тэгээд Содном татаад босгох гэсэн чинь босохгүй байна өмдөндөө шээчихсэн байна гэсэн тэгээд Содном энэ нэг л биш байна эмнэлэг дуудая гэсэн тэгэхэд утастай хүн байгаагүй тэгсэн Содном манай нөхөр цагаан сарын юмаа цуглуулах гээд хот орсон одоо ирж байгаа очиж утсаар нь дуудлага өгье гэсэн тэгээд Содном бид хоёр Содномын гэрт очиход нөхөр нь хотоос ирчихсэн байсан тэгээд 103 дугаарын утсанд дуудлага өгсөн.  Хаягаа газраа зааж өгөөд эмнэлгийн хүн тосож аваарай гэж хэлэхээр нь Содномын гэрт эмнэлгийн машиныг хүлээж байгаад ирэхээр нь суугаад Тогтбаатар ахын гэрийг зааж өгөөд хамт очоод Болдоог аваад гэмтлийн эмнэлэг орсон /хх-25х/ гэжээ.       

            Гэрч Т.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 01 дүгээр сард гэртээ байж байхад Дайчинхүү дуудаад аав Тогтбаатар бид хоёр Дайчинхүүгийн гэрт нь очсон. Архи уугаад манай аав Тогтбаатар согтоод Болдоо манай аавыг гэрт хүргэж ирсэн. Тэгэхээр нь би буцаагаад явуулах гэсэн чинь явахгүй манай гэрт хононо гээд ерөөсөө яваагүй. Тэгээд унтаж байхад Болдоо миний хөхнөөс бариад намайг оролдоод байхаар нь би гэрээс гаргачихсан тэгээд би 00 орчихоод буцаад гэртээ орох гэж байхад гэрийн үүдний зүүн талд шургаж уначихсан хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би гэртээ орж ирсэн. Тэгсэн араас дахиж орж ирээд манай гэрт хононо гээд байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна /хх-31х/ гэжээ.

             Гэрч Г.Пүрэврагчаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өглөөний 08 цаг 30 минутаас 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Баянзүрх дүүргийн яараптай түргэн тусламжийн 103-т дуудлагын их эмчээр ажилласан. Уг өдөр ажиллаж байхад 19 цаг 19 минутын орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайгаар өгсөөд майхан толгой гэх газар архи уусан ухаангүй эрэгтэй хүн байна гэсэн дуудлага ирээд уг дуудлаганд 19 цаг 40 минутанд очиход дуудлага өгсөн гэх нэг эмэгтэй хүн хажууд нь бас нэг эрэгтэй хүн тосож аваад согтуу ухаангүй хүнийг байгаа газарт хүргэж өгсөн. Уг дуудлагаар очиход байшин дотор 80 гаран насны нэг эрэгтэй хүн, тухайн өвчтөн хоёр байсан. Өвчтөн нь ханан пиишэнгийн хажууд доошоо харсан байдалтай ухаангүй толгой нүүр хавдсан байдалтай байсан. Тухайн өвчтөнг үзэхэд амьсгалын тоо минутанд 18 удаа амьсгална, зүрхний цохилт минутанд 67 удаа цохилно, артерийн даралт баруун талдаа 140/100, артериин даралт зүүн талдаа 120/80-тай байсан. Өвчтөний биеийн байдад хүнд, ухаангүй, асуултанд хариулахгүй, доошоо харсан байдалтай байхаар нь үзлэг хийгээд тэндээс насилкаар машиндаа оруулаад ГССҮТөв рүү хүргэж өгөхөд шууд сэхээн амьдруулах тасаг руу оруулсан. Овог нэрээ хэлэх боломжгүй ухаангүй байсан. Хажууд нь байсан 80 гаран насны эрэгтэй хүн нэр хаягийг нь мэдэхгүй байсан. Нүүр хэсэг нь хавдчихсан, толгойны орой хэсэг нь хавдчихсан байсан. Би хэсэг газрын үзлэг л хийсэн. Тухайн үед гэр нь их муу гэрэлтэй байсан болохоор асаагуурын гэрэл ашиглаж хэсэг газрын үзлэгииг хиисэн. Замдаа болон очиход юу ч ярихгуй байсан Асуусан асуултанд хариулах боломжгүй ухаангүй байсан. Харин намайг дуудлагаар очоод тэнд байсан өвгөн болон дуудлага өгсөн эмэгтэй нараас юу болсон юм бэ хэн зодсон юм бэ гэж асуухад 80 гаруй насны өвгөн өөрөө би архи уугаад маргалдаад манай охинтой сууна гэхээр нь зодсон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан уу гэсэн чинь дуудсан гэж хэлсэн тэгээд би ээлжийн ахлагчдаа ийм байдалтай хүн байна гэж мэдэгдээд ГССҮТ рүү зөөвөрлөсөн. Амнаас нь бага зэрэг үнэртэж байсан /хх-32х/ гэжээ.

Шинжээч эмч Б.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Гүнд овогтой Ганболдын биед учирсан гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эрүүний няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хураа, зүүн хацар шанааны цус хураа, зүүн гарын сарвууны зулгаралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Тэгэхээр уг гэмтлүүдийг тус тусад нь хугацааг нь ялгах шаардлагагүй бүгд шинэ гэмтэл байсан байна /хх-57х/ гэжээ.

 

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1817 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.Ганболдын биед гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зовхи, хацар, шанаа, сарвуунд цус хуралт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

           3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.  

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой байна /хх-35х/ гэжээ.

 

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 467 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Урьд гарсан №1817 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ганболдын биед учирсан гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. дээрх баруун чамархай, суурь ясны хугарал гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлээр цохих, хавтгай гадаргуу дээр унах, толгой дээр дэвсэх, өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой. Гараар цохих үед үүсэх боломж багатай.

4. Гавал тархины гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлүүд хүнд зэрэгт хамаарна /хх-52-54х/ гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан И.Тогтбаатарыг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хх-62-63х/, хохирогч Г.Ганболд /хх-22-23-х/, гэрч Ш.Содном /хх-25х/, П.Дайчинхүү /хх-25х/, Т.Цэнд-Аюуш /хх-31х/, Г.Пүрэврагчаа /хх-32х/, нарын мэдүүлгүүд, шинжээчийн 1817 дугаартай дүгнэлт /хх-35х/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-57х/, хохирлын талаарх баримтууд /хх-74-77, 79-88х/, И.Тогтбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67х/, Баянзүрх дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт дугаар ¹08, ¹187 /хх-68, 70х/,  Г.Ганболдын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-17-20х/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-89-90х/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай байна гэж үнэллээ.

Шүүгдэгч И.Тогтбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Майхан толгой гэх газарт хохирогч Г.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг цохиж, унаган өшиглөж зодсоны улмаас түүний биед гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.Тогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч И.Тогтбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч И.Тогтбаатар гэрч П.Дайчинхүүг энэ хэрэгт холбогдуулан шалгуулахыг хүссэн боловч мөрдөн байцаалтын шатанд  И.Тогтбаатар: “…манай охин Цэнд-Аюуш ааваа энэ чинь болохгүй байна шүү намайг оролдоод байна ш дээ гэсэн тэгээд тэрнээс болоод Болдоотой маргалдаад манай гэрийн үүдний хэсэгт цохисон чинь газар уначихсан, тэгэхээр нь толгой руу нэг удаа лав дэвссэн,  бас нэг удаа лав өшиглөсөн тэгээд охин Цэнд-Аюуштайгаа гэртээ орсон тэгээд 5 орчим минутын дараа охин Цэнд-Аюуш аав тэр хүн чинь уначихаад босохгүй байна та гараач гэсэн тэгэхээр нь би гараад мөрөн дээрээс нь татаад чи битгий маяглаад бай босоод яваач гээд татаад суулгасан чинь хажуу тийшээ унаад байсан тэгээд хоёр удаа татахад буцаад хажуу тийшээ далийгаад гулжигнаад байсан тэгэхээр нь таамбарт оруулж ирээд жаахан суулгаж байгаад гарах юм болов уу гэж бодоод гэртээ оруулаад газар хэвтүүлээд толгой дор нь дэр тавьж өгөөд унтуулсан”, гэрч Т.Цэнд-Аюушийн: “… Тэгээд унтаж байхад Болдоо миний хөхнөөс бариад намайг оролдоод байхаар нь би гэрээс гаргачихсан, тэгээд би 00 орчихоод буцаад гэртээ орох гэж байхад гэрийн үүдний зүүн талд шургаж уначихсан хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Пүрэврагчаагийн “…дуудлагаар очоод тэнд байсан өвгөн болон дуудлага өгсөн эмэгтэй нараас юу болсон юм бэ хэн зодсон юм бэ гэж асуухад 80 гаруй насны өвгөн би архи уугаад маргалдаад манай охинтой сууна гэхээр нь зодсон гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дайчинхүүгийн: “… Шартаад босож чадахгүй байна гэж бодоод яасан юу болсон юм бэ гэсэн чинь Тогтбаатар ах наад залуу чинь өчигдөр намайг их доромжиллоо танай хүргэн чинь болно, тэгвэл таныг их сайн асарна гээд байсан мөн охин Цэнд-Аюушийг оролдоод байхаар нь цохиод дэвссэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч өөрөө зодсон болох нь нотлогдож байх тул хэргийг нэмж шалгуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй  гэж  үзсэн болно.

 

Шүүх шүүгдэгч И.Тогтбаатарт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэн, түүний биеийн эрүүл мэндийн болон өндөр насыг харгалзан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Ганболд нь нотлох баримт бүхий эмчилгээний зардалд 713389 төгрөг нэхэмжилж байгааг хангах, нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг  энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Ишигнээгийн Тогтбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Тогтбаатарыг  5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Тогтбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Тогтбаатарын ар гэрийн хувьд ноогдох хөрөнгөөс 713389  төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ганболдод олгосугай.

           6. Хохирогч Г.Ганболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч И.Тогтбаатарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

         

           8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Тогтбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

       

 

     ДАРГАЛАГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ

                    ШҮҮГЧИД                                      С.ӨСӨХБАЯР

                                                                           Т.ШИНЭБАЯР