Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

 

 

     У.Өлзийсайханд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Багшбаяр,

ялтан У.Өлзийсайхан /Цагдан хорих 461 дүгээр ангиас цахимаар оролцов/,

ялтан У.Өлзийсайханы өмгөөлөгч А.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Батсуурь, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан У.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201625013295 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хавхчин овгийн Уртнасангийн Өлзийсайхан, 1965 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Хар чонот” ХХК-д инженерээр ажилладаг, ам бүл 1; Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22-824 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 30 тоот нийтийн байранд түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЛМ65011211/ 

У.Өлзийсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 30 тоот нийтийн байран дахь гэртээ хамт архи ууж суусан М.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хэвлийн тус газар нь хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Өлзийсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Өлзийсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан У.Өлзийсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр найз М.Амгаланбаатартай барилгачдын баяр тэмдэглэж 2 шил архи уун нилээд согтсон. Юунаас болж маргасан болохоо үнэхээр мэдэхгүй байсан. Бид найз нөхөд учраас хэрэлдэж маргалдахаар хүмүүс биш. Гэхдээ би түүнийг явах гэхээр нь хориглож байснаа санаж байна. Өөрийн болгоомжгүйгээс болж найзыгаа хүндээр гэмтээсэн гэж бодож, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байсан боловч дуудлагаар ирсэн цагдаа нарт үнэнээ хэлсэн байхаа. Тэр хүмүүс намайг гүтгэж гэрчийн мэдүүлэг өгөхгүй нь лавтай. Мөн миний хамтран амьдрагч Г.Энхтуяагийн мэдүүлгээс үзэхэд бид хоёр хоорондоо маргалдсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна.

Хохирогч М.Амгаланбаатарт эмчилгээний төлбөрт 1,600,000 төгрөг төлсөн ба тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хөнгөн ял оноож өгнө үү гэж мэдүүлсэн.

Бид одоо 52 настай, мэдээж гэмт хэрэг хийсэн хүн ял, хариуцлага хүлээх нь гарцаагүй гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа ч миний хувьд хийж бүтээж, хөдөлмөрлөх, үр хүүхдүүддээ тус нэмэр болж явах насан дээрээ явж байна. Аль болох хурдан эрх чөлөөтэй болох чин хүсэлтэй байгаа тул оногдуулсан ялаас бага ч болов хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

            Ялтан У.Өлзийсайханы өмгөөлөгч А.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх хуралдаанд У.Өлзийсайханд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх санал гаргаж байсан. Шийтгэх тогтоол гарсны дараа үйлчүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшин оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байгаа тул түүний хохирол төлбөр сайн дураар төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг хэрэглэж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

            Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “У.Өлзийсайханд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагааг хийсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. У.Өлзийсайхан нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэсэн санал гаргаж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

У.Өлзийсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 30 тоот нийтийн байран дахь гэртээ хамт архи ууж суусан М.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хэвлийн тус газар нь хутгалж “хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч М.Амгаланбаатарын: “...У.Өлзийсайхан бид хоёр 0.5 литрийн “Ерөөл” архи хуваан уусан. Г.Энхтуяа удаагүй гараад явсан... дахиж 0.5 литрийн “Хараа” архи авч уусан. Бид нилээн согтсон байсан. Орой 18 цаг болоод би явахаар болсон. Явна гэж ярьж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн... Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Биеийн байдал одоо гайгүй болсон...” /хх-23-24/,

- Гэрч Г.Энхтуяагийн: “... М.Амгаланбаатар ирэхдээ нилээн согтуу байсан. Би 13 цагийн үед гутал авах гээд гадуур гарсан. 18 цагийн үед гэртээ орж ирэхэд М.Амгаланбаатар нь У.Өлзийсайхантай заамдалцсан байдалтай дээр нь дараад хэвтэж байсан. Би М.Амгаланбаатарыг хойноос нь татаж У.Өлзийсайханы дээрээс холдуулахад гэдсээ дараад “гэдэс эвгүй болоод байна” гэсэн. Хүйсний орчмоос нь цус гарч байсан... Би М.Амгаланбаатарыг холдуулахад хутгалагдсан, газар хутга байхаар нь хөргөгчний тийш шидээд цагдаад дуудлага өгсөн...” /хх-25-27, 28-29/,

- Гэрч Ж.Мягмардоржийн: “... 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Сүлд 113” чиглэл буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаагийн ахлах, ахлагч А.Мөнхболдын хамт гүйцэтгэх явахдаа дуудлагын дагуу хэргийн газарт очсон... хутгалсан гэх У.Өлзийсайхан болсон асуудлын талаар ярихдаа “би буруу юм хийчихлээ, манай найз өөдөөс томроод байсан юм” гэсэн утгатай зүйл ярьж байсан...” /хх-30-31/,

- Гэрч А.Мөнхболдын: “... автомашинд суулгаад хэнийг яагаад хутгалсан талаар асуухад “өдрөөс хойш наадах чинь дургүй хүргээд, намайг янз бүрээр хэлээд, чаддаг юм бол алчих гээд байсан, тэгэхээр нь би ганц л дүрсэн” гэж хэлсэн...” /хх.32-33/ гэх мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хохирогч Н.Амгаланбаатарын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн №12653 дугаар дүгнэлт /хх-42/,

- Шинжээч М.Отгонбаатарын: “... М.Амгаланбаатарын биед учирсан гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хутганы ир үзүүрээрээ дээш харж, хөдөлгөөнгүй бэхлэгдсэн үед түүн рүү унах үед үүсэх боломжтой... Хүн хутга барьж байх үед унах тохиолдолд дээрх гэмтэл үүсэх боломж бага... Дээрх гэмтэл нь хутгалагдах үед үүсэх боломжтой...” /хх-43-44/ гэх мэдүүлэг,

- Гэмт хэрэг гарсан гэх Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 30 тоот нийтийн байрны 1 дүгээр давхар, зүүн талаас 3 дахь өрөөнд үзлэг хийж цусаар бохирлогдсон хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/,

- Уг хутганы бариулын урт 13 см, өргөн 3 см, ажлын хэсгийн урт 16.8 см байсныг үзлэг хийн бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-21/,

- У.Өлзийсайханы сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

У.Өлзийсайхан нь хохирогчтой маргалдаж, түүнийг хутгалсан тухайгаа дуудлагаар очсон цагдаагийн ажилтнуудад ярьсныг гэрчилсэн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Мягмардорж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Мөнхболд нарын мэдүүлэг болон М.Амгаланбаатар нь У.Өлзийсайхантай заамдалцсан байдалтай дээрээс нь дараад хэвтэж байхыг харсан гэрч Г.Энхтуяагийн мэдүүлгүүдээс үзэхэд энэ гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв. 

Хохирогчид учирсан шарх хүйсний орчимд урдаас арагш эгц чиглэлтэй байсан гэдгийг мэс ажилбар хийсэн эмч Б.Батзолбоо мэдүүлсэн байх бөгөөд энэ тохиолдолд эд мөрийн баримт болох 16,8 см урт ажлын хэсэгтэй хутга дээр хохирогч унахад хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн шархнаас илүү их хохирол учрах бүрэн боломжтой учир үүгээр болгоомжгүй хэрэг үйлдсэн гэх байдал үгүйсгэгдэж байна.

У.Өлзийсайхан нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, давж заалдах гомдолдоо үйлдсэн хэргээ хүлээж, чин санаанаас гэмшиж байгаагаа илэрхийлсэн байх тул түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, “гомдол, саналгүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хохирогчийн хүсэлт, хорих ялыг хөнгөрүүлэх талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын санал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой. Энэ талаар ялтны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Өлзийсайханд 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар У.Өлзийсайханд 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... 5 /таван/ жил 10 /арав/ хоног...” гэснийг “... 3 жил 5 сар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

М.ПҮРЭВСҮРЭН