Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 764

 

    А.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Ундрах,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О, түүний өмгөөлөгч Э.Золжаргал, Н.Жавзандолгор,  

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н өмгөөлөгч Э.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлоор А.С-д холбогдох 1908 00134 0590 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн А-н С, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ө” ХХК-д туслах тогооч ажилтай, ам бүл 4, өвөг эцэг, эх, ах нарын хамт ............ дүүргийн 14 дүгээр хороо, ............ дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;

А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн ажлын байрны хувцас солих өрөөнд М.Б-тай маргалдаж, түүн рүү өөрийн “Iphone-6” загварын гар утсаа шидэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн “Iphоnе-6” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н өмгөөлөгч Э.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан. Гэтэл шүүгдэгч А.С нь хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж түүн рүү гар утас шидэж, зүүн нүдний харааг 0.09 хувь буюу харах чадварыг 90 хувь алдагдуулсан /зүүн нүд юм харахгүй болсон/ хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан байхад шүүх эсрэгээр нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял ногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж заасан байдаг бол дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн зорилгын эсрэг өөрөөр хэлбэл, 600.000 төгрөг төлөөд хүний нүдийг сохолж болох агуулгатай шийтгэх тогтоол гаргажээ. Хүний биед хүндэвтэр гэмтэл болгоомжгүй болон хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт ч өгөхөөргүй ял оноосон байдаг.

2. Хохирогч М.Б нь 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөр газарт шилжиж ажиллах гэж байсан боловч шүүгдэгч А.С-н санаатай учруулсан хүндэвтэр гэмтлийн улмаас ажлаа солих боломжгүй болж, улмаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан. Хэрэв шүүгдэгч А.С хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулаагүй байсан бол өөр газарт шилжиж ажиллах, амь насаа алдахгүй байх нөхцөл бололцоо байсан. Хохирогчийн ар гэрийн зүгээс гол гомдолтой байгаа зүйл гэвэл хэрэг болдог өдрөөс 2 хоногийн дараа өөр ажилд орох байсан, энэ хэргийн улмаас болж орж чадаагүй явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирогчийн эмчилгээнд 2.000.000 төгрөг, хохирогчийн цалингийн зээл авсан 16.050.000 төгрөг, хохирогчийн 2 хүүхдийг тэжээн тэтгэхэд зориулж 41.950.000 төгрөг буюу нийт 60.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус хохирол учирсан, энэ хохирлуудыг шүүх зөвхөн хэрэгт авагдсан зарлагын баримтыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэг бүртгэлийн шатанд “Орбита” эмнэлгийн 3 ширхэг зарлагын баримтын үнийн дүн харагдахгүй байна гэх үндэслэлээр нотлох баримтыг аваагүй, хэрэг бүртгэгч хохирогчид “прокурорын шатанд “Орбита” эмнэлгийн 3 ширхэг баримт болон бусад баримтуудаа авч ирж болно” гэж хэлсэн. Гэтэл “Орбита” эмнэлэгт дээрх баримтыг ахиж гаргаж өгөх боломжгүй байсан тул гаргаж өгч чадаагүй, дээр нь гэрийнхээ ойролцоох эмийн сангуудаас эм тариа, дусаалга зэргийг олон удаа баримтгүй авсан, энэ тухайгаа хэрэг бүртгэгчид хэлсэн. Тэгээд анхан шатны шүүхэд урьд нь эм тариа, дусаалга авч байсан эмийн сангуудаас урьд авч байсныг мэдэх тул холбогдох баримтуудыг авч шүүхэд өгсөн боловч анхан шатны шүүх уг баримтуудыг үнэлээгүй. Шууд бус хохиролд гэрч Мөнхнямын мэдүүлэгт дурдсанчлан хохирогч нь олон удаа ажлаасаа чөлөө авч нүдээ үзүүлэх, эмчилгээ хийлгэж байсан талаар дурдсан байдаг. Энэ болгонд ажлаасаа такси барих, зарим үед танил хүмүүсийн машинд бензин хийж, эмнэлэг явах зэрэг асуудал гардаг байсан, ажил нь Төв цэвэрлэх байгууламжаас хотын төвд ирэхэд нэг талдаа л 10.000 төгрөг гардаг. Дээр нь ажлаас чөлөө авна, сэтгэл санаа болон бусад хохирлыг анхан шатны шүүх огт үнэлээгүйд гомдолтой байна.

Тухайн хэргийн улмаас хохирогчийн зүүн нүд ахиж эмчлэгдэх боломжгүй болсон талаар Энэтхэг улсаас ирсэн мэргэжлийн эмчид үзүүлэхэд дурдсан бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нөгөө талаас шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогчид нөхөн төлөхөөр хандсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай шүүгдэгчид оноосон эрүүгийн хариуцлагын хэмжээг нэмэх, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.000.000 төгрөг, хор уршиг 60.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.С нь ямар хэмжээний хохирол учирсныг мэдсээр байж хохирлоо төлөхгүй байсан. Хохирлыг төлж барагдуулах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй. Иймд хохирогч болон хохирогчийн ар гэрийнхэн маш гомдолтой байна. Давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх манай нөхөр энэ хэрэгт намайг оролцуулаагүй. С нь хагалгаа хийлгэхэд, мөн эмнэлэгт үзүүлэхэд хамт явж байгаагүй. С нь миний нөхрийг цохиж гэмтээгээгүй байсан бол одоо амьд байх байсан. Учир нь 2 хоногийн дараа ажлын газраа солих байсан. Би маш их гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан баримтуудыг хавтас хэрэгт хавсаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 60.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүчингүй болгож, иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн ажлын байрны хувцас солих өрөөнд М.Б-тай маргалдаж, түүн рүү өөрийн “Iphone-6” загварын гар утсаа шидэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тухай ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж зааснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол “... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх...” ялын төрөлтэй.

Гэтэл А.С-н үйлдлийн улмаас хохирогчиийн биед зүүн нүдний өмнөд камерийн цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,1/ хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл буюу харах эрхтэний гэмтэл учирсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх харгалзан үзээгүй нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялын доод хэмжээг сонгож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.З-н гаргасан давж заалдах гомдлоос “... ял шийтгэл хөнгөдсөн ...” гэсэн хэсгийг хүлээн авч, А.С-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.