Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 79

 

О.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0184/Э/001/2018/0049

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Хохирогч                                       Г.О-

Хохирогч нарын өмгөөлөгч         Л.Оюунсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Батжаргал /онлайнаар/

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолтой, О-ын С-т холбогдох, 201609000609 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ч.Р-, Г.О-, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Баянгол дүүргийн 1995 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260 1.т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. ********** регистрийн дугаартай, Е-овогт О-ын С-,

Шүүгдэгч О.С- нь 2013 оны 9 дүгээр сард хохирогч Т.Н-гийн нийт 120 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцны барилгын хийцийн материалыг өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай газар дээр барихаар худалдаж авахаар тохиролцож, Т.Н-гаас уг хийцийн материалыг худалдаж авахад зарцуулсан 7.000.000 төгрөгийг байшингийн үнэд өгнө хэмээн Т.Н-д итгүүлж, упмаар дээрх үнээс ямар ч төлөлт хийгээгүй хэрнээ 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж Т.Н-г хуурч мэхлэх аргаар 27.000.000 төгрөгийн,

мөн хохирогч Г.О-т Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг нь өгнө гэж итгүүлэн 2 амины орон сууцыг барихад 8.330.000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар Г.Н-гаас худалдаж авахаар тохиролцсон 1 сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлж Г.О-аар “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30.000.000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 20.000.000 төгрөгийг авсан,

2013 оны 9 дүгээр сард Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улс худалдааны төвийн зүүн талд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр Ч.Р-гийн амины орон сууцыг бариулж улмаар Ч.Р-гаас худалдаж авах хэлцэл хийгээгүй, төлбөр төлөөгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг сууцыг өөрийн өмчлөлийн мэт материал бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2013 оны 11 дүгээр сард Чингис хаан банканд зээлийн барьцаанд тавьж, Ч.Р-г хуурч, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар 54.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 109.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолоор:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-т холбогдох хэргээс Т.Н-г залилж 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, Ч.Р-г залилж 54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч О.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч О.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3.т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар шүүгдэгч О.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар О.С-аас 18.330.000 /арван найман сая гурван зуун гучин мянга/ төгрөг, иргэний хариуцагч О.А-гаас 10.000.000 /арван сая/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байр, 602 тоотод оршин суух Б- овогт Г-ийн О- /РД:**********, утас:********/-Т олгож, хохирогч Ч.Р-, иргэний нэхэмжпэгч П.Э- нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Хохирогч Г.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Хэрэгт битүүмжилсэн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий зурагт, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хөргөгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Р- давж заалдах гомдолдоо:

...О.С- нь өөрийн эзэмшлийн газар дээрээ миний орон сууцны бэлдэцийг барчих гэсэн гээд бариулсан. Тухайн орон сууцыг барьсаны дараа яах тухай тохиролцоогүй байхад банкны зээл болон хадгаламжаас хөрөнгө оруулсан зээл болон хадгаламжаас хөрөнгө оруулсан амины орон сууын бэлдэц барилгын үе шатны ажлын хөлс зэргээс бүтсэн дутуу гүйцэтгэлтэй АОС-г бусдад барьцаалан ашиг олсон байхад анхан шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Шүүгдэгч О.С- нь хохирогч Т.Н-г залилж 27,0 сая, Ч.Р-г залилж 54,0 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй буюу шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Энэ байдал нь О.С-, Ч.Р- нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, дундын өмчлөлтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу О.С- Ч.Р-гийн барилгын хийцийг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан огноо буюу 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш дээрх үйл явдлууд болсон байгааг нотолж байгаа ба болсон үйл явдлыг шүүх цаг хугацааны хувьд зөв дүгнээгүй, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа дээрх гэрээ нь О.С-ыг Ч.Р-г залилж 54,0 сая төгрөгийн хохирол учруулаагүй гэж хангалттай нотлох баримт болж чадахгүй юм.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан хохирогч Ч.Р-, Т.Н- нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн үндэслэл тодорхойгүй, холбогдох зүйл заалтыг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3.т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6.т зааснаар ноцтой зөрчилд хамаарч байна.

            Шүүгдэгч О.С- нь бусдыг залилан мэхэлсэн тодруулбал хохирогч Г.О-ыг залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд огт хүлээн зөвшөөрдөггүй байхад шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. /шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт хуулийн зүйл заалтыг буруу бичсэн/

            2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7., 10.9 дүгээр зүйлд заасан журам зөрчигдсөн ба шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3.т заасан үндэслэлүүдээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо:

... Ш.Ч-ийн мэдүүлгээр “Болорзоос ББСБ” ХХК-д Г.О-ын төлсөн 12.503.333 төгрөгнөөс О.А-гийн шилжүүлсэн 3,700,000 төгрөгийг хасч тооцвол зээлтэй холбоотойгоор Г.О- нь 8,803.333 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд хохирогч Г.О- нь өөрийн авсан гэх 10,000,000 төгрөгийн үндсэн зээлээс ердөө 303,333 төгрөгийг төлсөн болох нь нотлогддог.

Г.О- нь өнөөдрийн өдрийг хүртэл өөрийн авсан гэх 10 сая төгрөгийн зээлийг төлөхгүй, харин ч хохирсон мэтээр бусдын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авсан зээлээ бусдаар төлүүлэх л санаа зорилго агуулж байгаа болно. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.О- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд биш болох нь хангалттай нотлогддог атал анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч О.С-ыг гэм буруутайд тооцсонд гомдолтой байгаа болно.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хохирогч Г.О- давж заалдах гомдолдоо:

О.С- нь Г.О- намайг залилан мэхэлж, 2 ширхэг барилгын хийцийг өөрийнх нь гэж итгүүлэн, үүнээс өөр 10 сууц барина, энэ 2 хийцний барилгын суурийг цутгаж өгөөд хөлсөнд нь 1 сууцыг нь ав гэж хэлж, суурь цутгуулсан. Үүний хөлсөнд гэж 1 хийцийг миний нэр дээр бүртгүүлж, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж, Болор-Зоос ББСБ-д 30 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Энэ зээл одоо болтол бүрэн төлөгдөөгүй буюу О.С-, О.А- нарын авсан 20 сая төгрөгийн хүү нь явсаар 47 сая төгрөг болж, Болор-Зоос ББСБ нь намайг шүүхэд өгч би төлөх шүүхийн шийдвэр гарсан.

Үүний улмаас Г.О- миний банкны данс хааж, хувийн сууц, бусад үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулахаар болж надад маш их хүндрэл учирч байна.

Би Болор Зоос ББСБ-с авсан 30 сая төгрөгийн зээлнээс 10 саяыг авсан ба өөрийн авсан хувийг хүүгийн хамт төлсөн. Энэ мөнгийг ББСБ нь 30 сая төгрөгийн зээлийн хүүнд бодож авсан гэдэг ба одоо төлөгдөөгүй байгаа мөнгө нь О.С-, О.А- нарын авсан 20 сая төгрөг, үүний хүү, алдангитайгаа 47 гаруй сая төгрөг болоод байгаа юм.

Анхан шатны шүүхийн хуралд миний бие энэ зээлийн хүү, алдангиас үүссэн 47 сая төгрөгийг хэн төлөх бэ? Үүнийг шийдвэрлэж өгөөч гэж удаа дараа хэлж хүссэн боловч, энэ асуудлыг шүүх иргэний журмаар шийдвэрлүүл гэж үзсэн.

Болор-Зоос ББСБ-н 47 сая төгрөгний асуудал нь залилангийн хэргээс үүсэлтэй байхад залилангийн асуудлыг эрүүгийн хэргээр шийдвэрлээд, залилангийн асуудлаас үүссэн зээлийн хүү, алдангийн асуудлыг яагаад заавал иргэний хэргээр шийдвэрлүүлэхээр тусад нь ялгаад байгаа юм бэ? Энэ асуудал нь залилангийн хэргээс үүдэлтэй байхад шүүх энэ талаар дүгнэж үзсэнгүй.

Иймд энэ залилангийн хэргийн улмаас надад учраад байгаа 47 сая төгрөгийн асуудлыг О.С-, О.А- нар хариуцах ёстой талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Энэ асуудлаас болж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд миний бие ихээхэн хохирч байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.О- тайлбартаа:

О.С-т маш их гомдож байна. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ хэргийн улмаас эд хөрөнгө сэтгэл санаагаар хохирч байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.О-, Ч.Р- нарын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Л.Батжаргал тайлбартаа:

Г.О- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд биш болох нь хангалттай нотлогддог атал анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч О.С-ыг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч О.С-ыг 2013 оны 9 дүгээр сард хохирогч Т.Н-гийн нийт 120 м.кв талбай бүхий 2 давхар амины орон сууцны барилгын хийцийн материалыг өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай газар дээр барихаар худалдаж авахаар тохиролцож, Т.Н-гаас уг хийцийн материалыг худалдаж авахад зарцуулсан 7.000.000 төгрөгийг байшингийн үнэд өгнө хэмээн Т.Н-д итгүүлж, упмаар дээрх үнээс ямар ч төлөлт хийгээгүй хэрнээ 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр дур мэдэн гаргуулж Т.Н-г хуурч мэхлэх аргаар 27.000.000 төгрөгийн, мөн хохирогч Г.О-т Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол Олон улсын худалдааны төвийн зүүн урд талд байршилтай өөрийн эзэмшлийн газар дээр нийт 10 ширхэг амины орон сууц барина, бүгдийнх нь суурийг цутгаж өгсний ажлын хөлсөнд 1 ширхэг сууцыг нь өгнө гэж итгүүлэн 2 амины орон сууцыг барихад 8.330.000 төгрөгийн барилгын материал гаргуулж, улмаар Г.Н-гаас худалдаж авахаар тохиролцсон 1 сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.О-ын нэр дээр шилжүүлж Г.О-аар “Болор зоос” банк бус санхүүгийн байгууллагаас 30.000.000 төгрөгийн зээл авахуулан, үүнээс 20.000.000 төгрөгийг авсан, 2013 оны 9 дүгээр сард Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 7 дугаар хороолол, Олон улс худалдааны төвийн зүүн талд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр Ч.Р-гийн амины орон сууцыг бариулж улмаар Ч.Р-гаас худалдаж авах хэлцэл хийгээгүй, төлбөр төлөөгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг сууцыг өөрийн өмчлөлийн мэт материал бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан 2013 оны 11 дүгээр сард Чингис хаан банканд зээлийн барьцаанд тавьж, Ч.Р-г хуурч, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар 54.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, бусдад нийт 109.330.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-т холбогдох хэргээс Т.Н-г залилж 27.000.000 /хорин долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, Ч.Р-г залилж 54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалдтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал: иргэн Т.Намхайнжанцан, П.Э- нарын хооронд төлбөр тооцоо дуусаагүй байсан барилгын хийцийг 2013 оны 9 сард О.С- “...-Төлбөрийг нь би хийнэ” гэж дээрх иргэдийг итгүүлэн уг хийцийг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байна.  Улмаар шүүгдэгч О.С- тухай барилгын хийцэд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн гэрчилгээ гаргуулж 2013 оны 12 сард иргэн Г.О-т худалдсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.С- бусдын хөрөнгийг худалдаж авна, төлбөрийг удахгүй хийнэ гэсэн ойлголт төрүүлж өөрийн мэдэлд шилжүүлсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж гэрчилгээ авч өөрийн өмч мэтээр бусдад итгүүлэн дахин бусдад худалдсан байдал нь  урьдын харьцааны явцад  бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.Намхайнжанцан, П.Э- нарын эзэмшлийн  барилгын хийцийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, түүнчлэн эзэмшил болон өмчлөлийн  зөрчилтэй /маргаантай/ байгаа эд хөрөнгө дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдлуудаа уг барилгын хийцийг худалдан авагч тал болох Г.О-аас нууж өөрийн өмч мөн гэж төөрөгдөл оруулан түүнийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан байхаар байна.

 Үүнээс гадна шүүгдэгч О.С- нь Хамтран ажиллах гэрээний дагуу 120м.кв орон сууцыг иргэн Ч.Р-тай хамтран өмчлөж байхдаа Ч.Р-гийн зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээ өөрийн нэр дээр гаргуулж зээлийн барьцаанд тавьсан нь хамтран өмчлөгчийнхөө өмчлөх эрхэд шууд халдсан үйлдэл болжээ. Иргэн Ч.Р- энэхүү байдлыг мэдсэнээр эрхээ хамгаалуулахаар 2017 оны 05 дугаар сард Цагдаагийн байгууллагад хандсан тул О.С- хохирлыг барагдуулсан байна.

 Эрүүгийн хуульд Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах зэргийг хэрэглэх болохоос хохирол төлсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд ...” -Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх .... асуудлыг хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл: ... “- Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг ...явуулах хуулийн зохицуулалттай.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.С-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох явцдаа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг давхар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1.,2.т заасан заалт болон мөн хуулийн 34.7 дугаар зүйлд заасан прокурорын эрх хэмжээнд ноцтойгоор халдсан үйлдэл болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 231 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

           2. Прокурорын эсэргүүцэл болон хохирогч Г.О-, Ч.Р- нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Шүүгдэгч О.С-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧ                                       Г.ДАВААРЕНЧИН

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР