Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00363

 

С.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШШ2019/00946 дугаар шийдвэртэй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 223/МА2019/00032 дугаар магадлалтай, 

С.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй,

Ц.Ганбаатарт холбогдох  

12,913,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, кадастр, малын эм тарианы мөнгө болох 420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Баярмагнай түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.  

Нэхэмжлэгч С.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018.09.21-ний өдөр иргэн Ц.Ганбаатартай өөрийн эрхэлж байсан эд хөрөнгө, мал ахуй, өөрийн эзэмшлийн үр тарианы газрыг арилжааны гэрээ болон аман гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Төв аймгийн Борнуур сум, Нарт баг Өнжин хэсэг 8 дугаар гудамж, 01 тоотоос 04 тоот хаягт байршилтэй хүн суухаар 10x5 харьцаатай өвлийн байшин, малчин суух зориулалттай 8x4 харьцаатай өвлийн байшин, 7x8 харьцаатай 2 машины гараж, үхрийн ферм 20x9, 16x9 харьцаатай 2 өвлийн байшин, 4x3 харьцаатай өвлийн шувууны байр, 3 галуу, 10 тооны тахиа, энэ бүгд улсад бүртгэлтэй, үл хөдлөхийн гэрчилгээтэй, 2 га газарт баригдсан обьект юм. Хашаан дотроо гүний худгийн зөвшөөрөлтэй, 51 толгой цэвэр хар тарлан үхэр, 1-3 тугалсан сүүтэй залуу үхрүүд, тариалангийн 49 га газар, сайн чанарын улаан пад трактор, хадуур, тармууртай, тракторын запас сэлбэгүүд, шинэ 2 үхэр зэрэг саах зориулалттай саалтуур болон сэлбэгтэй нь 2 тонн улаан буудай, 5 тонны даацтай ногооны зоорь, 10 тонн орох дотр талыг нь цементлэсэн шаар буюу даршны нүхтэй мөн 6 га-д түрээслэж тарьсан ногоон тэжээл, түрээсийн ногоон тэжээлийн нийт өртөг нь 3,905,000 төгрөг, хадлан тэжээлийн ажилд зориулж 200 литр дизель түлш авсан, мөн 40 сот газарт тарьсан шар манжин зэрэг эд зүйлс эд хөрөнгөө аман гэрээ болон арилжааны гэрээ хийн Ц.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 170 тоот хаягт байрлах 2 өрөө 30 мкв байрыг 80,000,000 төгрөгөөр, Герман улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн Volkswagen Toureg машин зэргийг 40,000,000 төгрөгөөр үнэлсэн, нийт үнэ 120,000,000 төгрөг болно. 09 сард бороо, цас орж түрээсийн газраасаа ногоон тэжээлээ толгойгоо даахгүй маш өндөр ургаж налж байсан учир бид ногоон тэжээл рүүгээ анхаарч хаягдалгүй хурааж, авах хүндээ гээд өөрийн ажлаас хойш тавин хураан өгсөн. Бид хөрөнгөө зарсан учир өөрийнхөө идэш, саалийн 2 гунжин үнээ, өөрийн гэрээсээ авах зүйпээ авч амжаагүй дараа ирээд авъя гээд үлдээсэн, Бид 2 энэ залууд мал, эд хөрөнгөө бүх юмаа үзүүлээд үлдээсэн, гэтэл Ц.Ганбаатар нь бидэнд хандан та 2-ын аль нэгнийх нь ах дүү болмоор байна, тэгэхгүй бол энэ нутгийн улс бид нарыг дээрэлхээд малыг минь хулгай хийнэ гэсэн тэгээд би нээрээ ч тийм юм болов уу гээд явтлаа энэ хүмүүсийг төрсөн эгчийнхээ том хүү гэсэн тэгээд бид явсны дараа хүмүүст тийм ах дүү байхгүй, энэ 2 хөгшин худлаа ярьдаг, худалч хүмүүс гэж муу хэлж байсан. Энэ залуу муу санаа ихтэй, зальтай хуурч мэхэлсэн, хүнийг дорд үздэг муу санаа өвөрлөж ирсэн байна. Бид идэш уушаа хийн, саалийн 2 гунжин үхрээ айлд тавих боломж байсан гэтэл ногоон тэжээлээс болоод авч амжилгүй ийм байдалд хүрсэн. Бид бүх зүйлээ үзүүлж харуулж, монгол хүн буйраа цэвэрлээд үлдээдэгтэй адил бүх юмаа цэвэрлээд хүлээлгэж өгсөн. Гэтэл Ц.Ганбаатар нь охинд минь байраа үзүүлсэн байранд бас л асуудал байсан. Усны тоолуурын заалтаа 3 сар өгөөгүй, ванны өрөөний шүршүүрээ сольсон, халуун хүйтэн усны тоолуураа баталгаажуулаагүй, ус нь задгайгаар бичигддэг, хаалганы түлхүүрээ чиптэй өгнө гээд өгөөгүй, байрнаасаа бид гараад цэвэрлээд өгнө гэсэн байхгүй, тэнэг хүн хуурч байгаа юм шиг, машинаа урьдчилгаа болгоод мөнгийг нь шилжүүлэн өгье тиймээс өөр хэн нэгэнд зарж болохгүй шүү гээд хот руу дуудаж, Авто тээврийн үндэсний төв дээр нэр шилжүүлээд явсан. Машинаа бол ерөөсөө үзүүлээгүй, үзье гэхэд бид янзлаад хүлээлгэж өгнө гээд ер халгаагаагүй. Тэгээд тэндээсээ шууд бидэнд үзүүлээгүй шууд унаад явсан. Энэ өдрөөс хойш үзүүлэхгүй явсаар 2018.09.28-нд бидэнд шууд унаад яв гээд хэдэн зүйлс заасан болж өгөөд пар нь унтрахгүй байна гэхээр би мэдэхгүй гэж Ц.Ганбаатар нь хэлсэн замдаа зогсож болохгүй шүү аккумлятор нь муу шүү гээд хэлсэн бид 2 хөгшин Герман машин ийм үнэтэй байдаг юм байх гээд унаад явсан. Гэтэл уг машиныг нь оношлогоонд оруулж засварлах зүйлсийг тодорхойлж Ц.Ганбаатарт 10 сарын эхээр хотод ирэхээр нь машиныг нь үзүүлсэн. Үүнд:

1. Дугуй нь өвлийн дугуй, жолооч талын эсрэг дугуй нь хавантай, бүлтрэх шахсан, хойд 2 дугуй хээ муутай, 1 нь хавантай

2. Хянахаа сольсон гэсэн гэтэл машинаа асааж яваад унтраагаад түлхүүрээ сугалж авахад түлхүүрнийхээ хажуугаар нь бал үзэг юмуу төмөр утас хийж байж түлхүүрээ сугалж авна

3. Хөгжим нь ажиллахгүй, эвдэрсэн, танихгүй

4. Пар нь унтрахгүй ихэсгэж, багасгаж ажиллаж явдаг, чихэнд маш төвөгтэй сонсогддог,

5. Кондишн нь ажиллахгүй,

6. Суудал нь халдаг гэсэн мөртлөө ажиллахгүй, суудлын бүрээс нь урагдсан учир ажиллахгүй

7. Доод эд ангийг хамгаалсан элгэвч нь мултарсан бүгдийг нь нарийн төмөр утсаар бидний нүдэн дээр уяж, боож, скоч, нарийн төмөр утсаар боож байсан,

8. Моторын масло солих, хар толгойлсон мотор цохих шахсан байсан,

9. Хойд талын гэрэлнүүд шатсан, зөвхөн хойд багажны хаалганы гэрэл тормоз гишгэхэд л асна, урд манангийн гэрэл шатсан, сэтэрсэн, шаралсан,

10. Муфт араа нь дуу орсон үүнийг солиход заавал 3 хосоор нь сольдог энэ нь 3 500 000 төгрөгийн үнэтэй,

11. Багаж нь цоожлогдохгүй,

12. Гадна өнгө үзэмж нь маш муу

13. 1 урд хэвтээ тэнцүүлэгч солих 2 урд доод гарын түлк солих

14. Баруун зүүн шарнир солих,

15. Зүүн хойд накладны түгжээ хийх,

16. Махвек арааг хосоор нь солих гэх мэт ийм засваруудтай. Бид энэ машиныг 10 сараас хойш засварт 5,000,000 төгрөгийн засвар хийсэн боловч засвар дуусаагүй. Зарах гээд зах дээр бас зар өгөөд ч зарагдаагүй 8-9,000,000 төгрөгт зарагдах боломжтой байна. Энэ машин нь 40,000,000 төгрөгт үнэлэгдэж ирсэн машинаа яаж 8-9,000,000 төгрөгт өгөх билээ.

Машинд засвар хийсэн:

1. Хянах сольсон үнэ 3,500,000 төгрөг, ингэж түлхүүрээ сугалдаг болгосон.

2. Хөгжим нь ажиллахгүй, засуулсан,

3. Моторын масло сольсон, хар толгойлсон,

4. Хойд тормосны гэрэл, гэрэл дохионы 2 гэрэл, подфарын 2 гэрэл, урд талын манангийн гэрэл зэрэг сольсон.

5. Гадна өнгө үзэмжинд бүтэн дриллэн өнгөлгөө 300,000 төгрөгөөр хийлгэсэн

6. Бүтэн угаалгад бүх зүйлийг нь угаасан 80,000 төгрөг гэх мэт засуулаад дээрх зүйлс дутуу мөнгө байхгүй учир засагдаагүй.

Ц.Ганбаатар нь надад хэлэхдээ та татвараа төлчих дараа нь 2-уулаа хуваана гэсэн тэгэхлээр нь би бүх татвараа төлсөн. Үүнд

1. Газрын эрх шилжүүлэх 850,395 төгрөг,

2. Татвар 56,472 төгрөг,

3. Үл хөдлөх 300,000 төгрөг,

4. ОАтатвар 65,000 төгрөг

Ингээд бүх татвар 1,272,137 төгрөг төлснөөс Ц.Ганбаатар нь хэлсэндээ хүрэлгүй 453,900 төгрөг өгсөн, үлдсэн 182,700 төгрөг дараа өгнө гэсэн. Дараа нь одоо би малд ямар эм тариа хэрэглэх вэ гээд Ц.Ганбаатар нь хэлсэн, эм тариа ирэхээр би мөнгийг нь өгнөө гээд хэлсэн. Тэгээд би Англи улсад үйлдвэрлэсэн чанартай малын эмийг хэрэглэдэг болохоор хотоос 500 мг-аар савласан лацтай шинэ эмийг зүү шприцтэй нь экометик 1ш, экотраз 1 л тус тус авч 117,000 төгрөг болсон. DDISH телевизийн 20,000 төгрөг, кадастрын 75,000 төгрөг, ачааны машиныг минь унаад төв рүү явж байгаад 25,300 төгрөгөөр торгуулсан байснаа хэлээгүй нуусан. Ц.Ганбааратаас нийт эм тариа, кадастр, торгууль, татвар бүгд нийлээд 420,000 төгрөг, энэ залууд зүгээр бэлэглээд явсан эд зүйлээ гомдолтой учир үлдээмээргүй байна. Бид Ц.Ганбаатараас ийм зүйлээ авмаар байна.

1. Одоо тугалах гэж байгаа нэмрийн гунж,

2. Сүү ХК-иас бэлэглэсэн цэвэр хар тарлан эр тугал,

3. Идэшний үхэр

4. 20 тонн контейнер энэ нь миний ажлын байр болно.

5. Оросын 2 нүдний дуран, нарны зайны хөл,

6. Гэрийн тооноос уядаг 25 кг туухай

7. Сүмбэрийн усны шинэ шланк боодолтойгоо, хадаас тавлагч,

8. Цэргийн майхан актлагдаагүй байгаа, 30 л шинэ кастрюл тагтайгаа

9. G mobile антен

10. Турбанууд, хаалга 2 ш, шинэ төмөр утас 3 боодол,

11. Ногоон тор 3 боодол шинэ,

12. 120 л усны сав

13. Сүү ХК-ийн өгсөн мөөгөн толгойтой 40 литр бидон 2 ш,

14. Шинэ баасны тэрэг

15. Огтлогч, 220-д залгадаг суурин хөрөө, сэрээ 1 ш, тармуур 1ш, лоом 1ш,

16. Хөнгөн цагаан 1.6 тонн ёмкость

17. Орон сууцны усанд ордог ванн,

18. Тосон шприц,

19. Шинэ 50 м татлага олс эдгээр зүйлсийг минь авч туслана уу.

Бид энэ залууд хулхидуулж, доромжлуулж, нэр хүндээ алдаж хүнд муу хэлүүлж, бид хэд хэдэн удаа үлдээсэн эд хөрөнгөө авъя гээд очиход өгөхгүй, та нар дандаа ингэдэг улс байна лээ хуцах байлгүй гэж хэл амаар доромжилсон, бид энэ нутагт хар бага наснаасаа өдий хүртэл ажиллаж хөдөлмөрлөж 2018 онд 2 хөгшин Монгол Улсын аварга фермерээр шагнуулсан, сум орон нутаг, улс өндрөөр үнэлүүлсэн, бид хоёр хэзээ ч муу муухайгаар дуудуулж байсангүй, хамгийн сүүлд миний бие нь охин Н.Түвшинжаргалын хамт 2019.01.23-ны өдөр очиж эвээр энэ хэдэн зүйлээ авъя гэхэд зайл нүдэнд бүү үзэгдээд бай гээд түлхэж нохойгоо туу туу гээд тавих гэж байсан, нохой нь над руу дайрсан би их айсан, Ц.Ганбаатар нь миний гарнаас татаад зайл гээд хөөж туусан, орсон гарсан хүмүүст бүгдэд нь муулж элдвээр хохь чинь гэж хэлсэн, тэгвэл чи үүнийгээ буцааж аваад мөнгийг нь өгчих гэхээр хохь нь гэж хэлсэн. Миний бие С.Баярмагнай энэ өдрөөс хойш маш хүнд өвдөж бүтэн сар гаран эмчилгээ хийлгэн одоо болтол гүйцэд эдгээгүй санаа зовинон явж байна. Бид эд хөрөнгөө Ц.Ганбаатарт хямд өгч, өгсөн машин тэрэг нь санаанд нийцэхгүй, засаад засвар авахгүй, засуулж өгнө гэсэн амлалтандаа хүрээгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйд гомдолтой байна. 40,000,000 төгрөгийн машин гэдэг бол цэмбэгэр тэрэг байх биз дээ. Тиймээс миний бие С.Баярмагнай нь эдгээр зүйлсээ авмаар байна. Контейнороо авчих юм бол ядаж нэг газар тавьчихаад шил, лааз цуглуулаад хоолны мөнгө хийх байх. Нэхэмжлэлийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 2018.09.21-ний өдөр иргэн Ц.Ганбаатартай өөрийн эрхэлж байсан эд хөрөнгө болох Төв аймгийн Борнуур сум, Нарт баг, Өнжин хэсэг 8 дугаар гудамж, 01 тоотоос 04 тоот хаягт байрлалтай 10x5 харьцаатай өвлийн байшин, малчин суух зориулалттай 8x4 харьцаатай өвлийн байшин, 7x8 харьцаатай 2 машины гараж, 20x9, 16x9 харьцаатай 2 өвлийн байшинтай үхрийн ферм, 4x3 харьцаатай өвлийн шувууны байр, 51 толгой үхэр зэргийг Ц.Ганбаатарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 170 тоот хаягт байрлах 2 өрөө 30 мкв байрыг 80,000,000 төгрөгөөр, Герман улсад 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн Волксваген Тоурег маркын тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр тус тус үнэлж арилжааны гэрээ хийж авсан. Тухайн үед С.Баярмагнай миний бие өөрийн өмчлөлийн 3 үхэр, 20 тонны контейнер, ёмкость, орос дуран зэргийг авч амжаагүй, дараа ирээд авъя гээд үлдээсэн. Эд зүйлсээ үлдээснээс хойш нийт 3 удаа авахаар очсон бөгөөд 2019.02.04-нд өөрийн охин Н.Түвшинжаргалын хамт дээрх эд зүйлсээ авахаар очиход "та нарт юу ч өгөхгүй, хар нохойгоо аваад зайл, таны эд зүйлс хог дээр байна гэж хэлээд миний эд зүйлсийг өгөөгүй.Ц.Ганбаатарын надад зарсан тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан учраас 5,000,000 төгрөгөөр засвар хийлгэсэн, одоо пирда диск, хэвтээ тэнцүүлэгч, пар, тэнхлэг зэргийг засварлах шаардлагатай байгаа. Шүүхэд нэхэмжилсэн эд зүйлсэд 2019.07.09-ний өдөр шүүхээс үзлэг хийхэд цэвэр хар тарлан тугал, турба 15 ширхэг, огтлогч, нарны зайны хөл, татлага зэргээс бусад эд хөрөнгө биет байдлаар Ц.Ганбаатарын эзэмшилд байсан. Нэхэмжлэгч С.Баярмагнай миний бие нэхэмжилж буй эд хөрөнгүүдийг Ц.Ганбаатарт байсан эсэхийг мэдэх боломжгүй байсан учраас биет байдлаар болон байхгүй бол үнэлгээгээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч үзлэг хийсэн учраас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иймд Ц.Ганбаатарт байгаа дараах 23 төрлийн эд зүйлсийг биет байдлаар гаргуулах

1.Хар тарлан эр шүдлэн үхэр,

2.Хар тарлан охин шүдлэн үхэр,

3.20 тонн контейнер,

4.Орос 2 нүдний дуран,

5.Гэрийн тооноос уядаг 25 кг туухай,

6.Усны шинэ шланк /боодол/,

7.Хадаас тавлагч,

8.Цэргийн майхан,

9.30 литрийн шинэ кастрюл, тагтай 2 ширхэг,

10.Жи мобайл антенн 1 ширхэг,

11.Турба 17 ширхэг,

12.Хаалга 2 ширхэг,

13.Хашааны тор 3 боодол,

14.120 литрийн усны сав 1 ширхэг,

15.40 литрийн бидон 2 ширхэг,

16.Баасны тэрэг 1 ширхэг,

17.220-д залгадаг суурин хөрөө 1 ширхэг,

18.Өвсний сэрээ 1 ширхэг,

19.Тармуур 1 ширхэг,

20.Лоом 1 ширхэг,

21.Хөнгөн цагаан 1.6 тонны ёмкость 1 ширхэг,

22.Орон сууцны усанд ордог ванн 1 ширхэг,

23.Тосон шприц 1 ширхэг,

Дараах эд зүйлсийг Ц.Ганбаатарт үлдээсэн боловч байхгүй байсан тул хөрөнгийн үнэлгээгээр үнэлсэн үнэлгээ 2,998,000 төгрөг гаргуулах Биет байдлаар байхгүй 5 төрлийн эд хөрөнгө байгаагаас нарны зайны хөлний үнэлгээ байхгүй тул нэхэмжлэхээс татгалзаж үлдэх дараах 4 төрлийн эд хөрөнгө байна.

1.Цэвэр хар тарлан тугал 2,500,000 төгрөг,

2.Турба 15 ширхэг 168,000 төгрөг,

3.Суурин таслагч 280,000 төгрөг,

4.Татлага 1 ком 50,000 төгрөг,

Иймд Төв аймаг, Борнуур сум, Нарт баг, Өнжин гэх газар байрлах Ц.Ганбаатарын эзэмшилд буй эд хөрөнгөөс 23 төрлийн эд зүйлсийг биет байдлаар, биет байдлаар байхгүй нийт 4 төрлийн эд хөрөнгийн үнэлгээ 2,998,000 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, газрын кадастр, малын эм, тарианы мөнгө, машины торгууль, телевизийн төлбөр болох 420,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Баярмагнай нь 12,913,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг албадан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, кадастр, малын эм тарианы үнэ болох 420,000 төгрөгийг гаргуулах тухай дурьджээ. Миний бие 2018.07.21-ний өдөр фейсбүүк хаягт "54 толгой малтай, 3 галуутай, 10 тооны тахиатай, хадлан газар тариалангийн зориулалт бүхий 60 га газартай, 2 га талбайтай өрхийн хэрэгцээний хашаажуулсан өмчлөлийн газартай, 2 байшинтай, контейнертай, пронтер маркийн машин, пад трактор, бойшиг сав, багаж хэрэгслэл болон энэ фермерийн аж ахуйд хэрэглэж байсан бусад хэрэглээний эд зүйлстэй нь иж бүрнээр зарна" гэсэн зарын дагуу тэнд бичсэн 89385757 дугаарын утас руу залгахад Н.Түвшинжаргал гэдэг эмэгтэй хүн утсыг аваад энэ зард тусгасан газар нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Өнжин гэдэг газарт байдаг ба миний аав, ээж тэр аж ахуйг эрхэлж байгаа. Аав ээж маань өндөр настай болж байгаа, бас зээ охиноо сургуульд оруулж харж хандан хот бараадах шаардлагатай байгаа юм гэсэн. Тэгээд би тэр зарах гээд байгаа объект, эд зүйлсийг нь газар дээр нь очиж үзээд, өөрийн амьдарч байсан иж бүрэн Солонгосын оргинал тавилгатай, засвар хийсэн хуучны 30 мкв, одоогоор 58 мкв хэмжээтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороололдбайршилтай, 14 дүгээр байрны 170 тоот 2 өрөө байрыг 100,000,000 төгрөгт, Герман улсад үйлдвэрлэгдсэн, анхны үнэ нь 40,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Монгол улсад орж ирээд 5 жил хэрэглэгдсэн, Volkswagen Touareg маркийн машиныг 20,000,000 төгрөгт бодож, фермерийн аж ахуйн объектийг 120,000,000 төгрөгөөр үнэлэн харилцан хоёр талаас тохирч наймаа хийхээр болсон. Ингээд 2018.09.21-нд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, зарим эд зүйлийг ам хэлцлээр тохирч дээр дурьдагдсан объект эд зүйлс, мал амьтдыг аваад оронд нь өөрийнхөө байр, машиныг шилжүүлэн өгсөн. Гэтэл бидний хооронд энэ ажиллагаа явагдсанаас хойш 3 сарын дараа С.Баярмагнай та нараас авсан машин чинь засвартай байна гэхэд нь бид 2 талаасаа ярилцаж тохиролцоод пронтер машинаа буцааж аваад зараад манай өгсөн машиныг засуулахаар болсон /энэ үед пронтер машиныг манай нэр дээр шилжүүлээгүй байсан ба өөрсдөө уг машиныг буцааж авах саналыг анх тавьсан юм/ бөгөөд пронтерийг 7,000,000 төгрөгөөр зарна гэж байсан. Мөн С.Баярмагнай гуай 11 сарын дундуур "Манай нөхөр Нараа ах чинь нэг газарт манаач хийх гэж байгаа тэнд тоггүй тул нарны акумлятор /280,000 төгрөг/,110 вольтын хөлдөөгч /620,000 төгрөг/, 120 вт толь/180,000 төгрөг/, пад тракторын шинэ акумлятор 1 ширхэг /300,000 төгрөг/ зэргийг хавар болтол хэрэглэж байгаад эргүүлж өгнө гэж хэлээд авсан боловч одоо болтол эргүүлж өгөөгүй. Уг нь эдгээр зүйл нь манайд зарсан объектод багтаж байсан юм. Мөн Монгол улсын хуульд зааснаар газрыг бусдад шилжүүлсэн хүн нь татвараа өөрөө төлөх ёстой байхад биднээс 10 дугаар сарын 22-нд "453,568 төгрөгийг газрын төлбөрт төлнө, эгчид нь мөнгө алга танайх гаргачих" гэж гуйгаад охин Н.Түвшинжаргалын Хаан банкны данс руу бэлэн бусаар гүйлгээ хийлгэж авсан. Дараа бас 11 сарын 12-нд 5 газрын кадастрын мөнгө, малын эм тарианы мөнгө, DDSH-ний төлбөр гээд 300,000 төгрөгийг бэлнээр авсан. Бас 15 тооны хонь, ямаа нийлсэн бог малыг буцааж авсан. Ингээд манайд анх наймаандаа оролцуулж өгсөн эд зүйлсээсээ 10,000,000 гаруй төгрөгийн эд зүйлийг биднийг гуйж, дарамталж, буцааж авчихаад одоо хуулийн байгууллагаар далайлган дахин 10,000,000 гаруй төгрөг авахаар нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүмүүс нь заримдаа саймшраад сайн сайхан залуучуудтай орох орон, унаа тэрэгний наймаа хийлээ, өгсөн авсандаа өлзий болог гээд билэгшээгээд сайхан зан ааш гаргаад байхаар нь бид ч хүн чанар гаргаад машинаа өгч явуулахдаа Volkswagen Touareg машинд шинэ акумлятор аваарай гэж 300,000 төгрөгийг охин Н.Түвшинжаргалын Хаан банкны данс руу бэлэн бусаар гүйлгээ хийж байсан. Энэ байдлаар настай хүмүүс гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандаад байсан чинь улам ахиж даамжраад эрх шилжүүлэх гэрээ хийж шилжүүлсэн 5 газраасаа 14 га талбайтай нэг газрыг буцааж авна гээд хэрүүл хийгээд байхаар нь нэгэнт хийсэн наймаагаа нэг нэгээр нь буцааж авсаар байгааг чинь юу гэж ойлгох вэ гэхэд "сайн дураараа өгөхгүй бол хүчээр авна" гэж заналхийлээд явсны дараа сумын Засаг дарга тэр буцааж авах гээд байсан 14 га газрыг нь манай нэр дээр эзэмшлээр олгохгүй "хурааж авлаа" гэж амаар мэдэгдсэн. Энэ байдлаас үзэхэд С.Баярмагнай гуайд би төлөх ямар ч өр төлбөр байхгүй, харин ч эзэмшил газраа ямар ч асуудалгүй шилжүүлээд өгчихнө гээд 120,000,000 төгрөгөөр үнэлсэн объектдоо оруулж тооцсон 14 га талбайтай газар тариалангийн зориулалттай 1 газар, хадлангийн зориулалттай 5 га газрыг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж өгөөгүй залилан мэхэлсээр байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргах болно. Мөн хэл амаар доромжилсон, заналхийлсэн, нэр хүндийг гутаасан, санаа сэтгэлд дарамт учруулсан, хуурч мэхлэсэн, гэмт үйл ажиллагаанд төрийн эрх бүхий ажилтныг ашиглаж байгаа зэрэг хууль зөрчсөн асуудлуудыг нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуудан гаргасан шаардлага тодруулсан, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн дурьдаад байгаа гаргуулах хөрөнгө нь талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээнд багтсан зүйл байхад өөрөөр хэлбэл фермерийн аж ахуйн бүрдэл хэсэгт багтсан эд зүйлийг гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Нэг. Гаргуулах эд хөрөнгийн хувьд, нэр дурьдсан эд хөрөнгөөс:

1.Гунжин үхэр нь арилжааны гэрээгээр шилжүүлсэн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан, ямар зүстэй үхрийг хэлж байгаа нь ойлгомжгүй

2.Цэвэр хар тарлан тугал нь мөн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан, энэ тугал өнгөрсөн 03 сард үхсэн.

3.Хар тарлан идэшний үхэр нь мөн 54 толгой үхрийн аж ахуйн бүрдэлд багтсан. Идэш болгох байсан бол арилжаа хийх үед салгаж авах боломжтой байхад авч үлдээгүй.

4.Нэхэмжлэлийн 5 дугаарт байгаа нарны зайны хөл, 10 дугаарт байгаа турбанууд, 21 дугаарт байгаа тосон шприц, 22 дугаарт байгаа 50м хэмжээстэй татлага зэрэг нь манайд байхгүй.

5.Бусад эд зүйл нь байгаа, эдгээр нь фермийн иж бүрдэл, арилжааны гэрээнд багтсан зүйлс учир буцааж өгөхгүй.

Хоёр. Төлсөн гэх мөнгөний хувьд:

1.Үл хөдлөхийн татварт төлсөн гэх 182,700 төгрөгийн хувьд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан бөгөөд хэн аль нь үнийн зөрүү гаргаагүй учир татвар төлөөгүй.

2.Кадастрт төлсөн гэх 75,000 төгрөгийн хувьд аль хөрөнгийн кадасртыг хэлж байгаа нь ойлгомжгүй

3.Малын эм тарианы мөнгөний хувьд хариуцагч нэхэмжлэгчээс эм тариа авч, хийж өгөхийг хүсээгүй

4.Машины торгууль нь хэзээ хариуцагчийн эзэмшилд ямар машин байх үед гаргасан ямар зөрчилд ногдуулсан торгууль болох нь тодорхойгүй

5.Телевизорын төлбөр нь хэзээнээс хэзээ хүртэлх хугацааны ямар дугаартай төхөөрөмжийнх болох нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.19-ний өдрийн 151/ШШ2019/00946 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар С.Баярмагнайн нэхэмжлэлтэй Ц.Ганбаатарт холбогдох 23 төрлийн эд хөрөнгийг биет байдлаар гаргуулах, биет байдлаар байхгүй 4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2,998,000 төгрөг /цэвэр хар тарлан тугал 2,500,000 төгрөг, труба 15 ширхэг 168,000 төгрөг, суурин таслагч 280,000 төгрөг, татлага 1 ком 50,000 төгрөг/ гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн татварын үнэ 182,000 төгрөг, газрын кадастрын үнэ 75,000 төгрөг, малын эм, тарианы үнэ 117,000 төгрөг, машины торгууль 25,000 төгрөг, DDSH TV-ийн төлбөр 20,000 төгрөг нийт 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 615 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.31-ний өдрийн 223/МА2019/00032 дугаар мадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.19-ний өдрийн 151/ШШ2019/00946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч С.Баярмагнай давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,615 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх ...хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөв хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, үндэслэлийг зөв тодорхойлох ажиллагаа хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэснээс шүүхийи шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаан дээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлиийн 106.1 дэх хэсэг гэж тодорхойлсоны дагуу, хариуцагч тал талуудын маргааны үндэслэл нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний дагуу хийсэн гэрээтэй холбоотой, нэхэмжлэлийн шаардлагад заасан эд хөрөнгө нь арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө, фирмийн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн хамаарал бүхий эд зүйл гэж маргасан маргааныг үндэслэн хуулийг тайлбарлан дүгнэлтээ хийсэн гэж хариуцагч үзнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1. 1-д заасныг үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг буруу тайлбарлан, онолын ойлголтонд төөрөгдсөн, хууль зүйн логикийн хувьд зөрчилтэй Иргэний хуулийг буруу тайлбарласан алдаа гаргалаа, 106.1- ээр дүгнэсэн атлаа 274.1-ээр хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний дагуу гаргасан тайлбарыг анхан шатны шүүх зөв тайлбарлан дүгнэсэн бөгөөд үүнээс өөрөөр тайлбарлах боломжгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан зөвтгөхийн оронд хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэхдээ чухам ямар журмыг зөрчсөн, энэ нь яагаад ноцтойд тооцогдож байгаа, шийдвэрийг өөрчлөх боломжгүйгээ магадлалын үндэслэх хэсэгт тодорхой, бүрэн дүүрэн тусгаагүй гэж үзнэ. Хууль буруу хэрэглэсэн гэдэгт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулаагүй эсвэл нарийвчлан зохицуулаагүй хууль, зүйл заалтыг хэрэг хянан шийдвэрлэхдээ баримталсан байхыг ойлгоно. Магадлалын агуулгаас үзэхэд 274.1-ээр биш 106.1-ээр шийдвэрлэх байсан гэж дүгнэсэн, энэ дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байсан, анхан шатанд дахиж хэлэлцэх шаардлагагүй. Магадлалыг хүлээн зөвшөөрснөөр зохигчидод чирэгдэл учруулж, цаг хугацаа алдах, анхан шатанд ачаалал үүсгэх сөрөг үр дагавартай. Иймд гомдлыг хэлэлцэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч С.Баярмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн удаа өөрчилж сүүлчийн байдлаар тодруулан Ц.Ганбаатараас 23 төрлийн эд зүйлсийг биет байдлаар, биетээр байхгүй болсон 4 төрлийн эд хөрөнгийн үнэ 2,998,000 төгрөг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө, кадастр, малын эм тарианы төлбөрт 420,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гунжин үхэр, хар тарлан тугал, идэшний үхэр нь гэрээгээр шилжүүлэн авсан 54 толгой үхрийн тоонд орсон, нарны зай, труба, татлага зэрэг эд зүйлс байхгүй бусад нь фермийн иж бүрдэл арилжааны гэрээнд багтсан зүйлс, татвар төлөөгүй гэж маргажээ.

Хэрэгт баримтаар 2018.09.21-ний өдөр байгуулсан Арилжааны гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд нэхэмжлэгчийн өмчлөлийн бүгд 100,000,00 төгрөгийн үнэ бүхий фермерийн аж ахуйн зориулалттай нэр бүхий 4 ширхэг үл хөдлөх хөрөнгө 4 ширхэг газар эзэмших эрхийг, хариуцагчийн өмчлөлийн 100,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо, 13-р хороолол 14 байр 170 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг тус тус солилцож харилцан өмчлөлдөө шилжүүлэх үүрэгтэй гэж тохиролцсон байна. Арилжааны гэрээний үүргийн талаар маргаагүй бүгд биелэгдсэн гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тэрээр түр үлдээгээд явсан эд зүйлсээ авна гэсэн үндэслэлээр шаардлагыг гаргажээ.

Энэ тохиолдолд маргаан нь өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн заалтад хамаарах үндэслэл бий болох юм. Харин нэхэмжлэгч эд зүйлсээ хариуцагчийн хадгалалт хамгаалалтанд үлдээсэн бол эрх зүйн өөр зохицуулалтыг хэрэглэнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээ, уг гэрээний зүйлд нэхэмжилж буй хөрөнгүүд хамаарах эсэх, 3 толгой үхэр түр үлдээсэн гэх бөгөөд маллагаа хариуцлагыг хэн хариуцах болсон, фермерийн аж ахуйг шилжүүлэх үед өгсөн үхрийн тоонд нэхэмжилж буй үхэр орж тоологдсон эсэх, эдгээр үхэр малын тоо бүртгэлд хэний нэр дээр байгаа зэрэг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймээс маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэргийн нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь тус шүүхэд хуулиар олгосон эрх хэмжээнд хамаарч байна.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, хуулийн үндэслэл бүхий магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 223/МА2019/00032 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 224,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

                                                              ШҮҮГЧИД                                                           Х.СОНИНБАЯР

                                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                           Д.ЦОЛМОН