Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 538

 

                                                                                                                                                                                                                                    

                                                                    

 

 

 

 

 

 

 

И.Тогтбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гэрэлмаа,

Ялтан И.Тогтбаатарын өмгөөлөгч О.Сайнгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Т.Шинэбаяр, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан И.Тогтбаатар, түүний өмгөөлөгч Н.Ганбат, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар И.Тогтбаатарт холбогдох эрүүгийн 201625010604 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Бэсүд овогт Ишигнээгийн Тогтбаатар, 1954 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34-922 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ДА54042011/,   

 

          И.Тогтбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастайн ам”-ны Майхан толгой гэх газарт хохирогч Г.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг цохиж, газарт унаган өшиглөж, зодсоны улмаас түүний биед гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт зэрэг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: И.Тогтбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: И.Тогтбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Тогтбаатарыг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Тогтбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Тогтбаатарын ар гэрийн хувьд ноогдох хөрөнгөөс 713.389 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ганболдод олгож, хохирогч Г.Ганболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан И.Тогтбаатар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Монгол Улсын иргэн И.Тогтбаатар миний бие одоо 62 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан хэргийн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ял шийтгэгдэн цагдан хоригдсоор одоогоор 2 cap гаруй хонож байна. Би тухайн үед юу болсон талаар өөрийн ухаанаар санахгүй байсан тул тухайн үед хамт архи уусан Дайчинхүүгийн үгэнд орж мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн миний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж ял шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие хохирогчид гэмтэл учруулах нь битгий хэл урд байгаа зүйлээ ч хардаггүй хөгшин /эхнэр/ болон хүүхдүүдийн асрамжинд байдаг хүн шүү дээ. Байцаалт авах үед ч гэсэн миний эрүүл мэнд ийм л байсан. Миний хоёр нүд орчин тойрны байдлаа сайн харж чадахгүй болоод 2 жил гаруй болж байна. Ийм хүн яаж хохирогчийг зодож өшиглөн гэмтэл учруулах билээ. Би чинь өөрөө ч зөв тэгш алхаж чадахгүй хүн шүү дээ. Гэтэл шүүхээс миний энэ байдлыг огт авч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Тухайн хэрэг болсоны дараа одоо энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Дайчинхүү нь манай гэрт ирээд архи задлан уух зуураа дүү нь энэ асуудлыг нэг тийш нь шийднэ гээд “та Болдоог зодсон гээд хэлчих, дүү нь балрах гээд байна, тань шиг 60 гарсан, хараа муутай биеийн байдал ийм хүнийг цагдаа, шүүх хэрэгсэхгүй, ял шийтгэл оногдуулдаггүй юм байна, би таньдаг хүн амьтнаас асуулаа” гэж хэлсэн. Энэ үгэнд нь итгэж Дайчинхүүгийн зааж өгсөн үгийг сайн тогтоож аваад байцаагчид хэлсэн нь сүүлд өөрөө хэрэгтэн болоод хоригдсон хойноо одоо л бага сага ойлгож байна. Хууль мэдэхгүй настай хөгшин хүн би нээрээ л Дайчинхүүгийн хэлсэнээр болдог юм байлгүйдээ гэж бодоод ир гэсэн цаг хугацаанд нь Дайчинхүүтэй хамт цагдаа дээр очоод яваад байсан. Гэтэл хэрэг асуудал өөрөөр шийдэгдмэгц Дайчинхүүг энэ хэрэгт нэмж шалгуулах хүсэлт гаргасан боловч цагдаагаас энэ асуудлыг авч хэлэлцээгүй, та хэргээ хүлээсэн гээд л баахан цаасан дээр хөгшин бид хоёроор зур гээд л гарын үсэг зуруулаад байсан.

Мөн түүнчлэн гэрчээр мэдүүлэг өгсөн миний охин болох Т.Цэнд-Аюуш нь “багаасаа л унаж татан, ухаан санаа орж гардаг” болоод олон жил эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмнэлэгтээ ойр юм болов уу гэж бодоод төв газар бараадаж ирсэн. Гэтэл түүний үгийг /мэдүүлэг/ мөн л нотлох баримтаар үнэлж намайг энэ хэрэгт буруутгаж байна. Миний охин Т.Цэнд-Аюуш нь Шархадны эмнэлэгт хүнд өвчтөнүүдийн хяналтанд байдаг ба байнга эмчлүүлж, эм тариа хийлгүүлдэг юм. Энэ талаарх баримтууд ч бидэнд байгаа бөгөөд манай гэр бүлийнхэн ч энэ байдлыг гэрчилнэ. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд энэ талаар нягтлан тодруулалгүй, хэргийг шийдвэрлэсэн. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Т.Цэнд-Аюуш нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг нь шинжээчийн дүгнэлтээр дахин тогтоолгох хүсэлтэй байна.

Миний бие анхан шатны шүүхээс ял шийтгэгдэж цагдан хоригдсоноос хойш биеийн эрүүл мэндийн байдал минь эрс муудан доройтож хоёр нүд маань бүр харахаа байж, мартаж санан биеийн байдал нэг л биш болоод байгааг эмчдээ хэлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гараад байна. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, зарим эргэлзээтэй шалгавал зохих зүйлүүдийг шалган тогтоож миний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Иймд миний эрүүл мэндийн байдал болон хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэжээ.

Ялтан И.Тогтбаатарын өмгөөлөгч Н.Ганбат шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний үйлчлүүлэгч И.Тогтбаатар нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар Баянзүрх дүүргийн шүүхээс 5 жил 1 хоногийн жирийн дэглэмтэй хорих ял авсан. Өмгөөлөгч миний зүгээс уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл, 1. Хавтаст хэрэгт: Цагдаагийн илтгэх хуудас 4 хуудаст хохирогч Ганболдын тайлбар мэдүүлэг, хх-5 хуудасны ар талд хэнд зодуулсан сайн мэдэхгүй байна. Намайг зодох хүмүүс биш. Хохирогч Ганболдын мэдүүлэг 22 хуудасны ар хэсэгт хэнд зодуулж гэмтэл учруулсанаа санахгүй байна гэх мэдүүлсэн.

2. Шүүх хуралд хохирогч Ганболд, гэрч Индра нарыг заавал өөрийн биеэр оролцуулж хийх.

3. Шүүгдэгч Тогтбаатарын биеийн эрүүл мэндийг харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргах.

4. Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж гэрч болчихоод явж байгаа Дайчинхүүг холбогдуулан шалгаж, энэ хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна…” гэжээ.

Ялтан И.Тогтбаатарын өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор И.Тогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл 96.1 дэх хэсэгт заасан гэм буруутай хэмээн 5 жил 1 хоногийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгэснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Анхан шатны шүүхээс И.Тогтбаатарт ял шийтгэл оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатанд түүний хувийн байдал буюу биеийн эрүүл мэнд, сэтгэцийн өөрчлөлт зэргийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулсан байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд нотлоогүй байхад шүүхээс шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал нь түүний гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн хөдөлмөр, зан төлөв, зуршил, биеийн эрүүл мэнд, боловсрол, ам бүлийн байдал, өөрийн ажил орлого, амьдралын түвшин, боловсрол мэргэжил, урьд нь авч байсан гавьяа шагнал, гэм буруугаа ойлгосон зэрэг бүхий л байдлуудыг хамруулан ойлгодог. Ялангуяа И.Тогтбаатарын хувьд одоо 62 настай, 2 нүд нь юм хардаггүй, сэтгэлзүйн хувьд хямралтай, үргэлж орилж хашгичиж байгаа, цагдан хорих 461 дүгээр ангидаа нааш цаашаа явахдаа үргэлж бусдын асрамжид байдаг гэх мэдээллийг гэрчүүд өгч байх тул мөрдөн байцаалтад буцаан дараах ажиллагаануудыг зайлшгүй хийж тодруулах нь зүйтэй. Үүнд: И.Тогтбаатарын мэдүүлгүүдэд хохирогч Г.Ганболдыг цохисноо хүлээсэн мэдүүлгүүд өгсөн боловч ямар үйл явдал болсон талаар логик дэс дараатай тодорхой ярьж мэдүүлж чаддаггүй тул түүнд сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд байгааг дүгнэлт гаргаж зайлшгүй тогтоох шаардлагатай байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр орсон Н.Ганбат өмгөөлөгчийн гаргаж өгсөн эмнэлгийн гар карт дээр түүний нүдний эмгэг өөрчлөлтүүд болон яаралтай хагалгаанд орох тухай эмчийн тодорхойлолт гаргасан байдаг. Тэдгээр гар карт дээр тулгуурлан шүүх шинжээч томилон түүний 2 нүд харах чадвартай эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах. И.Тогтбаатарын ар гэрээс хэрэгт холбогдохоос өмнө бусдын асрамжид байсан эсэхийг тодруулах шаардлагатай байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн 45 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйл 317.1.1, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт хохирогч Г.Ганболд нь 21-ний өдрөөс 24-ний өдөр хүртэл Дайчинхүүгийн гэрт хамт байсан. 24-ний өдөр Дайчинхүү гэртээ үлдээгээд 2 шил архи авчираад ялтан И.Тогтбаатарыг дуудаад 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө гэрч Дайчинхүүгийн гэрт архи уугаад, Дайчинхүү И.Тогтбаатарыг хүргэж өг гэж Г.Ганболдыг гаргаж явуулсан. Тэр шөнө эргэж ирээгүй гэдгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлэгт хэлсэн. Гэмт хэрэг 24-ний өдөр гараагүй. 24-25-нд шилжих шөнө гарсан. Цагдаагийн байгууллага Г.Ганболдын биед гэмтэл учирсан байна гэдгийг 25-ны өглөө Дайчинхүүгийн гэрт шөнө Г.Ганболд ирээгүй учраас И.Тогтбаатарын гэрт очиход хохирогч Г.Ганболд хэвтэж байсныг мэдээд түргэн тусламж дуудсан. Гэмт хэрэг үйлдэхэд  Дайчинхүүгийн хэлснээр мэдүүлсэн гэдэг. Гэтэл гэрч шөнө хохирогч манайхаас гараад явсан гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “би энэ гэмтлүүдийг авснаас хойш ямар нэгэн байдлаар толгой их өвддөг, юм мартаж санадаг, гацаж ярьдаг болсон. Тухайн үед хэн зодуулснаа мэдэхгүй” байна гэдэг. Хохирогчийн биед халдсан үйлдлийг гэрчээр Цэнд-Аюуш, ялтан И.Тогтбаатар нар байсан. Мөрдөн байцаалтын шатанд Цэнд-Аюуш “намайг оролдоход би гэрээсээ гарсан. 00 орчихоод ирэхэд гэрийн үүдэнд Г.Ганболд хэвтэж байсан” гэж мэдүүлдэг. И.Тогтбаатар “тухайн үед манай охин Г.Ганболд намайг оролдоод байна гэхээр нь бид хоёр маргалдсан. Тэгээд би нэг цохисон. Газар унах үед нь толгой дээр нь дэвсээд өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна гэж үздэг. Хохирогчид учирсан гэмтэл нь тархи, толгой нүүр хэсэгт байдаг. Гэтэл ялтан И.Тогтбаатар “би нүүр рүү нь цохиод газар унахад нь толгойн дээрээс нь дэвссэн” гэдгээ хүлээсэн. Тийм учраас хохирогчид учирсан олон тооны гэмтэл И.Тогтбаатарт учирсан гэмтэл тодорхой байна. Ялтны хувийн байдлыг харгалзаж үзээд ял шийтгэл хөнгөрүүлэх шаардлагатай гэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд И.Тогтбаатар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлж үзсэн байна. Мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдал, насны байдлыг нь харгалзан үзээд хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлье гэдэг шийдвэр гаргасан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

И.Тогтбаатар нь 2016 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улиастайн ам”-ны “Майхан толгой” гэх газарт хохирогч Г.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг цохиж, газарт унаган өшиглөж, зодсоны улмаас түүний биед гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт зэрэг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Ганболдын “…2016 оны 1 дүгээр сарын 23-ны орой Дайчинхүүгийн гэрт хоноод өглөө нь Дайчинхүү хот ороод хоёр шил архитай ирээд Тогтбаатар өвгөнийг утсаар ярьж дуудахад 15 минутын дараа Тогтбаатар өвгөн охин Цэнд-Аюушийн хамт хүрч ирээд Дайчинхүү нэг шил архиа задлаад уугаад сууж байхад өвгөний охин Цэнд-Аюуш хөзөр тоглоё гээд би тэр охинтой хөзөр тоглож эхлэхэд Дайчинхүүгийн хажуу айлын Гэрлээ гэх эмэгтэй нөхрийнхөө хамт орж ирэхэд Дайчинхүү архи хундагалж өгсөн. Тэгээд тэр хоёр нэг их удалгүй гараад явсан. Дайчинхүү эхний архи нь дууссан чинь дараагийн шил архиа гаргаж ирэхээр нь за за хөзөр тоглохоо болъё гээд би Дайчинхүүгийн хажууд очоод суусан. Тэгээд нэг шил архийг хуваагаад ууж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсоныг санахгүй нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн…” /хх-22-23/,

Гэрч Ш.Содномын “…Г.Ганболд манайхаар байнга орж гарч манай гэрт зурагт үздэг байсан. 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш манайхаар харагдахаа больсон. 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гол дээр үхрээ тууж явж байгаад 11 цагийн үед Дайчинхүүтэй таараад Ганболд хаана байна үзэгдэхгүй байна гэсэн чинь хойно айлд байгаа гэсэн. Тэгэхээр нь Дайчинхүүгийн хамт очиход нэг өвгөн байсан, Ганболд зуухны хажууд хэвтэж байсан. Тэгээд би татаад сэрээх гэсэн чинь ямар ч ухаангүй байсан тэгээд тухайн үед утасгүй байсан болохоор манай гэрлүү Дайчинхүү бид хоёр очоод утсаар түргэн дуудсан. Тэгээд түргэний машин цагийн дараа ирээд Дайчинхүү түргэний машинд суугаад Ганболдын байгаа айлыг заахаар явсан…” /хх-24/,

Гэрч П.Дайчинхүүгийн “…2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр зүс таних нэг нутгийн Болд /Ганболд/ манайд ирж хүйтэн өнгөрөөе гээд хэд хоносон. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарь 24-ний өглөө мал харж бай би хот руу яваад ирье гээд өглөө Болдоог гэрт үлдээгээд гараад явсан. Тэгээд орой давсны булаг дэлгүүрээс 2 шил архи аваад гэртээ харихад Болдоо гэрт байж байсан. Тэгээд хоол хийгээд үхрээ саачихаад Тогтбаатар гуайн утас руу залгахад охин нь утсаа авсан. Тэгэхээр нь аавыгаа дагуулаад ирээд цай уу гэж хэлсэн. Тэгээд арав гаран минутын дараа Тогтбаатар гуай охин Цэнд-Аюуштайгаа ороод ирэхээр нь цай хоол хийж өгөөд нэг шил архиа задлаад тойруулж байсан чинь манай хажуу айлын Хасбат эхнэр Гэрлээгийн хамт орж ирэхээр нь архинаасаа ганц хоёр хийж өгсөн. Тэрнээс татчихаад Хасбат эхнэрийн хамт гараад явсан. Тэгээд дахиад нэг шил архи задлаад тэрийгээ хувааж ууж дуусахаар нь Ганболдод “чи Тогтбаатар ахыг охинтой нь хамт хүргээд өгчих” гээд тэр гурав манайхаас гараад явсан. Тэгээд шөнө Болдоо буцаж ирээгүй. Тэгэхээр нь маргааш өглөө нь босоод үхрээ саачихаад Тогтбаатар ахын гэрт очиход Тогтбаатар ах босчихсон цайгаа уугаад Цэнд-Аюуш бас цайгаа уучихсан, Болдоо газар унтаж байхаар нь Болдоог сэрээе гээд татсан чинь босохгүй байсан. Шартаад босож чадахгүй юм байлгүй гэж бодоод “яасан юу болсон юм бэ” гэсэн чинь Тогтбаатар ах “наад залуу чинь өчигдөр намайг их доромжиллоо, танай хүргэн чинь болно гэж байна, тэгвэл таныг их сайн асарна гээд байсан, мөн охин Цэнд-Аюушыг оролдоод байхаар нь цохиод дэвссэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үхэр малаа гаргачихаад ирье тэгэхэд сэрэх байлгүй гээд би гарч яваад үхрээ гаргаж гол руу оруулчихаад би өөрөө утасгүй болохоор гар утас хайгаад Мягаа гэх үхэртэй айлын гэрт очиход Мягаа ах сууж байхаар нь “утсаа өгч байгаа ч нэг ярьчихъя” гэсэн чинь “би утасгүй” гэсэн. Тэгэхээр нь гарч яваад Содномтой таарахад Содном надаас Болдоо хаана байна хоёр гурав хоног үзэгдэхгүй юм танайд байна уу гэхээр нь байгаа манай дээр айлд хүнд зодуулчихсан унтаж байгаа одоо сэрээж аваад цуг явчих гээд Содномыг дагуулаад Тогтбаатар ахын гэрт очиход Болдоо унтаж л байсан. Тогтбаатар ах хэвтэж байсан Цэнд-Аюуш тухайн үед байгаагүй. Тэгээд Содном татаад босгох гэсэн чинь босохгүй байна өмдөндөө шээчихсэн байна гэсэн. Тэгээд Содном энэ нэг л биш байна, эмнэлэг дуудъя гэсэн. Тэгэхэд утастай хүн байгаагүй, Содном манай нөхөр цагаан сарын юмаа цуглуулах гээд хот орсон, одоо ирж байгаа очиж утсаар нь дуудлага өгье гэсэн. Тэгээд Содном бид хоёр Содномын гэрт очиход нөхөр нь хотоос ирчихсэн байсан, тэгээд 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Хаягаа газраа зааж өгөөд эмнэлгийн хүн тосож аваарай гэж хэлэхээр нь Содномын гэрт эмнэлгийн машиныг хүлээж байгаад ирэхээр нь суугаад Тогтбаатар ахын гэрийг зааж өгөөд хамт очоод Болдоог аваад гэмтлийн эмнэлэг орсон…” /хх-25/,

Гэрч Т.Цэнд-Аюушийн “…2016 оны 1 дүгээр сард гэртээ байж байхад Дайчинхүү дуудаад аав Тогтбаатар бид хоёр Дайчинхүүгийн гэрт нь очсон. Архи уугаад манай аав Тогтбаатар согтоод Болдоо манай аавыг гэрт хүргэж ирсэн. Тэгэхээр нь би буцаагаад явуулах гэсэн чинь явахгүй манай гэрт хононо гээд ерөөсөө яваагүй. Тэгээд унтаж байхад Болдоо миний хөхнөөс бариад намайг оролдоод байхаар нь би гэрээс гаргачихсан. Тэгээд би нойл орчихоод буцаад гэртээ орох гэж байхад Ганболд гэрийн үүдний зүүн талд шургаж уначихсан хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би гэртээ орж ирсэн. Тэгсэн араас дахиж орж ирээд манай гэрт хононо гээд байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна…” /хх-31/,

Гэрч Г.Пүрэврагчаагийн “…Би тэр өглөөний 08 цаг 30 минутаас 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Баянзүрх дүүргийн яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлагын их эмчээр ажилласан. Уг өдөр ажиллаж байхад 19 цаг 19 минутын орчим “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайгаар өгсөөд “Майхан толгой” гэх газар архи уусан ухаангүй эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага ирээд уг дуудлаганд 19 цаг 40 минутанд очиход дуудлага өгсөн гэх нэг эмэгтэй хүн хажууд нь бас нэг эрэгтэй хүн тосож аваад согтуу ухаангүй хүнийг байгаа газарт хүргэж өгсөн. Уг дуудлагаар очиход байшин дотор 80 гаран насны нэг эрэгтэй хүн, тухайн өвчтөн хоёр байсан. Өвчтөн нь ханан пийшэнгийн хажууд доошоо харсан байдалтай ухаангүй толгой нүүр хавдсан байдалтай байсан. Тухайн өвчтөнг үзэхэд амьсгалын тоо минутанд 18 удаа амьсгална, зүрхний цохилт минутанд 67 удаа цохилно, артерийн даралт баруун талдаа 140/100, артерийн даралт зүүн талдаа 120/80-тай байсан. Өвчтөний биеийн байдад хүнд, ухаангүй, асуултанд хариулахгүй, доошоо харсан байдалтай байхаар нь үзлэг хийгээд тэндээс насылкаар машиндаа оруулаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү хүргэж өгөхөд шууд сэхээн амьдруулах тасаг руу оруулсан. Овог нэрээ хэлэх боломжгүй, ухаангүй байсан. Хажууд нь байсан 80 гаран насны эрэгтэй хүн нэр хаягийг нь мэдэхгүй байсан. Нүүр хэсэг нь хавдчихсан, толгойны орой хэсэг нь хавдчихсан байсан. Би хэсэг газрын үзлэг л хийсэн. Тухайн үед гэр нь их муу гэрэлтэй байсан болохоор асаагуурын гэрэл ашиглаж хэсэг газрын үзлэгийг хийсэн. Замдаа болон очиход юу ч ярихгүй байсан. Асуусан асуултанд хариулах боломжгүй ухаангүй байсан. Харин намайг дуудлагаар очоод тэнд байсан өвгөн болон дуудлага өгсөн эмэгтэй нараас юу болсон юм бэ хэн зодсон юм бэ гэж асуухад 80 гаруй насны өвгөн өөрөө “би архи уугаад маргалдаад манай охинтой сууна гэхээр нь зодсон” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаа дуудсан уу” гэсэн чинь “дуудсан” гэж хэлсэн. Тэгээд би ээлжийн ахлагчдаа ийм байдалтай хүн байна гэж мэдэгдээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү зөөвөрлөсөн. Амнаас нь бага зэрэг үнэртэж байсан…” /хх-32/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн “…Гүнд овогтой Ганболдын биед учирсан гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эрүүний няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хураа, зүүн хацар шанааны цус хураа, зүүн гарын сарвууны зулгаралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Тэгэхээр уг гэмтлүүдийг тус тусад нь хугацааг нь ялгах шаардлагагүй бүгд шинэ гэмтэл байсан байна…” /хх-57/,

И.Тогтбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байхад оройхон нар шингэж байх үед Дайчинхүү манай охин Цэнд-Аюуш руу утсаар залгаад намайг дуудаж байна гэж охин Цэнд-Аюуш надад хэлсэн. Тэгээд би охин Цэнд-Аюушийн хамт очиход Дайчинхүүгийн гэрт Болдоо гэх залуу Дайчинхүү хоёр л байсан. Тэгээд Дайчинхүү архи хийж өгөөд тэрнээс уугаад сууж байхад гаднаас Хас гэдэг хүн эхнэртэйгээ хамт орж ирэхэд нь Дайчинхүү архи хийж өгсөн чинь Хасын эхнэр нь архи ууж болохгүй гээд ганц татчихаад л гараад явсан. Тэгээд Дайчинхүү, Болдоо бид гурав үлдсэн архиа хувааж уугаад суусан охин Цэнд-Аюуш Дайчинхүүгийн гэрт нь байж л байсан. Тэгээд хоёр шил архийг ууж дуусгаад гэртээ харихаар болоход Цэнд-Аюуш аав одоо согтчихлоо аав уначих гээд байдаг юм гэсэн чинь Дайчинхүү Болдоод чи наад хоёрыгоо дөхүүлээд өгчих гэсэн. Тэгээд Болдоо Цэнд-Аюуш бид гурав Дайчинхүүгийн гэрээс гараад манай гэрлүү алхаж байхад манай охин Цэнд-Аюуш “аав аа энэ чинь болохгүй байна шүү, намайг оролдоод байна шүү дээ” гэсэн. Тэгээд тэрнээс болоод Болдоотой маргалдаад манай гэрийн үүдний хэсэгт цохисон чинь газар уначихсан, тэгэхээр нь толгой руу нэг удаа лав дэвссэн, бас нэг удаа лав өшиглөсөн тэгээд охин Цэнд-Аюуштайгаа гэртээ орсон тэгээд 5 орчим минутын дараа охин Цэнд-Аюуш аав “тэр хүн чинь уначихаад босохгүй байна, та гараач” гэсэн тэгэхээр нь би гараад мөрөн дээрээс нь татаад “чи битгий маяглаад бай, босоод яваач” гээд татаад суулгасан чинь хажуу тийшээ унаад байсан. Тэгээд хоёр удаа татахад буцаад хажуу тийшээ далийгаад гулжигнаад байсан. Тэгэхээр нь оруулаад таамбарт оруулж ирээд жаахан суулгаж байгаад гарах юм болов уу гэж бодоод гэртээ оруулаад газар хэвтүүлээд толгой дор нь дэр тавьж өгөөд унтуулсан. Тэгээд маргааш өглөө нь босоод ирсэн чинь Болдоо хэвтүүлсэн газар хэвтэж л байсан тэгэхээр нь босгох гэсэн чинь босохгүй газар хэвтээд л байсан. Тэгээд Дайчинхүү 10 цаг өнгөрч байхад ирээд Болдоог босгох гэж оролдсон чинь бас босохгүй байсан тэгээд Дайчинхүү энэ яахчихсан юм бэ гэхээр нь би нэг хэд цохичихсон юм гэсэн. Дайчинхүү гарч яваад 30-40 минут болж байгаад нэг эмэгтэйг дагуулаад орж ирээд тэр хоёр босгох гэж үзээд босохгүй болохоор нь тэр эмэгтэй чи яачихав аа гээд тэвэрч аваад уйлаад байсан. Тэгэж байгаад Дайчинхүү тэр эмэгтэйтэй хамт яваад эмч нар ирээд Болдоог босгож авч явах гээд чадаагүй насылкан дамнуурга дээр аваад явсан. Би Болдоог хэрэг явдал болохоос хоёр байна гурав хоногийн өмнө манай гэрт Дайчинхүүтэй хамт ирээд манай хонины махыг эвдэж өгөөд тэгэж л танидаг болсон…” /хх-62-63/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1817 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “… 1. Г.Ганболдын биед гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зовхи, хацар, шанаа, сарвуунд цус хуралт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна…” /хх-35х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 467 дугаар шинжээчийн дүгнэлтэд “… 1. Урьд гарсан №1817 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Ганболдын биед учирсан гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх баруун чамархай, суурь ясны хугарал гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлээр цохих, хавтгай гадаргуу дээр унах, толгой дээр дэвсэх, өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой. Гараар цохих үед үүсэх боломж багатай. Гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлүүд хүнд зэрэгт хамаарна…” /хх-52-54/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс И.Тогтбаатарт түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан, хүнд биш ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан И.Тогтбаатар “…миний эрүүл мэндийн байдал болон хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэж,

түүний өмгөөлөгч Н.Ганбат “…Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж гэрч болчихоод явж байгаа Дайчинхүүг холбогдуулан шалгаж, энэ хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна…” гэж,

мөн түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл “…яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн 45 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйл 317.1.1, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхээс И.Тогтбаатар нь хохирогч Г.Ганболдын охин Т.Цэнд-Аюушийг нь оролдож, татаж чангааснаас зэргээс болж уурлаж, түүнтэй маргалдаж Г.Ганболдын биед гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, эрүүнд няцарсан шарх, зовхи, хацар, шанаа, сарвуунд цус хуралт зулгаралт буюу хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.    

 

Мөн ялтан И.Тогтбаатарын гэрийн гадаа энэхүү хэрэг үйлдэгдсэн бөгөөд гэрч П.Дайчинхүү нь энэ үед хэргийн газар байгаагүй, хэрэгт хамааралгүй болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул П.Дайчинхүүг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй байна. Мөн ялтан И.Тогтбаатарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлд зааснаар сэтгэцийн болон эрүүл мэндийн байдлын талаар шинжилгээ заавал хийлгэх шаардлагагүй гэж үзэв. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан И.Тогтбаатар, түүний өмгөөлөгч Н.Ганбат, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан И.Тогтбаатар, түүний өмгөөлөгч Н.Ганбат, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

 

           ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ