Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00148

 

Б.Т-, П.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/01222 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1343 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Т-

          Нэхэмжлэгч: П.Д-

          Хариуцагч: Б.С-

          Хариуцагч: НШШГ.алба

          Зээлийн болон үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин Т- бус гэж тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.С-ын төлөөлөгч Д.Очирваанийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: П.Д-гийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Б.С-ын төлөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч Б.Т- нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Сүхбаатар гэх хүнээс бэр эгч П.Д-д мөнгө хэрэгтэй болсон гэхээр нь Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан 15сая төгрөгийг 2014-12-02-с нэг сарын хугацаатай, нэг сарын 5%-н хүүтэйгээр, 0,5%-н алданги төлөхөөр тохиролцож авсан. Уг гэрээний хугацаа дуусахад бэр эгч маань мөнгө төлөх боломж маш муу болсон ба хугацаандаа биш ч гэсэн цувуулсаар буцааж бэлэн болон бэлэн бусаар 10сая орчим төгрөг төлсөн. Гэтэл Ж.Сүхбаатар нь хайн болох мөнгө хүүлэгч Даваасүх, С- гэх хүмүүстэй нийлээд зээлээ бүрэн төлж чадахгүй нөхцөл байдлуудыг ашиглан миний болон бэр эгчийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан маш олон тооны зээлийн гэрээг бичгээр зүгээр дүр эсгэн байгуулж, сүүлдээ 15сая төгрөг нь 52сая төгрөг болсон. Энэ мөнгөндөө тооцож Б.С- нь орон сууцыг маань өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Миний бие нь Б.С-аас огт мөнгө зээлж авч байгаагүй. Дээр нь 2014-12-02-ны өдрийн гэрээний үүрэг хэзээ ч 52сая төгрөг болохгүй байхад намайг хууран мэхэлсэн, хөрөнгийг маань шилжүүл авсан.Мөнгө хүүлэгч хүмүүс 15сая төгрөг зээлүүлээд, 10сая төгрөг буцаан авсан ч хууль зөрчиж Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан,гэрээ нь анхнаасаа хууль бус, хүчин Т- бус гэрээ юм. Иймд 2015-05-13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин Т- бус болохыг тогтоож, БГД-н 4-р хороо, 2-р хороолол, СОТ 1-4 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Т- намайг буцаан тогтоож өгнө үү. Хамтран хариуцагч НШШГ.албанаас татгалзана гэжээ.

        Нэхэмжлэгч П.Д- нэхэмжлэлдээ: Анх ээж бид хоёрт мөнгөний хэрэг гараад хадмынхаа байрыг барьцаалахаар хадам ээжтэйгээ ярилцаж барьцаанд тавихаар болсон. Бид байр барьцаалж зээл олгоно гэсэн зарын дагуу 99991190 гэсэн дугаараар яриад 2014-12-02-ны өдөр Цэцээ гүн дээр байдаг С.Даваасүх гэдэг хүн дээр очиж уулзаад тэр өдрөө Ж.Сүхбаатар гэдэг хүнтэй 15сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Зээлийн төлбөрт буцааж бараг 10сая төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар өгсөн. Сүүлдээ хүү, алданги нь нийлээд 43сая төгрөг болсон, өссөн дүнгээрээ та нар дахиад гэрээ хий гээд 2015-1-27-ны өдөр хүчээр Б.С-тай зээлийн гэрээ хийсэн. Уг нь бид С.Даваасүхээс мөнгөө өгч, авалцдаг байсан хэрнээ зээлийн гэрээг Б.С-тай хийчихсэн. Бид гэр бүлийнхэндээ хэлээгүй байсан учраас чимээгүй зохицуулчихъя гэдэг утгаар нь буулт хийгээд мөн хуулийн мэдлэг байхгүй учраас зээлийн гэрээг хийчихсэн юм. Сүүлд 52сая төгрөг дээр Б.Т-ийг авч ирж өмчлөлөө Б.С-ын нэр дээр шилжүүлж өгөөд мөнгөө өгснийхөө дараа байраа буцааж болно гэсний дагуу өмчлөлийг шилжүүлсэн. Утасны бичлэг дээр байгаа дуу хоолой бол минийх мөн. 43сая төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэлсэн нь дарамт шахалт, айдсаас болоод хүлээн зөвшөөрчихсөн. ИХ-н 282.4-т зээлийн зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин Т- болдог онцлогтой гэрээ. Гэтэл зээлийн гэрээ хэдийгээр байгуулагдсан ч зээлийн зүйлийг шилжүүлээгүй. Б.С- нь зээлийн мөнгийг Голомт банкнаас аваад бэлнээр өгсөн гэдэг боловч тухайн үед П.Д- нь уг банкинд данстай байсан бөгөөд заавал бэлнээр авалгүйгээр нэгэнт данстай учир түүний Голомт банкны данс руу шилжүүлэх нь илүү хялбар байх байсан. Мөн мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй байгаа. Үүрэг дуусгавар болгох тухай хэлцэлд П.Д- үүрэг дуусгавар болгох тухай итгэмжлэл Б.Т-өөс аваагүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Б.Т- учир түүнээс заавал итгэмжлэл авч байж ямар нэгэн байдлаар үүргээ дуусгавар болгох ёстой байсан. Ийм итгэмжлэл аваагүй учраас үүрэг дуусгавар болгох хэлцлийг хийх эрхгүй этгээд байсан гэж үзэж байгаа. Иймд 2015-01-27-ны өдрийн С-, Д- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хууль зөрчиж хийгдсэн тул хүчин Т- бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

         Хариуцагч талаас тайлбартаа: 2015-01-27-ны өдөр П.Д- нь Б.С-аас 43сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5%-н хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015-02-27-ны өдөр дуусахад үндсэн зээл 43сая төгрөг, хүү 2,150,000 төгрөг нийт 45,150,000 төгрөгийг төлөх байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй, удаа дараа шаардсан, 74 хоног хугацаа хэтэрсэн. Гэрээгээр тохирсон 1 өдрийн алданги 225,750 төгрөг болох ба 2015-05-13-ны өдөр хүртэл 74 хоногийн алданги 16,705,500 төгрөг болсон. Ингээд 2015-05-13-ны байдлаар 61,855,500 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч П.Д- нь ээж Н.Оюунчимэгийнхээ эмчилгээний зардалд 20сая төгрөгийг зарцуулж, бусад мөнгийг хүнд өгөөд авч чадаагүй гэдэг. П.Д- нь ээжийгээ тэтгэвэр тогтоолгохоор 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин авна, энэ нь 25сая төгрөг болно, үлдэх мөнгийг хамаатны ахаасаа авч өгнө гэж тайлбарладаг. Энэ асуудал нь бүтээгүй учир 2015-05-13-ны өдөр Б.Т-, П.Д-, Б.С-, н.Даваасүх нар зээлийн гэрээгээ дүгнэж нийт 61,855,500 төгрөг төлөхөөс алдангиасаа хасч өгөөч гэж хүсэлт гаргаж 9,855,500 төгрөгийн алдангиасаа татгалзаж, 52сая төгрөгийг төлөхөөр болсон. П.Д-, Б.С- нар нь 52сая төгрөгийн үүрэг дуусгавар болгох хэлцэл хийсэн. Энэ төлбөртөө барьцаа хөрөнгөө шилжүүлж өгье гэж тохироод, Б.Т-, Б.С- нар худалдах, худалдан авах гэрээ хийж, Б.Т- өөрөө гарын үсэг зурсан. Улмаар байраа чөлөөлж өгөхгүй байсан учир 2015-10 дугаар сард БГД, ХУД, СХД-н ИХАШШ-д орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Б.Т-ийн одоо хүчин Т- бус гэж тооцуулах гээд байгаа гэрээг хүчин Т- гэрээ гэж шүүх дүгнээд хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, гэтэл 2016-01-27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг Н.Оюунчимэг гуай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан, шүүх хүсэлтийг хангаагүй. н.Даваасүх нь П.Д-, Б.С- нарыг холбож өгсөн, Д- мөнгөө бэлнээр авах хүсэлт тавьсаны дагуу 2015-01-27-ны өдөр Б.С- нь Голомт банкны өөрийн данснаас 40,850,200 төгрөгийг П.Д-д зээлдүүлэв гэх утгатайгаар зарлага гаргасан.???? Тухайн өдөр П.Д-, Н.Оюунчимэг, н.Даваасүх, Б.С- нар хамт явж байсан, мөнгийг тоолж аваад үлдэх төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн П.Д-, н.Даваасүх нарын хооронд давхар гэрээ хийгдсэн. Үүнийг н.Даваасүх тайлбарлахдаа П.Д-д мөнгө зээлээгүй, Б.С- надаар дамжуулж мөнгө зээлж байгаа учир би хөрөнгийг нь хамгаалах зорилгоор гэрээ хийсэн гэж тайлбарладаг. Б.С- нь орон сууцаа томруулахаар хадгалж байсан мөнгөө П.Д-д зээлүүлсэн. Удаа дараа утсаар ярьснаа бичлэг болгон хадгалсан, үүнийгээ CD болгож өгсөн. Мөн 2015-8-31-ний өдөр, 2015-8-28-ны өдөр, 11-05-ны өдөр Н.Оюунчимэг 99014355 дугаарын утас руу н.Энхтайваны 88117788 дугаарын утаснаас ярьснаа үзлэг хийлгэсэн. н.Даваасүхтэй байгуулсан зээлийн гэрээнд зурсан гарын үсэг П.Д-гийн өөрийн гарын үсэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 102/ШШ2019/01222 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-г баримтлан Б.С-д холбогдох 2015-01-27-ны өдрийн гэрээг хүчин Т- бус болохыг тогтоолгохыг хүссэн П.Д-гийн, 2015-05-13-ны өдрийн гэрээг хүчин Т- бус болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Б.Т-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-г баримтлан НШШГгазарт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Т- татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-г баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Б.Т-өөс төлсөн 417,950 төгрөг, П.Д-гээс төлсөн 348,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1343 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/01222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 –г баримтлан Б.С-, П.Д- нарын 2015-01-27-ны өдрийн “Зээлийн гэрээ”, Б.Т-, Б.С-д нарын 2015-05-13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин Т- бус гэж тооцож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот сууцны өмчлөгчөөр Б.Т-ийг тогтоосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-өөс төлсөн 417,950 төгрөг, П.Д-гээс төлсөн 348,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б.С-аас 417,950 төгрөг гаргуулж Б.Т-т, 348 400 төгрөг гаргуулж П.Д-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-г баримтлан П.Д- гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг захирамжаар буцаан олгохоор заасан байна.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.С- нь зээлдэгч П.Д-тэй 2015-01-27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 43сая төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба зээлийн мөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт нотлогдсон байдлын талаар: 1. Гэрч Даваасүхийн “...хүүхдийн 100 дугаар дэлгуурийн Голомт банкнаас мөнгийг авч өгсөн санагдаж байна. Б.С- мөнгийг П.Д-д өгсөн, Б.Саранзүлын итгэлийг алдахгуйн тулд хөрөнгийг хамгаалах байдлаар Д-тэй давхар зээлийн гэрээ хийсэн, уг гэрээний дагуу төлбөр огт шаардахгүй гэх мэдүүлэг. Гэрч Г.Энхтайваны “Орон сууцаа томруулах зорилгоор хадгалж байсан мөнгийг Д-д зээлдүүлсэн гэх мэдүүлэг. 2. Зээлийн гэрээ байгуулагдсан өдөр Б.С- нь Голомт банкинд хадгалж байсан мөнгөнөөсөө 40,850,000 төгрөгийг “Д-д зээлдүүлэв”гэх утгаар зарлага гаргасан баримт. 3. С.Даваасүх, Д- нарын хооронд хийсэн бодитоор мөнгө шилжүүлээгүй гэх зээлийн гэрээний ар хэсэгт “43.000.000 төгрөг бэлнээр хүлээн авав. П.Д- гэх” баримт /2-х хавтаст хэргийн 37-38 хуудас/. 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019-03-22-ны өдрийн 1184 тоот “..Шинжилгээнд ирүүлсэн 2015-01-27 огноотой Зээлийн гэрээ гэсэн баримтын зүүн доод хэсэгт байх “43.000.000 төгрөг бэлнээр хүлээн авав. П.Д- гэх” гар бичмэлийн хэв нь Д-гийн бичгийн хэвиин загвар\ -тай тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлт. 5.         Г.Энхтайван, П.Д- нарын утасны ярианы бичлэгт шүүх үзлэг хийхэд 43.000.000 төгрөгийг П.Д- нь хүлээж авснаа зөвшөөрч, бичлэгт байгаа дуу хоолой өөрийн болохыг зөвшөөрсөн үзлэгийн тэмдэглэл. 6. Б.С-, П.Д- нарын хооронд байгуулагдсан 2015-01-27-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг талууд цуцлаж П.Д-гийн зээлийн гэрээний дагуу төлвөл зохих үүргийг 52.000.000 төгрөг байхаар талууд тогтоож үүргээ дуусгавар болгосон хэлцэл, 7.           БГД-н 4-р хороо 2-р хороолол СОТ-1 байрны 4 тоотод байх орон сууцнаас С.Баярсайхан, М.Отгонтуяа, Б.Т- нарыг чөлөөлүүлэх хэрэг шүүхэд хянагдаж байхад хариуцагч иргэд бодит байдлыг ойлгож 2016-04-28-ны өдрийн дотор Б.С-д 62.000.000Т төгрөг төлөхөө илэрхийлсэн баримт. 8. 2018-03-30 өдрийн БГД-н ИХАШШ-н шүүх хуралдааны тэмдэглэл “... 43.000.000 төгрөгийг авсан, хугацаа авах гэж яваа юм гэх утгатай П.Д-гийн тайлбар зэрэг нотлох баримтаар хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн нь тогтоогдсон. Нөгөө талаар ИХ-н 282.4-т мөнгө, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор хуулинд заасан ба уг хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэрээг ИХ-н 56.1.1 -д зааснаар хүчин Т- бус байх хэлцэлд хамааруулаагүй байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-г ноцтой зөрчсөн талаар: 2015-05-13-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, барьцааны гэрээг зохигч цуцлаж, П.Д-гийн төлвөл зохих үүргийг 52.000.000 төгрөг байхаар тогтоож үүрэг дуусгавар болох хэлцлийг 2015-05-13-ны өдөр хийсэн ба талууд тохиролцож цуцласан гэрээг шүүх хүчин Т- бус байх хэлцэлд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2015-05-13-ны өдрийн худалдах, худалдах гэрээг үндэслэж СОТ-1 байрны 4 тоот орон сууцнаас С.Баярсайхан, М.Отгонтуяа, Б.Т- нарыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч С- нь гаргаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-01-27- ны өдөр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлсөн. Уг шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан 2015-05-13-ны өдрийн худалдах, худалдах гэрээг хүчин Т- гэрээ болохыг анхан шатны шүүх тогтоосон байхад давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 40.4, 120.4-т заасныг илтэд зөрчиж шийдвэр гаргасан. Энэхүү хүчин Т- шүүхийн шийдвэрийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар магадлалд огт дурьдаагүй байна. Б.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд талуудын хооронд байгуулсан 2015-05-13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-01-27- ны өдрийн шүүхийн шийдвэр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-27-ны өдрийн тогтоолоор нэгэнт дүгнэсэн үйл баримт юм. Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-01-27-ны өдрийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлмэгц 2016-01-27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг П.Д- нь гаргасан ч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-27-ны өдрийн тогтоолоор хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч П.Д- нь тухайд мөнгө хүлээн аваагүй гэдгээ нотлох баримтаар нотлож чадаагүй, утасны ярианы бичлэг, гэрч Даваасүхийн мэдүүлэг, үүрэг дуусгавар болох хэлцэл, гэрч Г.Энхтайван нарын мэдүүлэг зэргийг баримтаар үгүйсгэж чаддагүй. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-07-19-ний өдрийн 1343 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        1. Б.Т- 2016-10-26-ны өдөр НШШГ.алба болон Б.С- нарт холбогдуулан “...Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороолол, СОТ 1-р байр 4 тоот орон сууц \цаашид 4 тоот сууц гэх\- ыг худалдах-худалдан авах 2015-05-13-ны өдрийн гэрээ хүчин Т- бус болохыг тогтоолгох...уг орон сууцны өмчлөгчөөр  тогтоолгох...” шаардлага гаргасан байна.

        Б.Т- нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “....2014-12-02-ны өдөр  Ж.Сүхбаатар гэж хүнээс 15 сая төгрөг зээлж 4 тоот сууцаа барьцаалан бэр эгч П.Д-д өгсөн...эгч буцааж 10сая орчим төгрөг төлсөн....төлбөр бүрэн төлөгдөөгүйгээс Ж.Сүхбаатар нь ...С.Даваасүх, Б.С- нартай нийлж олон тооны гэрээг дүр эсгэн байгуулж гарын үсэг зуруулсан... 15сая төгрөг нь 52сая төгрөг болж...энэ мөнгөнд 4 тоот сууцыг Б.С- өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.. би Б.С-аас мөнгө зээлж байгаагүй...” гэжээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь НШШГ.албанд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

       2. П.Д- 2018-01-16-ны өдөр /хх1-н 177/ Б.С-д холбогдуулан “...2015-01-27-ны өдрийн зээлийн гэрээ хүчин Т- бус болохыг тогтоолгох...” шаардлага гаргасан байна.

        П.Д- нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “....дүү Б.Т-өөр дамжуулан Ж.Сүхбаатараас 15сая төгрөг зээлж буцааж 10 сая төгрөг төлсөн... зээл нь сүүлдээ 43сая төгрөг болж өссөн ба энэ дүнгээрээ дахин гэрээ хийнэ гэсний дагуу хүчээр  2015-01-27-ны өдөр Б.С-тай зээлийн гэрээ хийсэн....сүүлдээ мөнгө нь 52 сая төгрөг болж... мөнгөө өгснийхөө дараа байраа буцааж болно гэсэн тул 4 тоот сууцыг өмчлөлд нь шилжүүлсэн...Б.С-аас мөнгө зээлж байгаагүй...” гэжээ. 

        3. Б.С- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... 2015-01-27-ны өдөр П.Д- нь Б.С-аас 43 сая төгрөг зээлж 45,150,000 төгрөг буцааж төлөх үүрэг хүлээсэн...ч төлөөгүй 2015-05-13-ны байдлаар 61,855,500 төгрөг төлөх ёстой болсон ч 52сая төгрөг  төлөхөөр болж... уг үүргийг дуусгавар болгох хэлцэл хийж Б.Т-ийн 4 тоот сууцыг шилжүүлэн өгсөн...маргаантай холбоотой шүүхийн хүчин Т- шийдвэр байгаа..” гэж маргасан байна.   

        4. Анхан шатны шүүх Б.С-д холбогдох П.Д-, Б.Т- нарын   нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, НШШГгазарт холбогдох нэхэмжлэлээсээ Б.Т- татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

       Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа “....П.Д- нь Б.С-тай 2015-01-27-ны өдөр гэрээ байгуулж 43 сая төгрөг зээлэхээр тохирч 4 тоот сууцыг барьцаалсан байна...барьцааны гэрээ өмчлөгчөөс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн байна... Б.С- нь П.Д-д 43 сая төгрөг шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байна....мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба хүчин Т- бус хэлцэл байхаар хуульд заагаагүй байна..Ж.Сүхбаатараас Б.Т-ийн зээлсэн мөнгийг нэмж тооцон П.Д-, Б.С- нар гэрээ байгуулсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул П.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно... Б.Т- НШШГгазарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна... П.Д-, Б.С- нар зээлийн гэрээ байгуулахдаа Б.Т-ийн 4тоот сууцыг барьцаалсан бөгөөд гэрээ хүчин Т- байна... Б.Т- нь Б.С-тай гэрээ байгуулж хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байна... улсын бүртгэл үнэн зөв гэж үзнэ...талууд барьцааны зүйлийг гэрээгээр тохирч шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй..тул Б.Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

        5. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулан  П.Д-, Б.Т- нарын Б.С-д холбогдох нэхэмжлэлийг хангажээ. 

        Шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “.... Б.Т- нь Ж.Сүхбаатараас 15 сая төгрөг зээлсэн ба тохиролцооны дагуу мөнгийг С.Даваасүхээс, П.Д- нь хүлээж авсан байна...П.Д-, Б.С-аас 43 сая төгрөг зээлж 4 тоот сууцыг барьцаалсан П.Д- нь С.Даваасүхтэй адил нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна...П.Д- С.Даваасүх нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр мөнгө өгч өгч авалцаагүй нь тогтоогдсон... хариуцагч П.Д-д  зээлийн гэрээний дагуу мөнгө өгсөн нь тогтоогдохгүй байх тул П.Д-д 43 сая  төгрөг шилжүүлээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ... зээлийн гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй тул барьцааны үүрэг үүсэхгүй....хариуцагч нь нэхэмжлэгчээс барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй... орон сууцыг худалдаж авсан хэлцлийг хуульд нийцсэн хүчин Т- хэлцэл гэж үзэхгүй.... барьцааны гэрээний 7-д барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулахаар тохиролцсон байна...” гэжээ.

        6. Хариуцагч тал хяналтын гомдолдоо “...Б.С- П.Д-тэй зээлийн гэрээ байгуулж 43сая төгрөг шилжүүлсэн нь... гэрч Даваасүх... Г.Энхтайван нарын мэдүүлэг... Голомт банкнаас 40,850,000 төгрөгийг “зээл” гэсэн утгаар зарлага гаргасан баримт... 43 сая төгрөг бэлнээр хүлээн авсан тухай П.Д-гийн гарын үсэгтэй баримт... Г.Энхтайван, П.Д- нарын утасны ярианы бичлэг... 2015-01-27-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг талууд цуцлаж ...үүргээ дуусгавар болгосон хэлцэл...2016-04-28-ны өдрийн дотор Б.С-д 62сая төгрөг төлөх баримт.... 2018-03-30 өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.... хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээг хүчин Т- бус байх хэлцэлд хамааруулаагүй байгаа.... талууд тохиролцож цуцласан гэрээг шүүх хүчин Т- бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.... хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр хүчин Т- байгаа.... шинээр илэрсэн нөхцөл байдал гэж шүүх мөн үзээгүй... зээлийн мөнгийг аваагүй гэдгээ  нотлоогүй...” гэжээ. 

       7. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        а\. Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой хариуцагчийн гомдол магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

        Хэрэгт авагдсан баримтаар, Б.С- нь 2015-01-27-ны өдрийн гэрээний дагуу 43 сая төгрөгийг П.Д-д хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

        Гэрч Г.Энхтайван, С.Даваасүх нарын мэдүүлэг хариуцагчийн татгалзлыг нотолсон тухай хяналтын гомдол үндэслэлгүй байна. Г.Энхтайван нь “...би 43 сая төгрөг өгч байх үед нь байгаагүй...” гэсэн /хх2-н 36/ мэдүүлэг өгсөн тул тэрээр хариуцагчийн татгалзлыг нотлохгүй байна.

        Гэрч С.Даваасүх “...43 сая төгрөг аваад явсан...43 сая төгрөгийг Б.С- П.Д-д өгсөн...Голомт банкнаас авч өгсөн санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх2-н 37/ өгсөн байх боловч Голомт банкны 2015-01-27-ны өдрийн баримтад хариуцагч нь 43 сая төгрөг бус, харин 40,850,000 төгрөг авсан тухай мэдээлэл /хх 1-н 188/ байна. 

       Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө Голомт банкны 2015-01-27-ны өдрийн баримтад “.. 40,850,000.00 ...зарлага...Д-д зээл олгов..” гэсэн бичилт /хх1-н 188/ -г үндэслэх боловч энэ нь Н.Д- 40,850,000 төгрөгийг хариуцагчаас мөнгө хүлээн авсан баримт биш байна. Энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна.

       Б.С- нь хяналтын гомдолдоо 2015-01-27-ны өдрийн зээлийн гэрээний зүүн доод буланд ”...43,000,000 төгрөг бэлнээр хүлээж авав. П.Д-...” /хх2-н 108/ гэснийг үндэслэн магадлалыг эс зөвшөөрөх боловч энэ өдөр мөнгө хүлээн авсан баримт үйлдээгүй болохыг гэрч С.Даваасүх мэдүүлсэн/хх 2-37/ -с гадна Голомт банкнаас авсан гэх 40,850,000 төгрөгийг хэрхэн 43,000,000 төгрөг болгосон нөхцөл байдлыг хариуцагч тайлбарлаагүй байна. Иймд “..43,000,000 төгрөг бэлнээр хүлээж авав. П.Д-...”  /хх2-н 108/ гэсэн бичилт нь хариуцагчийн татгалзлыг нотлохгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.    

       Г.Энхтайван, П.Д- нарын утасны ярианы бичлэгийг /хх2-н 25/ анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ үндэслэл болгоогүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

      “Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл” Б.С-, П.Д- нарын гэх 2015-05-13-ны өдрийн баримт /хх1-н 55,227/-д “...2015-01-27-ны өдрийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн ..”талаар дурдсан байх бөгөөд энэ нь 2015-01-27-ны өдрийн гэрээ байгуулагдсан эсхүл хүчин Т- тохиолдолд ач холбогдолтой байна.

       “Үүрэг дуусгавар болсон тухай” Ж.Сүхбаатар, Б.Т- нарын гэх 2014-12-22 -ны өдрийн баримт /хх2-н 104/-д “...2014-12-02-ний өдрийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн..” талаар дурдсан боловч 2014-12-02-ны өдрийн гэрээ байгуулагдсан мөн хүчин Т- тохиолдолд үнэлэгдэх боломжтой баримт гэж үзлээ.      

      “...2016-04-28-ны өдрийн дотор Б.С-д 62сая төгрөг төлөх баримт....2018-03-30 өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл...” зэрэг нь хариуцагч маргаан үүссэнээс хойш бий болсон баримт байх бөгөөд бусад баримтаар үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн тайлбарыг нотлохгүй байна.   

       Дээр дурдсанаас үзвэл, давж заалдах шатны шүүх нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.    

       б\. “...Маргааны үйл баримтын талаар шүүхийн шийдвэр гарсан...” гэх хариуцагчийн гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол,Хан-уул,Сонгино-хайрхан дүүргийн шүүх 2016-01-27-ны өдрийн 102/ШШ2016/00941 дугаар шийдвэрээр /хх1-н 8/ Б.С-ын нэхэмжлэлтэй С.Баярсайхан,Б.Т-, М.Отгонтуяа, Б.Ууганбаяр, нарт холбогдох нэхэмжлэлийг “....С.Баярсайхан,Б.Т-, М.Отгонтуяа нар СОТ-1-н 4 тоот орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй байна... харин Б.Ууганбаяр уг орон сууцанд амьдардаггүй юм байна...2015-01-27-ны өдрийн Б.С-,П.Д- нарын хооронд хийгдсэн 43 сая төгрөгийн зээлийн гэрээ, Б.Т-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй,өөрөөр хэлвэл,зээлийн гэрээний үүрэг зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд үүсдэг болно...2016-01-26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж ..байрыг 65 сая төгрөгөөр буцааж худалдан авах, 2016-05-27-ны өдөр 65 сая төгрөг төлөөгүй тохиолдолд 2016-05-28-ны өдөр байрыг чөлөөлөхөөр тохирсон...ч нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна...” гэсэн дүгнэлт хийж, орон сууцыг С.Баярсайхан,Б.Т-, М.Отгонтуяа нарын эзэмшлээс чөлөөлөх, Б.Ууганбаярт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийджээ.

      Уг шийдвэрт гомдол гараагүй тул хүчин Т- болсон ба шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг /хх2-н 123/анхан шатны шүүх 2016-10-26-ны өдрийн 102/ШТ2016/0083 дугаар тогтоолоор хангаагүй байна /хх2-н 15/

       Хэрэгт, нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэсэн баримт байхгүй тул “...хүчин Т- шийдвэр байгаа..” гэх хяналтын гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчинө.

        в\. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

        Иргэд хоорондын зээлийг хуулиар хориглоогүй бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

         Б.С- нь П.Д-д 43,000,000 төгрөгийг зээлүүлэхээр 2015-01-27-ны өдөр тохиролцсон гэх боловч энэ нь өмнө үүссэн зээлийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тохиролцоо болох тухай тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ. 

        г\. Хэргийн оролцогч нь шаардлага,тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

       Давж заалдах шатны шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1343 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч гомдлын хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч Д.Очирвааниас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                               

                                ШҮҮГЧ                                          Б.УНДРАХ