Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2018/01709/И |
Дугаар | 001/ХТ2021/00263 |
Огноо | 2021-03-23 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/00263
М.Лханаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00717 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаар магадлалтай,
М.Лханаагийн нэхэмжлэлтэй,
Д.Нямлхагвад холбогдох,
10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Лханаа, хариуцагч Д.Нямлхагва, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч М.Лханаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх Д.Нямлхагва гэж хүнийг таньдаггүй байсан. н.Батцэнгэл намайг түүнтэй танилцуулсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжилж буй 10,000,000 төгрөгийг н.Батцэнгэл бид хоёрын 45,000,000 төгрөгийн зээлтэй хольж, хутгаж болохгүй. Хариуцагч өнгөрсөн хугацаанд зээлийг төлөхгүй байсан учраас би түүнтэй уулзах гэж Орхон аймгаас удаа дараа Улаанбаатар хотод ирж, бензин, шатахууны төлбөрт 2,500,000 төгрөгийн зардал гаргасан ба тооцооллыг холбогдох баримтын хамт хэрэгт өгсөн. Иймд хариуцагчаас зээл 10,000,000 төгрөг, учирсан хохиролд 2,500,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: 10,000,000 төгрөгийг Д.Нямлхагвын дансанд хийх болсон бэ гэвэл гэрч гэх Ө.Батцэнгэлийн "БАТЖИН УНДРАХ" ХХК-ийн нэр дээр авсан орон сууцны барилга барих эрхийг нь ашиглан барилгын тендерт ялахын тулд ажил бүтээлгэхээр шилжүүлсэн. Ө.Батцэнгэл ганц Д.Нямлхагвад мөнгө шилжүүлээгүй нийт 4 хүнд 53,000,000 төгрөгийг тендерийн ажил бүтээлгэнэ гэж шилжүүлсэн боловч нэг нь ч барилгын тендерийн ажил бүтээж өгөөгүй учир шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардаж мөнгөө гаргуулж авах нь зүйд нийцнэ. Д.Нямлхагва амласан ёсоороо ажлаа бүтээгээд өгсөн бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" бол буцаан шаардах эрхтэй байна. Иймд Д.Нямлхагваас 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр гаргуулан М.Лханаад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Нямлхагва шүүхэд гаргасан тайлбартаа: Би М.Лханаа гэж хүнийг ерөөсөө танихгүй, гэнэт л надаас 10,000,000 төгрөг нэхэж, ажил дээр ирж дарамтлах болсон. Би 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр н.Батцэнгэлтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 40,000,000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Ингээд н.Батцэнгэл надад авсан зээлээ буцаан төлөхдөө миний дансыг авсан ба 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг М.Лханаа гэж хүнээс шилжүүлсэн байсан. Үүнийг н.Батцэнгэлээс лавлахад өөрийнхөө зээлийг төлсөн гэж хэлсэн. Яагаад надаас мөнгө шаардаад байгааг ойлгохгүй байна. Би өөрийнхөө бусдад өгсөн зээлийг авсан гэж бодож байна. Түүнээс биш Лханаагаас мөнгө зээлээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00717 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 492.1.1.-д зааснаар хариуцагч Д.Нямлхагваас 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 222,600 /хоёр зуун хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нямлхагваас 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.Нямлхагваагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Лханаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна.
Учир нь би 2016 оны 03 дугаар сарын 20-оос 28-ны өдрийн хооронд тендерийн ажил бүтээлгэхээр Голомт банкин дахь хувийн даснаас Нямлхагвад 10,000,000 төгрөг, Уянгад 18,000,000, Нямцэндэд 18,000,000 төгрөг нийт 43,000,000 төгрөгийг өөрийн гарын үсэгтэй шилжүүлсэн байдаг. Энэ нь баримтаар нотлогддог. Шүүх энэ хугацааг анхаарч үзээгүй байна. Бусад хүмүүс мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. Ганцхан Нямлхагва хүлээн зөвшөөрдөггүй. Хариуцагч амласан ёсоороо ажил бүтээгээд өгсөн бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байсан.
Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
М.Лханаа нь Д.Нямлхагвад холбогдуулан 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа ...нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг өөр этгээдээр солихыг зөвшөөрөөгүй тухай хүсэлт тайлбараа ирүүлээгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байхад хариуцагчийг солих тухай хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь буруу, ...гэрчээр Ө.Батцэнгэлийг оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан, ...нэхэмжлэгч М.Лханаа уг хэргийн талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа эсэхийг тодруулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлийг дурджээ.
Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Хариуцагч Д.Нямлхагвын хариуцагчийг солих тухай хүсэлтийг хангахаас татгалзахдаа анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлийг шүүгчийн захирамжид дурдсан, зохигчид танилцсан байна.
Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг өөр этгээдээр солихыг зөвшөөрөөгүй тухай тайлбар хэрэгт авагдаагүй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Хариуцагчийн хүсэлтээр Ө.Батцэнгэлийг гэрчээр асуусан мэдүүлэг хэргийн 83-85 дугаар талд авагдсан байна.
Хариуцагч 2019.5.29-ний өдрийн шүүх хуралдаанд Ө.Батцэнгэлээс гэрчийн мэдүүлэг дахин авахуулахаар хүсэлт гаргахдаа үндэслэлээ ...худал, үнэн ярьсныг тодруулна гэж тайлбарласан, анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсаныг давж заалдах заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа эсэхийг тодруулах талаар зохигч хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т нийцээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн ...магадлалыг хүчингүй болгох... гэсэн гомдлыг хангана.
2. Нэхэмжлэгч шүүхэд анх мөнгө зээлдүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын үндэслэлийг өөрчилж, ...Ө.Батцэнгэлийн Батжин ундрах ХХК-ийн нэр дээр авсан орон сууцны барилга барих эрхийг нь ашиглан барилгын тендерт ялахын тулд 10 сая шилжүүлсэн... гэж тайлбарласан байна /хэргийн 150 дугаар тал/.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...М.Лханааг огт танихгүй, мөнгө зээлж байгаагүй, харин Ө.Батцэнгэл надаас мөнгө зээлээд буцааж өгч байсан, ...ажил төрөл бүтээж өгнө гэж ярьж байгаагүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хангасан байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1. дэх зохицуулалтаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон байх учиртай бөгөөд энэхүү нөхцөл байдал тогтоогдсон байх шаардлагатай.
Талуудын хооронд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх ба нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлд хэргийн 3 дугаар талд авагдсан Хаан банкны 5914076498 тоот дансанд 10.000.000 төгрөг шилжсэн орлогын мэдүүлгийн баримтыг дурджээ.
Шүүх, талуудын хооронд ямар тохиролцоо байсан, энэ нь хуульд нийцсэн эсэх талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.
Хэрэгт Д.Нямлхагва, Ө.Батцэнгэл нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан, гэрч Ө.Батцэнгэл ...М.Лханаатай ярьж тохироод Нямлхагвын данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн, ...зээлийг төлөх зорилгоор биш харин ажил хөөцөлдүүлэх зорилгоор өгсөн, шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг Д.Нямлхагваас буцаагаад авсан... гэсэн тайлбар гаргасан, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахгүйгээр маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчинө.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.
3.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэж, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2019/00717 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ