Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00253

 

Ц.Баянмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01226 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1613 дугаар магадлалтай,

Ц.Баянмөнхийн нэхэмжлэлтэй,

В.Одхүүд холбогдох,

П.Сүрэнгийн бие даасан шаардлагатай,

Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээг цуцалж, 99,018,975  төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Гуравдагч этгээд Д.Сүрэнгийн бие даасан шаардлага: В.Одхүүд олгосон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл болон Ц.Баянмөнх, В.Одхүү нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан БГ2017/04/03 барьцааны гэрээний холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн төлөөлөгч Г.Амарсанаа, гуравдагч этгээд П.Сүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...В.Одхүүтэй 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 380,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нь зээл авсан өдрөөсөө зээл болон хүүгийн төлбөрийг хугацаандаа төлж байгаагүй ба 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хугацаа дууссан. Хариуцагч нь нийт 313,500,000 төгрөгийг хүүгийн хамт төлж барьцаа хөрөнгийг суллаж авсан боловч үлдэх 66,500,000 төгрөгийг, хүүгийн хамт төлж барагдуулаагүй байна. 66,500,000 төгрөгийн үндсэн зээл болон хүү, нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хуримтлагдсан хүү 13,406,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч В.Одхүүгээс нийт 79,906,400 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч В.Одхүү шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ц.Баянмөнхөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 8 сарын хугацаатай зээл авсан нь үнэн. Уг нэхэмжилсэн 79.906.400 төгрөгийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулахад татгалзах зүйлгүй болно. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ямар нэг төлбөр, зээлийн хүү, үндсэн зээлээс төлж чадаагүй. Энэ мөнгийг Г.Сүрэнгийн дүү н.Лхагвасүрэн авч хэрэглэсэн. Н.Лхагвасүрэн нэг ч төгрөг өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Г.Сүрэн шүүхэд гаргасан тайлбарт болон бие даасан шаардлагад: ...Нэхэмжлэгч шаардлагаа тодруулан, нэмэгдүүлж байгаагаас үзэхэд тодорхой хэмжээний зөрүү гардаг. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар В.Одхүүгээс Ц.Баянмөнхөд төлсөн зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлыг харахад 391,545,195 төгрөг төлсөн, нэхэмжлэгч, хариуцагч нар П.Сүрэнгийн орон сууцтай холбоотой авсан, өгсөн мөнгөний асуудалд маргахгүй байгаа. Шүүхэд нэмэлтээр гаргасан нотлох баримтаас харвал, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Нэмэлтээр байгуулсан гэрээнд барьцааны 2 хөрөнгийг нэмж бичээд, зөвхөн П.Сүрэнгийн орон сууцыг үлдээж байна. Нэхэмжлэгч яагаад зөвхөн П.Сүрэнгийн орон сууцыг шаардаад байна. Зээлийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 сарын хугацаатай сунгасан. Зээлийн гэрээнээс харахад 9 сар үндсэн зээлээс чөлөөлсөн байх хүүгийн асуудал яригдана. Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 94,755,000 төгрөгийн шаардлага гаргахдаа сүүлд байгуулсан гэрээг үндэслэсэн атлаа нэхэмжлэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байгуулсан гэрээгээ цуцлах гээд байгаа юм шиг ойлгомжгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг цуцлах гэж байна уу, эсхүл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг цуцлах гэж байна уу, гэрээ цуцлах үндэслэл ойлгомжгүй, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, нотлох баримтууд илэрхий зөрүүтэй байна.

Бие даасан шаардлагын тухайд, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр миний хүү С.Мөнхбаяр Алтан эг ББСБ ХХК-иас 4,500,000 төгрөгийн зээл авч, барьцаанд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а-71 тоот орон сууцыг тавьж, П.Сүрэн миний бие хамтран зээлдэгчээр орсон. Гэрээний хугацаа дуусахад бид зээлээ төлж чадаагүйн улмаас хамаатан А.Лхагвасүрэнд хандаж түр хугацаагаар мөнгө зээлэх арга байна уу гэхэд, тэрээр надад мөнгө байхгүй харин таныг мөнгө зээлдэг хүнтэй танилцуулъя гээд В.Одхүү дээр дагуулж очсон. В.Одхүү нь банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг байсан, би өөрийн төрөлдөө итгэж В.Одхүүгээр ББСБ-аас авсан зээлийн 4,816,665 төгрөгийг зээлж ихэд баярлаж байсан юм. В.Одхүү нь, би танд зээлж өгсөн учраас та надад байрныхаа гэрчилгээг үлдээх ёстой, таны надад төлөх мөнгийг А.Лхагвасүрэн бид хоёр хоорондоо тохиролцоод зохицуулчихна гэсэн. Би ойлгохдоо хамаатан А.Лхагвасүрэн мөнгөтэй болонгуутаа В.Одхүүд миний зээлсэн 4,816,665 төгрөгийг төлөх, тэр болтол зээлийн барьцаанд байраа үлдээж байгаа юм байна гэж бодоод түүнд итгэсэн. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр В.Одхүү нь С.Мөнхбаярын зээлийг гар утаснаасаа төлөнгүүт намайг ажлынхаа хажууд байдаг нотариат руу дагуулж ороод таны байрыг зээлсэн мөнгөний оронд авч үлдэж байгаа гэсэн баримт хийлгэж нотариатаар батлуулах хэрэгтэй гэсэн. Дараа нь намайг нэг цаасан дээр гарын үсэг зурчих гэж хэлсэн, юу бичигдсэн байсныг уншилгүй баярласандаа шууд л гарын үсэг зурчихсан. В.Одхүүд байраа барьцаанд тавьж байна гэж бодоод итгэмжлэл хийж өгсөн байснаа сүүлд шүүхэд гуравдагч этгээдээр татагдахдаа ойлгож мэдсэн. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж заасны дагуу В.Одхүүд захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл өгөхдөө байраа барьцаанд тавьж байна гэж ойлгосон учраас уг итгэмжлэл ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл болж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн П.Сүрэнгээс В.Одхүүд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байр, 71 тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавиулах эрх олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, түүнийг үндэслэн хийгдсэн зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Ц.Баянмөнх нь В.Одхүүд олгосон итгэмжлэлийн дагуу зээл, барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгө болон барьцааны тухай заалтад нийцүүлэн барьцаанд авч Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Итгэмжлэл хуульд заасан худалдах, бэлэглэх, барьцаалах зэрэг бүх шаардлага, хэлбэрийг хангасан байсан. Төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон байсан учир бид үүнийг үндэслэж барьцаанд авсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэжээ. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухай, төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан. Нэгэнт бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу барьцаа хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр барьцаалсан. Хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс хариуцагч В.Одхүүд зээлийн гэрээний дагуу мөнгө зээлүүлсэн. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны эд хөрөнгө нь бусдын эд хөрөнгө байж болно гэжээ. Барьцааны зүйл бусдын эд хөрөнгө байгаа тохиолдолд түүнийг захиран зарцуулах эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр тодорхой үйлдэл хийх эрхийг олж авсан байхыг шаарддаг. Үүнээс үзвэл В.Одхүү нь П.Сүрэнгээс хуульд заасны дагуу байрыг захиран зарцуулах, худалдах, арилжих, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээний барьцааны барьцаалбарт гарын үсэг зурах эрхийг бүрэн олгож, уг итгэмжлэл нэг жилийн хугацаанд хүчинтэй байхаар зааж, агуулгыг уншиж танилцуулан, үр дагаварыг ойлгон, бусдын шахалт дарамтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж нотариатын тамга тэмдэгтэй, хуульд заасан төлөөлөх бүрэн эрхийг хангасан байсан учраас хууль зүйн хувьд үнэн зөв. Иймд уг итгэмжлэлийг үндэслэсэн барьцааны гэрээ мөн адил хуулийн хүчин төгөлдөр. Талуудын хооронд төөрөгдөж, хууртсан гэх зүйлийг Ц.Баянмөнх мэдэх боломжгүй. Итгэмжлэлд нотариатч энэхүү үйлдлийг хэн нэгний дарамт шахалтгүй үйлдсэн болохыг тайлбарлаж өгөөд, дор нь бичгээр үйлдсэн байна. Нотариатч, хувь хүн хоёрын хооронд болсон үйл явдлыг гуравдагч этгээд тайлбарлаж өгөөгүй гэдэг боловч нотлох баримтгүй. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар үйлчлүүлэгчид эрх үүргийг тайлбарлан, өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулж байгаа эсэхийг тодруулан хууль, эрхзүйн үр дагаврыг тайлбарлан зөвлөгөө өгөх нь нотариатчийн үүрэг бөгөөд нотариатч итгэмжлэл хийсэн. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр итгэмжлэлд үндэслэн барьцааны гэрээ байгуулсан, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэргүй учраас түүнийг хүчин төгөлдөр итгэмжлэлээр хийсэн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбарт: ...Гуравдагч этгээд төөрөгдсөн, барьцаанд тавьсан гэж ойлгосон гэжээ. Анх банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байж байгаад н.Лхагвасүрэн, В.Одхүү хоёроор чөлөөлүүлж авсан үйл явдал болсон. Барьцаанд эд хөрөнгө тавихад ямар үйл явдал болдог талаар П.Сүрэн мэднэ, дахиад барьцаанд авч байгаа, итгэмжлэл өгч байгаа талаар бичиг үсэг тайлагдсан хүн уншаад гарын үсэг зурсан байх ба хуурч мэхэлсэн үйлдэл огт байхгүй. Дээрх тайлбаруудаас харахад энэхүү үйлдэлд хариуцагчийг буруутгах зорилготой юм шиг харагдаж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01226 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч В.Одхүүгээс 68 140 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баянмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 878 642 төгрөгт холбогдох хэсгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр П.Сүрэнгээс В.Одхүүд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, дээрх итгэмжлэлийг үндэслэж хийгдсэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний С.Сүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 881 195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 412 541 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох 498 651 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 140 400 төгрөг гаргуулж П.Сүрэнд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1613 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Баянмөнх давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 452 745 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ ...гуравдагч этгээд П.Сүрэн нь Ц.Баянмөнх В.Одхүү нарын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний барьцааны хөрөнгө болгох зорилгоор тухайн итгэмжлэлийг олгоогүй, харин өөрийн зээлийг төлсөн төлбөрт барьцаалсан гэж ойлгож, итгэмжлэлд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь илүү үндэслэлтэй байна гэжээ. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д заасан хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрэх тухай ойлголт нь хүсэл зоригийн обьектив илэрхийлэл нь хүсэл зоригоо илэрхийлэгчийн бодит, дотоод хүсэл зоригтой үл нийцэж зөрүү үүссэн байхыг хэлнэ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл гуравдагч этгээд төөрөлдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал хэргийн материалд авагдсан гэрч А.Лхагвасүрэнгийн ..таны барьцаа хөрөнгө байгаа учраас та надад барьцаагаа ашиглуулчих, би таны барьцааг тавьж зээл аваад төлж өгье, өөр газраас авсан зээлээ төлөхдөө 5 сая төгрөгтэй чинь хамт би өөрөө төлнө, тусалсны хариуд байрыг чинь барьцаанд тавьж ашиглая гэж ярилцаж итгэмжлэл хийж авсан, хоорондоо харилцан тусалсан... гэх мэдүүлэг, П.Сүрэнгийн би хамаатандаа итгэсэн.. гэх мэдүүлгээр П.Сүрэн нь маргаан бүхий үл хөдпөх эд хөрөнгийг зөвхөн өөрийн хүү С.Мөнхбаярын зээлийг В.Одхүүгээр төлүүлсэн мөнгөний барьцаанд тавьсан гэж тайлбарласан нөхцөл байдал үгүйсгэгдэх бөгөөд гуравдагч этгээд П.Сүрэн, түүний хүү, гэрч С.Мөнхбаяр нар нь урьд байраа барьцаалан зээл авч байсан бөгөөд барьцаа хөрөнгөөр ямар журмаар хэрхэн барьцаалдаг талаар хангалттай тодорхой мэдсэн буюу мэдэх боломжтой. С.Мөнхбаяр нь итгэмжлэл хийхэд хамт байсан талаараа шүүхэд мэдүүлдэг. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба П.Сүрэнгээс В.Одхүүд олгосон итгэмжлэлийн агуулга нь хангалттай тодорхой бичигдсэн байдаг бөгөөд үүнииг уншиж үзээд ойлгоогүй төөрөгдсөн байх боломжгүй. Шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэснийг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй. Итгэмжлэл нь хуульд заасан журмын дагуу нотариатаар гэрчлэгддэг нэг талт хэлцэл болохын хувьд хүсэл зоригоо илэрхийлэгчийн хүсэл зоригийг үнэн зөв болохыг нотариатч хуульд заасан журмын дагуу гэрчилж, улмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотолгооны гол хэрэгсэл болдог. Иймд нотариатын үйлдлээр баталгаажсан хэлцлийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт зааснаар нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцох тухай зохицуулалттай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад П.Сүрэнгээс В.Одхүүд олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй, мөн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хариуцагч В.Одхүү, П.Сүрэн нар гаргаагүй байхад шүүх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна. Шүүх энэ асуудалд дүгнэлт өгөхдөө Итгэмжлэл нь В.Одхүү, П.Сүрэн нарын хоорондын тохиролцоо тул нотариатын үйлдэл хамаарахгүй гэжээ. Нотариатаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ хэлцлийн хувьд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр мөн эсэх асуудалд шууд дүгнэлт өгөн шийдвэрлэх боломжтой боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчинтэй болохыг хуульд заасан журмын дагуу нотариатч гэрчилсэн тохиолдолд эхлээд нотариатчийн үйлдэл хүчинтэй эсэх асуудлыг зайлшгүй тогтоох ёстой юм. Хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэхгүйгээр шүүх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож байгаа нь Нотариатын үйлдлийг хууль ёсны дагуу хийгдээгүй гэж дүгнэсэн хэрэг болох бөгөөд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх үүргийг тайлбарлан, өөрийн хүсэлт зоригийн дагуу байгуулж байгаа эсэхийг тодруулан, хууль эрх зүйн үр дагаврыг тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд хэрэв энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, үйлчлүүлэгч П.Сүрэнд тус итгэмжлэлийн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, өөрийн хүссэн хэлцэл мөн эсэхийг тодруулаагүй нь нотариатчийн буруутай үйл ажиллагаа болох бөгөөд үүний улмаас учирсан хохирлыг нотариатчаас шаардах эрхийн үндэслэлүүд бий болох юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6-р хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбайтай бүхий, Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Баянмөнх хариуцагч В.Одхүүд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлд 94,755,000 төгрөг, хүү 4,263,975 төгрөг, нийт 99,018,975 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг П.Сүрэнгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааган гудамж, 63а байрны 71 тоот орон сууцаас хангуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа 380,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн, гэрээний хугацаа дуусахад 149,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн, гэрээ сунгагдсан, ...уг хугацаанаас хойш зээлд 54,244,194 төгрөг, хүүд 23,691,000 төгрөг төлөгдсөн тул үлдэх төлбөр, хүүг гаргуулна, нийт 7 орон сууц барьцаалж гэрээ байгуулсан, зарим барьцааны зүйлийг чөлөөлсөн гэжээ.

Хариуцагч В.Одхүү нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа зээлийн гэрээний үүргийг барьцааны орон сууцаар хангахад татгалзахгүй гэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.Сүрэн гуравдагч этгээдээр оролцож, В.Одхүүд олгосон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр буст тооцуулах, Ц.Баянмөнх, В.Одхүү нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан БГ2017/04/03 барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, үндэслэлээ, ...Алтан-Эг ББСБ-д орон сууцаа барьцаалж зээл авсан, тус байгууллагад төлөх 4.816.665 төгрөгийг В.Одхүү төлсөн тул уг зээлийн барьцаанд орон сууцаа тавьж байна гэж ойлгож итгэмжлэл өгсөн, гэтэл В.Одхүү Ц.Баянмөнхөөс зээл авч, барьцаалсан байна. Итгэмжлэл олгохдоо төөрөгдсөн гэжээ.

 Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнхбуянгийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

1. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ-2017-04/03 тоот зээлийн гэрээгээр В.Одхүү Ц.Баянмөнхөөс 380,000,000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, 30 хоногт 2 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтэрвэл 0.40 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон нь тогтоогджээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцнэ.

Талуудын хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний нөхцлийг хэлэлцэн тохирч гэрээг бичгээр байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

2. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Тохирсон ёсоор 380,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч зээлийн зарим хэсгийг төлөөгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон, хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг шүүх дүгнэж, гэрээг дуусгавар болсны дараа төлөгдсөн төлбөрийг нийтэд нь үндсэн зээлээс хасч үлдэх 66,500,000 төгрөг, зээлийн төлөгдөөгүй хүү 1,640,333 төгрөг, бүгд 68,140,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Зээлийн үүргийг П.Сүрэнгийн орон сууцаар хангуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Зохигчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр хариуцагч В.Одхүү бусдын өмчлөлийн нийт 7 орон сууц барьцаалсны дотор П.Сүрэнгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц багтжээ.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, П.Сүрэн өөрийн өмчлөлийн дээрх орон сууцаа өмнө нь Алтан-Эг ББСБ-д барьцаалж 4,500,000 төгрөг зээлж, уг төлбөрийг төлөх зорилгоор хамаатны дүү А.Лхагвасүрэнгээс мөнгө зээлэхийг хүссэн, А.Лхагвасүрэн мөнгө зээлдэг, ББСБ ажиллуулдаг хүн гэж В.Одхүүтэй уулзуулсан, В.Одхүү П.Сүрэнгийн өрөнд 4.816.665 төгрөгийг ББСБ-д төлсөн, П.Сүрэн, В.Одхүүд орон сууцыг барьцаалах эрхийг олгож итгэмжлэл өгсөн, уг итгэмжлэлийг үндэслэж В.Одхүү Ц.Баянмөнхтэй барьцааны гэрээ байгуулж зээл авсан үйл баримт тогтоогдсон байна.

В.Одхүү, Ц.Баянмөнх нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний П.Сүрэнгийн орон сууцыг барьцаалсан хэсэг нь гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байвч уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй нөхцөл нотлогдсон байна.

Итгэмжлэлд орон сууцыг бусдад барьцаалах гэж заасан хэдий ч гуравдагч этгээд П.Сүрэн нь өөрийн 4.816.665 төгрөгийг төлүүлсний хариуд уг зээлийн барьцаанд тавиулах хүсэл зоригтой байснаас бус, В.Одхүүд орон сууцны үнийн хэмжээгээр бусдаас мөнгө зээлж барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрч энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж итгэмжлэл үйлдсэн нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хэлцэл хийгч хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хэлцэл хийсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Тухайлбал, В.Одхүүгийн Ц.Баянмөнхөөс зээлсэн нийт 380,000,000 төгрөгийн үүргийг хангуулах тухай барьцааны гэрээнд П.Сүрэнгийн өмчлөлийн орон сууцыг 45,000,000 төгрөгөөр үнэлсэн нь тусгагдсан байна.

Иймд П.Сүрэн нь В.Одхүүд итгэмжлэл олгохдоо ноцтой төөрөгдсөн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг итгэмжлэлийн үндсэн дээр байгуулагдсан Ц.Баянмөнх, В.Одхүү нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний П.Сүрэнгийн өмчлөлийн орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасантай нийцжээ.

 Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хүчинтэй байгаа нь итгэмжлэл олгохдоо төлөөлүүлэгчийн гаргасан хүсэл зоригийн илэрхийллийн агуулгад нөлөөлөх, тухайлбал, итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийхэд саад болохгүй байна.

Дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1613 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Баянмөнх нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ЗОЛЗАЯА

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                 Х.СОНИНБАЯР

                Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                                     Д.ЦОЛМОН