Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00101

 

 ******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00632 дугаар шийдвэр,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч:*******

Хариуцагч:*******

Хариуцагч:*******

Гуравдагч этгээд:*******

 Нэхэмжлэлийн шаардлага: гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 48 241 296.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах

 Бие даасан шаардлага: нэхэмжлэгчээс 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 Хариуцагч*******ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хишигсүрэн, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Норовсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч*******, хамтран зээлдэгч******* нар нь******* тооцооны төвөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201642562168 тоот зээлийн гэрээ, БГ/201642562168 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 60 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл, хүү тогтмол төлөх нөхцөлтэйгөөр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл авсан.

Зээлдэгч*******,******* нар нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-201642562168-1 тоот гэрээ байгуулан зээлийн төлөлтөд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд: Иргэн*******,*******, Б.Номин-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаар бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25 тоот 31.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, бараа материалын үлдэгдэл, бэлэн хувцас зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Зээлдэгч*******,******* нар нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүтэн 212 хоног гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 05 дугаар сарын 2-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2018 оны 06 дүгээр сарын 16-ны өдөр зээл төлөх мэдэгдэл тус тус хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна.

Иймд зээлдэгч*******,******* нартай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201642562168 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642562168-1 тоот зээлийн гэрээг тус тус хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 39 998 336.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 289 207.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 47.453.76 төгрөг, нийт зээл, хүүгийн төлбөр 44 334 997.65 төгрөг гаргуулах, нотариат үйлчилгээний хураамж 7 500 төгрөг, нийт 44 342 497.65 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн, Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5 хороолол 7 байрны 25тоот хаягт орших Улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэгдсэн, 31.3 м.кв 2 өрөө орон сууц, мөн бараа материалын үлдэгдэл болох бэлэн хувцас зэргийг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Зээлийн хүүнд 3 692 559 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 213 741 төгрөг, нийт 3 906 299 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч*******,******* нараас нийт 48 241 296.65 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2001 оноос хойш тасралтгүй 17 жил харилцаж байгаа ба уг хугацаанд тус банкнаас бизнесээ өргөжүүлэх зорилгоор олон удаа зээл авч байсан. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөө нэг хоног ч хэтрүүлж байгаагүй төлж байсан. Гэвч 2016 оны 02 дугаар сарын 26-нд авсан зээлийг өөрийн найзын хамт хамтарч бизнес хийгээд алдсан. Үүний улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтөө хоцруулж эхэлсэн. Үүний өмнө нь манайх Пирамид төвд Вера мода бэлэн хувцасны дэлгүүр, үйлчилгээний төв болон Төгөл их дэлгүүрт тус тус салбартай байсан ба уг зээлээ төлж чадаагүйгээс ломбардаас өндөр хүүтэй мөнгө авч тэрийгээ төлөөд зээлийн төлөлтөө хоцруулж эхэлсэн.

Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан зээлдээ нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн 41 000 000 төгрөгөө төлөх болсон боловч 10, 11, 12, 1, 2 сард төлөөд үүнээс хойш бараа татан авалт багасаж салбаруудаа ажиллуулахаа больж бараан зах дээр хүний лангуу давхар түрээсэлж суух болсон учир зээлийн төлөлтөд саад гарч эхэлсэн. Гэхдээ би эхэлж авсан 60 000 000 төгрөгөөс үндсэн зээл 20 001 663 төгрөг, зээлийн хүүний төлбөр 20 914 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139 253 төгрөг, нийт 41 055 009 төгрөгийг нийт төлсөн.

Миний 2017 оны 9 сарын 29-нд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээ нь 4 жилээр хийсэн ба гэрээний хугацаа дуусахад 3 жил дутуу байгаа. Иймд миний бизнесийн үйл ажиллагаа доголдсоныг бодолцож зээлийн үлдэгдэл, хүү, алданги нийт 44 342 497 төгрөгийг төлөх 18 сарын хугацаа өгөхийг хүсч байна. Уг зээлийг авч хэрэглэсэн нь үнэн ба төлөхгүй гэсэн санаа зорилго огт байгаагүй гэжээ.

 Хариуцагч******* шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие******* өөрийн охин*******ын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан зээлийг батлан хамтран зээлдэгчээр орсон. 2016 оны 02 дугаар сард авсан 60 000 000 төгрөгөөс 41 055 009 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Нийт төлсөн мөнгөний ихэнх хувь нь хүүнд төлсөн гэсэн. Иймд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 39 998 336 төгрөгийг хугацаа олгож төлөх боломжоор хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд******* шүүхэд гаргасан шаардлагадаа: Бадрал овогтой Гүнсанаа би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот улсын бүртгэлийн Ү- 2101001169 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгч билээ. Энэ орон сууцыг би ээж*******, эгч Б.Номин-Эрдэнэ нарын хамт хамтран өмчилдөг юм. Бидний гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг ээжийгээ******* ХХК-ийн барьцаанд тавьсныг мэдээгүй. Сүүлийн хэдэн жил манайх маш хүнд байдалтай амьдарч ирсэн аав минь нас барж, өөр байраа зальтай хүмүүст алдаад, ээжийн минь наймаа зогсож одоо ямар ч орлогогүй бүр ч хэцүү байгаа. Ээж минь банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болоод байраа алдахад хүрээд байгаа юм байна. Энэ байр бол ээж болон миний эгч бид гурвын ганц өмч. Өөр ямар ч хөрөнгө байхгүй. Тийм учраас одоо би насанд хүрсэн тул энэ байрнаас өөрт оногдох хэсгийг авах эрхтэй гэж үзээд энэ өргөдлийг гаргаж байна.

Манай байр бол одоогийн зах зээл дээр хамгийн багадаа 75 000 000 төгрөгийн үнэтэй гэж бодож байна. Үүнийг гэр бүлийн 3 хүнд хуваахад надад 25 000 000 төгрөг оногдох ёстой гэж үзэж байна. Энэ мөнгийг би байрны үнээс гаргуулж авмаар байна. Хэдийгээр би одоо 19 настай оюутан хүн боловч удахгүй сургуулиа төгсөнө, өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байж гэмээнэ ажил төрөлтэй болно, гэрлэнэ гэсэн бодлын үүднээс энэ шаардлагыг гаргаж байгаа юм.

Иймд улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцны үнээс надад оногдох хэсэг буюу 25 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд******* шүүхэд гаргасан шаардлагаа тодруулахдаа:******* ХХК-ийн барьцаанд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцны үнээс*******д оногдох хэсэг буюу 25 000 000 төгрөгийг******* ХХК-иас гаргуулж өгнө үү. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шаардлага гаргаж байна гэжээ.

 Нэхэмжлэгчээс бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* нэхэмжлэлтэй, хариуцагч*******,******* нарт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны үнээс 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч*******гийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1- 61.1.6- д заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн барьцааны орон сууцны төлбөрт 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэнээс нь нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч ******* хувьд зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан бөгөөд барьцаалагчийн хувьд дээрх хуулийн дагуу тухайн зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хорооллын 7 дугаар байрны 25 тоот улсын бүртгэлийн Ү-2101001169 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны өмчлөгч*******, Б.Номин-Эрдэнэ,******* нар байх бөгөөд өмчлөгч******* нь хамтран өмчлөгч Б.Номин-Эрдэнээс уг орон сууцыг барьцаалах, үүргийн гүйцэтгэлийн хангах талаар итгэмжлэлээр зөвшөөрлөө олгосон бөгөөд тухайн үед******* нь насанд хүрээгүй байсан тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д 7-14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэж заасны дагуу түүний хууль ёсны төлөөлөгч******* төлөөлөх эрхийн хүрээнд төлөөлсөн барьцаалагч буюу зээлдэгч******* ХХК-ийн хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Иймд бие даасан шаардлага гаргагч гуравдагч этгээд*******гийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг зөрчиж байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч бөгөөд хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хүү маань аргагүй эрхэнд ийм өргөдөл гаргах болсон байх гэж бодож байна. Миний хүү надтай зөвлөлдөхгүй аавынхаа дүү нартай ярилцаад ийм шийдвэр гаргасан байсан. Иймээс би хүүгийнхээ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Аав нь амьд сэрүүн байхад бидний амьдрал үнэхээр сайхан байсан. Санхүүгийн ямар нэгэн асуудалгүй бизнес хэвийн явагдаж байсан. 2007 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-16-52 тоот гурван өрөө байрыг С.Пүрэвцэнд гэдэг хүнээс 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэтэл С.Пүрэвцэнд нь уг байрыг Гэрэл гэж хүнээс худалдаж аваад Гансүх гэдэг хүний нэр рүү шилжүүлсэн байсан. Ингээд Гансүхээс бид авсан боловч Гэрэлээс Пүрэвцэнд авахдаа залилж авсан гээд 2013 онд С.Пүрэвцэнд нь залилангийн хэргээр ял шийтгүүлж бидний байр авсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоод Я.Гэрэл гэж хүнд байрыг авч өгсөн. Тэгээд С.Пүрэвцэндээс бид байр худалдаж авсан 20 000 000 төгрөгөө буцааж авах шийдвэр гарсан.

Энэ хэрэг маш удаан жил үргэлжилсэн. Энэ хугацаанд миний нөхөр нас барж хүүхдүүд маань том болж оюутнууд болсон. Мөн найзтайгаа хамтарч хийсэн бизнес бүтэлгүйтэж санхүүгийн алдагдалд орж эхэлсэн. Энэ үед С.Пүрэвцэндээс байрны зах зээлийн үнэлгээгээр нэмж 75 500 000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан боловч С.Пүрэвцэнд нь жирэмсэн гэсэн хуурамч материал бүрдүүлж ирэхэд шүүх ялыг нь хойшлуулсан. С.Пүрэвцэндээс 75 000 000 төгрөг гаргуулж надад өгөх шийдвэрийг 2015 оны 06 дугаар сарын 09-нд гаргасан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 20 000 000 төгрөг, нийт 95 000 000 төгрөг авах ёстой боловч яг өнөөдрийн байдлаар ердөө 322 000 төгрөг л төлөгдсөн. Харин шийтгэх тогтоолоор залилуулсан гэх н.Гэрэл нь шийдвэр гарснаас хойш байранд байсан гэх шалтгаанаар Пүрэвцэндэд өгөх ёстой 1 500 000 төгрөгөө Пүрэвцэндийн төлбөрөөс хасуулсан.

Энэ хугацаанд миний хань нас барж зальтай хүмүүсийн хийсэн гэмт хэргийн улмаас гурван өрөө байраа алдаж байрны мөнгөө ч одоог хүртэл авч чадаагүй /95 000 000 төгрөг/. Энэ бүгдээс шалтгаалж бизнес маань доголдож банкны зээлээ төлж чадахгүйд хүрээд хүүхдүүдийнхээ төлбөр төлж сургахад ч хэцүү болсон. Энэ бүгдээс болж миний хүү ааваасаа өөрт үлдсэн байрыг барьцаанд тавьсныг мэдээгүй байсан учир ядаж өөрт ногдох хувийг авна гэдэг нь зөв гэж бодоод түүний нэхэмжлэлийг зөвшөөрч байна

 Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00632 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан******* ХХК, хариуцагч******* ,******* нартай байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201642562168-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч*******,******* нараас 48.241.296.65 /дөчин найман сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг жаран таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч*******т олгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч*******,******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-7-25 тоотод байрлах Ү-2101001169 улсын бүртгэлийн дугаартай 31.3 м.кв 2 өрөө орон сууц, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

Хаан банкны барьцаанд байгаа Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-7-25 тоотод байрлах Ү-2101001169 улсын бүртгэлийн дугаартай 31.3 м.кв 2 өрөө орон сууцны оногдох хэсэг 25.000.000 төгрөгийг*******наас гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*******гийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 457.112.78 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нараас 457.112.78 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* ХХК-ний Орхон салбарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч*******ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч Д.Цэвэлгоров хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 219.05.15-ны өдрийн 00632 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.04-ний өдрийн 112 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд ИХШХШТХ-ийн 172.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж үзэж дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Би зээл авснаас хойш нийтдээ 41 055 009 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад банк дахин сунгаж гэрээ хийсэн юм. Надад зээлийн гэрээний хугацаа дууссан талаар огт мэдэгдээгүй. Би зээлээ цаг хугацаанд нь бүрэн төлж байсан.

Миний дансанд орж ирж байсан мөнгийг банк шууд данснаас аваад эхний ээлжинд зээлийн үндсэн төлөлтийг төлөх ёстой байтал эхлээд нэмэгдүүлсэн хүү, дараа нь хүү, тэгээд зээлийн төлөлтийг суутгаж байснаас болоод ийм их хэмжээний зээлийн өр хуримтлагдсан гэж бодож байна.

Хаан банк ХХК шүүхэд миний мэдэхгүй нэг дансны хуулга гаргаж өгсөн байна лээ. Би******* ХХК-д харилцах болон зээлийн гэсэн 2 данстай ба түүнийхээ хуулгыг гаргуулан авч шүүхэд өгсөн чинь банкны гаргаж өгсөн миний гэх данстай зөрж байсан. Учрыг нь нэхэмжлэгчээс асуухад ийм данс байдаг гэхээс өөр зүйл хэлээгүй.

Шүүх миний гаргаж өгсөн дансны хуулгыг үнэлж үзээгүй, банкны гаргаж өгсөн тамга тэмдэггүй дансны хуулга гэгчийг үндэслэж нэхэмжлэлийн үнийн дүнгээр шийдсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх 3 дансаар мөнгө төлж байсан гэх хоорондоо зөрүүтэй данснуудын учрыг ололгүй үнэлэх боломжгүй гээд миний гаргаж өгсөн дансны хуулгыг үнэлээгүй. Хоёр шатны шүүх энэ бүхэнд хууль зүйн талаас ямар ч үнэлэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Би бодохдоо миний төлсөн мөнгийг хугацаа хэтэрсэн тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу эхлээд зээл, дараа нь хүү, эцэст нь нэмэгдүүлсэн хүү гэж авах ёстой байтал дээрх байдлаар төлөх мөнгөний хэмжээг багасгахгүй илүү мөнгө авах арга хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Хаан банк ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ....хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах..., гэрээний үүрэгт 48 241 296.65 төгрөгийг гаргуулах..., үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардаж байна... гэжээ.

 Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан, гуравдагч этгээд******* нэхэмжлэгчид холбогдуулан ....зээлд барьцаалагдсан орон сууцны үнийн дүнгээс өөрт ногдох 25 000 000 төгрөгийг гаргуулах... бие даасан шаардлага гаргасан байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,******* нь 60 000 000 төгрөгийг нэг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл олгох,*******,******* нар зээлийг хүлээн авч, гэрээгээр тохирсон хуваарийн дагуу буцааж төлөхөөр харилцан тохирч ЗГ/201642562168 дугаартай зээлийн гэрээ, зээлийн үүргийн гүйцэтгэлд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-7-25 тоот 2 өрөө орон сууц, бэлэн хувцас бүхий бараа материалыг барьцаалж БГ/201642562168 дугаартай барьцааны гэрээг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус тус байгуулжээ.

 Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгө 60 000 000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн, зээлдэгч нар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт үндсэн зээлд 20 001 663.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 20 914 092 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 139 253.53 төгрөг, нийт 41 055 009.45 төгрөгийг төлсөн, үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 212 хоногийн хугацаанд хуваарьт төлбөрөө төлөөгүй, удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан боловч үүргээ үл биелүүлсэн үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 44 334 997.65 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 7 500 төгрөгийн хамт гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

 Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгч нь зээлийн хүү 3 692 559 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 213 741 төгрөг, нийт 3 906 299 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

 2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д банк...-с зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, 204 дүгээр зүйлийн 204.1.-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

 Зохигчийн хооронд банк зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх заалтад нийцсэн, зээлдэгч гэрээний үүргийг зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 3. Нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хангасан нь буруу байна.

 Мөн нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд гаргасан 7 500 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцсон нь үндэслэлтэй боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа тооцооны алдаа гаргаж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг орхигдуулжээ.

 Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, гэрээ цуцлах үед үүссэн үүрэг 44 334 997.65 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөгийн хамт нийт 44 342 497.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 4. Зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2., 175 дугаар зүйлийн 175.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 5. Хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр******* оролцож, барьцааны хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн 5-7-25 тоот 31.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 75 000 000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох хэсэг буюу 25 000 000 төгрөгийг******* ХХК-иас гаргуулахаар шаардлага гаргажээ.

 Б.Гүнсанаа нь орон сууцны өмчлөгч мөн бөгөөд барьцааны гэрээ хууль зөрчсөн гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул энэ нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

 6. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...зээлийн төлбөрөөс 41 055 009 төгрөгийг төлсөн байхад Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллын дагуу төлбөрийг аваагүйгээс их хэмжээний зээлийн өр хуримтлагдсан, ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэсэн боловч хариуцагч нь хариу тайлбар татгалзлаа нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй, шүүх нэхэмжлэгчээс гаргасан хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/00632 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч*******,******* нараас 44 342 497.65 төгрөгийг гаргуулан*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын*******ны барьцаанд... гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул******* ХХК-ийн барьцаанд... гэж, 4 дэх заалтын хариуцагч*******,******* нараас 457 112.78 төгрөг... гэснийг хариуцагч*******,******* нараас 379 662.5 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******ын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Цэвэлгоровоос 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ          Х.ЭРДЭНЭСУВД