Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01149

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01149

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, Алтай хотхоны ...дугаар байрны ... тоотод оршин суух, ... харууд овогт ...ын ... /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ...дүгээр хороо, ... гудамж, Алтай хотхоны ...дугаар байрны ... тоотод оршин суух, ... овогт ...ын ... /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, Алтай хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух, ... овогт ...ийн .../РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, .. гудамж, ...дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт ...ийн ... /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, .., ... дугаар байрны ...тоотод оршин байх, Т.А.ХХК /РД: .../ нарт холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч М.Б, хариуцагч Т.А.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эыг төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.А.ХХК нь н.Нармандахтай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м/кв-ыг нь 800,000 төгрөгөөр, нийт 55,216,000 төгрөгт тооцож Нармандахын өмчлөлд шилжүүлэх, Нармандах нь Т.А.ХХК-д газрын эрх шилжүүлэхээр тохиролцсон. 2010 онд тус байр ашиглалтад орж, Нармандах 112 тоотод нүүж орсон боловч бартерт өгөх газраа Т.А.ХХК-ийн эзэмшилд шилжүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Тухайн газрыг манай компанид шилжүүлсэн тохиолдолд Ж.Над 112 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байсан болно. Нармандах нь байр чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад олдоогүй тул 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШЗ2016/13458 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар миний бие дээрх хаягт хэн амьдарч байгааг тус дүүргийн 1 дүгээр хорооноос тодруулахад Н.Т, Н.Н нар амьдарч байгаа талаар тодорхойлолтыг өгсөн. Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг Н.Т, Н.Н, Ж.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

Өмнөх 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Өмнө нь Даваасүрэн гэх хүн Т.А.ХХК-ийн захирал байсан. Э-тай гэрээний маргаан үүсгэж Ж.Н маргалддаг бөгөөд тухайн маргаан бүхий цаг хугацаа буюу 2010 оны үйл явдлуудад Сономцэрэн нь Т.А.ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан тухай баримт нь шүүхэд ирсэн байгааг харгалзан үзнэ үү гэж шүүхээс хүсч байна. Мөн Ж.Н нь Т.А.ХХК-ийн захирал Сономцэрэнд 60,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж буй боловч уг үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй, уг үйл баримт нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Т, Н.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж.Нын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Иргэн Ж.Н миний бие 2010 онд өөрийн найз Т.А.ХХК-ийн захирал н.С-тэй харилцан тохиролцож Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м/кв талбай бүхий орон сууцыг өөрийн эзэмшлийн газраар бартер хийх, 1 м/кв-ыг нь 800,000 төгрөгөөр тооцон нийт 55,216,000 төгрөгөөр авахаар тохирсон билээ. Ингээд явцын дунд Сономцэрэн уг газрыг авахгүй болсноор миний бие Олимп хотхоны ажлын байранд нь Сонорцэрэнд 60,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг 2 өрөө орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэжээ.

 

Хариуцагч Т.А.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтод Жамъянсүрэнгийн Наранбат гэх нэрийг Наранбатын Тулга гэх нэрээр хорооны тодорхойлолтод нэр нь буруу бичигдсэн байна. Т.А.ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа ирсэн бөгөөд 2008 онд Даваасүрэн нь Т.А.ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан бөгөөд Сономцэрэн нь Т.А.ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр хожим буюу 2014 оны 04 сарын 22-ны өдөр бүртгүүлсэн байна. Үүнээс харахад тухайн маргаан бүхий цаг хугацаанд Сономцэрэн нь Т.А.ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй буюу бусадтай хэлцэл хийх эрхгүй этгээд байсан гэдэг нь уг лавлагаагаар нотлогдож байна. Иймд Сономцэрэн болон Ж.Н нарын хоорондох 60,000,000 төгрөгийн асуудал нь энэ иргэний хэргээс тусдаа буюу нэхэмжлэлийн шаардлагаас гадуур байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд Т.А.ХХК-ийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Улсын Дээд шүүхийн 2017 оны 251 дүгээр тогтоолд дурдсанаар Т.А.ХХК-ийн зүгээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардаж байсан боловч энэ талаар холбогдох нотлох баримт байхгүй. Үүнийг Ж.Н нар нь татгалзаж ямар нэгэн байдлаар маргаагүй. Маргаан бүхий цаг хугацаанд тухайн байранд Тулга, Наранцэцэг нар амьдарч байсан. Шинээр ирсэн нотлох баримтуудаар Ж.Н нь тухайн 112 тоотод амьдарч байгаагүй бөгөөд амьдарч байсан эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй. Харин Э-л нь 2011 онд шилжсэн бөгөөд Э-лын өмчлөл буюу улсын бүртгэлийн талаар маргаж байгаагүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой бие даасан шаардлага гаргаагүй учраас бөгөөд нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.Т, Н.Н, Ж.Н, Т.А.ХХК-иудад холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж.Н ... миний бие 2010 онд өөрийн найз Т.А.ХХК-ийн захирал н.С-тэй харилцан тохиролцож Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м/кв талбай бүхий орон сууцыг өөрийн эзэмшлийн газраар бартер хийх, эсхүл 1 м/кв-ыг нь 800,000 төгрөгөөр тооцон нийт 55,216,000 төгрөгөөр авахаар тохирсон билээ. Ингээд явцын дунд Сономцэрэн уг газрыг авахгүй болсноор миний бие Олимп хотхоны ажлын байранд нь Сонорцэрэнд 60,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг 2 өрөө орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Э нь маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцны өмчлөгч гэх эрхийн улсын Ү-2205041170 дугаарт бүртгэлтэй, бүртгэлийн дагуу олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ авагджээ. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. гэж хуульчилжээ.

 

Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагч Ж.Нын тайлбараас үзвэл маргаан бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн өргөн чөлөө гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 2 өрөө орон сууцыг Т.А.ХХК нь Ж.Нын өмчлөлд шилжүүлэх, Ж.Н нь газар эзэмших эрх шилжүүлэх, эсхүл 1 м/кв-ын үнийг 800,000 төгрөгөөр тооцож нийт 55,216,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож тухайн орон сууцыг Ж.Нын эзэмшилд 2010 онд шилжүүлжээ.

 

Т.А.ХХК нь орон сууцаа газраар солихоос татгалзсан тул Ж.Н нь орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийг 2010 онд Т.А.ХХК-д төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Баярмаа нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн дээрх маргаан бүхий орон сууцыг Т.А.ХХК нь Б.Эын өмчлөлд 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Т.А.ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамжны 12 дугаар байрны 112 тоот 2 өрөө орон сууцыг 2 этгээдэд давхардуулан худалдсан бөгөөд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэнийн ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй. гэжээ.

 

Дээрх орон сууцыг 2010 онд түрүүлж өөрийн эзэмшилдээ хариуцагч Н.Т, Н.Н, Ж.Н нар авсан бөгөөд одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны засаг дарга Ц.Уранбайгалын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 52 тоот албан бичиг, маргаан бүхий орон сууцны ашиглалтын зардлыг буюу цахилгаан, дулаан, ус, интернетийн төлбөрийг төлж байсан талаарх Төрийн банкны нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Т, Н.Н, Ж.Н, Т.А.ХХК-иудын хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Эын шүүхэд гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 250 дугаар зүйлин 250.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг хариуцагч Н.Т, Н.Н, Ж.Н, Т.А.ХХК-иудын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР