Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00347

 

 

Д.О.ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 824 дүгээр шийдвэр,

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Д.О.

          Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга

          Хариуцагч: Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоо

 

          25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О., нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие нь 2013-05 сард Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот байрыг иргэн С.Баянцагаанаас 18сая төгрөгөөр иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор худалдан авч, оффисын зориулалтаар тохижуулсан. Энэ байрыг худалдан авснаас хойш нэг сарын дараагаас Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-аас байнга хүмүүс ирж, цахилгааны тоолуур үзэж шалгана, цахилгаан тасарсан гэх мэтээр байнга байрыг онгойлгож өгөхийг шаардах, үзлэг засвар хийж байна гэж олуулаа орж ирэн байрыг бохирдуулах, хүмүүстэй уулзаж байхад тоохгүй, манай ажлын байр гэж ажилчид нь ёс зүйгүй авирлах болсон тул өмчлөгчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цахилгааны шитийг нүүлгэн гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн юм. Гэвч тус компани нь шийдвэр гүйцэтгэлийн албанд энэ шит нь манай байгууллагад хамаагүй, үндсэн хөрөнгөд бүртгэлгүй гэснээс болж ажиллагаа зогсоход хүрсэн байгаа бөгөөд цахилгаанаар хангахгүй гэж орон сууцны иргэдэд мэдэгдсэнээс болж эдгээр хүмүүс нь Захиргааны хэргийн шүүхэд орон сууцны хувьчлалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018-11-01-ний өдрийн 32 тоот шийдвэрээр Дархан сумын 8-р багийн 16-р байрны 2 орцонд байрлах 02 тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус болохыг тогтоож, иргэн миний Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011361 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214050 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 2004 онд Дархан сумын 8 дугаар багийн 16-р байрны 02 тоот байрыг хувьчилсан үйл ажиллагаа нь хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдож, иргэн миний бие нь үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохироход хүрч байгаа тул төрийн байгууллагаас гэм хорын хохирол нэхэмжилж байна. Энэ байрыг 2013 онд бусдаас 18 сая төгрөгөөр худалдан авч, шинээр цэвэр усны тосгуур болон 00-ын суултуур хийлгэж, шалыг паркетлуулан, гадна хаалгыг вакум бүхий бүхээгээр тоноглуулсан. Байрны дотоод иж бүрэн засвар хийсэн, шитний гадна талд хамгаалалтын том шүүгээ хийлгэсэн. Цахилгааны тоолуурыг байрны ухаалаг тоолууранд холбуулсан. Агааржуулах зориулалтын 2 жижиг цонх гаргуулсан зэрэг шаардагдах бүх материалыг өөрөө гаргаж, ажлын хөлсийг бусдад төлж хийлгэсэн болно. Байраа одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчин 25 сая төгрөгөөр үнэлсэн. Одоо захиргааны хэргийн шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосноос болж үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт намайг хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тухай тодорхой заасан тул хохирол төлбөрийг гаргуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооноос /Дархан-Уул аймгийн төрийн сангаас/ 25,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 283,000 төгрөгийн хамт гаргуулж надад олгуулж, иргэн миний гэм хорын хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас тайлбартаа: Дархан сумын 8-р багийн 16-р байрны 2 дугаар орцны 02 тоот байрыг 25сая төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн нь зах зээлийн үнэлгээнээс дээгүүр, үнэлгээ бодит бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын №27 дугаар тогтоол, Засгийн газрын №140 зэрэг тогтоолуудыг үндэслэн 2010 онд 8 дугаар байрны 02 тоот шитний өрөөг хувьчилсан. Үүнээс хойш 2-3 хүн дамжин зарагдсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-09-10-ны өдрийн 965 тоот шийдвэрээр уг шитийг нүүлгэх шийдвэр гарсан. Үүнд давах гомдол гараагүй боловч, нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Ингээд анхнаасаа буруу хувьчилсан гэх шийдвэр гарсан учраас нэхэмжлэгч уг үл хөдлөх хөрөнгийг сулласан. Нэхэмжлэгч нь уг үл хөдлөх хөрөнгийг 25 сая төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байх тул үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн байрт дахин үнэлгээ хийлгэхэд 20 сая төгрөг болсон. Энэхүү төсөв байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 824 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус зааснаар Д.О.ийн нэхэмжлэлтэй гэм хорын хохирол гаргуулах Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчоонд холбогдох гэм хорын хохирол 25,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 150,000 төгрөг гаргуулж Капитал зууч ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

       Нэхэмжлэгч Д.О. хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХ-н 51-р бүлэгт заасан гэрээний бус хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа нь иргэн төрийн байгууллагын хооронд гэм хор учруулах арга хэлбэрээр иргэний эрх зүйн харилцааны асуудал үүссэн байхад хоёр шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ИХ-н 8.1.5, 8.1.7, 497.1, 498.1-д заасан гэм хорын хохирол Төрийн байгууллагаас иргэн Д.О.т үүсээгүй тул гэм хорын хохирлыг төрөөс гаргуулах боломжгүй үзэн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. УИХ-ын 2003 оны 27 дугаар тогтоол , Засгийн газрын 2004-5-26-ны өдрийн 140 дүгээр тогтоолд зааснаар захиргааны байгууллагаас эрх хэмжээний хүрээнд биечлэн явуулсан хувьчлал нь орон сууц хувьчлах тухай хуулийн заалтуудыг зөрчсөнөөс болж орон сууцыг өмчилж байсан иргэнд гэм хор учруулж өмчлөлийн орон сууцгүй өмчлөлийн гэрчилгээгүй болгож гуравдагч этгээдэд шууд хохирол учруулж , иргэний эрх зүйн байдлыг дордуулж, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн гэм хор учирсан хууль зүйн үйл явдал болсон нь Захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон байхад энэ талаар шүүхүүд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, иргэн надад ИХ-н 498.2-д заасан гэм хорыг захиргааны байгууллага учруулсан гэж үзэж байгаа тул Төрөөс гэм хорын хохирлыг захиргааны хэргийн шүүхийн дүгнэлтээр хохирол учирсан нь тогтоогдсон гуравдагч этгээдэд гаргуулж олгох үндэслэлтэй гэж үзэж байна. Дархан - Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 32 дугаар тогтоолоор иргэн С.Солонгод орон сууцыг өмчлөлд нь шилжүүлснээс хойш иргэн Сандагдорж, Жавзан Баянцагаан, О. зэрэг 5-6 иргэдэд орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Иргэний болон Улсын бүртгэлийн тухай хуулиудад зааснаар шилжигдэж, ямар нэгэн маргааны болон гэм хорын асуудал яригдаж хөндөгдөж байгаагүй тул иргэн Баянцагааныг иргэн О.т шууд хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй байхгүй бөгөөд хамгийн сүүлд орон сууцыг худалдан авсан иргэн О.т төр хохирол учруулсан болох нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр үйл явдал нь тогтоогдсон байхад Иргэний хэргийн шүүхүүд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Иргэн Д.О. нь иргэн Баянцагаанаас нэхэмжлэх юм бол иргэд хооронд баахан маргаан үүсгэж иргэн Солонгод хүрч байж төр мөнгийг нь өгөхөөр болж 5- 6 иргэд хооронд гэм хорын хохирол бие биенээсээ нэхэмжлэх маргаан үүсэх асуудал болж байна. Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоо нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 12.1, 14.1, 17.1 -д заасан хуулийн заалтуудыг зөрчиж Дархан сумын 8 баг 16 дугаар байрны 2 дугаар орцны 02 тоот 12 м2 орон сууцыг хувьчласнаас болж Д.О. надад шууд хохирол учирч иргэн миний улсын бүртгэлийн 000214050 дугаартай гэрчилгээ хүчингүй болж орон сууц нь тус байрны оршин суугчдын дундын эзэмшилд шилжсэн тул гэм хорын хохирол учруулсан Төрийн байгууллагаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хянан үзэж, Дархан – Уул аймгийн орон сууц хувьчлах товчооноос буюу төрөөс гэм хорын хохирол 20 сая төгрөгийг гаргуулж Д.О. надад олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Д.О. 2019-05-01-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 25,000,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот нь цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөө байх бөгөөд хувьчилсан нь хуульд нийцээгүйгээс миний өмчлөх эрхийн бүртгэл болон гэрчилгээ хүчингүй болсон...орон сууцны одоогийн ханшаар хохирлоо барагдуулна..” гэжээ.

        Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт өндөр байна...төсөвт мөнгө батлагдаагүй...” гэсэн байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

 

        Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

        1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн 6-8 дугаар зүйлд нийцээгүй байна.

 

        Д.О. нь 25,000,000 төгрөгийг хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан байх бөгөөд аль хариуцагч хэдэн төгрөг төлөх ёстойг заагаагүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчжээ. 

 

       Түүнчлэн, Д.О. нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан үндэслэл тодорхойгүй үлджээ. Нэхэмжлэгч нь хариуцагч-хуулийн этгээд болох Дархан-Уул аймгийн Засаг дарга хохирол учруулсан гэж үзсэн, эсхүл уг байгууллагаар Орон сууц хувьчлах товчооны үүргийг хүлээлгэхийг хүссэн эсэх нь ойлгомжгүй байна. 

 

        Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байгаа тохиолдолд шүүх нотлох баримтыг үнэлж эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

 

        Д.О.ийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байх тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, өөрчлөлт оруулах буюу хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

 

        2. Нэхэмжлэгч нь “...эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гарсны улмаас Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот нь иргэний өмч болж улсын бүртгэлд бүртгэгдсэн ...” гэсэн тайлбар өгсөн байхад хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна. 

 

        Эрх бүхий этгээд хувьчлах шийдвэр гаргасны улмаас эд хөрөнгө нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх “гэрээний зүйл” болсон гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбарын талаар зохигч мэтгэлцээгүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсан эсэхийг хяналтын шатны шүүхээс дүгнэх үндэслэл бүрдээгүй гэж үзлээ. 

        3. Томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.  

        Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй шалтгаан тодорхой байхад /хх 84/ шүүх түүнийг “...шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  хүрэлцэн ирээгүй...” гэж үзсэн үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцээгүй байна. 

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг тодруулж, хэрэгт буй баримтыг үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 824 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 257,950 төгрөгийг нэхэмжлэгчид захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД,                                          Х.СОНИНБАЯР

                                                                                                 Б.УНДРАХ

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД