Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 00187

 

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00187

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар байрны .. тоотод оршин суух, Д овогт Цын О / /,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар байрны 16 тоотод оршин суух, Д овогт Гийн Н / / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3-.. тоотод оршин суух, Ц. овогт Б.ийн Г / /,

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 9-.. тоотод оршин суух, Б овогт Дийн А /./ нарт холбогдох

76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч Б.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батсүх /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Анх 2015 онд Д.А гэдэг залуу Болд гэдэг залуу хоёр над дээр ирсэн. Гурвуулаа хамтарч манай хашааны газар дээр 12 айлын орон сууц баръя гэж ярилцсан.

Д.А бид хоёр газар дээрээ хоёр, гурван удаа очиж “дулаан, бохирын шугам яаж холбох талаар ярилцаад боломжтой юм байна гэж дүгнээд” барилгын суурь тавих болоход Д.А “Болдоо энэ жил тендер авсан учраас бид хоёртой хамтрах боломжгүй юм байна. Тийм учраас хоёулаа барилгын зөвшөөрөлтэй компани олох шаардлагатай. Б.Г гээд Хан-Орд компаний захирал залуу байна. Гурвуулаа хамтарвал яасан юм бэ” гээд Д.А Б.Гийг дагуулж ирсэн. Бид гурав хоорондоо ярилцаад өөрсдийнхөө чадах хэмжээгээр ах дүү, найз нөхдөөсөө бараа материалыг зохих хэмжээгээрээ зээл аваад энэ байрыг босгоё гэсэн аман хэлэлцээрийн дагуу барьж эхэлсэн. Суурь эхлэх болоход цементний асуудал гараад Булган сумын иргэн Бадрахбаатар гэдэг иргэнээс зээлээр авч 22-11 ХОҮ дугаартай Дүүрэнбилэг гэдэг баз залуугаараа ачуулж барилга эхлэх газраа буулгуулсан. Мянгад сумаас тоосго зөөхөд бензиний асуудал гарсан. Бензинийг Алтайн ойл компаний захирал Барамсаа, Загдхорлоо нартай тохиролцоод “барилга ашиглалтанд орсоны дараа төлье. Хан-Орд компанид зээлээр өгч байгаач” гэж тохиролцоод шатахууныг зээлээр авч хэрэглэсэн. Төмрийн асуудал гарахад Улаанбаатар хотод байдаг “Сайхан төмөр” гэдэг компаний нягтлантай дүүгээ яриулаад төмрийн асуудлыг шийдэж өгсөн. Яагаад гэвэл манай дүү Сэр-Од тэр компаний нягтлан залуутай найз байсан. Барилга ашиглалтанд ороод гадна өрлөг дууссаны дараа дотор хаалга, паркет, обой, нойлын хэрэгслүүдийн мөнгөний асуудал гарсан. Ховд аймгийн Жаргалант сумын Маамуугийн Энхээ гэдэг ахаас 25,000,000 төгрөг зээлэх талаар ярилцахад “би чамд өгч болж байна. Хамтарч байгаа хоёр залуугаа авч ирж гарын үсэг зурж, нотариатаар батлуулаад ав” гэхээр нь Б.Г, Д.А нарыг авч ирж гэрээ хийж, мөнгөө аваад Д.А мөнгөө аваад Улаанбаатар хот явж материалуудаа авч ирсэн. Барилгын ашгаас эдгээр мөнгөнүүд төлөгдсөн болохоос биш Д.А, Б.Г нарын хувийн мөнгөнөөс юм уу карманаас нь эдгээр мөнгөнүүд төлөгдөөгүй. Б.Г “хамтран ажиллах гэрээ байхгүй” гэдэг. Хамтран ажиллах гэрээг амаар хийсэн гэдэг нь бүгд баримтаар нотлогдоод хавтаст хэрэгт авагдсан гэж үзэж байгаа. Барилга ашиглалтанд орсоны дараа ипотекийн зээлэнд хамрагдаж эхэлсэн. 3 сард уулзахад “зээл эхнээсээ гараад, материалуудынхаа мөнгийг өгөөд явж байгаа. Ард нь чамд ашгаа өгнө” гэсэн. Миний хувьд ашгаасаа 23,800,000 төгрөг авсан. 100,000,000 төгрөгийн ашгаасаа үлдэгдэл 76,200,000 төгрөгөө нэхэмжилж байна. Хариуцагчаар иргэн Б.Г, Д.А нарыг татаж байна. Нийтэд нь 76,200,000 /далан зургаан сая хоёр зуу/ төгрөг нэхэмжилсэн.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд 26,000,000 гаруй төгрөг нэхэмжилсэн. ХААН банкнаас 20 сая төгрөгийн зээл аваад хувийн орон сууц барьсан. Энэ зээлийн үлдэгдэл болох 13,500,000 төгрөгийг барилгын ашиг болох мөнгөнөөс хаасан. Буйдангийн үнэ 800,000 төгрөгийг хаасан. Эхнэр эмчилгээнд явахад 500,000 төгрөгийг авсан. Барилгаас авах ашигтаа оруулаад Ганпүрэвээс 6,000,000 төгрөгийг авсан. Рэнцэнзэвэгээс 1,500,000 төгрөг авсан. Эдгээр мөнгийг Б.Ганбаатар гэдэг хүн нэхэмжлээд байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ганбаатар гэдэг хүн яагаад гэнэт ороод ирсэнийг гайхаад байна. Б.Г “би компаний захирал, ямар нэгэн асуудал байхгүй. Барилгын зөвшөөрлөө ашиглуулаад гурвуулаа хамтаръя. Ард нь ашгаа хувааж авъя” гэж аман тохиролцоо хийсний үүднээс барилга барьсан. Хан орд ХХК-ийн захирал Б.Ганбаатар гэдэг хүн энэ барилгад нэг ширхэг тоосгоны хагархай ч оруулаагүй. Сүүлд нь шүүхээр яваад эхлэхэд гэнэт гарч ирээд надаас 26,392,150 төгрөг нэхэмжлээд байгаа. Би үүнийг  хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол барилга баригдаж дууссаны дараа ашгаас төлөгдсөн мөнгө. Мөн Б.Г нь хоёр өрөө 71.11 мкв байрны үнэ 78,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байна. 78,000,000 төгрөг шилжүүлээгүй. 54,000,000 төгрөг Хаш-Эрдэнээс хоёр өрөө байрны үнэ гэж бидний дансанд орж ирсэн. Г.Нын дансны хуулга дээр байгаа. Хариуцагч дандаа нэмж яриад байна. 54,600,000 төгрөг 2016 оны 6 сарын 08-ны өдөр орж ирсэн. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,392,150 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Анх манай нөхөр Ц.О хашааны газар дээр барилга барих санаачилга гаргаад надад ирж хоёр залуу хашааны газар дээр хамтраад барилга баръя гэж байна гэж хэлэхээр нь найдвартай юм уу. Яаж барихаар болсон юм бэ гэхэд бид гурав хамтраад энд тэндээс мөнгө зээлж авч барилгаа барьчихаад ашгаа тэнцүү хувааж авахаар болсон. Газрынхаа үнэнд хоёр өрөө байр авна. Цэвэр ашиг нь бараг 100,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь ашигтай юм бол гээд газар дээрээ байр барихыг зөвшөөрсөн. Түүнээс биш ашиггүй бол байр барихыг зөвшөөрөхгүй байсан. Тэр үед Ц.О олон хүнээс зээл авч байсан. Би түүнийг нь мэдэж байна. О.Бадрахбаатар, М.Энхээ, К.Нэргүй, Ц.Сэр-Од, Д.Загдхорлоо гэдэг хүмүүсээс зээл аваад энэ барилгыг босгосон. Тэгээд барилга хүлээж авах болоход бид хоёр Барилга, хот байгуулалтын газарт өргөдөл бичиж өгөх ёстой юм байна гээд өргөдөл бичиж өгсөн. Гэхдээ барилга хүлээж авахад л өргөдөл бичиж өгсөн. Түүний дараа гэрээгээ хийх ёстой гээд харсан. Гэтэл газрын үнэнд байр өгсөн гээд хаячихаад ашгаа өгөхгүй зугтааж байна. Байр барихын тулд гурвуулаа энд, тэндээс зээлж авч, хамтраад эцэст нь ашгаа хуваах болохоор зангаа хувиргаад зугтсан. Ц.О олон хүнээс зээл авсныг мэдэж байгаа. Манай гэрт хүртэл зөндөө олон хүмүүс мөнгөө нэхэж ирж байсан. Суурь тавихад цемент хэрэг болоход О.Бадрахбаатартай ярьж байж 50 тонн цемент авсан. Өрлөг хийхэд К.Нэргүйтэй ярьж тоосго авч хийсэн. Ажилчдын цалин тавихын тулд мөнгө хэрэгтэй болж байна гээд М.Энхээгээс зээлж аваад цалингаа тавьсан. Барилгын материал татахын тулд шатахуун хэрэгтэй болоод Д.Загдхорлоо гуайтай яриад барилга эхнээс нь дуусах хүртэл шатахуун авсан. Арматурын төмөр хэрэгтэй болоход Ц.Сэр-Одтой яриад Б.Гийг явуулаад авахуулсан. Манай хүргэн ах Дүүрэнбилэгээр цементийг ачуулж байсан. Мөн хайрганы асуудал гарахад Дурдбай ахтай яриад 2,000,000 төгрөгийн хайрга зээлээр авч ирээд буулгаж байсан. Би бүгдийг хөндлөнгөөс хараад явж байсан. Энэ хоёр залууг ийм хуншгүй зан гаргана гэж бодсонгүй. Манай нөхөр найдвартай хүмүүс гээд байхаар нь итгэсэн. Барилга нь дуусаад зээл гараад, хүмүүс өрөө нэхээд эхлэхэд энэ хоёр хүн зугтаад, хүмүүс нь байнга утастаж, гэрээр ирдэг. Тэгээд хүмүүс мөнгөө нэхэж байна гээд утасдахаар зээл гарахгүй байна гэж зугтаж явсаар байгаад сүүлдээ бид хоёр шүүхэд хандахаар болсон. Хоёр өрөө байрны төлөө газраа өгнө гэж бодохгүй байна. Мэдээж хүмүүс ашигтай болоод байр бариулна. Түүнээс биш хүн болгоноос юм гуйж явчихаад эцэст нь хоёр өрөө байр авах байсан бол бид хоёр гэрээ хийгээд хаях байсан. Мэдээж ашигтай болоод, ашиг гарна гэж тооцоолоод энэ асуудалд орсон. Бид хоёр 76,200,000 төгрөг нэхэмжилсэн. Хэрвээ үүнийг өгөхгүй гэж байгаа бол би газраа буцааж авна. Би 2 жил болж байсан 80 метр квадрат байшингаа нураалгасан. Өмчлөлийн гэрчилгээ нь байгаа. Хэрвээ бид нарын нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй гэж байгаа бол газраа, 80 метр квадрат байшинтай нь авна. Газрыг 150,000,000 төгрөгөөр авъя гэсэн хүн байсан. Манай нөхөр 150,000,000 төгрөг хүрнэ гэсэн учраас зөвшөөрсөн. Газрын харилцаа, хот байгуулалтын газарт өргөдөл өгөхдөө 12 айлын орон сууцыг хүлээж ав гэсэн өргөдөл өгсөн. Түүнээс биш өмчлөлөөсөө татгалзаагүй. Би гэрээ хийнэ гэж хүлээж байсан ч нууцаар ийм зүйл хийсэн. Сүүлд нь үл хөдлөх хөрөнгийн газраас хүртэл хүмүүс өргөдлөө буцааж ав гэж 2-3 удаа дарамтлахаар нь би шүүхээр явж байгаа. асуудлаа шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн. Хамтран ажиллаж ашгаа хуваана гэж тохирсон учраас шинэ байраа хүртэл нураалгасан. Хэрвээ ингэх байсан бол байраа нураалгахгүй байсан. Б.Г, Д.А нар гэрээнээсээ татгалзаж, үүргээ биелүүлэхгүй гэж байгаа бол би газар, байшингаа буцааж авах нь зүйтэй юм байна. Дөрвөн хүүхдийнхээ өмчийг энэ хоёр хүнээр тоглуулахыг хүсэхгүй байна. Б.Г, Д.А нараас 76,200,000 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан....Бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2015 онд Д.А, Ц.О хоёр над дээр ирсэн. Д.А Ц.Отай танилцлаа. Энэ хүний хашааны газар дээр барилга барьж болох нь уу, очиж үзээч гэж хэлэхээр нь очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ар талд, ямар ч дэд бүтэц байхгүй, тухайн үед тийшээ орон сууц баригдаж эхлээгүй, мухар хашаа байсан. Тэгэхээр нь шугам сүлжээ алга байна. Ийм хол газар шугам сүлжээ татахад их зардал гарна. Энд барилга барих боломжгүй юм байна гээд буцсан. Ард нь дахиж ирэхэд бид хамт тусалъя. Барилгын материалыг зээлж өгч тусалъя. Манай газар дээр барилга бариад хоёр өрөө байр өгчих. Өр зээлээсээ салмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхэд нь Б.Ганбаатар захиралд танилцуулахад үнэхээр энэ хүн чинь тэгж туслах юм бол энэ газар дээр барилга бариад 2 өрөө байрыг нь өг гэж хэлсэн. Тэгээд байраа бариад хоёр өрөө байр өгснийг Т.Хаш-Эрдэнэд зарсан. Урьдчилгаа 21,000,000 төгрөгийг Т.Хаш-Эрдэний хажууд бэлэн гаргаж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн 56,000,000 гаруй төгрөгийг Г.Нын данс руу шилжүүлсэн. Яагаад хөрөнгө оруулсан гээд байгааг ойлгохгүй байна. Хоёр гэрчилгээ байгаа гэж байна. Барилга баригдаад, улсын комисс хүлээж авсны дараа ХААН банк манай ипотекийн зээлээс төлөгдөж байж зээлээс суллагдсан гэрчилгээ юм. Улсын бүртгэлийн ажлыг ойлгохгүй байна. Ц.О, Г.Н хоёр барилга баригдаж дууслаа, газрын гэрчилгээг чөлөөлж өг, тэгээд орон сууцаа ав гэсэн шаардлага тавьсан. Энэ хоёр өөрсдөө хөөцөлдөж байгаад орон сууцны зориулалттай гэрчилгээг манайд авч ирж өгсөн. Үүнд манай компаний зүгээс оролцсон зүйл байхгүй. Энэ хүмүүс өөрсдөө газрын харилцаанд хүсэлт гаргаад, тэр нь цаашаа Засаг дарга руу яваад захирамж гараад, өмчлөх эрх нь хүчингүй болоод, хүчингүй болсон газар дээр барилга баригдсан гэдэг утгаар нийтийн эзэмшил рүү шилжсэн. О.Бадрахбаатараас цементийн мөнгө авчихаад төлөөгүй байж яагаад худлаа хэлээд байгаа юм гэж Ц.О хэлж байна. О.Бадрахбаатарт манай компаниас эхнэр К.Амаржаргалын данс руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн. 1,000,000 төгрөгөөр, 1,500,000 төгрөгөөр, 5,000,000 төгрөгөөр шилжүүлж дуусгасан. Д.Загдхорлоогоос тоосго татахад 10,000,000 төгрөгийн шатахуун Хан-Орд ХХК-ний нэр дээр авч хэрэглэсэн. Манай компани бусад бүх байгууллагуудын адил компаниудтай гэрээ хийгээд ажилладаг. Тунгалаг буянт ХХК-тай 19,000,000 төгрөгийн тоосго нийлүүлсэн гэж байна. К.Нэргүйтэй би өөрөө гэрээ хийж тоосго авсан. Энэ тоосгоны мөнгийг төлөөд дууссан. Сайхан төмөрт ХХК-тай бид урьд нь ч харьцаатай байсан. Өмнө нь барилгын материал худалдаж авч, өгдөг байсан. Ховд аймгийн Турлиахт гээд компани бас зээлж аваад өгсөн. Түүний дагуу бид зээлийн гэрээ хийгээд, буцаагаад төлсөн. М.Энхээгээс 25 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй авсан. Тухайн үед надтай хамт миний багийн найз Д.А явж байсан. Төгс Уян шил ХХК-ний захирал учраас хамт очоод авалцаад өгөөч гэж хэлсэн. Ц.О харин тэр хүнийг таньдаг байсан. Тэгээд гурвууланг нь барьцаа болгож өгнө гэдэг утгаар нь гурвуулангаар нь гарын үсэг зуруулаад 25,000,000 төгрөг өгсөн. Одоо 20,000,000 төгрөгөө өгөөд 5,000,000 төгрөг дутуу, хүү өгөгдөөгүй байгаа. Барилгын дээврийн 90 ширхэг банз, хашааны банзны талаар сайн мэдэхгүй байна. Өөрсдөө барилга эхлэхийн өмнө орон сууцаа буулгаад, ачаад явсан. Энэ орон сууцыг Хан-Орд ХХК барьсан болохоос биш Д.А бид хоёр бариагүй. Энэ бүх төлбөр тооцоо Хан-Орд ХХК-иас төлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед “Буянтын боргио” компаниас барилгын зургийг нь 15,000,000 төгрөгөөр авч ашигласан. Түүний 71,11 мкв хоёр өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон. Орон сууц баригдаж дууссаны дараа тухайн орон сууцыг Ц.От өгсөн. Ц.О Хаш-Эрдэнэ гэдэг хүнд зараад манай компаний дансаар нийт 78,175,200 төгрөг орж ирсэн. Түүнийг нь эхнэр Ц.Оын эхнэр Г.Нын данс руу шилжүүлсэн. Ц.О “Бадрахбаатараас 50 тонн цемент авч суурь тавихад хэрэглэсэн” гэж байна. Тухайн барилгыг эхлэхэд Улаанбаатар хотоос армотурын төмөр, цементээ өөрсдийнхөө хөрөнгөөр татаж аваад барилгын ажлыг эхэлсэн. Харин тэр хэлээд байгаа цементийг нь 2-3 давхар барихад хэрэглэсэн. Тухайн үед зээлээр аваад, буцаагаад компаниас мөнгийг нь төлсөн. Мөн Алтайн ойл компаниас шатахуун авсан гэж байна. Тухайн үед манай компани Петровис компанитай гэрээтэй байсан учраас Петровисоос шатахуунаа аваад материалаа зөөе гэхэд “би Алтайн ойл” компаний нягтлангаар ажиллаж байгаа. Манайхаас ав” гэхээр нь 10,800,000 төгрөгийн шатахуун аваад, Хан-Орд ХХК-ний данснаас 50035260709 тоот данс руу шатахууны үнийг шилжүүлсэн. Тунгалаг буянт ХХК-с тоосго зээлж авсан, үүнийгээ хөрөнгө оруулалт гэж ярьж байгаа. Ховд аймагт 3 тоосгоны үйлдвэр байдаг. Манай барилгын компаниуд бүгд гэрээ хийгээд, тоосгоо аваад, барилгаа дууссаны дараа тоосгоныхоо тооцоог хийгээд явдаг. Манай компани нийт 19,200,000 төгрөгийн тоосго авсан ба үүнийгээ бүгдийг нь шилжүүлсэн. Төмөр хотоос авсан гэж яриад байна. Сайхан төмөрт компаниас 19,137,200 төгрөгийн сантехникийн турба авсан. Манай барьсан барилга маань дулаанаас 215 метрийн зайнаас дулаан татаж авсан. Зөвхөн түүнд шаардагдах материалыг авсан. Сайхан төмөрт компаниас өмнө нь ч гэсэн манай компани худалдах, худалдан авах гэрээ хийгээд зээлээр материал авч байсан. Тэгээд зээлээр гэрээ хийгээд 19,137,200 төгрөгийн төмөр аваад, буцаагаад шилжүүлсэн. Хуучин байшингаас гарсан материалыг бас нэхсэн.  Тэр байшингаа өөрсдөө буулгаад Их голын ард өөрсдийнхөө барьж байсан газар дээр буулгуулж авсан. Хоёр өрөө 71.11 мкв байр, банкны зээл хүүгийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөг, буйдангийн үнэ 800,000 төгрөг, эхнэр нь эмчилгээнд явахад 500,000 төгрөг, Ганпүрэвээс 6,000,000 төгрөг, Рэнцэнзэвэгээс 1,500,000 төгрөг, нийт 23,800,000 төгрөгийг Ц.Оын өр төлбөрийг Хан орд ХХК-иас хааж өгсөн. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа:...Би 2014 онд татварын шалгалтад ороод Ц.О байцаагч дээр байсан. 2014 оны 4 сард манай үүдэн дээр ирээд уулзаадхая гэж хэлсэн. Тэгээд юу болов гэсэн чинь зээл хугацаа хэтрээд байна 500,000 төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөгийг нь зээлчихээд юм яриад сууж байсан чинь манай газар дээр байр баримаар байна. Түвдээгийн байранд нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөхгүй орчихсон. Түвдээ мөнгөө нэхээд байна. Нэг байр болгоод өр, зээлээсээ салаад байрныхаа урьдчилгаанд өгмөөр байна гэхээр нь Б.Гт зуучилж өгсөн. Би энэ хүмүүсээс ичиж байна. Өөрөө яагаад энд сууж байгаагаа ч ойлгохгүй байна. Яагаад гэнэт 76,200,000 төгрөгийн өрөнд ороод байгаа юм. Өр, зээл болохоо байлаа. Би байрныхаа урьдчилгааг өгмөөр байна. Газраа өгөөд байр болгоод өрнөөсөө салаад, байрныхаа урьдчилгааг өгмөөр байна гэж байсан. Гэтэл одоо энэ хүмүүс юу яриад 76,200,000 төгрөг нэхээд байгаа юм. Би ямар өрөнд орчихоод шүүх дээр хариуцагчаар ирээд байгаа юм. Би үүнийг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан орд ХХК-ийн захирал Б.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Анх тухайн үеийн зах зээлийн жишиг бол тухайн айлын газрыг авч оронд нь 2 өрөө орон сууц өгдөг жишгээр явагдсан. Бид үүргээ биелүүлээд байрны орж ирсэн мөнгийг бэлэн бөгөөд дансаар нь өгөөд дууссан. Энэ хүн өөрөө ямар нэгэн байдлаар манай компаний эрх ашигт халдаад ашгийн тооцоо гаргаад, ашиг алдагдлын тооцоо гараагүй байхад ингээд яваад байгааг ойлгохгүй байна. Анх зээл гарахад хашаа, байшин нь ХААН банканд 15,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан учраас төлсөн. Мөн өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрсөн....Ганпүрэвээс байрны урьдчилгаан гэж 6,000,000 төгрөгийг Хан-Орд ХХК-д мэдэгдэлгүй авсан. Байр захиалсан Рэнцэнзэвгээс 1,500,000 төгрөг авч хэрэглсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг нь Хан-Орд ХХК-иас зээлж өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна. Хан-Орд ХХК-ний нэр дээр Алтайн Ойл ХХК-ний шатахуун түгээх газраас 2,592,150 төгрөгийн шатахуун Ц.О авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд Хан-Орд ХХК-иас дээрхи төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй. Эхнэр Г.Н эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөг зээлсэн. Одоо хүртэл төлөөгүй....Нийт 26,392,150 төгрөгийг Ц.Оаас нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О, Г.Н нар нь Б.Г, Д.А нарт холбогдуулан 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ц.О нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “....Б.Г, Д.А нартай  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 01 дүгээр гудамжны 15 тоотод байрлах Ц.О, Г.Н нарын өмчлөлийн 683.5 метр квадрат газар дээр 12 айлын орон сууц барихаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, 2 өрөө орон сууц авах, ашигаас тус бүр 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг авахаар тохиролцсоны 71,11 мкв 2 өрөө орон сууц авсан , мөн 23 800 000 төгрөгний өр зээлийг төлүүлсэн тул үлдэгдэл 76 200 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав.

Хариуцагч Б.Г нь “...нэхэмжлэгч Ц.О нь хашаа байшин, газрынхаа  төлбөрт Хан-Орд 12-н айлын орон сууцнаас 71.11 метр квадрат 2 өрөө байр авсан, энэ орон сууц бидэнд хамаагүй Хан Орд ХХК барьсан барилга юм, харин Хан Орд ХХК-иас нэхэмжлэгч Ц.О нь нийт 23 800 000 төгрөгний өр зээлээ төлүүлж авсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх үнэлээд нэхэмжлэгч Ц.О хариуцагч Б.Г, Д.А нар нь хамтран барилга барихаар амаар хэлэлцэн тохиролцож барилга барих ажлыг хамтран хэрэгжүүлэхээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах хэлцэл байгуулсан байна гэж үзэв.

Мөн Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Гийн Ц.Отай амаар байгуулсан хэлцлийг Хан Орд ХХК хожим дэмжин зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Оын Хаан банкны хүүтэй зээлийг төлж, өөрийн барьсан орон сууцнаас 2 өрөө 71.11 мкв байрыг олгож, хаан банкны зээл, хүүгийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөг, буйдангийн үнэ 800,000 төгрөг, эхнэр нь эмчилгээнд явахад 500,000 төгрөг, барилгаас авах ашигтаа оруулаад Ганпүрэвээс 6,000,000 төгрөг, Рэнцэнзэвэгээс 1,500,000 төгрөг,  нийт 23 800 000 төгрөгийг Хан Орд ХХК-иас Ц.От өгсөн нь талуудын тайлбараар бүрэн нотлогдож байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно “ гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.О нь хашааны газрын төлбөрт 71.11 мкв 2 өрөө орон сууц авсан, газар дээр байсан байшин сууцны хувьд Хан Орд ХХК-иас 23 800 000 төгрөгний тооцоогоо хийлгүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Ц.Оын 100 000 000 сая төгрөгний ашигаас 23,800,000 төгрөгийг хасч тооцон надад 76 200 000 төгрөг өгөх ёстой гэсэн тайлбар нь хариуцагч Б.Г, Д.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ганбаатарын тайлбаруудаар бүрэн няцаагдаж, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч Б.Г нь Хан-Орд ХХК-ийн нягтлан бодогч болох нь Хан-Орд ХХК-ийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаал, хариуцагч нарын тайлбар, хариуцагч Д.А нь Төгс уян шил ХХК-ийн захирал болох нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Орд ХХК болон Төгс уян шил ХХК-ний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тогтоогдож /2 дугаар хавтаст хэргийн 124, 129-130 дугаар тал/,  Б.Ганбаатар нь Хан-Орд ХХК-ийн захирал болох нь 1611001105 дугаартай Хан-Орд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, Хан-Орд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.Ганбаатар болох нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.Алтанцэцэгийн 75 дугаартай лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна./1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 128, 135-136 дугаар тал/

Дээрх үйл баримтуудаас үзэхэд 71,11 мкв 2 өрөө орон сууцыг болон нэхэмжлэгч Ц.Оын өр төлбөр болох 23 800 000 төгрөгийг Хан Орд ХХК-иас барагдуулж өгсөнтэй талууд маргаагүй, талуудын тайлбараар болон баримтуудаар нотлогдож байгаа тул зохигчдын хамтран ажиллах хэлцэл , уг хэлцлийн зорилго биелэгдсэн гэж үзэх үндэслэл байна.

Нэхэмжлэгч Ц.Оын хариуцагч нараас авах ёстой 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгний ашигаас 76 200 000 төгрөг авах нэхэмжлэлийн шаардлага нь нотлох  баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.О, Г.Н нарын нэхэмжлэлтэй Б.Г, Д.А нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаний Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг тухайд:

Хариуцагч Б.Г нь Ц.Отай хамтран ажиллах хэлцэл дуусгавар болоход гарах үр дагаврын талаар талууд хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй , мөн гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн захирал Б.Ганбаатар нь шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байх тул  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаний Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.О, Г.Н нарын нэхэмжлэлтэй Б.Г, Д.А нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан сая гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О, Г.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 /хоёр зуун наян есэн мянга есэн зуун арван нэг/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ