Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2558

 

 

Ц.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02740 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Чын хариуцагч ОХХК, ММ ХХК нарт холбогдуулан гаргасан хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, ОХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 25 000 000 төгрөгийг гаргуулах, ММ ХХК-ийн харьяа "Сос медика" эмнэлгийн "эрүүл мэндийн хувьд тохирохгүй" гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З, Б.С, хариуцагч ОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Г.М, хариуцагч ММ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ч миний бие ОХХК-иас зарласан ажлын байр болох аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагчийн ажлын байранд ажилд орох өргөдөл гаргасан билээ. Улмаар ажлын шалгуурт тэнцэн эцсийн шалгуур болох эрүүл мэндийн үзлэгт эмнэлэгт шинжилгээ өгч дуусмагц эмч шинжилгээний хариуг надад хэвлэн үзүүлэн таны бүх зүйл эрүүл байна. Та эрүүл мэндийн үзлэгт тэнцэх юм байна санаа зоволтгүй гэж хэлсэн. Миний бие ОХХК-ийг шударгаар хуулийн дагуу ажилтнаа шалгаруулж авдаг юм байна гэдэгт итгэж байсан. Гэвч тус компани намайг дуудна гэсэн хугацаандаа дуудаагүй бөгөөд би шинжилгээний хариу ОХХК руу хүргэгдсэн эсэхэд санаа зовж "С" эмнэлэг рүү очтол ОХХК-иас чамайг битгий тэнцүүл гэсэн учир ажилд тэнцэхгүй гэсэн бичиг хийж явуулсан. Учир нь чи хэт илүүдэл жинтэй /+100 кг/ гэж хэлсэн. Миний бие энэ байдлыг тодруулж ОХХК-д хүнд жинтэй хүмүүс ажилладаг эсэх талаар судлахад надтай адилхан хүнд жингийн олон хүн ажилладаг болох нь тогтоогдсон. Иймд ОХХК-ийг Ц.Ч миний хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, ОХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг ОХХК-д даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тооцон гаргуулах, хариуцагч ММ ХХК-ийн эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ОХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ОХХК нь ажилтан шалгаруулж авахдаа “Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ыг баримталдаг ба хүний эрхийн талаарх Монгол Улсын нэгдэн орсон конвенцийг дагаж мөрдөхийн зэрэгцээ иргэдийг ажилд авах шийдвэр гаргахдаа үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхдаггүй ба хүн бүрт адил тэгш боломж олгох зарчмыг баримталдаг. ОХХК-ийн Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн хүмүүсийг эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагын дагуу Ц.Чыг эрүүл мэндийн үзлэгт оруулсан. Үзлэг хийсэн эмчийн дүгнэлтээр Ц.Ч нь 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар +100кг байх үзүүлэлтийг хангаагүй тул уг ажилд эрүүл мэндийн хувьд ноцтой үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй иргэнийг ажлын байранд шалгаруулж авсан тохиолдолд тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байрны сонгон шалгаруулалтад Ц.Ч тэнцээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч ММ ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Чын сонирхсон ажлын байр нь ОХХК-д мөрддөг “Ажлын байрны эрүүл мэндийн стандарт”-ын 03 ангилалд хамрагддаг бөгөөд Ц.Чад хийсэн эрүүл мэндийн үзлэгээр биеийн жин 125 кг, зүрхний ачааллын сорилын дүн “муу” гэсэн үзүүлэлттэй гарсан тул тус журмын ажилтны биеийн жин 100 кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байх шаардлагыг хангаагүй.  ОХХК-ийн ажлын байрын эрүүл мэндийн стандартын “Оффист ажиллах ажилтан – Аюулгүй суух хязгаар <100 кг /эсвэл суудлын бэхэлгээ шаардлагатай/” гэсэн эрүүл мэндийн шаардлага нь хүнийг биеийн жингээр ялгаварлах бус харин 100 кг-аас дээш биеийн жинтэй хүнд түүний хөдөлмөрийн аюулгүйн нөхцлийг хангах зорилгоор ажил олгогч суудлын нэмэлт бэхэлгээ хийж өгөхийг журамласан зохицуулалт юм. Иймд иргэн Ц.Чын ММ ХХК-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

Шүүх: Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар ОХХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, ОХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25 000 000 төгрөгийг гаргуулах тухай, мөн ММ ХХК-д холбогдуулан гаргасан “эрүүл мэндийн хувьд тохирохгүй” гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч Монгол Улс 1969 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэгдэн орсон “Алагчлахгүй байх тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2-т “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчлах” хэмээх ойлголтод хамаарахгүй” хэмээн заасан нь ажлын байрны онцлогоос хамааран түүнд тавигдах шаардлага өөр, өөр байж болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Гэвч тус заалтыг ашиглахын тулд тухайн ажлын байрны нөхцлийг нарийвчлан судлах шаардлагатай ба ажлын байрны тодорхойлолтод “хэвийн” гэж үзсэн учир ямар нэг байдлаар тухайн ажлын байранд шаардлага тавих ёсгүй юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 5080:2001 Хөдөлмөрийн нөхцөл ангилал, хүчин зүйл, үнэлгээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Хэвийн нөхцөл гэж Үйлдвэрлэлийн ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны хүчин зүйлс нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлдөггүй буюу тэдгээрийн хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрэхгүй нөхцлийг хэлнэ” гэж заасан учир тухайн албан тушаал дээр жин болон бусад байдлаар аливаа нөхцөл заах шаардлагагүй. Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” хэмээн заасан  байдаг бөгөөд анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулах урьдчилсан үе шат хэмээн үзсэн нь маш олон хүний эрх ашгийг хуулийн хийдлийг далимдуулж ажил олгогч байгууллагад зөвшөөрсөн. ОХХК-иас гаргасан гэрээний саналд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2, 195.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.1.4-т заасныг тусгасан боловч тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тусгаж өгөөгүйгээрээ иргэний хуулийн дутагдалтай талыг ашигласан арга юм. Иймд шүүгч гэрээний санал байхад гэрээний санал бус гэж үзэн алдаатай шийдвэр гаргасан. Шүүгчийн шийдсэнээр тус компаниас гаргасан ажлын байрны зарыг гэрээний санал бус гэж үзвэл тухайн харилцааг ямар эрх зүйн харилцаа гэж үзэх нь учир дутагдалтай болох бөгөөд эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс өөрсдийнхөө зөрчигдсөн эрх, ашгаа хамгаалах нөхцөлгүй болж байна. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “СОС” медика эмнэлгээс гаргасан бусдыг ялгаварлан гадуурхсан шинжилгээнээс үүдэн ОХХК намайг ажилд аваагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан бөгөөд тус заалтыг үл баримтлан бусдыг жингээр нь ялгаварлан гадуурхсан 03 гэх хууль бус стандартыг хэрэглэн ажилд аваагүй юм. ОХХК-иас баримталдаг “Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-д эрүүл мэндийн үзлэгт зайлшгүй хамруулах түүнчлэн үүнээс улбаалан 03 гэх ажлын байрны эрүүл мэндийн стандартыг үндэслэн эрүүл мэндийн үзлэгийг хийсэн. Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний дагуу үүрэг үүсээгүй гэж байгаа боловч ОХХК нь ажилтнаа шударгаар шалгаруулж авах үүрэг нь хуулийн дагуу үүссэн юм. Сүхбаатар дүүргийн шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан бөгөөд хууль хэрэглээний хувьд алдаатай, шударга ёсонд нийцээгүй болсон үйл явдалд бүх талаас нь дүн шинжилгээ хийгээгүй бөгөөд тухайн хүнийг ажилд авах эсэх нь компанийн эрхийн асуудал гэсэн байдлаар дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл ОХХК нь хэвийн нөхцлийн ажлын байранд онцлог зааж хүний эрхийг зөрчсөн. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ч нь хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоож, ОХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 25 000 000 төгрөгийг гаргуулах, ММ ХХК-ийн харьяа "С" эмнэлгийн "эрүүл мэндийн хувьд тохирохгүй" гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1, 116/ хариуцагч ОХХК /хх.39-40/, хариуцагч ММ ХХК /хх.135/ нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэн Ц.Ч нь ОХХК-иас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан “Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч багш” ажлын байранд ажиллахаар шалгаруулалтад орж, эхний 4 шат буюу хувийн байдал, хийсэн бүтээл, ярилцлага, шторк бэлтгэх шалгуурт тэнцэж, улмаар ОХХК-тай гэрээтэй ажилладаг ММ ХХК-ийн харьяа “С” ХХК-ийн эрүүл мэндийн үзлэгт орсон, эмнэлгийн зүгээс “Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд хариуцагч ОХХК саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Хариуцагч ОХХК, нэхэмжлэгч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу аман болон бичгийн хэлбэрээр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Учир нь хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Ц.Чтай хөдөлмөрийн гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн харилцаа үүсгэх хүсэл зоригийг бодитой, тодорхой илэрхийлээгүй байна.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулах шатанд нөгөө талаас тодорхой үүргийг шаардах эрх үүсч болно. Гэвч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заагдсан хариуцагчийг гэрээ байгуулах санал гаргаж, түүнээсээ хууль бусаар татгалзсан гэх баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж “аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч багш” ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах саналын дуудлагыг нийтэд илгээсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч ММ ХХК-ийн харьяа "С " эмнэлгийн дүгнэлтэд хариуцагчийг уг ажлын байранд "эрүүл мэндийн хувьд тохирохгүй" талаар заасан байна. ОХХК нь ажилтан шалгаруулж авахдаа “Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ыг баримталдаг ба хариуцагч компани нь биеийн жин 100 кг-аас илүү хүнийг ажилд авахгүй гэсэн хариуг нэхэмжлэгч Ц.Чад өгөөгүй байх тул биеийн галбир, гадаад байдлаар ялгаварлан гадуурхсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй. Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг гэрээ байгуулах шатанд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх, мөн хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчилтэй холбоотой хохирол төлөхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар сонгон шалгаруулалтад тэнцээгүй асуудлаар хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс нэхэмжлэгчийн гомдолд тайлбар өгч байсныг гэрээний санал гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт заасан нэхэмжлэгчийг илүүдэл /+100 кг/ жинтэй гэх үндэслэлээр ялгаварлан гадуурхсан гэх байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт зааснаар ажилтныг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилд авахаас татгалзсан үндэслэлээ хариуцагч байгууллага нотолсон гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заагдсан иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл болох хөдөлмөрийн гэрээг хэнтэй байгуулахаа чөлөөтэй шийдвэрлэх эрхтэй. Мөн хуулийн 189.4 дэх хэсэгт заасан өөрт нь хандсан бүх этгээдтэй гэрээ байгуулах үүрэг үүсэх үндэслэл нь талуудын маргаанд хамаарахгүй болно. Хуулийн уг заалт нь тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагаатай холбоотой хандсан этгээдэд хамааралтай тул хариуцагч ОХХК компанид нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг үүрэг болгох, шүүхээс даалгах хууль зүйн боломж байхгүй юм.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч ММ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ц.Ч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар шинжилгээ хийлгэхээс татгалзаагүй, хариуцагч ММ ХХК-ийн эмч нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т зааснаар шинжилгээ хийх эрхтэй бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1-т заасан “эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх” үүрэгтэй. Хариуцагч байгууллагын шинжилгээ хийсэн эмч энэхүү үүргээ зөрчсөн гэж үзэх баримт хэрэгт байхгүй. Иймд эмнэлгийн байгууллагын гаргасан дүгнэлтийг худал, буруу, үндэслэлгүй, хүний эрх зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02740 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 186.1, 219.1, 9.4.7-д заасан үндэслэлгүй тул ОХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоох, мөн ОХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 25 000 000 төгрөгийг гаргуулах тухай, мөн ММ ХХК-д холбогдуулан гаргасан Эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай Ц.Чын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 210 600 төгрөгийг улсын төсвийн хэвээр үлдээсүгэй орлогод.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                              ШҮҮГЧ                         Ш.ОЮУНХАНД

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ