Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 787

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Буяндэлгэр,

шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар,

хохирогч П.Нямдэлгэр, түүний өмгөөлөгч Н.Арвинтариа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.Л-д холбогдох эрүүгийн 1704000970064 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Х-ын Л, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.............” ХХК-нд сантехникч ажилтай, ам бүл ганцаараа, ............ дүүргийн ..  дугаар хороо, .. дүгээр хорооллын ... байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/;

Х.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт П.Бямбацэцэгийн эзэмшлийн 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хамтран амьдрагч П.Нямдэлгэртэй маргалдан, улмаар “хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, эсрэг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Нямдэлгэрийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Х.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Т овгийн Х-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х-ын Л-г 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Л-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Л-гийн 2019 оны 6 дугаар сарын 06-наас 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Х.Л-гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардалд 2.790.000 төгрөгийг хохирогч П.Нямдэлгэрт төлснийг дурдаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Х.Л-гээс 226.551.859 төгрөг гаргуулж, хохирогч П.Нямдэлгэрт олгож, нэхэмжлэлээс 8.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Нямдэлгэр нь 20.290.000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Х.Л-гээс 2.960.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжпэгч П.Бямбацэцэгт олгож, Х.Л-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц 15 ширхэг эмний гялгар уутыг хохирогч П.Нямдэлгэрт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Х.Л нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, болсон асуудалд чин санаанаас гэмшиж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, тодорхой хэмжээний мөнгийг хохирогчид төлсөн бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй. Х.Л-гийн өөрийнх нь болон өндөр настай эхийнх нь эрүүл мэндийн байдал муу байгаа. Анхан шатны шүүх 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял хүндэдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй хэт нэг талыг баримталж ял оногдуулсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар шийдвэрлэхдээ хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хохирлын талаарх нотлох баримтыг үнэн зөв, бодитой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт хянаж үзэлгүйгээр хэт нэг талыг баримталж, Х.Л-гээс 226.551.859 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй байна. Хэрэгт авагдсан хохирогч Д.Нямдэлгэрийн Солонгос улс руу болон Монгол улсад эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт, унааны болон бусад зардлын баримтуудын зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, нэг баримтыг давхардуулж авсан, нэр тодорхойгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх хохирлын баримтууд нь үнэн зөв бодитой, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай эсэхийг нягталж шалгалгүйгээр хангаж шийдвэрлэсэн. 1 дүгээр хавтас хэргийн 159 дүгээр хуудас дахь Солонгос улсын “Сэвэрансе” эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний 8.000.385 вон /18.000.866 төгрөг/-ийн баримт албан ёсны төлбөрийн баримт эсэх нь эргэлзээтэй, 3 дугаар хавтас хэргийн 185-206 дугаар хуудас дахь нийтийн тээврийн карт цэнэглэсэн 393.230 вон /880.835.20 төгрөг/-ийн баримтууд нь картын дугаар нь өөр өөр гэх мэтээр нотлох баримтууд нь эргэлзээ бүхий байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, хохирогч П.Нямдэлгэрт цаашид мэс засал хийгдэхээр төлөвлөгдсөн гэх 63.000.000 вон /143.510.000 төгрөг/-ийн эмчилгээний зардлыг Х.Л-гээс урьдчилан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан бодит зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй бөгөөд ирээдүйд гарах зардлыг урьдчилан төлүүлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Л-гийн хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоож, ирээдүйд гарахаар төлөвлөгдсөн гэх бодит бус зардлыг хасч шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүгдэгч Х.Л-д ажил хийж, хохирол төлбөрийг барагдуулах нөхцөл бололцоог олгож оногдуулсан хорих ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгож сольж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийн төлбөр тооцоог харахад яг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг 85.831.665 төгрөг, ирээдүйд гарах хохирол нь 143.510.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Нийт 226.551.665 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байдаг бөгөөд үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дараах баримтаар няцаагдаж байгаа. Тухайлбал ижил он, сар, дугаартай баримтуудыг давхардуулж бичсэн. Нотлох баримтын шаардлага хангаагүй, санхүүгийн хүчин төгөлдөр бус баримтуудыг хавсаргасан байхад анхан шатны шүүх тэдгээрийг нэг бүрчлэн шалгаж, нягтлахгүйгээр хохиролд оруулж тооцсон. Мөн ирээдүйд гарах эмчилгээний зардлыг бодит хохиролд оруулан тооцож шүүгдэгч Х.Л-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Тухайлбал шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан 2018 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн 3 баримт байдаг. Эхний бодит хохирол болох 138.010 вон буюу 360.062 төгрөгийг /хх 219-220/ хохирол төлбөрт оруулсан бөгөөд урьдчилж төлсөн 139.710 вон буюу 311.553 төгрөг, мөн өдрийн 539.210 вон буюу 1.202.438 төгрөгийг тус тусад нь хохиролд тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт хавсаргасан санхүүгийн баримтуудыг дээрх дүнд тулгаж нягтлахад энэ өдрийн эхний төлбөр болох 148.010 вон байх бөгөөд энэ төлбөрөө 139.710 вон, 810 воноор тус тус төлж барагдуулсан байхад анхан шатны шүүх нийт төлбөр болох 148.010 вон болон урьдчилан төлсөн 139.710 воны төлбөрийн дүнг тус тусад нь хохирол гэж үзэж нэгтгэж дүгнэсэн нь буруу байна. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дахь бодит хохирол болох 391.200 вон байхад эхний төлбөрийн 148.010 воныг мөн давхардуулан тооцож 539.200 воны хохирол учирсан гэж тооцсон нь үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол гэж тооцсон дээрх төлбөрийн гурван дүнг нэгтгэхээр 826.920 вон буюу 1.843.053 төгрөг болж байна. Давхардсан баримтыг нягтлалгүйгээр 287.710 вон буюу 641.615 төгрөгийг нэмж төлүүлэхээр иргэний нэхэмжлэлийг хангасан нь хуульд нийцээгүй байна. Хавтас хэргийн 10 гаруй хуудсанд байгаа баримтуудыг нягтлахад дээрх байдлаар баримтуудыг давхардуулж хохирлын тооцоог бодит бусаар өсгөж гаргаж ирсэн 5 тохиолдол байдаг. Би бүх баримтуудыг хүснэгтлээд гаргасан байгаа үүнийг шүүхэд гаргаж өгөх саналтай байна. Хохирогч Нямдэлгэр Солонгос улсын Асан, Католик Гуандунг Их сургууль, Олон Улсын СТ.Мариа гэх 3 эмнэлгийн үнийн саналыг хэрэгт хавсаргаж тэдгээр үнийн санлуудыг нэгтгэн нийт 143.510.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх бодит хохиролд оруулан тооцож нэхэмжлэлийг хангасан нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй байна. Нэгдүгээрт Асан эмнэлгийн төлбөр 24.000.000 вон буюу 54.230.000 төгрөг болж байна. Мөн Католик Гуандунг Их сургууль, Олон Улсын СТ.Мариа эмнэлгийн төлбөр 9.500.000 вон буюу 21.470.000 төгрөг болдог. Энэ эмнэлгүүдийг хохирогч урьдчилан сонгоогүй, уг эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ хийлгэсэн баримт байдаггүй. Эмчилгээний бодит зардал эмчилгээ хийгэж дууссан үед гарна гэж заасан байхад зөвхөн үнийн саналыг үндэслэж эдгээр эмнэлгүүдийн төлбөр болох Монгол төгрөгөөр 75.710.000 төгрөгийг санхүүгийн нотлох баримтгүйгээр бодит хохирол гэж урьдчилж тооцсон нь хуульд нийцээгүй байна. Мөн гадаад валютын ханшийн хэлбэлзэлийг харгалзалгүйгээр бодит хохирлыг урьдчилж тооцох боломжгүй. Хохирогч “Severance” эмнэлгийг сонгоод 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр  12.075-аас 13.080 долларын үнийн санал авч тус эмнэлгийг сонгож нүдний мэс заслыг хоёр удаа, 27 удаагийн эмчилгээ хийлгэж, эмчилгээний нийт төлбөрт 25.969.000 төгрөг төлсөн баримтыг хавсаргасан байна. Эдгээр эмчилгээг хийлгэсний дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр мөн эмнэлгээс 20.000-аас 30.000 воны үнийн санал авч хэрэгт хавсаргасан байхад анхан шатны шүүх 25.969.000 төгрөгийн бодит хохирлыг тооцолгүйгээр өндөр үнэ бүхий үнийн саналыг оруулж тооцсон нь эргэлзээтэй тул нягталж шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан хэрэгт хавсаргасан нэр, хаяг, тамга, тэмдэггүй буудлын баримтууд, визний мэдүүлгийн хураамжийг давхардуулсан баримт, санхүүгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага ханаагүй, нэхэмжилж буй мөнгөн дүнг нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байхад анхан шатны шүүх тэдгээрийг нягтлалгүйгээр хэт яллах талыг барьж хохирогчийн нэхэмжлэлийг бүрэн хангасан нь хуульд нийцээгүй байна. Тухайлбал “Severance” эмнэлгийн 8.385.000 вон буюу 18.866.025 төгрөгийн баримт тамга, тэмдэггүй ба гарын үсэггүй үнийн жагсаалтуудыг хавсаргасан байх бөгөөд эдгээрийг төлсөн гэх санхүүгийн нотлох баримтууд байхгүй байна. Мөн асран хамгаалагчийн хилээр гарсан, орсон хугацааг онгоцны тийзтэй харьцуулж шалгалгүйгээр 5.626.600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй. Солонгос улсад байсан хугацааны байрны төлбөр, митроны төлбөрийн карт зэргийг нэг бүрчлэн түүвэрлэж үзэхэд 14 өөр дугаартай картыг цэнэглэсэн байгаа нь эргэлзээтэй төдийгүй эдгээрийн төлбөр болох 2.834.200 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Дээрх баримтуудыг нэгтгэж үзэхэд шүүхийн тогтоолоор бодит хохирлоор тогтоосон 85.831.665 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэй 52.240.329 төгрөгийн нэхэмжлэлийг дахин нягталж шалгах үндэстэй. Шүүгдэгч Х.Л болон түүний ах, дүүс нь хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлдэг. Гэхдээ хохирлыг бодитой тогтоож өгнө үү гэдэг. Өмгөөлөгч миний дурдсан эдгээр зүйлийг давж заалдах шатны шүүх дахин хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудад нийцүүлж, нотлох баримтуудыг үндэслэж хохирлын хэмжээг бодитоор тогтоож өгнө үү. Ингээд хохирлын баримтуудыг хүснэгтлээд жагсаасан баримтуудыг гаргаж  өгч байна.” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч П.Бямбацэцэг тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Х.Л өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож чин сэтгэлээсээ гэмшиж хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа хэдийч бодит хохирлоо төлөөгүй, зөрчигдсөн эрхийг сэргээгүй атлаа, цаг хугацаа алдуулж, хий хоосон дүр эсгэж, өмгөөлөгч нар нь хуулийн заалтыг өөрийнхөөрөө буруу тайлбарлан, шүүгдэгчээ тойрч будилуулж байгаа өмгөөлөгч нарыг ч ойлгохгүй байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг төлөх үндэслэлтэй байна. Х.Л нь гэм буруугаа чин сэтгэлээсээ гэмшин ойлгож байсан бол нэмж дахин нэг өмгөөлөгч аваад мөнгө зараад илүү зардал гаргаад цаг хугацаа алдаад явж байхын оронд хохирогчийн эмчилгээний төлбөрийг төлж, иргэн миний нэхэмжлэлийн шаардлага болох 2.960.000 төгрөгийг төлөөд, гэм буруугаа ойлгоод, гэмшээд уучлал гуйгаад, ёс зүйтэй, ухамсартай, хариуцлагатай иргэн хүнийхээ үүргийг биелүүлж байж ял шийтгэл эдлэх асуудлаа ул суурьтай бодож ухамсарлан ойлгож яримаар байна. Энэ бүхэндээ дүгнэлт хийж 2.960.000 төгрөгөө цаг алдалгүй төлж өгмөөр байна. Миний бие хохирогчийн эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж машины үнэлгээг зах зээлийн хамгийн хямдаар үнэлэгдсэн байх үнэлгээг хүлээн зөвшөөрч яваа болно.” гэжээ.

 

            Хохирогч П.Нямдэлгэрийн өмгөөлөгч Н.Арвинтариа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай оролцож байна. Хүнийг санаатай алахыг завдсан гэх зүйл ангиар зүйлчлэх ёстой гэж анхан шатны шүүх хуралд хэлж байсан. Миний үйлчлүүлэгч гол нь хохирлоо гаргуулж авах хэрэгтэй байна гэдэг. Эмчилгээний зардлаа гаргуулж аваад дараагийн эмчилгээгээ бодох хэрэгтэй, энэ асуудалтай 2 жил зууралдлаа, хохирлын мөнгө гаргуулж авч чадсангүй. Хүнийг санаатай алахыг завдсан гэх зүйлчлэлээр шалгана гэхээр дахиад хэрэг цагдаа дээр очоод сар, жилээр сунжирна. Ийм зүйлийг хүсэхгүй байна гэх асуудал тавьдаг. Гэр бүлийн хамаарал бүхий хүнд хүнд гэмтэл учруулсан. Өмнө нь заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн байгаа. Энэ нь тогтоогдоод Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцсон асуудал байдаг. Хохирогч гэр бүлийн хамааралтай байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй уг хэргийг одоо байгаагаар нь шийдвэрлээд өгөөч, хамгийн гол нь би хохирлоо гаргуулж авах хэрэгтэй байна гэдэг. Өнөөдөр хохирогчийн хувьд амьд үлдэх нь чухал болсон. Гоо сайхны хувьд маш хүнд байдалд орсон. Анхан шатны шүүх хуралд уг зүйл ангийн хамгийн дээд ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг хэлсэн. Уг хэрэг гараад 2 жил болж байхад хохирлын мөнгийг төлөөгүй. Хохирогчийн араас мөрдөж заналхийлсэн байдаг. Иймд таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж цагдан хорьж өгнө үү гэх саналыг шүүхэд тавьж байж цагдан хориулсан. Энэ хугацаандаа 2 сая төгрөг гаргаж өгсөн. Сайн дураараа нэг ч төгрөг төлөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг маш сайн нухацтай авч үзсэн. Давхардаад байгаа баримтуудыг хохирогч Нямдэлгэр өөрөө тайлбарлана. Зарим шинжилгээнүүдийг давхар хийж байсан. Хүний газар хэл мэдэхгүй хүнд байдалд байгаа хүн, үүнээс илүү ямар баримт цуглуулж ирэх вэ, ямар баримт шаардаад байгааг ойлгохгүй байна. Бүх баримтуудыг албан ёсны баталгаат орчуулгын төвд очиж орчуулсан байдаг. Орчуулсан хэлмэрч нар бүгд ирээд тайлбараа өгсөн. Хохирогчийн нэхэмжлээд буй 226 сая төгрөг бол юу ч биш, нүдийг нь эргээд хэвийн байдалд оруулахын тулд нулимасны сүвийг нь хийх хагалгааг зөвхөн Америк улсын Вашингтон хотод хийдэг. Уг хагалгаа асар их үнэтэй хагалгаа. Энэ хагалгааны баримтуудыг оруулж ирээгүй байгаа. Зөвхөн зовхины хагалгааны мөнгө л орсон байгаа. Осолд орсноос хойших сэтгэл санааны зовиур шаналал, өвдөлт зэргийг тооцоогүй. Хүн алахыг завдсан хүн хөнгөн ял авчихаад, дээрээс нь хохирлыг нь төлөөгүй байж ийм асуудал ярьж байгааг зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

            Хохирогч П.Нямдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч өнөөдөр эмчилгээний зардал төлнө, хохирол төлөхөө илэрхийлж байна гэж байна. Үнэхээр төлөхөө илэрхийлж байгаа бол уг хэрэг гарснаас хойш 1 жил 8 сарын хугацаанд юу хийж байсан юм бэ, өөрийнхөө эзэмшлийн байрыг нуучихаад өнөөдөр ямар ч эд хөрөнгөгүй, ажил хөдөлмөр хийгээд хохирол төлнө, урт л хугацаа зарцуулах байх гээд хэлж байгаа хүнээс эмчилгээний төлбөрөө авна гэдэгт би итгэхгүй байна. Шүүгдэгч яагаад өөрийнхөө байрыг нуусан бэ, уг асуудлыг шалгаад өг гэхээр шалгаж өгдөггүй. Би яагаад шүүгдэгчийн нэр дээр байр байгааг мэдэж байна вэ гэвэл лизингийн мөнгөө төлж чадахгүй байх үедээ надаас төлбөрөө зээлж байсан. Өнөөдөр эд хөрөнгө байхгүй гэж  байгааг ойлгохгүй байна. Анх би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Severance” эмнэлэгт хандсан. Уг эмнэлэгт үзүүлэхэд нарийвчилсан үзлэгт хамрагдахад нүдний хараа болон эд эсийг холбох хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Дараа нь гоо сайханы хагалгаа буюу нөхөн сэргээх хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Яригдаад байгаа 8.385.000 вонд хийлгэсэн шинжилгээний хариунууд 2 дугаар хавтас хэргийн 162-181 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Нүдний хяларын шинжилгээ нь 2 дугаар хавтас хэргийн 177-188 дугаар хуудсанд байгаа. Үүнд нүдний байдлыг өнгөтөөр авсан байдаг. Эдгээр хуудсанд бүх зургууд авагдсан байгаа. Нулимсны хүүдий байхгүй хэсэг нь 2 дугаар хавтас хэргийн 164-181 дүгээр хуудсанд байгаа. 8.385.000 воны төлбөрийн мэдээллийг дэлгэрэнгүй харуулсан. Үүнд эмчийн үзлэгийн хураамж, эм, тариа, татварын хураамж, лабораторийн багажны төлбөрийн хураамж, лазер эмчилгээний хураамж гэсэн зүйлүүд орж байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 4-ний нүдний эмчийн 70388 кодтой магадлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 81779 кодтой хяларын эмчийн магадлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 7-ний өдрийн арьс судлалын эмчийн магадлагаа байдаг. Ийм гурван эмчийн магадлагаа байдаг. Эдгээр эмч нар бүгд шинжилгээний хариуг харж байгаад эдгэрэлтийн ийм, ийм арга шийдлүүд байна, та ийм аргыг сонгох нь зүйтэй гэж хэлсэн. Төлбөрийн баримтыг 2 дугаар хавтасны 110-190, 111, 175 дугаар хуудсанд салгаад бичсэн байсан. 4-5 дугаар хуудсанд байх баримтуудыг наториатаар батлуулсан байгаа. Хохирлын мөнгө нэхэмжилсэн баримтад давхацсан баримт байхгүй. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар би эмчилгээний төлбөр болох 1 дэх төлбөрөө 76.000.000 төгрөг, 2 дахь төлбөрөө 87.800.000 төгрөг гэсэн. Нийт 163.800.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжилсэн уг мөнгөөрөө би нүдний хагалгаанд орно. Энэ эмчилгээний мөнгөн дүнг би хамгийн байж болох боломжит байдлаар гаргасан. Эдгээр хүмүүсийн ярьж байгааг ойлгохгүй байна. 3 дугаар хавтасны 23 дугаар хуудсанд миний эрүүл байсан үеийн зураг байгаа. Үүний дараа Монголд хагалгаанд орсон үеийн зураг байгаа. Лазер эмчилгээнд орсон зурагнууд байгаа. Харьцуулан судлаад дүгнэлт хийж өгнө үү. Шүүгдэгч үнэхээр гэм буруугаа ойлгож байгаа бол хохирол барагдуулах талаар юу хийсэн бэ, намайг өвдөж шаналаад, хагалгаанд орж байх явцад ажил хийгээд миний байгаа мөнгө энэ гээд эмчилгээний төлбөр төлөлцөөд явж байхгүй яасан юм бэ. Шүүгдэгч гэм буруугаа ойлгоогүй. Ял шийтгэл дээр надад хэлэх зүйл байхгүй. Өмгөөлөгч маань хэлсэн. Хамгийн гол нь хүний гоо сайханыг алдагдуулчихаад надад нэг ч төгрөг төлөөгүй байж, надаас ийм баримт дутуу, тийм баримт байхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Би митроны баримтаа тайлбарлахаа мартсан байна. Тэр орны хамгийн бага тээврийн хэрэгслийг сонгож явсан. Картын дугаар эд нарыг өвчтэй би анзаараагүй. Картын дугаарын талаар асууж ч мэдэхгүй. Миний гаргаж өгсөн баримтууд шаардлага хангасан гэж үзэж байна.” гэв.

 

            Прокурор Б.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан байдаг. Үүний дагуу нотлох баримтуудад үнэлэлт хийж, хохирогч Нямдэлгэр цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн учраас гэм хорын хохирлыг урьдчилж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Х.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Бямбацэцэгийн эзэмшлийн 03-51 УБВ улсын дугаартай “Тоёота платз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хамтран амьдрагч П.Нямдэлгэртэй маргалдан, улмаар “хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, эсрэг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Нямдэлгэрийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогч П.Нямдэлгэрийн “...Л бид хоёр Багануур руу явж байхдаа “маргааш том машинаар өвсөнд явах уу, яах уу” гэж ярилцаад явж байсан. Тэгтэл Х.Л-гийн яриа нь өөрчлөгдөөд “чи ер нь надтай суух юм уу, нэг бол өөр хүнтэй суух гээд байгаа юм уу, одоо суух суухгүй гэдгээ хэл” гэхээр нь би “бодож байж болно” гэхэд Х.Л “тэгвэл хамт үхнэ” гэж хэлээд жолоодож явсан машиныхаа хурдыг нэмэхээр нь би “болиоч” гэхэд “би чамайг ална, нэг бол хамт үхнэ” гээд дахин машиныхаа хурдыг нэмээд шулуун замд эсрэг урсгал руу ороод жолооны хүрдээ над руу дарж замын голын цагаан зураасны зүүн гар талд ороод маш хурдтай явж байгаад нүд ирмэхийн зуур машин онхолдож би толгойгоороо хүчтэй юм мөргөж ухаан алдсан. ...” /1хх 77-80/,

иргэний нэхэмжлэгч П.Бямбацэцэгийн “...Манай нөхөр рүү Л утсаар яриад “би аваар хийгээд Нямдэлгэрийг алаад хаячихлаа, нүүр нь байхгүй болсон шүү” гээд утсаа салгасан гэж хэлсэн. Ингээд нөхрийн хамт Багануур дүүрэг рүү ирэхэд Нямдэлгэрт анхны тусламж үзүүлээд Улаанбаатар хот руу явахаар машин бэлдэж байсан. Нямдэлгэр тухайн үед юм яриагүй ухаан санаа нь орон гаран байх шиг байсан. Л намайг ална гээд заналхийлж ийм байдалд оруулсан гээд уйлаад байсан. Миний машины хохирлын үнэлгээ 2.960.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” /2хх 135/,

гэрч С.Батзаяагийн “...Л дээрх машинаа унаад Нямдэлгэр хажуугийн суудалд нь суугаад надаас түрүүлээд чулуун карьераас хөдлөөд явсан. Багануур дүүргийн 2 дугаар хороо руу дөхөж ирэхэд Л ахын жолоодож явсан машин замын урд хажуу руу онхолдсон байсан. Тэр өдөр Налайх болон Эрдэнэ суманд Л, Нямдэлгэр хоёр хэрэлдэж маргасан зүйл ажиглагдаагүй. ...” /1хх 88/,

гэрч Д.Надмиджанлавын “...П.Нямдэлгэр гэх эмэгтэй над дээр орчуулга хийлгэхээр ирсэн. Нүүр нь их эвгүй болсон байсан. Нэг сар гаруйн өмнө эмчилгээ хийлгэсэн баримт, эм уусан баримт, зураг зэрэг 20 гаруй хуудас материалд орчуулга хийлгэсэн. Орчуулгын төлбөр 100.000 төгрөг авсан. Би орчуулгын материалын дээрх үнэ төлбөрийг тооцож үзээгүй, дээрх материалууд эх хувиараа байсан. Надад орчуулга хийх эрх, компанийн орчуулгын тамга тэмдэг байгаа. Манай компани “Нью даймонд” ХХК гэсэн нэртэй. Энэ хүн над дээр авчирсан материалдаа орчуулга хийлгэсэн, өөр хууль бус буруу орчуулга хийлгэх талаар санал тавиагүй. ...” /2хх 125/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1293 дугаартай “2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12039 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. П.Нямдэлгэрийн биед зүүн нүдний зовхи гадагш эргэлт, зүүн нүдний доод зовхины мөгөөрсний үхжил, зүүн нүдний бүлтийлт, тархи доргилт, хамар ясны хянга хэсгийн бяцарч цөмөрсөн, зүүн хажуу хананы зөрүү ихтэй нийлмэл хугарал, хамар, зүүн үргэлжилж хамар, духны баруун хэсэг хүрсэн сорвижил, эрүүний зүүн тал, зүүн хацар шанаа, хамар, чамархай, баруун, зүүн нүд орчмын зөөлөн эд, духны зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зүүн алганы язарсан шарх, зүүн ташаа, баруун, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1хх 113-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 784 дугаартай “Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1293 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Анхны үзлэг болон дүгнэлтээр 12039 тоот дүгнэлтэд П.Нямдэлгэрийн нүүрэнд учирсан хууларсан том хэмжээний шархны эдгэрэлт болон эмчилгээний үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй байсан тул эрүүл мэндийг сарниулах хугацаагаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамааруулж дүгнэлтийг гаргасан байна. Хохирогч П.Нямдэлгэрийн биед хамар ясны хянга хэсгийн бяцарч цөмөрсөн, зүүн хажуу ханын зөрүү ихтэй нийлмэл хугарал, хамар, зүүн хацар, дух, зүүн нүдний зовхины хэсгийн халдварлагдаж хууларсан шарх, уг шархны эдгэрэлийн дараах овойж, хонхойж татагдаж эдгэрсэн сорвижил, эрүү, зүүн хацар, шанаа, хамар чамархай, баруун, зүүн нүд, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны цус хуралт, зүүн алганы язарсан шарх, зүүн ташаа, хоёр өвдөгний цус хуралт, зүүн зовхи гадагш эргэлт, зүүн доод зовхины мөгөөрсний үхжил, тархи доргилт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Хохирогч П.Нямдэлгэрийн эрүүл мэндэд учирсан хохирол нь нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдуулсан гэмтэлд хамаарч байх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлээс үүссэн үлдэц уршиг нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах буюу нүдний зовхи, аньсага, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэх шаардлагатай гэмтэлд хамаарна. Цаашид хохирогч П.Нямдэлгэрийн эрүүл мэндэд учирсан хохирол нь түүний гоо сайхныг алдагдуулсан нүүрэн дэх гэмтлийн улмаас үүссэн сорви, нүүрний хэм алдагдалт нь нөхөн сэргээх мэс заслын эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай.” /1хх 241-244/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-11, 39-42/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 25-29/, хохирлын баримтууд /2хх 55-105, 3хх 1-21, 128-212/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Х.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь, хорих ялыг эдлүүлэхээр заасан дэглэм нь тус тус хуульд нийцсэн гэж үзэв.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч П.Нямдэлгэрт учирсан бодит хохирлыг тооцож түүнд 85.831.859 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу хохирогч П.Нямдэлгэрээс цаашид эмчилгээ хийлгэхэд шаардагдах 143.510.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ. Эмчилгээнд зайлшгүй гарах зардлын хэмжээг Солонгос улсын Асан, Католик Гуандунг Их сургууль, Олон Улсын СТ.Мариа гэх эмнэлгүүд тооцож гаргасан баримт хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар нар нь “...Х.Л-гийн хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоож, ирээдүйд гарахаар төлөвлөгдсөн гэх бодит бус зардлыг хасч шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүгдэгч Х.Л-д ажил хийж, хохирол төлбөрийг барагдуулах нөхцөл бололцоог олгож оногдуулсан хорих ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял болгож сольж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн үнэлж дүгнэсэн хохирлын баримтууд болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хохирогч П.Нямдэлгэр нь Солонгос улсад 4 удаа эмчилгээ хийлгэсэн байх ба эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай байгаа нь Солонгос улсын эрх бүхий байгууллагын эмчилгээний зардлын тооцоо, тодорхойлолт, 784 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх ба эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилж төлүүлж болох эрх зүйн үндэслэлийг Иргэний хуульд тодорхой заасан, шүүх хохирогчийн биед учирсан хохирол, хор уршгийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ял оноосон байх тул давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

 

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                             

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                            Д.ОЮУНЧУЛУУН

 

 ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ