Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 142/2017/01404/И |
Дугаар | 001/ХТ2021/01440 |
Огноо | 2021-11-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/01440
Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01411 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар магадлалтай,
Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй,
Ц.Болдбаатарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 16,725,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 16,755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ц.Болдбаатарын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн Ц.Болдбаатарт 2017.01.30-ны өдөр 7,500,000 төгрөг, 2017.01.31-ний өдөр 4,000,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1,500,000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иргэн Ц.Болдбаатараас үндсэн зээл 11,150,000 төгрөг, алданги 5,575,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 16,755,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Түмэнжаргал нь миний танил болох Х.Мягмараар дамжуулан надтай уулзаж "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт элсэж ормоор байна гэж гуйсан. Учир нь миний бие тухайн үед "Жи тайм корпорейшн" ХХК-ийн багт ажиллаж байсан. "Жи тайм корпорейшн" компанийн хөтөлбөрт элсэх зорилгоор Н.Түмэнжаргал нь 4,000,000 төгрөгийг "Жи тайм корпорейшн" ХХК-ийн дансанд тушааж хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүссэн тул миний бие өөрийн багийн гишүүн н.Биндэръяагаар Н.Түмэнжаргалын 4,000,000 төгрөгийг 2017.01.30-ны өдөр Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд тушаалгасан. Зээлийн гэрээний тухайд Н.Түмэнжаргал нь өөрийн танил болох Ч.Соёлмаагийн "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7,500,000 төгрөг дээр өөрийн Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд байршуулсан 4,000,000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Жи тайм корпорейшн ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би Н.Түмэнжаргалаас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай, хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16,755,000 төгрөгийг Н.Түмэнжаргалд төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01411 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Ц.Болдбаатараас 16,725,000 төгрөг гаргуулан Н.Түмэнжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 241,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Ц.Болдбаатарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар Ц.Болдбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,575 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ц.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ц.Болдбаатар 11,500,000 төгрөгийг Н.Түмэнжаргалаас зээлсэн, уг мөнгийг Н.Түмэнжаргал, н.Соёлмаа нар нь тус тусдаа өөр өөрсдийн нэрээр шилжүүлсэн бөгөөд н.Соёлмаа 7,500,000 төгрөгийг өөрийн мөнгө гэж хэлдэг байсан. Мөнгө шилжүүлэх үед данс нь хамтын данс байгаагүй. Н.Түмэнжаргалаас орж ирсэн 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 11,500,000 төгрөгийг Н.Түмэнжаргал шилжүүлсэн гэдэгт санал нийлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг Н.Түмэнжаргал шилжүүлсэн, зээлсэн байна гэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.Түмэнжаргал нь Ц.Болдбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 16,725,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Ц.Болдбаатарын гаргасан гомдлыг доор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Ц.Болдбаатар 2017.01.31-ний өдөр Н.Түмэнжаргалтай зээл 11,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авахаар харилцан тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагджээ.
Зээлийн гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлжээ.
Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч "Жи тайм корпорейшн" ХХК-ийн сүлжээнд оруулсан мөнгөө зээлийн гэрээ хэлбэрээр байгуулсан гэж маргаж байгаа боловч татгалзлаа баримтаар нотлоогүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т Зээлийн хүү: Зээлийн хугацаанд сарын 10 хувийн хүү тооцно..., 2.7-д Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тусгагджээ.
Нэхэмжлэгч бичгээр байгуулсан зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй.
Давж заалдах шатны шүүхийн ...Н.Түмэнжаргал сүлжээний хөтөлбөрт элсэн орсон болох нь баримтаар нотлогдоогүй, Жи тайм корпорейшн ХХК-ийн данс болох Т.Мянганбаярын Худалдаа хөгжлийн банкны 407254687 дугаарын данс руу 11,530,000 төгрөг шилжүүлсэн байх боловч энэ нь Жи тайм корпорейшн ХХК-ийн сүлжээний хөтөлбөрт элсэх үйл баримттай холбоогүй ямар зориулалтаар хэнд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алданги шаардах эрхтэй... гэсэн дүгнэлт хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлүүдийн холбогдох заалтыг шүүхээс зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч Ц.Болдбаатарын ...нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах... утгатай гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримт болон нотолгооны хэрэгслээр тогтоогдохгүй байна.
3. Анхан шатны шүүх Н.Түмэнжаргалын нэхэмжлэлээс хариуцагч үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлоо арилгуулах шаардлага буюу улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах, нөхөн төлүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг оновчгүй баримтлан хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул хариуцагч Ц.Болдбаатарын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2019/01411 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Ц.Болдбаатараас 16,725,000 төгрөг гаргуулан Н.Түмэнжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 241,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ц.Болдбаатарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР