Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01039

 
 

 

Ц.Содхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/02139 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2151 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Ц.Содхүү

Хариуцагч: Шүрэн солюшнс ХХК

 

нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 112,576,078 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөний хяналтын журмаар 2020.01.22-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Содхүү түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангэрэл, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Шүрэн ХХК, Шүрэн солюшнс ХХК болон иргэн Г.Галтмаа нарын бизнесийн үйл ажиллагааг харгалзаж, зээлийн гэрээнүүдийг тус тусад нь байгуулж, дэмжлэг үзүүлсэн. Xарамсалтай нь зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэхдээ Шүрэн солюшнс ХХК-н зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгон тооцсон баримтыг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад хамааралгүй хэмээн үзэж шийдвэрлэхгүй орхисноор миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, энэхүү нэхэмжлэлийг гаргахад хүрлээ. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 181/ШШ2018/00920 дугаартай шийдвэрт Зохигчдын дээр дурдсан иргэн Г.Галтмаа, Шүрэн солюшнс ХХК нарын иргэн Ц.Содхүүгээс зээлсэн 90,000 болон 25,000 ам.долларын талаар маргаангүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагад оруулж тооцоогүй ба хамааралгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв гэж, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1499 дүгээр магадлалд Гуравдагч этгээд Шүрэн солюшнс ХХК-ийн төлөөлөгч Б.Монгол ...Ц.Содхүүтэй зээлийн гэрээ байгуулсан боловч 25,000 ам.долларыг Т.Бат-Оргилын данс руу шилжүүлсэн, уг зээлийн төлбөр төлөгдөөгүй...гэж мэдүүлдэг бөгөөд хэрэгт Шүрэн солюшнс ХХК-ийн зээлийн төлбөртэй хамааралтай баримт авагдаагүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна, хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/01877 дугаартай тогтоолд Шүрэн ХХК-иас хийсэн төлөлтийг өөр этгээд буюу иргэн Г.Галтмаа, Шүрэн солюшнс ХХК-ийн зээлийн төлөлт гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл муутай байна гэж тус тус үндэслэсэн байна. Иймд дээрх шийдвэрүүдээс үзэхэд Шүрэн солюшнс ХХК-ийн зүгээс 2015.02.17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүү, алдангийг төлөөгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 25,000 ам.доллар зээлийн хүү 1 сарын 625 ам.доллар гэрээний хугацаа болох 5 сараар тооцвол зээлийн хүү нь 3,125 ам.доллар, 1 хоногийн алдангийн хэмжээ 28,125 ам.доллар х 0,2%= 56,25 ам.доллар болж байна. ИХ-н 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-с хэтрэхгүй гэх зохицуулалтын дагуу тооцвол нийт алдангийн хэмжээ нь 14,062.5 ам.доллар болж байна. Монголбанкны 2019.09.20-ны өдрийн албан ханш-2,668.47 төгрөг байна. Нийт 42,187.5 ам.доллар буюу 112,576,078 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2015.02.17-ны өдөр Ц.Содхүү нь манай компанийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлж, өгсөн гэх 25,000 ам.долларыг манай компани авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн зүйл огт байхгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Шүрэн ХХК, иргэн Галтмаа болон манай компанийг гуравдагч этгээдээр оролцуулсан шүүх хуралдаануудад бодит тайлбарыг өгсөн. Үүнд дээрх 25,000 ам.долларыг Т.Бат-Оргил авсан, мөн Т.Бат-Оргил нь уг 25,000 ам.долларыг авсан гэдгээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлд дурдсан 25,000 ам.доллар болон нэхэмжлэгчийн нэмж тооцсон хүү, алданги нь манай компанид хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 181/ШШ2019/02139 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4., 232.6-д заасныг баримтлан Шүрэн солюшнс ХХК-иас 112,576,078 төгрөг гаргуулж Ц.Содхүүд олгох, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 720,830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2151 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/02139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон ХХША-ны журам зөрчсөн. Ц. Содхүү нь өөрийн дүү бөгөөд Шүрэн солюшнс ХХК-ийн хуулийн зөвлөхөөр 2015 онд ажиллаж байсан Т.Бат-Оргилд өөрийнх нь хүсэлтээр мөнгө зээлэх болсон. Ингэхдээ тухайн үед дөнгөж компанийн захирал болсон өмнө нь өөр ажил эрхэлж байгаагүй 25 настай байсан Б.Мөнгөн миний итгэлийг хөсөрдүүлж 25,000 ам.доллар ахаасаа зээлэхдээ зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад аваад өгөөч гэж ятган итгүүлж зуруулсан. Үүнээс болж манай компанийг Т.Бат-Оргилын авсан зээл болон зээлийн хүүгийн хамт төлүүлэхээр шүүх шийдвэр гаргасан.Ингэхдээ ХХША-ны журам зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдэхдээ Шүрэн ХХК болон Ц.Содхүү нартай холбоотой Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны шийдвэрийг үндэслэх хэсэгт дурдаад байгаа атлаа энэ хэргийн маргааны гол хариуцагч Т.Бат-Оргилийг шүүх хуралд оролцуулах манай компанийн хүсэлтийг хангаагүй нь анхнаасаа шүүх хэргийг урьдчилан шийдвэрлэж, ХХША-ны журам зөрчсөнийг нотолж байна. 2. Ц.Содхүү нь Т.Бат-Оргилд 25,000 ам. доллар зээлүүлэхдээ манай компаниар дамжуулан зээл олгосон гэрээгээ 2015.02.17-нд 1 сарын хугацаатай байгуулсан бөгөөд зээлийн 25,000 ам.долларыг орж ирсэн өдөр нь Т.Бат-Оргилын Голомт банкны дансруу шилжүүлсэн баримтыг хавсаргаж шүүхэд өгсөн. Зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлтийг Т.Бат-Оргил 2015.05.01-ний өдөр Шүрэн солюшнс ХХК-ийн захирал миний биеээр гарын үсэг зуруулж тэрхүү хүсэлтээр 2015.05.01-ээс 2015.07.01-ний өдөр хүртэл сунгахыг хүссэн байна гэвч уг бичигт Ц.Содхүү хариу өгөөгүй. Гэтэл Шүүх 2015.02.17-оос 2015.07.1-ний өдөр хүртэл хүү бодож улмаар түүнээсээ алданги тооцож манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь: ИХ-н 282.3-т зааснаар: Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. ИХ-н 72.7-д зааснаар: Хугацаа сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно. ИХ-н 72.1-д зааснаар: Хугацааг тоолохдоо тогтоосон он сар өдрөөс тоолно. ИХ-н 72.3-д зааснаар:... хугацааны эцсийн өдрийн 24 цаг дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна. Гэж тус тус заажээ. Гэтэл 2015.02.17-ны өдрийн бичгээр үйлдсэн гэрээний хугацаа 1 сар байгаа тул 2015.03.17-нд дээрх зээлийн гэрээ дуусгавар болсон. 2015.05.01-нд гэрээг сунгах хариуцагчийн төлөөлөгчөөс гарсан бичгийг гэрээг бичгээр хийсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүх 2015.02.17-с 2015.03.17-ны өдөр хүртэл 1 сарын хүү тооцох байтал 2015.07.01-ний өдөр хүртэл хүү тооцсон нь хуулийг санаатай буруу хэрэглэн нэхэмжлэгчид ашигтайгаар хууль бус шийдвэрлэсэн явдал болно. Үүнээс хүү алданги тооцоход асар их төлбөрийн зөрүү гарч байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож манай компанийг үндсэн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Содхүү 2019.09.20-ны өдөр Шүрэн солюшнс ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015.02.17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000 ам.доллар, зээлийн хүү 3,125 ам.доллар, алданги 14,062.5 ам.доллар нийт 42,187.5 ам.доллар буюу 112,576,078 төгрөг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт буюу гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

Шүрэн солюшнс ХХК нь 2019.10.30-ны өдөр шүүхэд хандан Т.Бат-Оргилыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт /хх-72/ гаргасныг шүүх гэрчээр Т.Бат-Оргилыг асуулгах нь хэрэгт ач холбогдол, хамааралтай болох нь тогтоогдохгүй байна.. /хх-85/ гэж хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх мэдүүлэг аваагүй атлаа нотлох баримтыг үнэлсэн агуулга бүхий дүгнэлтээр буюу ...гэрч асуух нь хэрэгт ач холбогдол, хамааралтай болох нь тогтоогдохгүй байна.. гэж хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3, 116 дугаар зүйлийн 116.3 ..гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ..., ...урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй..., Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэснийг зөрчжээ.

Анхан шатны шүүх гэрч асуулгах хүсэлтийн талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын тайлбар, нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/02139 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2151 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 720,830 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД, Х.СОНИНБАЯР

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН