Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00485

 

Б.Ц-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00470 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 13-ны өдрийн 848 дугаар магадлалтай,

Б.Ц-ны нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хөлсөөр ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2014.02.24-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус албанд 5 дугаар хороо хариуцсан Иргэний танхимын ажилтнаар анх ажилд томилогдон ажиллаж байсан. 2017.11.15-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч, үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авсан. Хувийн байдлаас шалтгаалан 2018.10.05-ны өдөр Б/58 дугаар тушаалаар ажилдаа буцаж орсон. Намайг хүүхэд асрах чөлөө авахад миний орон тоон дээр Д.Б-ыг түр тушаалаар ажилд авсан. Гэтэл 2019.01.11-ний өдрийн бүтэц, орон тооны Б/02 дугаар ажилд томилох тушаал гарахад гэрээт ажилтнаар тушаал гарсан. Би хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байхад албаны дарга Ж.И “чи ажлын албаны даргадаа итгэхгүй өөр яах гэсэн юм, бид нар нөөц бололцоогоо ашиглаад та нарыг үндсэн орон тоон дээр шилжүүлэхийг бодно” гэхэд нь би “та бичгээр надад хэлж амлалтаа бичээд өг” гэхэд, ажлын албаны даргадаа итгэ, гэрээний хугацаа дууслаа гэж халахгүй гэсэн дарга нарын үгэнд хууртаад гэрээт ажилтан болсон. 2019.07.18-ны өдөр ажил дээрээ очиход гэрээ дууссан талаар албан ёсоор мэдэгдэлгүй цалинг зогсоож, 8 сараас өөрөө нийгмийн даатгалаа төлөөрэй гэж хэлсэн. Иймд намайг хууль бусаар ажлаас халсанд гомдолтой байна. Ажлын албаны 2019.01.11-ний өдрийн орон тооны өөрчлөлтөөр Иргэний танхимын үндсэн орон тоон дээр 3 ажилтан /1 нь жирэмсний амралттай/, гэрээт орон тоон дээр 10 ажилтан гэж баталсан. Гэтэл шинэ гэрээт ажилтан нэмж ажилд аваад байгаа атал үндсэн орон тоон дээр ажиллаж байсан ажилтнуудаа гэрээт болгож халсанд гомдолтой байна. Хэдийгээр гэрээт ч гэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах ёстой байтал гэрээ байгуулаагүй. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тус ажлын албаны 2019.01.11-ний өдрийн Б/02 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсгийг зөрчсөн, хууль буруу тайлбарлаж үндсэн ажилтнуудыг гэрээт болгон ажлаас нь халж хууль бус ажиллагаа хийсэн тул хууль бусаар ажлаас халсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Миний хийж гүйцэтгэж байсан ажлын байранд өөр хүн томилон ажиллуулсаар байж, ажлын албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулж үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь илт хуульд нийцээгүй. Намайг үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхаж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан гэж үзэж байх тул хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцож зөрчигдсөн эрхийг сэргээн, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Ажлын алба нь 2019.01.04-ний өдрийн Тэргүүлэгчдийн 03 тоот тогтоолоор бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн Иргэний танхим хариуцсан ажилтны орон тоог 3 болгож, 10 хүртэл гэрээт ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллахаар болсон. 2017 онд хийгдсэн бүтцийн өөрчлөлтөөр 1-16 дугаар хороодыг хариуцдаг Иргэний танхимын ажилтны орон тоог 4 болгон цөөрүүлсэн. Ажлын ачаалал, зохион байгуулагдаж буй арга хэмжээг харгалзан ажилтнуудыг хуваарилан ажиллуулдаг ба 5 дугаар хорооны Иргэний танхим хариуцсан ажилтан гэж албан тушаал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т зааснаар бүтцийн өөрчлөлтөд Иргэний танхим хариуцсан ажилтны орон тоо 3 болж байгаа, цалин бууруулахгүйгээр гэрээт ажилтнаар ажиллуулах талаар Ажлын албаны дарга Ж.И нар Б.Ц-тай сонсох ажиллагаа хийж, тохиролцон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан. Энэ хугацаанд Б.Ц-ны өргөдлийн дагуу эмчилгээ хийлгэхэд нь 500,000 төгрөгийн тусламж, 2019 оны хагас жилийн ажлын үр дүнг үнэлэн 627,928 төгрөгийн урамшууллыг олгосон. Хөлсөөр ажиллах гэрээг 2019.07.18-ны өдрийг хүртэл байгуулсан. Б.Ц нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж ажлын ачаалал буурсан үед гэрээг сунгалгүй, ажлын ачаалал нэмэгдэх үед дуудан ажиллуулахаар тохиролцсон. Тухайн үед тэрээр хөгжлийн бэрхшээлтэй байсан учир нийгмийн даатгал тасрахгүй гэж байсан. Нэхэмжлэгчийг гэрээгээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой. Б.Ц нь бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөх болон томилох тушаал гарсантай холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн шаардлагаа хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой нэмэгдүүлсэн нь үндсэн шаардлагатай холбогдохгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00470 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд холбогдох, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, хууль эрх зүйн хэлтсийн 5 хороо хариуцсан Иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөлсөөр   ажиллах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцуулах тухай Монгол овогтой Б-ийн Ц-ны /РД:ШГ79022368/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 848 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын 2019.01.04-ний өдрийн Тэргүүлэгчдийн 03 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн. Уг шинэ тогтоолоор иргэний танхим хариуцсан ажилтны орон тоо 4 байснаас 3 болж өөрчлөгдөн батлагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасны дагуу 2019.01.04-ний өдрийн бүтцийн өөрчлөлтөд иргэний танхим хариуцсан ажилтны орон тоо 3 болж байгаа, цалин бууруулахгүйгээр гэрээт ажилтнаар ажиллуулах талаар Ажлын албаны дарга Ж.И, Т.А нар Б.Ц-тай уулзаж, сонсох ажиллагаа хийж, тохиролцон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан. Б.Ц нь тухайн үед хүлээн зөвшөөрч 7 сар гэрээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Тухайн үедээ гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Б.Ц-ны анхан шатны шүүхэд үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь болон нотлох баримтад өгсөн CD бичлэгийг хариуцагчийн тайлбарт үндэслэн хууль бусаар цуглуулсан нотлох баримт гэж дүгнэсэн гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах  талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд  шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан ч шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авалгүй тус бичлэгийг нотлох баримтаар хүлээн авсан. Мөн тус бичлэгт дурдагдсан яриаг бичвэр тэмдэглэлд сийрүүлснийг нотлох баримтаар хүлээн авсан. Б.Ц нь тус бичлэгийг ярилцаж буй этгээдүүдэд мэдэгдэлгүй нууцаар бичлэг хийсэн бөгөөд үүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тус бичлэгийг хуульд заасан журмыг зөрчин хийсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-д заасны дагуу нотлох чадвараа алдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Тус сийрүүлэн өгсөн тэмдэглэлд Б.Ц-ыг үндсэн ажилтнаар эргүүлж авна гэсэн яриа огт дурдагдаагүй байдаг. Мөн Б.Ц нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хууль мэдэхгүй гэдэг шалтгаанаар 7 сар хэтрүүлсэн гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 848 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор хөлсөөр ажиллах гэрээ байгуулах үед байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай ярилцсан ярианы CD бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 51 дүгээр зүйлийн 51.2-т заасан журмын дагуу нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлэлгүй, дан ганц хариуцагчийн тайлбарт үндэслэн дүгнэлт хийсэн нь буруу, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймээс “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч нууцаар бичлэг хийсэн нь хуульд заасан журмыг зөрчсөн тул нотлох чадвараа алдсан, бичлэгийг сийрүүлснийг шүүх нотлох баримтаар хүлээн авсан, тус тэмдэглэлд Б.Ц-ыг үндсэн ажилтнаар эргүүлж авна гэсэн яриа огт дурдагдаагүй байдаг...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Мөн анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан бусад үндэслэлийг тодруулж, холбогдох дүгнэлтийг хийхээс гадна тухайн маргааны хувьд нэхэмжлэгчийн ажиллаж байсан төрийн байгууллагын орон тоо цөөрсөн /Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор/, түүнтэй холбоотойгоор хариуцагч /Ажлын албаны дарга/ нэхэмжлэгчийг гэрээт ажилтнаар томилж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэсэн тусдаа үйл баримт байгааг анхаарч төрийн байгууллагын орон тоо цөөрсөн тохиолдолд үндсэн ажилтнуудыг үлдсэн албан тушаалд ямар журмаар томилдгийг холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэн дүгнэх, энэ талаар хэргийн оролцогч нарт нотлох баримтыг гаргах, мэтгэлцэх боломжийг олгох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.  

Түүнчлэн, нэхэмжлэлийн “хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох” гэсэн шаардлагын үндэслэл тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажлаасаа халсан ямар нэг тушаалтай маргаж байна уу, эсхүл гэрээт ажилтнаар томилсон тушаалыг “ажлаас халсан” гэж үзэж байна уу, үгүй бол хөлсөөр ажиллах гэрээ байгуулсныгаа “ажлаас хууль бусаар халагдсан” гэж үзэж байгаа юу гэдэг нь тодорхойгүйгээс түүний, ямар эрх зөрчигдсөн  талаар анхан шатны шүүх дүгнээгүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.   

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 13-ны өдрийн 848 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                         Б.УНДРАХ