Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2018/02504/И |
Дугаар | 184/ШШ2019/02068 |
Огноо | 2019-08-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2019/02068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 31 байр, 5 тоот хаягт оршин суух О.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 1 хороолол, 23а байр, 4 тоот хаягт оршин суух, Их мянган овогт Б.О холбогдох
29,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Жамганы О нь Бүгд Найрамдах Солонгос улсад 2006-2015 он хүртэл 9 жил ажиллаж амьдарч байхдаа хурааж цуглуулсан мөнгөөрөө хариуцагч Б.О-ээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хангайн 5-185 тоотод орших хашаа байшинг худалдаж авахаар Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа хамтран амьдарч байсан Б.О-ээр дамжуулж тохиролцсон. Монгол улсад ирэх хүртлээ нийт 29.000.000 төгрөг цувуулж өгсөн байдаг. Эцсийн эцэст 29.000.000 төгрөг ч үгүй, хашаа байшин ч үгүй болсон. Гэтэл Б.О-ийн эгч болох Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа танилцсан Б.О-тэй цаашдын үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөөр төлөвлөж байсан бүхэн нь худал болсонд сэтгэл санаагаар шаналан хямарч өөрийн ах дүүстээ болон тухайн үед хамт амьдарч байсан охин болох надад гэрээслэл үлдээн 2016 оны 11 сарын 16-ны өдөр өөрийн амь насыг хохироосон юм. Энэ хэргийн улмаас миний аавын төрсөн эгч Ж.Н нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасанд эрүүгийн 201625022817 тоот хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж шалгуулсан боловч 2017 оны 03 сарын 24-ний өдөр сэжигтэн Б.О-ийг миний аавын амь насыг хохирсон асуудалд буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэсэн прокурорын 923 тоот тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч бидний сонгосон өмгөөлөгч Д.Г нь бүх шатны прокурорт хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон хэмээн гомдол гаргасан боловч шат шатандаа анхан шатны прокурорын тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж аваагүй. Гэсэн ч бүх шатны прокурорын тогтоолуудад нэхэмжлэгч намайг талийгаач аав Ж.О-ын зүгээс байшин худалдаж авахаар хариуцагч Б.О-т өгсөн 29.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсэн байсан. Мөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр өгсөн Б.О-ийн мэдүүлэг, гэрчээр мэдүүлэг өгсөн Б.О-ийн нөхөр Р.Т гэрч хадам эх О.Р нарын мэдүүлгүүдэд миний ааваас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байсан. Өнөөдөр миний бие багаасаа эцэг эхээсээ хол хөндий өсөж, эцэг эхийн хайр халамж, анхаарал дутагдаж байсны уршгаар үерхдэг эрэгтэй найзаасаа насанд хүрээгүй байхдаа хүүхэдтэй болж 2017 оны 05 сарын 14-нд охин Ж.М-ийг төрүүлж, одоо өөрийн гэсэн тогтсон орон байргүй, өөрийн найзуудынхаар 1 ой 1 сартай охины хамт хоног төөрүүлж явна. Охин Ж.М төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй буюу нэг гарын сарвуугүй төрсөн. Охин маань хөгжлийн бэрхшээлтэй учир надад ажил төрөл хийх боломж байдаггүй. Хаа ч явсан хүүхдээ чирээд явдаг. Миний ээж хүнтэй суусан тул би тэр хүнтэй нь таарч тохирдоггүй. Намайг хүүхэд гаргасан болохоор хүлээж авдаггүй байх гэж би боддог. Ээж маань надад ямар ч анхаарал халамж тавих чадваргүй, зөвхөн өөрийгөө болон миний дараах дүү нарын амьдралыг арай гэж авч явдаг. Өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж амьдардаг. Иймд нэхэмжлэгч миний бие талийгаач аав минь гэрээслэлдээ бичиж үлдээсэн хариуцагч Б.О-ээс хашаа байшин худалдаж авахаар өгсөн 29.000.000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.М, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй учир би тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч О.М-ын аав Ж.О нь 2006 оноос хойш 2015 оныг хүртэл Солонгос улсад ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Б.О-ийн эгч Б.О-тэй хамтран амьдардаг байсан. Энэ хугацаандаа Монголд очоод өөрийн гэсэн гэр оронтой болно гээд сар бүр каргогоор Б.О рүү мөнгө явуулдаг байсан. Б.О өөрийнх нь ийм хашаа байшин байна. Үүнийг худалдаж ав гэж санал болгосны дагуу худалдаж авахаар болсон байдаг. Ж.О нь 2015 онд Б.О-тэй хамт Солонгосоос Монголдоо ирсэн. Ирээд 5 шард Б.О хамт охинтойгоо гурвуулаа Б.О 2 өрөө байрыг түрээсэлж амьдарч байсан байдаг. Өвөл тэр хашаа байшинд нь амьдрахын эцэсгүй, хүйтэн байсан. Ингээд Б.О байрыг түрээсэлж байгаад түрээсийн мөнгөгүй болоод эхэлсэн чинь өөрийнхөө худалдаж авсан тэр хашаа байшиндаа оч гээд явуулдаг. Энэ хооронд Б.О эгч нь Солонгосруу явсан. Солонгост байсан Б.О талийгаач харилцаа нь муудаж Б.О ч эгчийгээ өмөөрч талийгаачийг дарамталдаг байсан. Ингээд өчнөөн жил Б.О мөнгө явуулсан байсан хүн хашаа байшинтай гэж бодоод очтол хүн амьдрахын эцэсгүй, нийтийн байр маягийн байшин байдаг. Гэтэл хашаа байшингаа бүтнээр нь өгсөн юм ч байхгүй, Ж.О жоохон хэсгийг нь худалдсан байдаг. Үүнийг хараад маш их гутарсан. Б.О хашаа байшинг нэр дээр нь ч шилжүүлж өгдөггүй. Байшингаа авая гэхээр чиний юм гэж юу байдгийн энэ хашаа байшинг зарж байж мөнгийг чинь өгнө гээд загнадаг. Хашаа байшин нь гэрэл зургаас ч тодорхой харагдана. Бид хамт үзлэг хийж очиход ч энэ байдал хэвээрээ нүүрийг нь тоосгоор өнгөлсөн байсан. Бүүр дээр үеийн хужаа нарын амьдарч байсан шавар тагз. Ингээд талийгаач өчнөөн жил гадаад улсад хөдөлмөрлөсөн байж мөнгө ч үгүй, орох орон гэр ч үгүй, хамт амьдарна гэж бодож явсан Б.О нь хаяад явчихсан, дээрээс нь Б.Оюунцэцэгийн дүү Б.О нилээн дарамталдаг. Тэгж амьдарч байх явцдаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр амиа хорлосон байдаг. Амиа егүүтгэхэд хүргэсэн гэдэг зүйл заалтаар Б.Ошалгуулсан. Эрүүгийн хэрэгт Б.О өмнөх өмгөөлөгч нь бид нартай хэлэлцэж тохиролцоод хашаа байшингийнх нь мөнгө төгрөгийг өгөхөөр болсон. Гэтэл Прокурорын газраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Бүх шатны прокурорт гомдол өгсөн боловч хүлээж авдаггүй. Тэгсэн эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болоод ирсэн чинь Б.О өгнө гэсэн мөнгө төгрөгөө өгөхөө больдог. Б.О нөхөр н.Түвшинжаргал нь эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ 2 газар зэрэг өмчилж болдоггүй учир талийгаачид зарсан хашаа байшингаа ээж н.Р нэр дээр авсан. Өөрийнх нь хашаа байшин учир би зарсан нь үнэн гэж мэдүүлдэг. Сүүлдээ Б.О манай эгч явуулсан гэж мэдүүлдэг, одоо болохоор ийм мөнгө огт аваагүй гээд байдаг. Ийм тогтворгүй мэдүүлэг өгдөг. Охин нь хууль ёсны өвлөгч болохоо илэрхийлж өв нээлгэх хүсэлт гаргасан. Яг ямар хөрөнгө өвлөж авах нь тодорхойгүй байсан учир өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Хашаа байшин уу, мөнгө өвлөх эрхтэй юу гэдгийг тогтоох боломжгүй байдал үүссэн. Өв нээлгэх хүсэлтээ нотариатад хуулийн хугацаандаа гаргасан. Талийгаачийн хашаа байшин авахаар өгсөн 29,000,000 төгрөг бол О.М өвлөх ёстой зүйл юм. Тиймээс мөнгөн дүнгээр нь нэхэмжилж байна. Нэхэмжлэгч О.М хувьд 17 настай байхдаа нэг охинтой болсон. Ам бүл хоёулаа, айл айлынхнаар хэсэж амьдардаг. Ээж нь хүнтэй суугаад хойд аавтай болсон. Хойд аав нь архи уудаг. Уухаараа охиныг оролдоно. Ийм хүнд байдалтай гэдгийг нь мэдсээр байж мөнгө аваагүй гээд байгаа. Талийгаач ах, эгч, дүүдээ болон охиндоо энэ хашаа байшинг 35.000.000 төгрөгөөр авсан гэж ярьж, гэрээслэлдээ ч 35.000.000 төгрөгөөр Б.О авсан гэдгээ бичсэн байдаг. Гэхдээ эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад Б.Отгонцэцэг өөрөө талийгчаас нийт 29.000.000 төгрөг авсан тухайгаа мэдүүлсэн байсан учраас бид нар 35.000.000 төгрөг биш 29.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр шийдсэн. Тиймээс хариуцагчаас 29,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Талийгаач Ж.О Солонгост ажиллаж байх хугацаандаа олсон мөнгөө бүгдийг нь Оюунцэцэгийн дансанд хийж байгаагүй нь мэдээж, охиндоо явуулдаг байсан. Охинтойгоо өөрсдийнхөө мөнгөөр машин авч байсан. Машиныг нь О байрны түрээсийн мөнгөнд гээд аваад үлдсэн байдаг. Хашаа байшинд засварын мөнгө гээд 10 сая төгрөг өгсөн боловч орохдоо мөн өөрөө засвар хийж орсон байдаг. Энэ засварын мөнгийг ч талийгаач өөрөө гаргасан. Эрүүгийн хэрэгт Р, О нөхөр Т нар мэдүүлэхдээ хашаа байшингийн үнэ гэж талийгаачаас О 29,0 сая төгрөг авсан гэж мэдүүлэг, энэ хангалттай нотлох баримт мөн. Эрүүгийн хэрэгт Отгонцэцэг анхнаасаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн байдаг, мөн гэрч нарт хууль сануулж авсан учир дарамталсан, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан, эрүүдэн шүүсэн гэж үзэх үндэслэл байхгүй. О нар хоорондоо ярьж зуучилж, О хадам ээж болох Р хашаа байшинг худалдаж авч өгнө гээд мөнгө авсан. Марал аавынхаа хамт нас барах хүртэл нь тэр хашаа байшинд 1 өрөөнд нь хамт амьдарч нөгөө өрөөгөө түрээслэж байснаа ч ярьдаг. Хүнд бэлэн мөнгө байж болно, ямартаа ч Ж.О нараас О Солонгост байхад нь нийтдээ 35,000,000 төгрөг шилжүүлж авч хашаа байшин худалдаж авч өгөхөөр тохирсон байдаг. Баримт байхгүй боловч өөрсдөө 29,0 сая төгрөг авсан гэдгээ зөвшөөрдөг учир бид нэхэмжлэлийн шаардлагаа 29,000,000 төгрөг гэж тодорхойлсон учир нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Тус шүүхэд нэхэмжлэгч О.М нь надад холбогдуулан 29.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгчийн аав болох Ж.О хашаа байшин 29.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн ааваас 29.000.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч байсан зүйл байхгүй болно. Нэхэмжлэгчийн аав нас барахдаа надаас 29.000.000 төгрөгний авлагатай гэх утга бүхий гэрээслэлийг үлдээсний дагуу талийгаачийн үхэлд хариуцагчийг буруутай хэмээн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж 201625022817 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 923 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож хариуцагчийг талийгаачийн үхэлд гэм буруугүй болохыг тогтоосон юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт болох талийгаачийн үлдээсэн гэрээслэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд зүгээр л талийгаачийн дотроо бодож санаж явдаг бодолоо цаасан дээр буулгаж үлдээсэн зүйл болохоос нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж үүний дагуу хариуцагчаас 29.000.000 төгрөг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч хариуцагч болон талийгаачийн хооронд мөнгө төгрөг өгч авалцсан талаарх нотлох баримт бүрдээгүй бөгөөд хариуцагч нь талийгаачаас 29.000.000 төгрөгийг хүлээж аваагүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаанд орсон этгээдүүдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх ёстой. Хамтын амьдралтай байсан нь О, О нарын хоорондох харилцаа. О нарын хооронд байр түрээслэсэн байдаг. Энийг эгч О-н даалгавараар хийсэн. 1 жилийн хугацаатай түрээслээд түрээсийн мөнгөө өгөхгүй байсан учир өөрсдөө байрандаа амьдрахын тулд арга буюу хадам ээж Р хашаа байшинд амьдруулсан. Энэ хугацаанд мөн л эгчийнхээ даалгавараар охин Мсургуульд суулгаж, хооллож ундалж байсан байдаг. Тэр хашаа байшинг худалдаж авна гээд О дамжуулан 11 сая төгрөг өгч авсан байсан. Түүнийг нь буцаан өгсөн байдаг. Мөн О өөрийнхөө данснаас 17 сая төгрөгийг бэлнээр авч О өгч амьдралаа өөрөө зохио гээд өгөхөд машин, Нарантуул зах дээр лангуу худалдаж авсан байдаг. О замын үүд рүү бараанд явсан байдаг. Тэгээд Нарантуул зах шатаад лангуу ч үгүй болсон. Хашаа байшинг худалдаж авах наймаа буцаж О хашаанаас гаргах асуудал үүссэн.
О рүү О чамтай амьдрана гээд захиа бичиж дарамталж, доромжилсон байдаг. О эгчийнхээ өмнөөс цагдаад өгнө гэж хэлсэн. Ингээд О угаасаа сэтгэлийн тэнхээ муутай хүн байсан учраас хорслын захиа бичээд амиа хорлосон байдаг. Энэ бүгд О нарын хоорондын харилцаа байсан. О бол цагдаад өгнө гэж хэлсэн, түрээсийн мөнгө нэхсэн зүйл л байдаг. О болон түүний охин М нэг ч төгрөг аваагүй. Энэ талаар нотлох баримт юу ч байхгүй. Отгонцэцэгээс М мөнгө нэхэх ямар ч үндэслэл байхгүй. Эрүүгийн хэргээр шалгах явцад О айсандаа, эрүүдэн шүүж мөнгө авснаа хүлээхгүй бол цагдан хорино гэсэн учир мөнгө авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг нь иргэний хэрэгт нотлох баримт болохгүй. Сэжигтэн яллагдагч юу гэж ч мэдүүлж болно, мэдүүлэг өөрчлөгддөг. Харин түүний ээж Р, нөхөр Т нар О хорьж цагдана гэхээр нь айсандаа О ярьсан зүйлийг дагуулаад л мэдүүлсэн байдаг. О, М нар О мөнгө өгснөө нотлох ёстой. Талийгаач О бичиж үлдээсэн хорслын захианд ч хэнээс хэдэн төгрөг өгсөн, аваарай гэсэн зүйл байхгүй байдаг. Хэрэв О Солонгост очиж ажиллаад мөнгө хураасан, бэлэн мөнгө орон доор нь байж байсан бол байр худалдаж авахгүй яах гэж Отгонцэцэгийн байрыг түрээслээд гар гэхээр хашаа байшинд нь очиж амьдраад байдаг юм бэ. Мөнгө байсан гэдгээ нотлох ёстой. О, О нар 17 сая төгрөг өгч аваад тооцоогоо дуусгасан гэдэг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.Охолбогдуулан 29,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төрсөн эцэг Ж.О хашаа байшин худалдан авахаар Солонгос улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа хамтран амьдарч байсан Б.О дамжуулан түүний дүү Б.О өгсөн 29,000,000 төгрөгийг гаргуулна, хашаа байшинд талийгаач аавын хамт амьдарч байсан ч хашаа байшинг Ж.О-н өмчлөлд шилжүүлээгүй, мөн талийгч аав нь гэрээслэлдээ энэ талаар бичсэн..., ... мөнгө өгч авсан нь эрүүгийн хэрэгт мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа...” гэж тайлбарлаж байна.
Харин хариуцагч Б.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Ж.О хашаа байшин 29,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн ааваас 29,000,000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч байсан зүйл байхгүй. ...Байраа түр хугацаагаар Ж.О түрээслэж байсан ба мөнгөө төлөхгүй байсан учир байраа суллахын тулд хашаа байшиндаа түр байлгасан..., уг хашаа байшин хадам ээж Р өмчлөлийнх..., ...мөрдөн байцаалтанд хорьж мөрдөнө гэж айлгасан учир Б.О, Р.Т нар мөнгө авсан гэж мэдүүлсэн энэ нь иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй..., ...гэрээслэл гэх гараар бичсэн зүйл нь Б.О хорлох гэсэн хорслын захидал болохоос гэрээслэлд тавигдах хуулийн шаардлага хангаагүй баримт юм...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.
Боржигон овогт Ж.О нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр нас барсан болохыг 2016 оны 11 сарын 17-ны өдөр нас барсны бүртгэлийн 5768-рт бүртгэж гэрчилгээ олгосон болох нь №0000195180 дугаартай “Нас барсны гэрчилгээ”-ний хуулбараар тогтоогдов. /хх-12х/
2016 оны 11 сарын 16-ны өдөр Ж.О нь өөрийн охин О.М болон ах, эгч, дүү нартаа бичгээр захиас үлдээн нас баржээ. Ж.О нас барсан гэх хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эрүүгийн 201625052817 дугаартай хэрэг үүсгэн Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сэжигтнээр татан шалгажээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 323 дугаар тогтоолоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 5/225, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 5/1120, Улсын ерөнхий Прокурорын газрын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 5/938 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар анхан шатны прокурорын шийдвэрийг үндэслэлтэй талаар мэдэгджээ. /хх-5-10х/
Нэхэмжлэгч О.М нь нас барагч Ж.О төрсөн охин болох нь О.М 0000965301 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд О.М нь төрсөн эцгийн хамт түүнийг нас барах хүртэл Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоот хаягт хамт амьдарч байсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар заасан бөгөөд О.М нас барагчийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” хэмээн заасан тул О.М нь хууль ёсны өвлөгч болохын хувьд мөн нас барагчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан тул нас барагч Ж.О өвийг хүлээн авсан гэж үзэж, маргаан бүхий хашаа байшин, түүний төлбөрийн талаар шаардлага гаргах эрхтэй байна.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоот хаягт байрлах хашаа байшин нь хариуцагч Б.О өмчлөлийнх биш харин түүний хадам ээж О.Р өмчлөлийн хөрөнгө байсан талаар талууд маргахгүй, харин уг хашаа байшинг авахаар нийтдээ 29,000,000 төгрөгийг талийгаач Ж.О шилжүүлэн өгсөн эсэх талаар талууд маргаж байна.
Хариуцагч Б.О Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 201625022817 дугаартай хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл”-д өгсөн мэдүүлэгт “...Тэгээд талийгаач О, эгч О нарын урьдчилгаа гэж өгсөн 11,000,000 төгрөгийг зээлсэн мөнгөндөө өгчихсөн юм...” гэх тайлбар /хх-ийн 24-р тал/, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэлд “...талийгаачийг 2012 оноос хойш мэддэг болсон. Талийгаач нь манай эгч Батбаярын О Солонгос улсад байхдаа үерхдэг байсан гэж манай эгч хэлдэг байсан..., ...яг хэдэн оныг нь санахгүй байна, манай эгчтэй нийлээд талийгаач манай хадам ээж О Р нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоот хашаа байшингийн хамтаар худалдан авахаар болсон юм. ... манай хоёр авья гээд надад 12,000,000 төгрөг бэлнээр өгч байсан юм. Тэгээд увуулж цувуулаад нар руу Вип каргогоор цувуулж мөнгө явуулж байсан. Ерөнхийдөө надад нийт 29,000,000 төгрөг өгсөн...., ...хашаа байшин руугаа явсных нь дараа нэг их харьцахаа больсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р тал/
Мөн хариуцагч Б.О хадам ээж болох О.Р тус хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “... би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоот хаягт байрлах хашаа байшингаа 29 сая төгрөгөөр зарах гэж байсан..., ...манай бэр Б.О манай эгч Солонгост байдаг хашаа байшинтай болмоор байна гэж ярьсан..., ...анх урьдчилгаа гээд 12 сая төгрөг Отгонцэцэг надад өгөхөөр нь би буцаагаад өгөөд чи энэ мөнгөө өөртөө байлгаж бай, мөнгө төгрөгөө нэг мөр гүйцээж өгөхөөр нь нэр усаа шилжүүлж өгнө гэсэн..., ...би О.М нь асран халамжилж 11 дүгээр ангийг нь арай гэж төгсгөсөн..., ...би Ж.О нэг ч төгрөг авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/
Хэргийн 67-71-р талд авагсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч Ж.Н өгсөн мэдүүлэгт “...Би Ж.О хамгийн том эгч нь ..., ...Солонгост байхдаа хашаа байшин худалдаж авч байгаа мөнгийг нь цувуулаад өгч байгаа гэж хэлж байсан..., н.Р гэж хөгшнөөс худалдаж авсан байгаа..., 2013 онд н.Р гэж хүнтэй холбогдож тэр хашаа байшинг нь очиж үзэж байсан. Дараа нь хашаа байшингийнхаа мөнгийг төлөөд дуусгасан гэж байсан. ...н.Р гэж хүнтэй нас барсных нь дараа очиж уулзсан..., ...би мэдэхгүй талийгаач 10,000,000 төгрөг, 12,000,000 төгрөг өгсөн гэхдээ би бөөнд нь авья гээд буцаагаад өгчихсөн гээд нэг юм ярьсан...” гэх мэдүүлэг,
Нэхэмжлэгч О.М эрүүгийн 201625022817 дугаартай хэрэгт “Насанд хүрээгүй гэрчийг байцаасан тэмдэглэл”-д авагдсан “...манай аав 2006 онд Солонгос явсан..., ...2015 онд Монголд ирсэн юм. Аав Монголд ирэхээсээ өмнө утсаар холбогдож 2013 онд байх намайг 10-р ангид байхад “миний охин Ооёо эгчийнхээ дүү дээр нь очоод хамт байж бай” гэж хэлж байсан. Ооёо эгч гэдэг нь манай аавын Солонгост хамт амьдарч байсан хүн юм..., ...тэгээд бид хоёр 2016 оны 4 сард тэднийхээс гарсан...,...бид хоёр гарчихаад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоотод ирж амьдарсан юм. Уг хашаа манай аавын худалдаж авсан хашаа байгаа юм. Уг хашааг аав Солонгост байхдаа Отгонцэцэг эгчид бага багаар мөнгийг нь явуулж байгаад худалдаж авсан хашаа байгаа юм. Аав О нийтдээ 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж надад болон ах дүү нартаа хэлж байсан...” гэх мэдүүлэг,
Нэхэмжлэгч О.М эцэг Ж.О нь нас барахаасаа өмнө “Хайрт охин М” , “Ах эгч дүү нартаа” гэж хаяглан бичиж үлдээсэн 5 хуудас гар бичвэрийг нэхэмжлэгч өөрийн эцгээс үлдээсэн гэрээслэл гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болгож байгаа боловч уг бичгийн баримт нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-т заасан “гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ” гэх шаардлагыг хангаагүй байх тул шүүх гэрээслэл гэж үзэх боломжгүй юм. Гэвч уг баримтыг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбоотой бичгийн баримтад тооцон үнэлэх нь зүйтэй гэж үзлээ. Талууд хэн аль нь уг 5 нүүр гар бичвэрийг талийгаач Ж.О бичсэн эсэх дээр маргадаггүй бөгөөд “Ах эгч дүү нартаа” гэж хаяглан бичсэн баримтын 2-р тал дахь бичвэрт “...Энэ хашаа байшинг би өөрийнхөө мөнгөөр авсан. Болохгүй бол орхиод яваарай. Ооёоогийн дүү О нь энэ хашаа байшинг хадам болох Р нь 22,000,000 саяар авсийн билээ. Гэвч бид хоёрт 25,000,000 авсан гэж, бас 10,000,000-аар засвар хийсэн гээд ооёоо бид 2-т 35,000,000 төгрөгөөр зарсан. Үнэндээ хадам ээж 22,000,000 авсаныг олж мэдсэн юмаа...” гэжээ. /хх-ийн 162-р тал/
Дээр дурдсан бичгийн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дүгнэн үзвэл нас барагч Ж.О, Б.О нар нь Солонгос улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа хамтран амьдарч байсан, тэд хамтран амьдарч байх хугацаандаа Б.О дүү буюу хариуцагч Б.О дамжуулан О.Ринагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоот хашаа байшинг хамтран худалдан авахаар тохиролцож Б.О тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ. Харин хэрэгт авагдсан баримтаар О.Р уг хашаа байшинг 29,000,000 төгрөгөөр өөрийн бэр болох Б.О дамжуулан түүний эгч Б.О, Ж.О нарт худалдахаар болж, улмаар мөнгийг бүрэн төлсөн тохиолдолд нэрийг шилжүүлэхээр тохиролцож Б.О урьдчилгаа гэж өгсөн 12,000,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримт мөн тогтоогдож байна гэж үзлээ.
Мөн хариуцагч Б.О нь Ж.О мөнгө огт аваагүй, эгчээсээ 12,000,000 төгрөг авсныгаа буцааж өгсөн талаар шүүхэд тайлбар гаргасан хэдий боловч 201625052817 дугаартай эрүүгийн хэрэгт сэжигтнээр байцаагдсан “...яг хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Манай эгчтэй нийлээд талийгаач манай хадам ээж О нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоот хашаа байшинг хамтаар худалдан авахаар болсон. ...надад 12 сая төгрөг бэлнээр өгч байсан юм. Ерөнхийдөө надад нийт 29 сая төгрөг өгсөн байгаа, ...тэгээд тэр хоёр Монголд ирэхэд нь нэр усаа шилжүүлж өгөхөөр ярьж байсан юм...” гэх мэдүүлэг, гэрчээр байцаагдсан О.Р “...хашаа байшингаа 29 сая төгрөгөөр зарах гэж байсан юм. Анх надад 12 сая төгрөг Б.О өгөөд урьдчилгаа мөнгө гэхээр нь буцаагаад Б.О өгсөн...” гэх мэдүүлэг, мөн гэрчээр байцаагдсан Р.Т “...талийгаач Отгонбаяр, манай эхнэрийн төрсөн эгч Оюунцэцэг нар бид нартай холбогдоод анх 2013 онд 11 сая төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд хоорондоо тохиролцоод тэр хашааг 29 сая төгрөгөөр зарахаар болоод үлдэгдэл мөнгийг нь цувуулж авахаар болсон юм. Тэгээд нэг уван цуван авсаар байгаад бид хоёр 25 орчим сая төгрөг авсан байх” гэх мэдүүлэг зэргээс хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байгаа болно. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан эрүүгийн хэрэгт сэжигтнээр болон гэрчээр байцаагдсан тэмдэглэлүүд, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 323 дугаар тогтоол зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангажээ. /хх-5-7, 23, 24, 27,28,57-59х/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаан дээр эрүүгийн хэрэгт Б.О, Р.Т, О.Р нараас мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн, гэрчид гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх тухай тайлбарлаж өгөөгүй, хууль сануулаагүй байцаалт авсан. Мөн хорьж мөрдөнө гэж айлган сүрдүүлсэн учир мөнгө авсан гэж худлаа мэдүүлсэн байдаг. Энэ эрүүгийн хэрэгт сэжигтэн, гэрчээр өгсөн мэдүүлгийг иргэний хэрэгт шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч дээрх эрүүгийн хэрэгт гэрч О.Р, Р.Т нараас мэдүүлэх авахдаа Эрүүгийн хууль сануулан мэдүүлэг авсан, сэжигтнийг байцаасан тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Б.О нь удаа дараа байцаалт өгөхдөө өмгөөлөгчийн хамт оролцож байсан, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад эрүүдэн шүүсэн талаар болон мөрдөн байцаах ажиллагааг хууль зөрчиж хийсэн талаар талууд гомдол гаргаж байгаагүй байна. Иймд дээрх бичгийн баримтуудаар хариуцагч Б.О нь нас барагч Ж.О болон өөрийн төрсөн эгч Б.О нараас хашаа байшин худалдан авч өгөх зорилгоор 29,000,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоотод байрлах хашаа байшин нь Б.О өмчлөлийн бус, түүний хадам ээж болох О.Р өмчлөлийн хөрөнгө болох талаар талууд хэн аль нь маргаагүй байна. Тиймээс Б.О нь маргаан бүхий хашаа байшинг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш атлаа үндэслэлгүйгээр Ж.О нарын мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Харин уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч О.М бүхэлд нь дангаар хариуцагч Б.О шаардах эрхгүй юм. Учир нь уг 29,000,000 төгрөгийг талийгаач Ж.О дангаараа шилжүүлээгүй, талийгаач Ж.О, Б.Оюунцэцэг нар нь Солонгос улсад хамтран амьдарч, ажиллаж байх хугацаандаа хашаа байшин авах зорилгоор хамтдаа хариуцагч Б.О цувуулан 29,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзвэл хэн нь хэдэн төгрөгийн хөрөнгийг шилжүүлсэн болон Б.О нь өөрийн оруулсан хөрөнгийг тодорхойлон шаардах эрхийг нэхэмжлэгч О.М шилжүүлээгүй учир нэхэмжлэгч О.М өөрийн эцэг талийгаач Ж.О шилжүүлсэн хөрөнгийг л шаардах эрх үүсэх юм. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, талууд хэн аль нь үүнийг нотолж чадахгүй байгаа хэдий ч нэхэмжлэгч О.М нь зөвхөн өөрийн эцэг Ж.О шилжүүлсэн мөнгийг шаардаж байх тул хамтран бусдад шилжүүлсэн хөрөнгийг хувь тэнцүүлэн тооцож, талийгаач Ж.О ногдох хэсгийг 14,500,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” талаар заасан тул хариуцагч Б.О 14,500,000 төгрөгийг гаргуулан нас барагч Ж.О хууль ёсны өв залгамжлагч О.М олгож шийдвэрлэв.
Түүнчлэн Б.О нь өөрийн эрх ашиг хохирсон гэж үзвэл өөрийн оруулсан хувь хөрөнгөө хариуцагч Б.О буцаан шаардах эрх нь нээлттэй байгаа болохыг дурдаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Б.О улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч О.Мнь төлбөрийн чадваргүй болох нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөгдсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О 14,500,000 /арван дөрвөн сая, таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М олгож, нэхэмжлэлийн үлдэх 14,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.О улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН