Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00202

 

Б.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй

               иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02010 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1663 дугаар магадлалтай,

 

Б.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй,

Б.Пүрэвдоржид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 47.250.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

14.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Пүрэвдорж, өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Б.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Дорждэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 12 дугаар сарын 28-нд иргэн Б.Пүрэвдоржтой Зээлийн гэрээ байгуулан, 3 сарын хугацаатай 31.500.000 төгрөгийг зээлдүүлсэн ба гэрээний 5-д хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохирсон. Хэдийгээр гэрээнд барьцаагүй хэмээн бичсэн ч Б.Пүрэвдорж зээлийн барьцаа болгож, өөрийн захиалан бариулсан Амины орон сууцны 11 тоотод амьдрахыг санал болгосны дагуу гэр бүлийн хамт 2015 оны эхээр нүүж очсон. Гэтэл уг орон сууц агааржуулалтын хоолой байхгүйгээс чийг ихтэй, дээрээс шохой хууларч унадаг, халуун ус байхгүй, хүйтэн усны даралт муу, автомашины зогсоолгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй зэргээс хэвийн амьдрах боломжгүй байсан. Бид гэрээний хугацаа дууссан тул мөнгөө нэхэхэд та нарын амьдарч байгаа 4 давхрын 2 өрөө орон сууцыг зарж байгаад мөнгийг өгнө гээд 5 давхрын 1 өрөө орон сууцанд оруулсан. Байрыг сольсон талаар маргадаггүй. Пүрэвдорж 2 өрөө орон сууцыг зараагүй. Гэвч өөрийнхөө өмчлөлийн орон сууцанд бусдыг 29 сар амьдруулна гэдэг нь бодит байдал дээр үнэмшилгүй зүйл. Талуудаас гаргаж өгсөн зээлийн гэрээнд ямар ч зөрүү байхгүй. Талууд энэ гэрээ болон ар талд нь мөнгө хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан. Иймд үндсэн зээл 31.500.000 төгрөг, алданги 15.750.000 төгрөг нийт 47.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 сарын 21-ний өдөр Б.Дорждэрэм манай барилгын инженер н.Ариунболд, н.Төмөрөө нарын хамт ирсэн. Танай байрыг авах гэж байна. Та 4 давхрын 11 тоотыг манай найзад зараач гэсэн. Би худалдах худалдан авах гэрээ хийе гээд нотариат руу явсан. Нотариатч байрны гэрчилгээ байна уу гэсэн. Энэ үед байрны гэрчилгээ гараагүй байсан тул энэ тухайгаа хэлэхэд нотариатч энэ байр таны өмчлөлийн зүйл мөн гэдгийг мэдэх боломжгүй учраас худалдах худалдан авах гэрээ хийх боломжгүй гэсэн. Ингээд бид хоорондоо ярилцаад зээлийн гэрээ хийе гэж тохиролцоод мөнгийг 2 хувааж өгөхөөр болсон. Эхлээд 31.500.000 төгрөгийг тэр өдрөө бэлнээр Хаан банкин дээр очиж өгнө гэсэн. Үнэхээр мөнгийг бэлнээр өгөх байсан бол нотариатчийн хажууд тоолоод өгөх байсан. Би Дорждэрэмд өгөх гэрээн дээр мөнгийг хүлээн авлаа гэж батлуулаад өөрийнх дээрээ батлуулаагүй. Яагаад гэхээр мөнгөө авч байж батлуулна гэсэн. Нөгөө гэрээн дээр би гарын үсэг зураагүй. Тэндээс гараад Пийс тауэрын банкин дээр очсон. Очоод мөнгө яасан бэ гэхэд мөнгө ороогүй байна гэсэн. Хэзээ орох юм гэхэд жилийн эцэс болчхоод мөнгө хийгээгүй юм шиг байна. Он гаргаад мөнгө өгье гэхэд итгэсэн. Өвөл хүйтэн байсан учраас байранд нь оруулаад дараа мөнгөө авъя гэж бодсон. Ингээд би ямар ч мөнгө авалгүй байрандаа оруулсан. Эхлээд 31.500.000 төгрөгөө авчхаад үлдэгдэл 31.500.000 төгрөгийг байрны гэрчилгээг гарсны дараа авъя гэж бодсон. Гэтэл 31.500.000 төгрөгөө эхний өдрөө ч өгөөгүй. Байрны гэрчилгээ 2016 оны 03 сарын эхээр гарсан. Ингээд мөнгө өгөхгүй болохоор 2 өрөө байр авч чадахгүй юм бол 5 давхрын 1 өрөө байранд ор гээд оруулсан. Би Б.Дорждэрэмээс нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзаж, байрнаас гаргасан. 2015 оны 01 сараас хойш 2017 оны 02 сар хүртэл хугацаанд байранд ямар нэгэн үнэ хөлс төлөхгүй суусан. Худалдаж авна гэсэн боловч худалдаж авах үүргээ биелүүлээгүй. Хэрвээ энэ байрыг бусдад хөлслүүлсэн бол сард дунджаар 500.000 төгрөгөөр тооцоход 14.500.000 төгрөг болж байгаа. Үнэ төлбөргүй байранд сууна гэж байхгүй. Иргэний хуулийн 264.2 дахь хэсэгт зааснаар 14.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Дорждэрэм сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  Зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах ёстой. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй. Хэрвээ бичгээр байгуулсан бол хохирол болон зардлыг нэхэмжлэх эрхтэй. Гэхдээ ямар хэмжээний хохирол учирсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ хүмүүст түрээсийн орлого шаардах эрх хуулиар олгогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02010 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх заасныг баримтлан хариуцагч Б.Пүрэвдоржоос 47.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгож, хариуцагч Б.Пүрэвдоржийн нэхэмжлэгч Б.Дорждэрэмд холбогдуулан гаргасан 14.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 394.200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 394.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1663 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын17-ны 102/ШШ2019/02010 дугаар шийдвэр мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 11 өдрийн 1663 дугаар магадлалыг хариуцагч би эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн гэрээний ар талд 31.500.000 төгрөг хүлээн авлаа гэж Пүрэвдорж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байх боловч нотариатч гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөнгө хүлээлцсэнийг хараагүй гэрээг гэрчилсэн талаар мэдүүлснийг дурдсан. Мөн зээлийн гэрээний 11 -д мөнгийг ХААН банкин дээр өгнө гэж заасан ба энэ тохиролцоо мөнгийг хэрхэн шилжүүлсэн талаар дүгнэх шаардлагатайг дүгнэсэн. Анхан шатны шүүх энэ бүхнийг үл хэргэсч утгагүй дүгнэлт хийлээ. Мөн нэхэмжлэгч хариуцагч нараас гаргаж өгсөн зээлийн гэрээ зөрүүтэй биш байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн гэрээний ард бичвэртэй, хариуцагчийн гэрээний ард бичвэргүй байгааг зөрүүтэй байхад нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь буруу. Энэ нь хяналтын шатны шүүхийн тогтоолд байгаа дүгнэлтийн эсрэг байна. Бодит байдалд гэрээ байгуулагдах үед нотариатч дээр байхдаа гэрээнд мөнгийг ХААН банк дээр өгнө гэж тусгаад мөнгөө өгөөгүй бөгөөд одоо очоод өгчих юм чинь авлаа гээд зурчих гэсний дагуу зурсан. ХААН банк дээр очиход дансанд нь мөнгө байгаагүйг үнэн зөвөөр тайлбарласаар ирсэн, хэрэгт дансны хуулга ч байгаа. Түүний дүү Алтансүх ахыгаа Эрдэнэтээс 31.500.000 төгрөг бэлнээр аваад явсан гэж гэрчилдэг. Ийм эрс зөрүүтэй тайлбар байхад, нэхэмжлэгч хариуцагч 2 өөр өөр гэрээ өгч байхад зөвхөн нэхэмжлэгчийн өгсөн хуулбар гэрээг баримталж хариуцагчийн өгсөн эх гэрээг авч үзэхгүй байна вэ. Нэхэмжлэгч бэлэн мөнгөтэй байсан юм бол яагаад шууд нотариатчийн дэргэд өгөлгүй, гэрээндээ ХААН банкны байранд хүлээлцэхээр заасан болохоо тодорхой үндэслэл, баримтаар нотолж тайлбарладаггүй, түүнчлэн гэрээнд ХААН банкны байранд мөнгө хүлээлцэхээр заасан нотариатч дээр очих үед Нэхэмжлэгч бэлэн мөнгөгүй байсныг нотолж байгаа. ХААН банкин дахь Доржсүрэнгийн дансанд тухайн өдөр болон түүнээс өмнө зээлдүүлэх 31,500,000 төгрөг байгаагүй болох нь дансны хуулгаар батлагдсан, дансандаа мөнгөгүй атлаа гэрээндээ ХААН банкны байранд мөнгийг бэлнээр өгнө гэж заасан нь нэхэмжлэгч мөнгөгүй байсан атлаа ХААН банкнаас аваад өгнө гэж хуурч гарын үсэг зуруулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь нотлогдсон.

Нэхэмжлэгч тэр өдөр Пүрэвдоржид 31500000 төгрөг бэлнээр өгсөн гэдэг нь дараах баримтуудаар үгүйсгэгддэг. Гэрч Алтансүх бэлэн мөнгө гэрээсээ аваад явсан гэж гэрчилдэг боловч тэр хамт амьдардаг төрсөн дүү нь учир түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүйгээс гадна яг Пүрэвдоржид өгснийг энэ гэрч хараагүй. Гэрээндээ мөнгийг ХААН банкны байранд бэлнээр өгөхөөр заасан нь хариуцагчийг гэрээ хийх үедээ бэлэн мөнгөгүй явсныг болон гэрч Алтансүхийн гэрээсээ бэлэн мөнгө аваад явсан гэсэн мэдүүлэг худлаа болохыг, мөн банкан дээр очоод өгчихнө гэхээр нь итгээд мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурсан гэх Пүрэвдоржийн мэдүүлэг үнэн болохыг нотолдог. Гэрээ хийхдээ нотариатчийн дэргэд мөнгө хүлээлцээгүй болохыг нотариатчын мэдүүлэг нотолдог. Нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд тухайн өдөр 31500000 төгрөг байгаагүй нь дансны хуулгаар нотлогдсон нь өгөх мөнгөгүй байсан атлаа гэрээндээ банкин дээр очоод өгнө гэж хуурч гарын үсэг зуруулсан болохыг нотолсон. Пүрэвдоржид байсан гэрээний хувьд мөнгө хүлээж авсан бичвэр байхгүй байгаа Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар мөнгө хүлээж өгсөн авсан гэх баримт нь зээлийн гэрээ биш ч зээлдүүлэгч үүргээ гүйцэтгэсэн талаарх хэлцэл учир хуулийн энэ заалтаар авч үзвэл үүрэг гүйцэтгэгдсэн гэх хэлцэл хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэнгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч орон сууцанд 29 сар амьдарсан талаараа маргадаггүй. Энэ хугацаанд байрны ашиглалтын зардал буюу ус цахилгаан дулааны төлбөрөө төлж байсан. Энэ талаар мөн маргаагүй. Харин мөнгө зээлдүүлснийхээ барьцаанд амьдарсан гэж худлаа ярьдаг. Гэрээнд барьцаагүй гэсэн. Хэрэв барьцаанд суусан юм бол ямар ч төлбөр төлөхгүй байсан. Нэхэмжлэгч орон сууц худалдаж авлаа гэж орчхоод мөнгөө төлөхгүй байсан учир хэлцлээсээ татгалзаад байрнаасаа гаргасан. Түрээсэлсэн бол олох байсан орлогоор хохирлоо тооцсон. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014.12.28 нд нотариатчийн дэргэд зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэж өгсөн гэх баримт үйлдэгдсэн боловч гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгч талын өмчлөлд бодитоор мөнгө шилжүүлж өгөөгүйгээс зээлийн гэрээ бодит байдалд биелэгдээгүй болох нь нотлогдож байгаа тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд Нийслэлийн шүүхийн 2019.09.11 ны өдрийн 1663 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.17 ны өдрийн 102/ШШ2019/02010 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Пүрэвдоржоос 47.250.000 төгрөгийг гаргуулах заалтыг хүчингүй болгож, Дорждэрэмийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Нэхэмжлэгч Б.Дорждэрэм нь хариуцагч Б.Пүрэвдоржоос зээлийн төлбөрт 47.250.000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар хохирол 14.500.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...мөнгө аваагүй байхад шүүх 31.500.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь утгагүй, ...хариуцагчаас өгсөн гэрээ..., хэрэгт авагдсан баримтыг үнэлээгүй, ...хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэжээ.

 

Дараах үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дагуу 31.500.000 төгрөг зээлдүүлсэн, ...алданги 15.750.000 төгрөг нийт 47.250.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 1, 4 дүгээр тал/.

 

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...гэрээний дагуу мөнгө аваагүй, Б.Дорждэрэм 63.080.000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар тохирч, 50 хувь болох 31.500.000 төгрөгийг ХААН банк дээр бэлнээр авч өгөх, үлдэгдэл төлбөрийг З сарын дараа өгөхөөр тохирсон,...дараа төлөх 31.500.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулах санал гаргасныг зөвшөөрч гэрээ байгуулсан боловч мөнгө орж ирээгүй байна, Эрдэнэт яваад хөөцөлдөөд ирье гэсэн боловч мөнгө авах асуудал хойшилчихлоо, ...аав ээжийг байранд оруулаач, мөнгийг удахгүй өгнө гэхээр итгээд 2015 оны 1 сарын эхээр байранд оруулсан, ...мөнгөө өгөхгүй болохоор 2017 оны 5 сард байрнаас гаргасан,...баримт ашиглаж мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргаж, маргасан ба өөрт байгаа зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгчээ /хэргийн 1 дүгээр хавтас 9-10, 16-19 дүгээр тал/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ.

 

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, гэрээний дагуу нэхэмжлэгч, хариуцагчид мөнгийг шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангахдаа ...хариуцагч зээлийн гэрээний дагуу 31.500.000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн... гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд нэхэмжлэгч нь мөнгийг зээлийн зориулалтаар өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргийг хүлээх ба шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

 

Гэрээний зүйл болох мөнгийг хариуцагчид шилжүүлсэн талаар зохигч зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний ар талд бичсэн бичвэрээр ...мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн... гэж үзэх нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл, энэхүү нөхцөл байдал бусад баримтаар нотлогдсон байх шаардлагатай.

 

Хариуцагчаас гаргаж өгсөн зээлийн гэрээний ар талд ямар нэгэн бичвэр бичигдээгүй байх ба талуудаас гаргаж өгсөн зээлийн гэрээний 11-т зээлдүүлэгч тал 31.500.000 төгрөгийг төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны байранд хүлээлгэн өгнө гэжээ.

 

Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-т заасан, нэхэмжлэгч мөнгө шилжүүлэх үүргээ ХААН банкны байранд гүйцэтгэхээр тохирсон гэж үзнэ.

 

Б.Дорждэрэмийн ХААН банкинд эзэмшдэг 5043036474 тоот харилцах данснаас 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 31.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдээгүй байх ба хариуцагч шүүхэд ...мөнгө авахаар очсон боловч дансанд мөнгө ороогүй байсан гэсэн тайлбар гаргажээ /хэргийн 1 дүгээр хавтас 28, 34-36 дугаар тал/.

 

Шаардлага, татгалзлаа нотлохоор зохигч талууд нэр бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлжээ.

 

Шүүх хуралдаанд гэрч нотариатч Б.Оюун ...талууд ХААН банк дээр мөнгө авна гэж тохирч гэрээ хийсэн,...бэлнээр мөнгө өгсөн тохиолдолд гэрээний үндсэн заалтад оруулж бичдэг... гэсэн, гэрч Б.Алтансүх ...төрсөн ах Б.Дорждэрэм 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бизнес хийх зорилгоор Дарханд байдаг гэрээсээ бэлэн 31.500.000 төгрөгийг УБ хот руу авч явсан, ...2, 3 хоногийн дараа ирэхдээ Б.Пүрэвдорж гэдэг хүнд мөнгөө зээлсэн, барьцаанд нь байранд байхаар болсон... гэсэн мэдүүлэг өгсөн байна /хэргийн 1 дүгээр хавтас 181-185 дугаар тал/.

 

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед болон ХААН банкны байранд мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдоогүйгээс гадна нотариатын дэргэд мөнгө хүлээлгэн өгөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд анхан шатны шүүх зээлийн гэрээний ар талд бичсэн бичвэрийг зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үнэлээгүй, үндсэн нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлж, залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд нийцээгүй байна.  

 

31.500.000 төгрөгийг 3 сарын хугацаагаар, хүүгүй, барьцаагүй зээлэх, зээлээ төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэй, бичгийн хэлбэртэй гэрээ, мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээний ар талд мөнгө авсан тухай бичигдсэн байх боловч эдгээр нь талуудын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зориг илэрхийлэгдэж, харилцан эрх, үүрэг хүлээсэн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

2. Хариуцагч Б.Пүрэвдорж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг орон сууц зээлээр худалдах-худалдан авахаар тохирсон, үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан гэж тодорхойлжээ.

 

Б.Дорждэрэм нь 2015 оны 01 сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд байрыг ашиглаж байснаа үгүйсгээгүй боловч зохигч орон сууц зээлээр худалдах, худалдан авахаар тохирсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1663 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/02010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 264 дугаар зүйлийн 264.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Пүрэвдоржид холбогдох 47.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Дорждэрэмийн үндсэн нэхэмжлэл, хохирол 14.500.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Пүрэвдоржийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын ...үлдээж, хариуцагч Б.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 394.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дорждэрэмд олгосугай гэснийг ...үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 394.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД