Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 184/2017/00179/И |
Дугаар | 001/ХТ2021/00121 |
Огноо | 2021-02-02 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/00121
******* ХХК, Тэнгэрийн тэмдэг ХХК-иудын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01759 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 08 дугаар 21-ний өдрийн 1545 дугаар магадлалтай,
******* ХХК, Тэнгэрийн тэмдэг ХХК-иудын нэхэмжлэлтэй,
Драгон холдинг ХХК-д холбогдох,
297 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Батбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч ******* ХХК,******* ХХК-иуд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Эрдэнэсайхан /Тэнгэрийн тэмдэг ХХК-ийн захирал/ би иргэн С.Баярт /Драгон холдинг ХХК-ийн захирал/-тай 2009 оны 3 дугаар сард харилцан тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байрлах, 780 м.кв талбайтай, 3 давхар, 20 өрөө бүхий буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 275 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болоход С.Баярт нөгөө 3 давхар обьект үл хөдлөхийн гэрчилгээ нь манай төрсөн дүү С.Чимэдгаадангийн ******* гэдэг компанид бүртгэлтэй миний хөрөнгө байгаа юм. Тэгэхээр ******* ХХК, С.Чимэдгаадантай худалдах-худалдан авах гэрээг хийчих, тэгээд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэхэд зардал, хугацаа их шаардах учраас ******* ХХК-ийг чиний нэр дээр шилжүүлчихвэл хөрөнгө чинийх болно гэсэн. Үүний дараа******* ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан, ******* ХХК-ийн захирал С.Чимэдгаадан нарын хооронд 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар гэрээг байгуулснаас хойш 4 хоногийн дараа буюу 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр С.Чимэдгаадантай эрх шилжүүлэх, компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг байгуулж, ******* ХХК-ийн хувьцааг хувь болон бусад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бүх эрхийг шилжүүлэн, 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Н.Эрдэнэсайхан миний бие ******* ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд С.Баяртай тохиролцсон үндсэн тохиролцооны дагуу миний бие 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр түүний төрсөн дүү С.Чимэдгааданд 260 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Мөн******* ХХК-ийн буудал худалдан авсны үлдэгдэл тооцоог 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2010 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үлдсэн мөнгийг******* ХХК-ийн нягтлан бодогч болон холбогдох санхүүгийн ажилтанд бэлнээр хүлээлгэн өгч үнийг бүрэн төлсөн.
Гэрээний 7 дэх хэсэгт заасан газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамжийг гаргаж өгнө гэсэн нь өдий хүртэл биелэгдээгүй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан 2009 онд уг газар эзэмших эрх нь Дөрвөн луу ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамжаар 5 жилээр олгогдсон байсан, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар******* ХХК нь газар эзэмших эрхтэй болсон 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дөрвөн луу ХХК-ийг******* ХХК-д нэгтгэсэн байдаг. Одоо бодит байдал дээр ******* ХХК-ийн зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барилга нь******* ХХК-ийн эзэмшдэг газар дээр байгаа тул ******* ХХК нь газар эзэмших, ашиглах эрхтэй болохыг шүүхээр тогтоолгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д эрхийг хүлээн зөвшөөрөх гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээж өгөхийг шүүхээс хүсэж байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг болно гэж заасны дагуу ******* ХХК-ийн худалдаж авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан нь 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тухайн үеийн ******* ХХК-ийн захирал байсан С.Чимэдгаадантай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Одоогоор тухайн байгууламжийн 1 дүгээр давхар Автотээврийн Үндэсний төвийн нэр дээр хэвээр хадгалагдаж байгаа буюу 1 давхрыг Н.Эрдэнэсайхантай байгуулсан гэрээгээр худалдаагүй. Тухайн байгууламж нь ******* ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжээгүй юм. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 1 дэх хэсэгт ...780 м.кв , 3 давхар 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ гэж заасан ба газрын хамт гэсэн бичиг агуулга байхгүй. Мөн 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээгээр ******* ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувийн болон компанийн эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн барилга байгаа газрыг******* ХХК эзэмших эрхтэй болох нь Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0232180 дугаар гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, ийнхүү газар эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамж, газар эзэмшүүлэх 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд үндэслэгдсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжаар тус нэгж талбарыг 2400 м.кв, 11703 м.кв хэмжээ бүхий 2 нэгж талбар болгон хувааж,******* ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжаар******* ХХК-ийн 2400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар болон гуравдагч этгээд Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02-04/5967 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Ийнхүү худалдаж авсан барилгын доорх газар эзэмших, ашиглах эрх нь захиргааны актаар******* ХХК-д байсаар байтал нэхэмжлэгч компани захиргааны актын талаар Иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаар иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх, үүргийг Нийслэлийн Засаг даргад олгосон байгаа ба нэгэнт хүчин төгөлдөр захиргааны акт байсаар байтал Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд нийтийн тээвэр, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1.4 га газрыг ашиглах эрхийг 4 жилийн хугацаатай олгож, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 179 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2011 оны 904 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг******* ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны А.417 дугаар захирамжаар******* ХХК-ийн эзэмшил газрыг 2400 м.кв болон 11 703 м.кв хэмжээ бүхий 2 нэгж талбар болгон хувааж иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Иргэний хуулийн 84.3, 85.2, мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д тус тус зааснаар шүүхээс ******* ХХК,*******"ХХК болон хариуцагч******* ХХК-ийн хооронд байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд газартай холбоотой үүрэг хүлээсэн эсэхийг тодруулж, өмчлөгчийг тогтоосны үндсэн дээр тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, эсхүл хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжтой. Иймд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гуравдагч этгээдийн эзгүйд буюу байлцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01759 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн нь хариуцагч******* ХХК-д холбогдох ******* ХХК-ийн худалдаж авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч******* ХХК-д холбогдох ******* ХХК-ийн худалдаж авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 05, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд төлсөн нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 21-ний өдрийн 1545 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 184/ШШ2019/01759 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1545 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэл нь:******* XXК 14 106 м.кв талбай эзэмшдэг. Тус компанийн захирал С.Баярт дээрх талбайд байрлалтай, өөрийн төрсөн дүү С.Чимэдгаадан захиралтай ******* ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 780 м.кв талбай бүхий 3 давхар барилгыг газрын хамт 275 000 000 төгрөгөөр худалдах хүсэлтийг******* ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайханд тавьж, амаар хэлцэл хийн тохирсны дагуу С.Баяртын дүү С.Чимэдгаадантай үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх, хувьцааг худалдах-худалдан авах гэрээнүүдийг байгуулж, ******* ХХК-ийн хувьцааг 100 хувь, үл хөдлөх хөрөнгө болох 3 давхар барилгын зоорийн хэсэг, 2, 3 дугаар давхрыг хууль, дүрмийн дагуу худалдаж авсан.
******* ХХК-ийн эрхээ шилжүүлсэн С.Чимэдгаадан Худалдах-худалдан авах гэрээ-нд заасан газар эзэмших бичиг баримтыг шилжүүлэх үүргэзэ биелүүлсэнгүй.******* ХХК-ийн захирал С.Баярт нь амаар хийсэн хэлцэл, тохирсон худалдагдсан 3 давхар барилгын газар эзэмших эрхийн бичгийг шилжүүлэхгүй байсан тул Нийслэлийн өмчийн харилцааны газарт /тухайн үеийн нэршил Газрын алба/ худалдаж авсан барилгын доорх газар эзэмших гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан бөгөөд 2016 онд тус газраас танай компанийн газар эзэмших эрхийн талаарх асуудлыг 2 удаа хуралдаанаар оруулсан боловч******* ХХК-иас ирүүлэх баримт материал дутуу байх тул асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байна. Иймд шүүхэд хандаж асуудлаа шийдүүлнэ үү гэсэн хариу өгсөн юм. Гэтэл худалдаж авсан, өөрийн өмч болох барилгын доорх газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэсэнгүй.
Учир нь ******* ХХК-ийн өмч болох 297 м.кв /суурийн хэмжээгээр/ талбай бүхий барилгын доорх газрыг Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж тус тус заасныг баримтлан эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлтэй энгийнээс энгийн, тодорхой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.
Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01759 дугаар шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ заахдаа:
1. Хэдийгээр Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2-т түр зуурын хэрэгцээ хангахаар бус байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан боловч Газрын тухай хуулийн 3.1.3, 21.2.3-т ...хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байх тул маргаан бүхий газрыг иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдол хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх, үүргийг Нийслэлийн Засаг даргад олгосон байна гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.
Учир нь тухайн нэхэмжлэлтэй хэрэгт огт хамааралгүй хуулийн заалт буюу тодруулбал Газрын тухай хуулийн дээрх заалтууд хэрэглэх ёсгүй гэж үзэж байна. Тухайн барилгын доор инженерийн ямар ч шугам сүлжээ, хот, дүүргийн төлөвлөлтөд яригдаагүй, байхгүй зүйлийг гаргаж байгаа нь шүүгчийн хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.
2. Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн худалдаж авсан барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших, ашиглах эрхийг зөрчиж, хязгаарлаж байгаа болох нь тогтоогдоогүй, хариуцагч******* ХХК нь тухайн газрыг эзэмшиж, ашиглаагүй байх тул ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв гэжээ.
Хариуцагч******* ХХК-ийн нэр дээр тус газар байгаа материал хавтаст хэрэгт байсаар байтал, тус холдинг компани нь тухайн газрыг бүхэлд нь банкны барьцаанд тавьж зээл авч хэрэглэсээр байгааг шүүх ийм байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна.
3. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэжээ.
Улсын бүртгэлийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээний дугаар 000050743 байсаар байтал, ******* ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байршилтай, нийт 780 м.кв талбайтай, /зоорь 297 м.кв, 2 дугаар давхар 241.5 м.кв, 3 дугаар давхар 241.5 м.кв/ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү2201012661 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэсэн гэрчилгээ байсаар байтал Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэснийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор ззэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заажээ.
Гэтэл яагаад шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэж дүгнэж байгааг эс зөвшөөрч байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. Монгол Улсад Газрын тухай хуульд ийм заалт байна. Монгол Улсад түр зуурын хэрэгцээ хангахаар бус байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламжийг худалдсан тохиолдолд газар нь худалдсан барилгаа дагаад хамт явна гэдгийг заасан хуулийн заалт бөгөөд хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын алба /Газрын алба/ үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдад албан ёсоор сануулж, анхааруулдаг билээ.
Үүний жишээ болох зуслангийн байр, байшин худалдан авсан албан бичигт худалдсан байр, байшинтай хамт газар эзэмших, ашиглах эрх нь худалдагдсан барилгаа дагаж явна гэж анхааруулсан баримт хавтаст хэрэгт нотлох баримт болгож өгсөн байгаа.
Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ/2018/00554 дугаар тогтоолд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг болдог. Худалдан авагч тал эд хөрөнгө худалдан авснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч болох ёстой бол барилга баригдсан газрыг эзэмших эрхгүй үлдэж буй худалдан авагчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүрэн хэмжээгээр шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэснийг анхаарсангүй.
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хууль буруу хэрэглэснийг зөв гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
******* ХХК-ийн өмч болох барилгын доорх газар эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн асуудлыг нягтлан шалгаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
******* ХХК,******* ХХК-иуд нь******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Драгон холдинг ХХК-ийн захирал С.Баярттай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байрлах Драгон төвийн 3 давхар барилгын зоорийн давхар, 780 м.кв талбайтай, 3 давхар, 20 өрөө бүхий зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 275 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон, уг хөрөнгө ******* ХХК-ийн өмчлөлд байсан тул тус компанийн захирал С.Баяртын дүү С.Чимэдгаадантай 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Төлбөрийг төлсөн боловч хариуцагч нь гэрээний 7-д заасан газрын эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. ******* ХХК газар эзэмших эрхтэй болохыг шүүхээр тогтоолгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...Тэнгэрийн тэмдэг ХХК нь ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Тухайн байгууламжийн 1-р давхар Автотээврийн үндэсний төвийн эзэмшилд байдаг, байгууламж нь бүхэлдээ ******* ХХК-ийн өмчлөлд шилжээгүй, ...түүнчлэн тус барилга байгаа газрыг******* ХХК эзэмших эрхтэй болох нь захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоогдож байхад нэхэмжлэгч нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-гээр******* ХХК нь ******* ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 139/2 хаягт байрлах Драгон төв 3 давхар барилгын зоорийн давхар, 2, 3 дугаар давхрын 20 өрөө бүхий буудлын зориулалттай, нийт 780 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр С.Чимэдгаадан нь ******* ХХК-ийн дүрмийн сангийн 100 хувийг болон компанийн эрх үүргийг Н.Эрдэнэсайханд шилжүүлж, компанийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээгээр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг******* ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайханд худалдсан үйл баримт тогтоогджээ.
******* ХХК,******* ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-ний 7 дахь хэсэгт газар эзэмших эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч үл хөдлөх эд хөрөнгө байрлах газар нь талуудын хооронд гэрээ байгуулах үед Дөрвөн луу ХХК-ийн эзэмшилд байсан, тус компани нь******* ХХК-тай 2008 онд нэгдсэнээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар нийт 14 106 м.кв газраа******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн нь нотлогджээ.
Анхан шатны шүүх******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгыг тодруулаагүйгээс Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулаагүй нь учир дутагдалтай болжээ.
Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан эсэх, эсхүл өөр үндэслэл зааж уг газрын эзэмшигч болохыг тогтоолгохыг хүссэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх шаардлагын үндэслэлийг тодруулаагүйгээс шийдвэр хуульд нийцээгүй.
Түүнчлэн ******* ХХК нь газар эзэмших эрхгүй атлаа******* ХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-ний 7 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрыг эзэмших, ашиглах эрхийн талаар дараах тохиролцоонд хүрэв. гээд уг зүйлийн 2-т газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамж, холбогдох баримт бичиг, 6-д барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8м газар эзэмшүүлэн олгох-оор тохиролцсон талаарх гэрээний зохицуулалтын үндэслэлийг тодруулаагүй, талуудын дээрх тохиролцоо холбогдох хуулийн шаардлагад нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.
Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед С.Баярт нь Дөрвөн луу ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар ажиллаж байсан, мөн******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал байсан, одоо******* ХХК-ийн захирал нь С.Баяртын охин Б.Октябрь, ******* ХХК-ийн захирал байсан С.Чимэдгаадан нь С.Баяртын төрсөн дүү бөгөөд тэд хамаарал бүхий этгээд байхад энэ талаар тодруулаагүй,******* ХХК-ийн захирал С.Баярттай харилцан тохиролцсоны улмаас ******* ХХК-ийг бүхэлд нь худалдан авахаар хэлцэл хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай байна.
Түүнчлэн маргаж буй газар******* ХХК-ийн эзэмшилд байсан, газар эзэмших эрхийн хугацаа дууссан боловч эзэмших эрхийн талаар маргаантай байгаа үндэслэлээр хугацааг сунгаагүй агуулга бүхий Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны тайлбар хэрэгт авагдсан байна.
Иймд******* ХХК-ийн газрын эзэмших эрх дуусгавар болсон агуулгаар хариуцагч биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт өрөөсгөл болжээ.
Мөн зохигчийн тайлбараас үзвэл тухайн 3 давхар барилгын 1 дүгээр давхар Автотээврийн үндэсний төвийн өмчлөлд байдаг нь тогтоогдсон байна.
Иймээс ******* ХХК уг барилгын доорх газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргахад гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх, энэ талаар шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.
******* ХХК,******* ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа******* ХХК, С.Чимэдгаадан, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа өөрчилсөнтэй холбогдуулан зарим хариуцагчаас татгалзсан эсэх нь тодорхойгүй, шүүх тэдгээрт холбогдох шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.
Иймд шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болох нь ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/01759 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 21-ний өдрийн 1545 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямсүрэнгээс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД