Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Батсуурь, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Иргэдийн төлөөлөгч Н.Уранчимэг,

Улсын яллагч О.Багшбаяр,

Хохирогч Н.Амгаланбаатар /РД: ЖЭ66111311/,

Шүүгдэгч У.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан /0741/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Өлзийсайханд холбогдох 2016 2501 3295 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1965 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Хар чонот” ХХК-д инженер ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дуүргийн 12 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамжны 824 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Хавхчин овогт Уртнасангийн Өлзийсайхан /РД: ЛМ65011211/,

         

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          У.Өлзийсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 30 тоот нийтийн байранд иргэн Н.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан 1 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Өлзийсайханы өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байсан. Тухайн өдөр барилгачдын баяр гээд амарч байсан юм. Тэгэхэд Амгаланбаатар над руу утсаар яриад манайд ирэхэд нь би түүнийг тосч гэртээ оруулан 2 шил архийг бид хоёр хувааж уусан. Гэхдээ сүүлийн шилтэй архи арай дуусаагүй тал нь үлдсэн байсан. Бид хоёр хоол хийж идсэн. Мөн бид архи уусан учир жаахан согтолттой байсан. Би мах идээд газар сууж байхад хохирогч болох Амгаланбаатар “гэртээ харилаа” гэхээр нь би мах идэж байсан учир түүнийг “би хүргэж өгнө, чи жаахан байж бай” гээд гараас нь татахад тэр намайг дараад унасан. Ийм болгоомжгүй зүйл болсон. Урьд нь бидний дунд маргаан, асуудал үүсч байгаагүй. Болгоомжгүй үйлдэл болсон гэдгийг хохирогч өөрөө ч мэдэж байгаа. Мөн анх намайг барьж авсан цагдаа гэх гэрчийн мэдүүлэгт би гомдолтой байна. Намайг барьж авахдаа ямар нэг эрх сануулаагүй. Тэр “чиний уурыг хүргээд байхаар нь чи хутга шаачихсан юм уу” гээд тоглоом наргианаар хэлж байсан. Би тэр хүний мэдүүлэг одоо ийм эсрэг мэдүүлэг болно гэж бодоогүй. Хууль зүйн мэдлэг дутуугаас болж ийм байдалд орлоо” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Амгаланбаатарын өгсөн: “Тэр өдөр хагас сайн өдөр байсан. Би Өлзийсайханд барилгачдын баярын мэнд хүргээд түүний гэрт очсон. Очиход Өлзийсайхан 1 шил архи гаргахаар нь би 1 шил архитайгаа очсон байснаа гаргаж уусан. Би тэгээд “явлаа” гээд куртикээ өмсөөд явах гэтэл Өлзийсайхан намайг явуулахгүй, өөрөө гаргаж өгнө гэж бодсон байх. Тэрнээс биш бид хоёрт маргалдаж муудсан зүйл байхгүй. Миний хувцас хунар урагдаж, нүүр шалбарсан зүйл байхгүй. Бид хоёр тухайн үед маргаагүй. Эмнэлэгт очоод хагалгаанд орсон. Миний биеийн байдал одоо сайн байгаа. Өлзийсайханаас өөр нэхэмжлэх зүйлгүй. Өлзийсайхан надад эмчилгээ хийлгэж, зардлыг төлсөн. Мөн 1.600.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-10/,

 

Эд мөрийн баримтаар 13 см урт бариултай, 16.8 см урт ажлын хэсэгтэй хар өнгийн хутга 1 ширхэгийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.18-21/,

 

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Амгаланбаатарын өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би гадуур найзуудтайгаа уулзан явж байгаад 13 цагийн үед найз Өлзийсайхан руу утсаар залгаж Барилгачдын баярын мэнд хүргээд уулзахаар болсон. Өлзийсайхан гэртээ байсан болохоор гэрт нь очихоор болсон. 15 цаг өнгөрч байсан ба би Өлзийсайханы гэрийг мэдэхгүй өнгөрч явсан байсан ба ярьж байгаад Дарь-Эхийн автобусны дунд буудал дээр уулзсан. Тэгээд Өлзийсайханы гэрт нь очиход найз хүүхэн Энхтуяа нь байсан. Өлзийсайхан бага зэрэг согтуу байсан ба хэзээ архи уусан талаар нь мэдээгүй. Намайг ороход чанасан мах гаргаж өгсөн. Мах идэнгээ Өлзийсайхан 1 шил 0.5 литрийн Ерөөл архи гаргасныг хувааж уусан. Энхтуяа удаагүй гараад явсан. Өлзийсайхан 1 шил архиа ууж дуусаад гарч дахиж 0.5 литрийн 1 шил Хараа архи би авсан. Буцаж гэрт нь ороод авсан архиа хувааж уусан. Бид 2 нилээн их согтсон ба орой 18 цагийн үе болоод би явахаар болсон. Явна гэж ярьж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. Эмч нар миний цамцыг хайчилж байсныг санаж байна. Тэрний дараа юу болсныг бас санахгүй байна. Дараа нь сэрэхэд хагалгаанд орсон сэхээний тасагт аппарат залгуулаад хэвтэж байсан. Эгч Дэнсмаа байсан ба юу болсон талаар асуухад “чи хутгалуулаад ирсэн, бид нарыг эмнэлгээс дуудсан, чи хагалгаанд орсон” гэж хэлсэн. Эмнэлэгт байхад Өлзийсайхан эргэж ирээд “найз нь юу болсныг бас санахгүй байна, чамайг явуулахгүй гэж татаж байгаад гартаа барьсан мах идэж байсан хутган дээрээ унагаасан юм шиг байна. Тэгээд түргэн дуудаад наашаа авчирсан, одоо найз нь яах вэ?, яаж туслах вэ? гэж хэлсэн. Би “хагалгаанд орсон одоо гайгүй байх, санаа зоволтгүй” гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Би хутгалуулснаа санахгүй байна. Өлзийсайхан бид 2 огт маргалдаагүй. Бид 2 хоорондоо муудалцаад байх найзууд биш. Санамсаргүй байдлаас ийм асуудал болсон байх. Бид 2 хоорондоо маргаж зодолдсон бол биед өөр гэмтэл, шарх шалбархай учрах байсан. Тийм зүйл байгаагүй. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Биеийн байдал одоо гайгүй болсон. Найзууд болохоор өөрсдөө учраа олчихсон” гэх мэдүүлэг /хх.22-24/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Энхтуяагийн өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би амардаг болохоор 11 цагийн үед боссон... Би махаа гаргаж хоол бэлдэж өгөөд 13 цагийн үед гутал авахаар гарсан. Гадуур явж байгаад 18 цагийн үед гэртээ орж ирэхэд Амгаланбаатар Өлзийсайханы дээр нь дараад хэвтэж байсан. Хоорондоо заамдалцсан байдалтай байсан. Би Амгаланбаатарыг хойноос нь татаж Өлзийсайханы дээрээс холдуулахад Өлзийсайхан орон дээрээ суусан. Амгаланбаатар гэдсээ дараад “гэдэс эвгүй болоод байна” гэхээр нь харахад хүйсний орчмоос нь цус гарч байсан Би “яасан бэ?” гээд цамцыг нь сөхөхөд ангайсан шархнаас цус гарч байсан. Би Амгаланбаатарыг холдуулахад хутгалагдсан, газар хутга байхаар нь би хутгыг нь хөргөгчний тийш шидээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх.25-29/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Мягмардоржийн өгсөн: “... Би 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 08 цагаас Сүлд 113 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг а/а Мөнхболдын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн үед Сүлд 10-аас “Хараа дэлгүүрийн хойд талын гудамжинд хүн хутгалчихлаа” гэх дуудлага хүлээж аваад дуудлага өгсөн гэх эмэгтэй хүнээр хаягийг нь заалгаж байгаад очиход дуудлага өгсөн эмэгтэй гудамжинд тосож авсан. Юу болсон талаар нь асуухад “хутгалсан хүн нь та нарыг хайгаад өөдөөс чинь гарсан, хутгалуулсан хүн нь гэртээ байгаа” гэж хэлсэн. Тэгээд хутгалсан гэх эрэгтэй хүний араас очиж барьж аваад машинд суулгасан. Цагдаа Мөнхболд хэрэг болсон гэх гэрт нь орж үзээд “103-т дуудлага өгсөн байна, гэдсэнд нь хутгалсан байна, бүрэлдэхүүнийг дууд” гэж хэлсэн. Хутгалсан гэх хүнийг хэлтэс дээр авчирч жижүүрийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан д/ч Эрдэнэболдод хүлээлгэж өгсөн. Хутгалсан гэх Өлзийсайхан их хэмжэний согтолттой байсан. Хэрэг хийсэн талаараа ярихдаа “би буруу юм хийчихлээ” гэсэн. Машинд суулгаад явах замдаа “яагаад найзыгаа хутгалсан бэ?” гэж асуухад Өлзийсайхан “манай найз өөдөөс томроод байсан юм” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Дуудлага өгсөн эмэгтэй нь болсон хэргийн талаар сайн мэдэхгүй, юм яриагүй” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Мөрдөн байцаалтанд гэрч А.Мөнхболдын өгсөн: “... Би 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 08 цагаас Сүлд 113 чиглэл буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг а/д Мягмардоржийн хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн үед Сүлд 10-аас “Хараа дэлгүүрийн хойд талын гудамжинд хүн хутгалчихлаа” гэх дуудлага хүлээж авсан. Хэргийн газар очиход хутгалсан гэх хүн гараад зугатаасан гээд эхнэр гэх эмэгтэй нь гадаа зогсож байсан. Өмссөн хувцас, хаашаа зугатаасныг нь асуугаад араас нь явахад Хараа дэлгүүрийн хажууд зогсож байхаар нь машинд суулгаад хэнийг яагаад хутгалсан талаар асуухад “өдрөөс хойш наадах чинь дургүй хүргээд, намайг янз бүрзэр хэлээд, чаддаг юм бол алчих гээд байсан, тэгэхээр нь би ганц л дүрсэн” гэж хэлсэн. Тэгээд буцаж хэргийн газар очоод би уг айл руу орсон. Мягмардорж хутгалсан хүнийг хараад үлдсэн. Нийтийн байрны өрөөнд ороход хутгалуулсан хүн дээшээ хараад шалан дээр хэвтэж байсан ба хүйс орчмын шархнаас гэдэс нь цухуйсан байсан. Хутгалсан хүний эхнэр 103 дуудсан гэсэн. Энэ үед гадаа түргэний машины дуу гарахаар нь би гарч машиныг хашаагаар оруулсан. 2 эмчийг нь дагуулж орсон. Эмч үзээд гэдсийг нь боогоод машинд суулгаад хутгалсан хүний эхнэрийг цуг аваад явсан. Би Мягмардоржийн хамт авч яваад Сүлд 10-д хүлээлгэж өгсөн. Хутгалсан гэх Өлзийсайхан бүр их согтуу биш байсан. Хэрэг хийсэн талаараа ярихдаа “2 шил архи хувааж уусан, ууж байхад өдрөөс хойш дургүй хүргээд, намайг янз бүрээр хэлээд, чаддаг юм бол алчих гээд байсан, тэгэхээр нь би ганц л дүрсэн” гэсэн. Тухайн үед бүрэнхий болж байсан. Гаднаас орж ирсэн болохоор өрөө бүрэнхий санагдсан. Хутгалуулсан хүнийг хараад бусад өрөөн доторхи эд зүйлийг сайн анзаараагүй” гэх мэдүүлэг /хх.32-33/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Эрдэнэболдын өгсөн: “... Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албаны 70 жилийн ойн байр болоод 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд нийтийн байранд хүн хутгалагдсан гэх дуудлагыг Сүлд 10-аас хүлээн авсан. Хутгалагдсан хүн БХХСАХН Эмнэлэгт хүргэгдсэн гэх тул бүрэлдэхүүний хамт очиход “хутгалуулсан Амгаланбаатар яаралтай мэс засалд орох гэж байна, мэдүүлэг өгөх боломжгүй” гэж эмч хэлсэн. Ар гэрээс нь хүн байхгүй байсан ба хутгалсан Өлзийсайханы эхнэр Энхтуяа байсан тул Энхтуяаг аваад хэрэг болсон гэх газар буюу Баянзүрх дүүргийн 2-р хороо, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 30 тоотод очсон. Очиход хаалга хаалттай цоожгүй байсан. Өрөөнд ороход архины 2 шил, хоолны аяга таваг газарт байсан ба өрөөний баруун буланд шалан дээр цусан дусал байсан. Энхтуяа “хутгыг энд хаясан” гээд хөргөгчний цаад талыг заасан. Харахад хар өнгийн иштэй урт хутга байсныг хураан авсан. Үзлэг дуусаад Энхтуяагаас юу болсон талаар асуухад “намайг гаднаас орж ирэхэд Амгаланбаатар, Өлзийсайхан 2 маргалдаж байсан ба Амгаланбаатар Өлзийсайханы дээр нь хэвтэж байсан, Амгаланбаатарын гэдсэнд хутгалагдсан байсан, би хутгалахыг хараагүй, намайг орж ирэхэд хутга нь зоогдсон байхаар нь би хутгыг нь сугалж аваад хөргөгчний булан руу шидсэн, тэгээд цагдаа дуудсан, цагдаа ирээд Өлзийсайханыг, түргэн ирээд Амгаланбаатарыг надтай цуг авч явсан” гэж хэлсэн. Үзлэг хийхэд гэрт зодоон болсон шинж байгаагүй. Үзлэгээ дуусгаад хэлтэс дээр ирэхэд хутгалсан гэх Өлзийсайханаас архи нь гарч байсан тул тайлбар авахад “бид 2 юунаас болж маргасныг санахгүй байна, ямар ч байсан маргалдаад гэртээ байсан махны хар иштэй хутгаар хэвлийн тус газар нь хатгасан нь үнэн” гээд өөр юм яриагүй. Хэрэг болсон гэх өрөө нь жижигхэн өрөө байсан. Өрөөн доторх бүх эд зүйлс нүдэнд харагдахаар байсан. Хэргийн газрын үзлэгээр тавган дотор бууз, кимчи ногоо, талх зэрэг идэх зүйл байсан. 2 шил архины шил болон хутгыг үзлэгээр хураан авсан. Би өрөөний булан бүрийг болон коридор, үүд бүгдийг нь үзсэн. Хогийн савийг хүртэл үзэхэд төмсний хальс, тамхины иш хайрцаг, архины шил байсан. Үзлэгээр ямар ч чанасан хонины ястай мах илрээгүй. Өлзийсайхан “хэрэг болох үед согтуу байсан, юу болсон зүйлийг сайн санахгүй байна, ямар ч байсан Амгаланбаатартай маргалдаад махны хар иштэй хутгаар нэг удаа хатгасан” гэж мэдүүлж байсан. Мах идэж байхад Амгаланбаатар өөрөө дээрээс унасан тухай огт яриагүй” гэх мэдүүлэг /хх.34-35/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №12653:

“1. Н.Амгаланбаатарын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй 1 удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна” гэх дүгнэлт /хх.42/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батзолбоогийн өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 19 цаг 38 минутанд хүлээн авахаар Амгаланбаатар ирсэн. Согтуу байсан. Асуухад ямар хүнд хаана, хэзээ хутгалуулснаа мэдэхгүй гэнэ. Биеийн байдал хүнд, хүйсний дээд талд хатгагдсан шархтай, шархаар нарийн гэдэсний гогцоо гарч хавчигдсан байсан. Үзлэг хийж яаралтай мэс засалд бэлтгэж, хэвлийн хөндийг нээж, эрхтнүүдийг шалгах мэс засал хийсэн. Мэс заслын үед хэвлийд 2 литр цус байсан. Нарийн гэдэс 2 газарт 2 см нэвт хатгагдсан, чацархай нэвт хатгагдсан шархтай байсанд оёдол тавьж хэвлийг угааж гуурс тавьсан. Хутга эгц чигээрээ хэвлийд нэвтэрсэн шархтай үед нарийн гэдэс нааш гардаг. Ташуу байрлалтай үед гарахгүй” гэх мэдүүлэг /хх.36/,

 

Мөрдөн байцаалтанд шинжээч М.Отгонбаатарын өгсөн: “... Хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хутганы ир үзүүрээрээ дээш харж, хөдөлгөөнгүй бэхлэгдсэн үед түүн рүү унах үед үүсэх боломжтой. Хүн хутга барьж байх үед унах тохиолдолд дээрх гэмтэл үүсэх боломж бага. Дээрх гэмтэл нь хутгалагдах үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх.43-44/,

 

Мөрдөн байцаалтанд У.Өлзийсайхан сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамтран амьдрагч Энхтуяагийн хамт байхад найз Амгаланбаатар 11 цагийн үед утсаар яриад “танайд очих гэсэн юм, гэрийг чинь олохгүй байна, намайг тосоод ав” гэж хэлсэн. Би гараад зам дээрээс тосоод гэртээ орсон. Амгаланбаатар нилээн халамцуу байсан. Энхтуяа мах, ногоо чанаж өгөөд 13 цагийн үед гадагшаа явсан. Бид 2 үлдээд хоолоо идчихээд өөрт байсан 0.5 литрийн Ерөөл архиа гаргаж хувааж уусан. Архи дуусаад бид 2 гараад Амгаланбаатар 0.5 литрийн Ерөөл архи авсан. Авсан архиа уугаад бид 2 нилээн согтсон. Бид 2 өөд өөдөөсөө хараад сууж байсан ба Амгаланбаатар архи ууж дуусчихаад гэртээ харина гээд боссон... Би өөр дээрээсээ босгох гээд Амгаланбаатарыг түлхэж байснаа санаж байна. Тэгээд Амгаланбаатар босоод буцаж суусан. Нилээн сууж байснаа гэдсээ дараад “чи намайг хатгасан байна” гэж хэлсэн. Би “юу гэж чамайг хатгадаг юм бэ” гээд харахад гэдэснээс нь цус гарч байсан. Өнгөцхөн зүсэгдсэн байх гээд цусыг нь тогтоох гэхэд болохгүй байхаар нь түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх.59-60/,

 

          Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх.19-20/,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Энхтуяаг байцаасан тэмдэглэл /хх.28-29/,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Бат-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /хх.37--38/,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ганбатыг байцаасан тэмдэглэл /хх.39-40/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх66/,

          “Хар чонот” ХХК-ийн тодорхойлолт /хх.70/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

У.Өлзийсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 3 дугаар гудамжны 30 тоот нийтийн байранд иргэн Н.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан 1 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-10/, эд мөрийн баримтаар хутга хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.18-21/, мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Г.Энхтуяа /хх.25-29/, Ж.Мягмардорж /хх.30-31/, А.Мөнхболд /хх.32-33/, Х.Эрдэнэболд /хх.34-35/, Б.Батзолбоо /хх.36/, шинжээч М.Отгонбаатар /хх.43-44/ нарын мэдүүлэг, шинжээчийн №12653 дүгнэлт /хх.42/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Хохирогч Н.Амгаланбаатар нь шүүгдэгч У.Өлзийсайханы чанасан мах идэхдээ барьж байсан хутган дээр унасны улмаас шүүгдэгч нь хохирогчийн  биед учирсан хүнд зэргийн гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэж мэтгэлзэж буй шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарууд нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-10/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Энхтуяагийн өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би амардаг болохоор 11 цагийн үед боссон... Би махаа гаргаж хоол бэлдэж өгөөд 13 цагийн үед гутал авахаар гарсан. Гадуур явж байгаад 18 цагийн үед гэртээ орж ирэхэд Амгаланбаатар Өлзийсайханы дээр нь дараад хэвтэж байсан. Хоорондоо заамдалцсан байдалтай байсан. Би Амгаланбаатарыг хойноос нь татаж Өлзийсайханы дээрээс холдуулахад Өлзийсайхан орон дээрээ суусан. Амгаланбаатар гэдсээ дараад “гэдэс эвгүй болоод байна” гэхээр нь харахад хүйсний орчмоос нь цус гарч байсан Би “яасан бэ?” гээд цамцыг нь сөхөхөд ангайсан шархнаас цус гарч байсан. Би Амгаланбаатарыг холдуулахад хутгалагдсан, газар хутга байхаар нь би хутгыг нь хөргөгчний тийш шидээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх.25-29/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Мягмардоржийн өгсөн: “... Машинд суулгаад явах замдаа “яагаад найзыгаа хутгалсан бэ?” гэж асуухад Өлзийсайхан “манай найз өөдөөс томроод байсан юм” гэсэн утгатай зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч А.Мөнхболдын өгсөн: “... Хэргийн газар очиход хутгалсан гэх хүн гараад зугатаасан гээд эхнэр гэх эмэгтэй нь гадаа зогсож байсан. Өмссөн хувцас, хаашаа зугатаасныг нь асуугаад араас нь явахад Хараа дэлгүүрийн хажууд зогсож байхаар нь машинд суулгаад хэнийг яагаад хутгалсан талаар асуухад “өдрөөс хойш наадах чинь дургүй хүргээд, намайг янз бүрзэр хэлээд, чаддаг юм бол алчих гээд байсан, тэгэхээр нь би ганц л дүрсэн” гэж хэлсэн... Хутгалсан гэх Өлзийсайхан бүр их согтуу биш байсан. Хэрэг хийсэн талаараа ярихдаа “2 шил архи хувааж уусан, ууж байхад өдрөөс хойш дургүй хүргээд, намайг янз бүрээр хэлээд, чаддаг юм бол алчих гээд байсан, тэгэхээр нь би ганц л дүрсэн” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Эрдэнэболдын өгсөн: “... Үзлэгээ дуусгаад хэлтэс дээр ирэхэд хутгалсан гэх Өлзийсайханаас архи нь гарч байсан тул тайлбар авахад “бид 2 юунаас болж маргасныг санахгүй байна, ямар ч байсан маргалдаад гэртээ байсан махны хар иштэй хутгаар хэвлийн тус газар нь хатгасан нь үнэн” гээд өөр юм яриагүй... Өлзийсайхан “хэрэг болох үед согтуу байсан, юу болсон зүйлийг сайн санахгүй байна, ямар ч байсан Амгаланбаатартай маргалдаад махны хар иштэй хутгаар нэг удаа хатгасан” гэж мэдүүлж байсан. Мах идэж байхад Амгаланбаатар өөрөө дээрээс унасан тухай огт яриагүй” гэх мэдүүлэг /хх.34-35/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №12653:

“1. Н.Амгаланбаатарын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй 1 удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна” гэх дүгнэлт /хх.42/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батзолбоогийн өгсөн: “... Биеийн байдал хүнд, хүйсний дээд талд хатгагдсан шархтай, шархаар нарийн гэдэсний гогцоо гарч хавчигдсан байсан. Үзлэг хийж яаралтай мэс засалд бэлтгэж, хэвлийн хөндийг нээж, эрхтнүүдийг шалгах мэс засал хийсэн. Мэс заслын үед хэвлийд 2 литр цус байсан. Нарийн гэдэс 2 газарт 2 см нэвт хатгагдсан, чацархай нэвт хатгагдсан шархтай байсанд оёдол тавьж хэвлийг угааж гуурс тавьсан. Хутга эгц чигээрээ хэвлийд нэвтэрсэн шархтай үед нарийн гэдэс нааш гардаг. Ташуу байрлалтай үед гарахгүй” гэх мэдүүлэг /хх.36/,

 

Мөрдөн байцаалтанд шинжээч М.Отгонбаатарын өгсөн: “... Хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хутганы ир үзүүрээрээ дээш харж, хөдөлгөөнгүй бэхлэгдсэн үед түүн рүү унах үед үүсэх боломжтой. Хүн хутга барьж байх үед унах тохиолдолд дээрх гэмтэл үүсэх боломж бага. Дээрх гэмтэл нь хутгалагдах үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх.43-44/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэнэ.

 

Иймд шүүгдэгч У.Өлзийсайханыг хүндрүүлэх нөхцөлгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч У.Өлзийсайханы үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаж буй гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч У.Өлзийсайхан нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд 1.600.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Амгаланбаатар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Өлзийсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 13 см урт бариултай, 16.8 см урт ажлын хэсэгтэй хар өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч У.Өлзийсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хавхчин овогт Уртнасангийн Өлзийсайханыг хүндрүүлэх нөхцөлгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Өлзийсайханд 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч У.Өлзийсайханд оногдуулсан 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч У.Өлзийсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 13 см урт бариултай, 16.8 см урт ажлын хэсэгтэй хар өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч У.Өлзийсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Өлзийсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                            ШҮҮГЧИД                                Д.БАТСУУРЬ

                                        

                                                                                             Т.ШИНЭБАЯР