Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 70

 

С.С-, Т.Б-, М.Н-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0260/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                       С.С-   

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа                                                 

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолтой, Т-ын Б-, С-ын С-, М-ы Н- нарт холбогдох, 201709000303 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь :

 - 2001 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.т зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар,

- 2002 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

 -2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2., 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар 5 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж  2016 оны 3 дугаар сарын 29-нд  эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт С-ын С-.,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь:

-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1.т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт Т-ын Б-.,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, А- овогт М-ы Н-.

Шүүгдэгч С.С- нь Т.Б-тэй нар бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1б байрны аркад иргэн Д.Ө-гийн 287.500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн.,

Шүүгдэгч С.С- ганцаараа 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хажууд байрлах “Кузов” засварын манаачийн байранд иргэн Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан.,

Шүүгдэгч С.С- М.Н- нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, б “Рояал” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 454.500 төгрөгийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн.,

Шүүгдэгч Т.Б- нь хамтран амьдрагч С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр.,  мөн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан., 2018 оны 11 дүгээр сарын 2, 13-ны өдөр  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5.3 дугаар байрны подвальд иргэн С.С-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.,

Шүүгдэгч М.Н- нь С.С-тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 454.500 төгрөгийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,

Шүүгдэгч М.Н- нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт иргэн О.У-тай маргалдаж чулуугаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт С-ын С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т заасан бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулах., 17.2 дугаар зүйлийн 1., 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б- овогт Т-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх., 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А- овогт М-ы Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах., 17.2 дугаар зүйлийн 1.т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.т зааснаар шүүгдэгч Т.Б-ийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч С.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч С.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар 5 жил хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 6 сар хорих ялаар., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2 жил хорих ялаар.,

Шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар., 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч С.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт  7 жил 6 сар  хорих ялаар .,

-шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт  2 жил 2 сар хорих ялаар.,

        - шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт  8 сар хорих ялаар  тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Т.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт  3 жил 8 сар /гурван жил найман сар/  хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар С.С-д оногдуулсан 7 жил 6 сар хорих ял, Т.Б-т оногдуулсан 3 жил 8 сар хорих ял, М.Н-т оногдуулсан 8 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1.т зааснаар М.Н-т 8 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар С.С-ын цагдан хоригдсон 517 /таван зуун арван долоо/ хоног, Т.Б-ийн цагдан хоригдсон 659 /зургаан зуун тавин ес/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч М.Н- нь 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1., 2.т тус тус зааснаар шүүгдэгч М.Н-т хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан хүүхэд асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.т зааснаар шүүгдэгч С.С-аас 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргаж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн ард талын  гражид амьдардаг Б- овогт Х-гийн С-т /РД: **********, утас:********/-т олгож, шүүгдэгч М.Н-ээс 447.600 /дөрвөн зуун дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргаж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 9 дүгээр хэсэг 4-22 тоотод оршин суух Б- овогт О-гийн У- /РД:**********, утас: ********/-Д олгох, шүүгдэгч Т.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Ө-, Л.О- нар нэхэмжлэх зүйлгүй, хохирогч О.У- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, срочкин цамц 1 ширхэг, малгайтай цамц 1 ширхэг, дотоож 1 ширхэг, гар нүүрийн алчуур 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, эмэгтэй хүний цамц 1 ширхэг, эмэгтэй хүний футболк 1 ширхэг, чулуу 1 ширхэг зэргийг устгаж,

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-, Т.Б- нарт авсан цагдан хорих, шүүгдэгч М.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С- давж заалдах гомдолдоо:

...Т.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, худал мэдүүлдэг. Би хамраа цохиулж, мөр лүүгээ заазуурдуулж, толгой руугаа удаа дараа шилээр цохиулж, хана мөргүүлж, миний толгой руу дэвсэж, шалны модоор хүртэл цохиулж, хөлөндөө хутгалуулж байсан бөгөөд хүүгээ бодож л энэ бүгдийг уучилдаг байсан. Мөн 11 дүгээр сарын 2, 13, 14-ний өдөр аймшигтай харгис зодож, алуурчин гэдэг нэр зүүж байгаад гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж тархины гэмтлийг тогтоолгож, энэ хүнд зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү. Мөн миний хүү Золбоотыг хаана, хэний асрамжинд байгааг тогтоож өгнө үү.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.С- тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралдааны шатанд би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Т.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, худал мэдүүлдэг. Би хамраа цохиулж, мөр лүүгээ заазуурдуулж, толгой руугаа удаа дараа шилээр цохиулж, хана мөргүүлж, миний толгой руу дэвсэж, шалны модоор хүртэл цохиулж, хөлөндөө хутгалуулж байсан бөгөөд хүүгээ бодож л энэ бүгдийг уучилдаг байсан. Мөн 11 дүгээр сарын 2, 13, 14-ний өдөр аймшигтай харгис зодож, алуурчин гэдэг нэр зүүж байгаад гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж тархины гэмтлийг тогтоолгож, энэ хүнд зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү. Мөн миний хүү Золбоотыг хаана, хэний асрамжинд байгааг тогтоож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Хүүхдийн асрамжийн талаар анхан шатны шүүх хуралдааны шатанд яригдсан бөгөөд энэ талаар асуухад хүүхэд тухайн газраа байхгүй гэдэг нь тогтоогдсон. Иймд хүүхдийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх саналтай байна. Мөн миний үйлчлүүлэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн гомдолтой танилцахад хүүхдүүдийн асрамжийн талаар дурдсан байсан бөгөөд хүүхдүүдийн асуудлыг анхан шатны шүүхийн тогтоолд тодорхой дурдсан. Шүүгдэгч С.С-ын хүү Золбоотыг хариуцсан байгууллага нь хариуцах ёстой. М.Н-т бага ял оногдуулсан талаар мөн дурдсан байгаа. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Дархан-Уул аймгийн Прокуророос:

          Шүүгдэгч С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хажуу талын  засварын газрын манаачийн байранд иргэн Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт.,

Шүүгдэгч С.С-, Т.Б- нарыг бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэр,  1Б байрны аркын орчимд  иргэн Д.Ө-гийн 287.500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт., 

Шүүгдэгч С.С-,  М.Н- нарыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Рояал” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 474.500 төгрөгийн эд зүйлийг  хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт.,

            Шүүгдэгч Т.Б-ийг хамтран амьдрагч С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 17- ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр  зодож  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцоод шүүгдэгч С.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар 5 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2 жил хорих ял оногдуулж,  ялыг нэмж нэгтгэн  нийт  7 жил 6 сар  хорих ялаар .,

           Шүүгдэгч Т.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2 жил хорих ял дээр   нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног хорих  нийт 2 жил 2 сар ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нэмж  нийт  3 жил 8 сар   хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.т зааснаар шүүгдэгч Т.Б-ийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч С.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож.,

- Шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 6 сар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж энэ ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт  8 сар хорих ял оногдуулж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1.т зааснаар М.Н-т 8 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгагдаж хэрэгт авагдсан, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон  хохирогч  Д.Ө-,  Х.С-,  Л.О-,  О.У-, гэрч  Д.Нацагдорж,       Э.Энхбаяр,  Б.Ундрал, И.Ганбат,  М.Дэлгэрмөрөн, А.Эрдэнэмандал,  С.Оюунцэцэг,  О.Оюун-Эрдэнэ, А.Түвшинжаргал, Б.Амарсанаа, С.Уламбадрах, С.Энхчимэг,  О.Энхгэрэл нарын мэдүүлэг., хохирогч С.С-, О.У-, Х.С- нарт  үзлэг, шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2018-01-10-ны өдрийн 138., 2019-01-28-ны өдрийн 123.,  2019-04-12-ны өдрийн 333., 2019-04-01-ны өдрийн 291., 2017-06-14-ны өдрийн 649 дугаар дүгнэлтүүд., / 1-р х.хийн 134., 139., 3-р х.хийн 187-189., 192.,  6-р х.хийн 61., 145-р хуудас., /эд мөрийн баримт дээр тогтсон гэрч Б.Ундрал,  хохирогч Х.С-, нарын цусны бүлгийг тогтоосон тухай дүгнэлт., хохирогч Х.С-ийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх., “Капитал зууч” ХХК-ны  эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд /1-р х.хийн 39-40., 46-47., 4-р х.хийн 106-107., 113-114-р  хуудас/ болон хэрэг учралын газарт хийсэн  үзлэг, тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтанд хийсэн үзлэг, тэмдэглэл, хохирогч Д.Ө-д 267.500 төгрөг, О.У-, Х.С- нарт эмчилгээний зардал төлсөн тухай баримт зэргээр нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч С.С-, Т.Б-, М.Н- нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж,  шүүгдэгч нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь тэдний гэм буруу, үйлдсэн хэргийн шинж байдалд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч С.С-ын гаргасан ...Т.Б-өөс болж би маш их  хохирч байна., түүнд холбогдох хэргийг дутуу шалгасан тул дахин шалгуулах., 12 настай С.Золбоот  “СОС”  хотхон хүүхдийн асрамжийн газар байдаг боловч одоо алга болсон тул олж өгнө үү., мөн цагдаагийн  мөрдөн байцаагч болон  шинжээч эмч нар тухайн үед миний биед үзлэг хийгээгүй атлаа хийсэн гэж худлаа бичиж миний эрхийг ноцтой зөрчсөн тул хэргийг дахин шалгуулж өгнө үү ... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүгдэгч С.С- өөрөө хүүхдээ асран хүмүүжүүлэх боломжгүйн улмаас 12 настай хүү Золбоот нь  “СОС”  хүүхдийн хотхоны асрамжинд албан ёсны бүртгэлтэй байсан ., одоо байхгүй байгаа бол   тэр байгууллагын талаарх гомдол мөн цагдаагийн албан тушаалтан болон шинжээч эмчийн ажил албатай  холбогдуулан гомдол гаргах бол  прокурорт эсхүл эрх бүхий дээд байгууллага, албан тушаалтанд гаргах нь зүйтэй.

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтосон болон хохирогчийн биед үзлэг  хийсэн  дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, хэргийн оролцогчдоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх  шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад найруулгын хувьд   ... хүнд гэмтэл санаатай  учруулах...”  гэсний дараа ...17.2 дугаар зүйлийн 1.., гэсний өмнө “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн...”  гэсэн нэмэлт оруулах., тогтоох хэсгийн 2 дугаар заалтад   хууль хэрэглэж нэмэлт оруулах нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ...хүнд гэмтэл санаатай учруулах... гэсний дараа ...17.2 дугаар зүйлийн 1.., гэсний өмнө  “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн...”  гэсэн., мөн

тогтоох хэсгийн 2 дугаар заалтын ...1.5 дугаар зүйлийн 1.2.., гэсний дараа  “...34.19 дүгээр зүйлийн 1.2 .т заасныг баримтлан...” гэж тус тус  нэмэлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Шүүгдэгч С.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

.

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА

                                                                   ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР