Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00415

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01964 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1987 дугаар магадлалтай,

        Нэхэмжлэгч: Б.Б-

        Хариуцагч: Б.С-

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Б..” ХХК

          нэхэмжлэл: Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

        Хяналтын журмаар 2019.12.25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, өмгөөлөгч Д.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, хариуцагч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Нийслэлийн Хан-уул дүүргийн  1 дүгээр  хороо, 19 дүгээр  хороолол, 39 дүгээр  байрны .. тоот орон сууцны өмчлөгч юм. Би “Б..” ХХК-ийн хувьцаа эзэмшигч учраас тус компанийн хэвийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг дэмжих зорилгоор тухайн орон сууцандаа С-ыг оруулж, ИХ-н 311-д заасан албаны орон сууцны зориулалтаар ашиглуулсан. Б.С- нь ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн шаардлага хангахгүйгээр Тоёота Истана, Тоёота Рав-4, Киа прайм, Тоёота Приус 20, Хюндэй Эксел маркийн машинуудыг тус тус хэрэглэж байсан. Үүнээс Хюндэй Эксель маркийн машиныг хувьд нь өгсөн. Ажиллаж байх хугацаанд гар утас ашиглаж,  төлбөрийг нь  байгууллагаас төлж байсан. Мөн 88114809 дугаарыг хэрэглэж байгаад ажлаас гарахад нь хувьд нь өгч байсан. Хариуцагч нь  огт цалингүй ажиллаж байсан гэх  боловч энэ нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалаас ирүүлсэн баримтаар нотлогдоно. Үүнд 2002 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 25,000 төгрөг байхад хариуцагч 50,000 төгрөгөөр, 140,000 төгрөг байхад 200,000 төгрөгөөр, 192,000 төгрөг байхад 500,000 төгрөгөөр, 240,000 төгрөг байхад 900,000 төгрөгөөр тус тус цалинжиж байсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл тус албаны орон сууцанд амьдарч байгаа бөгөөд албаны орон сууц гэдэг нь албан тушаал хашиж байхдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр түр хугацаагаар амьдрахыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Ямар тохиолдолд албаны орон сууцнаас гарах талаар ИХ-н 311.2-т тодорхой заасан. Б.С- нь 2019.05.21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа надад амласан орон сууцаа өгсөн гэж бодож байсан талаар бичсэн байна. ИХ-н 276-д заасан тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлснээр үүрэг үүснэ гэж хуульчилсан. Бэлэглэлийн гэрээний эд хөрөнгийг хуулиар тогтоосон хэлбэрээр өмчлөх эрх үүссэн тохиолдол бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцно. Бэлэглэлийн гэрээ нотариатаар баталгаажсаны дараа улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Энэ байр бол Б.Б-ын хуваарьт хөрөнгө, “Б..” ХХК бол энэ хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаа бөгөөд Б.Б- нь “Б..” ХХК-д дэмжлэг үзүүлсэн болохоос бус өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Орон сууцыг чөлөөлж өгөхийг Б.С-аас удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөөгүй тул Б.Б- миний орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй Б.С-ыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: “Б..” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б.Жаргал, Б.Б-, Б.Цэнгэл нар юм. Б.Жаргалтай урьд нь хамт нэг газар ажиллаж байхдаа танилцсан бөгөөд 2002 оны эхээр өвөл Б.Жаргал надтай уулзаад би шинэ ресторан /одоогийн R.../ нээж байгаа чи надад сантехникийн ажилд туслаад өгөөч гэж анх ярьсан. Мөн ресторан нээгдэхийн өмнөхөн найздаа туслаад сандал угсраад өгөөч гэх мэт гуйх бүрд нь очиж туслаж байсан. 2002 оныхоо хавар 04 сард Б.Жаргал надтай уулзаж Чи наад ажиллаж байгаа ажлаа орхиод надтай хамтарч ажиллаач, надад чиний тусламж хэрэгтэй байна гэсэн. Ингээд R.. рестораны ажлыг нь хүлээн авч, “Б..” ХХК-ийн нярав хэмээх албан тушаалд ажиллаж эхэлсэн. Б.Жаргал надад компаниа өргөжүүлэн УБ хотод олон салбар ресторан нээнэ, чиний хувьд цаашид компанидаа ажиллаж байвал чамд орон сууц болон бусад урамшуулал олгоно гэсэн. , бид олон жил бие биенээ мэддэг болсон, Б.Жаргалыг надад худлаа хэлнэ гэж бодоогүй тул би тухайн үеийн цалингийн хамгийн бага буюу 100,000-200,000 төгрөг авч зөвхөн итгэл үнэмшлээрээ ажиллаж байсан. 2007 онд манай компани Сүхбаатар дүүргийн  Энхтайвны гүүрний баруун хойд талд рестораны 2 дугаар салбараа нээсэн. Салбаруудын ажлыг би хариуцан, үйл ажиллагааг жигд сайн явуулахад чармайн ажиллаж, улмаар Б.Цэнгэл намайг компанийн гүйцэтгэх захирал болгохоор шийдсэн тухайгаа мэдэгдсэн. Ингээд Б.Жаргал надад ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, би “Б..” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Энэ үедээ хоёр салбар зоогийн газар хариуцан ажиллаж байсан боловч сард 400,000 төгрөгийн цалинг ямар нэг урамшуулал, илүү цаг бодолгүй авч байсан. 2013 оноос цалинг 900,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. ...Хувьцаа эзэмшигч Б.Цэнгэлд анх ажилд ороход Б.Жаргал надад байр өгнө гэсэн, та ч бас хүссэн бүхнийг чинь аваад өгнө гэсэн, одоо надад орон сууц хэрэгтэй байна гэхэд Б.Цэнгэл за ойлголоо энэ талаар ярилцана гээд удалгүй Б.Б- намайг дуудан чамд байр өгөх болсон хоёр байр байгаа очоод өөрөө шилж сонгоод аваарай гэсэн учир би БЗД болон ХУД-т байрлах хоёр байрнаас одоо амьдарч байгаа Хан-Уул дүүргийн  1 дүгээр хорооны  19-р хороолол дахь  39 дүгээр байрны .. тоот байрыг сонгож авсан. Уг байрны засварыг 13,500,000 төгрөгт багтаан хийлгэсэн. Миний хувьд уг байрыг өөрийн хөдөлмөрийн үр шимээр олж авсан эд хөрөнгө гэж ойлгож байгаа. Хөдөлмөрлөх эрхийн харилцаанд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байхдаа эзэмшсэн эзэмшил юм. Миний ажилласан 15 жилийн хөдөлмөрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар бодолцохгүй байна. Нэхэмжлэгч талаас ИХ-н 311-г дурдаж байна. Ямар албан тушаалтай хүн ямар хөнгөлөлт эдлэх талаар зохицуулсан хөдөлмөрийн дотоод журам байхгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 47.1, ИХ-н 106.1, 311.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б..” ХХК тайлбартаа: Б.С- нь 2002 оноос эхлэн ажилласан бөгөөд ажиллах хугацаанд өөр байгууллагад нэг хэсэг ажилласан. Хариуцагч нь ажиллаж байхдаа алдаа дутагдал, ололт амжилт гаргаж байсан. Ололт амжилт байсан учраас бид Б.С-ыг цаашид удаан хугацаагаар ажиллуулахын тулд 2011 онд албаны байранд оруулсан. Ажлаас халагдах үеийн бичлэг байхгүй болсон гээд хардаад байгаа ч тийм зүйл байхгүй. Б.С- цалингүй ажиллаж байсан гэдэг нь огт үндэслэлгүй. 2002 оноос 2011 он хүртэл буюу 9 жил цалингүй ажиллаж байгаад байранд орсон гэж итгэл үнэмшилгүй зүйлийг ярьж болохгүй. Хувьцаа эзэмших тухай огт яригдаагүй, харин 2017.01 сард буцаад ажилдаа томилогдох үед, ажиллаж байгаа хүмүүсээ идэвхжүүлэхийн тулд ашиг хүртээх тухай ярьсан, гэхдээ энэ бол хувьцаатай ямар ч холбоогүй. Тэр хөдөлмөрийн гэрээ хариуцагчид байгаа, дараа нь гэрээ хүчингүй болж дахин сунгаагүй. Олон жил хөдөлмөрийг үнэлээгүй ажиллуулж байгаад гэнэт ажлаас хөөгөөд гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Миний хариуцагч Б.С-ад хүргүүлсэн 2017.12.04-ний өдрийн 17/02 гэсэн дугаартай албан бичиг байдаг. Хариуцагч гар утасны төлбөрийг төлж үзээгүй, мөн ресторанд гэр бүлээрээ үнэгүй хооллодог байсан. Бас өөрийнх нь унаж байсан эксель машиныг хувьд нь үнэгүй өгч байсан. Энэ хугацаанд утасны бүх төлбөрийг манай компани төлж байсан. Ажлаас гарахад нь 88114809 гэсэн дугаарыг хувьд нь өгч байсан. Иймд нэхэмжлэл үндэслэлтэй байна гэжээ.

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 183/ШШ2019/01964 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны .. тоот орон сууцыг Б.С-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1987 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын  гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

     Хариуцагчийн тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх  ИХ-н 106.1-г зөв тайлбарлан хэрэглэсэн  гэснийг  хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй.  Б.С- нь ИХ-н 106-д зааснаар .. тоот байрны шударга эзэмшигч тул энэхүү орон сууцнаас намайг албадан гаргах боломжгүй хэмээн маргадаг. Тиймээс Б.С- нь анхан шатны шүүхэд энэхүү маргаан бүхий байрны шударга эзэмшигч би мөн тул энэхүү үйл баримтыг тогтоож өгнө үү хэмжээн сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. ИХ-н 106.1-д.. өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.. хэмээн заасан бөгөөд Б.С- нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй олон ажлын үр дүнтэй хөдөлмөрийн үр дүнд бий болгосон хөрөнгө хэмээн маргаж байсан боловч, хариуцагчаас гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваагүй нь энэхүү маргаан үндэслэлтэйгээр явагдаагүй болно. Шүүх нь энэхүү сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй байж Б.Б-ыг энэхүү орон сууцны шударга өмчлөгч гэж үзэж нэхэмжлэлийг хангаж байгаа хуулийг буруу хэрэглэх нэг үндэслэл болсон гэж үзэж байна. Хариуцагч талаас маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгч мөн хэмээн маргасаар байтал хоёр шатны шүүх нь энэ маргаж буй үйл баримтыг тогтоохгүйгээр Б.Б-ыг өмчлөгч гэж шууд үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч талаас анхан шатны шүүхэд удаа дараа “Б..” ХХК-ийн удирдах албан тушаалтан болох Б- болон Жаргал нар уг байрны найранд ирж Б.С-ад уг байрыг ямар учир шалтгааны учир бэлэглэсэн болон цалингүй шахам ажиллуулж байгаа болохоор өгсөн тухайг гэрчлэх гэрчүүдийг асуулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан боловч гэрчүүдийг асуугаагүй нь ХХША-ны журам зөрчсөн гэж үзэж байна. Бодит амьдрал дээр 2011 онд хариуцагч нь уг байранд орсноор талуудын хооронд аман ч бай бичгэн бай хэлцэл хийгдээд уг байранд орсноор гэрээ байгуулагдсанд тооцохоор үйл баримт болсон байна. Хөдөлмөрийн үр шимээ тооцуулаад байранд орчихсон үйл баримтыг тогтоож байж шударга шийдэгдэнэ хэмээн үзэж байна. Нөгөөтэйгүүр Б.С- нь “Б..” ХХК түүний харьяа Р... ресторанд гүйцэтгэх албан тушаал хашиж бүхэл бүтэн 15 жил уйгагүй цалингүй шахам ажиллаж хөдөлмөрлөсөн боловч байгууллага, хувь хоёрын хооронд тоглоом болж, өвлийн хүйтэнд эхнэр хүүхэдтэй гудамжинд гарахад хүрээд байна. Хэрвээ Б.Б-ын эрх ашиг хөндөгдөж, Б.С- нь хууль бусаар уг байрыг эзэмшиж байна гэж үзсэн бол 2011 оноос хойш 8 жилийн хугацаанд шүүхэд хандах боломжтой байсан. Хөөн хэлэлцэх хугацааг анхаарах нь илүүдэхгүй хэмээн үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, хэргийн  дахин хэлэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        1.  Б.Б- 2019.04.25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...өмчлөгч би хариуцагчийг орон сууцнаас гарахыг удаа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй байна...” гээд  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр  хорооллын 39 дүгээр  байр, .. тоот орон сууцыг  Б.С-ын эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн /хх1/ байна.

       Хариуцагч тал  нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө /хх14-16, 47,64,71,83/ сөрөг нэхэмжлэл гаргасан /хх 62-63/, шүүх 2019.07.29-ний өдрийн 183/ШЗ2019/08824 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.  /хх 69/   

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр  “Б..” ХХК оролцжээ.  /хх 17,18, 32/   

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

        2. Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        а/. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ.  

        Б.Б- нь “...маргааны зүйл болсон орон сууцыг  харилцан тохиролцсоны дагуу өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй..” гэсэн агуулга бүхий үндэслэл зааж  сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан, сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй холбоотой байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  73 дугаар зүйлийн 73.2-т нийцээгүй байна.  

       б/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.С- нь гэрч асуулгах  хүсэлт/ хх47/ гаргасан байх бөгөөд шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсан /хх 54/  байна.   

      Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

       Шүүх гэрч асуух ажиллагаа  хийгээгүй  атлаа гэрчийн мэдүүлгийг  нотлох баримтаар  үнэлсэн агуулга бүхий дүгнэлтээр буюу “...гэрч оролцуулах нь маргааны үйл баримтад хамааралгүй...  нотолгооны ач холбогдолгүй..” гэж хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.1- 40.3 дахь хэсэгт нийцээгүй байна.  

        Анхан шатны шүүх Б.С-ын хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан  нь  “...нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн..” тохиолдолд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчжээ.

       3.  Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг харьцуулан үнэлж, Иргэний хуулийн  369 дүгээр зүйл  болон бусад зүйл, мөн өөр хуулийг  хэрэглэх эсэх  талаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115  дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01964 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1987 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг захирамжаар Б.С-ад буцааж олгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            П.ЗОЛЗАЯА

                                                     ШҮҮГЧИД,                                       Г.БАНЗРАГЧ  

                                                                                           Б.УНДРАХ  

                                                                                                  Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД