Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

             Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

             Улсын яллагч М.Хэрлэнчимэг,

             Шүүгдэгч Б.Пүрэвцэцэг, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр /1338/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

         

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пүрэвцэцэгт холбогдох 2016 2501 3862 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

             Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

             Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1982 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, Боргүвээгийн 2 дугаар хэсгийн 24 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 84 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Боржигон овогт Базаррагчаагийн Пүрэвцэцэг /Регистрийн дугаар: МЮ82050660/,

 

             Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

             Б.Пүрэвцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 07-р сарын 09-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Лхагвасүрэнгийн тэжээл зарах цэг дээр ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хувьдаа завшиж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пүрэвцэцэгийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

             Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “Би хувиараа Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт тэжээл зардаг контейнертай байсан. 2015 оны 12-р сарын 20-ний өдрөөс Пүрэвцэцэг гэх эмэгтэйг ажиллуулсан. Үндсэн цалин 200.000 төгрөгөөр тохирсон. Илүү үнээр зарсан мөнгөө өөрөө авдаг байсан. Нэг тооцоо хийхэд 800.000 төгрөг дутаасан байхаар нь яасан юм гэхэд хүн тэжээл зээлсэн гэж хэлсэн... Контейнерын эзнийг хэлэхээр нь тухайн үедээ юм бодоогүй ээ. 2016 оны 07-р сарын 09-ний өдөр тооцоо хийхэд 2 сая төгрөг дутаасан байсан. Яасан талаар нь асуухад хүнд зээлүүлсэн буюу дүү Баяраадаа өгчихсөн байсан. Баяраа гэх залуутай эхнэр Тэгшжаргал очиж уулзсан байсан. Баяраа гэх залуу удахгүй өгнө ажлынхаа хөлсөнд байр авчихсан байгаа тэрийгээ зараад өгчихнө гэж хэлсэн байсан. Тооцоо нийлсэн баримтыг өргөдөлд хавсаргасан байгаа” гэх мэдүүлэг /хх.15-17/,

 

             Мөрдөн байцаалтанд гэрч Г.Тэгшжаргалын өгсөн: “Би нөхөр Лхагвасүрэнгийн хамт Өгөөмөр захын хажуу талд байдаг контейнерыг түрээсэлж малын тэжээл зардаг байсан. 2015 оны 12-р сар байхаа Пүрэвцэцэг манай контейнерт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанаад 2 сая төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байсан. 2016 оны 07-р сарын 23-ны өдөр санагдаж байна. Бараагаа тоолж үзэхэд 2 сая төгрөг дутаасан байсанг мэдсэн. Пүрэвцэцэгээс асуухад дүүдээ өгсөн. Бас хашааны хүнд 1 сая төгрөгний бараа зээлүүлсэн гэж хэлсэн. Хашааны эзэн гэх залуутай уулзахад би өмнө зуу гаран мянган төгрөгний бараа зээлээд маргааш өгсөн гэж хэлсэн. Нөхөрт Пүрэвцэцэг дүүдээ 800.000 төгрөгөөр хоёр удаа өгсөн гэж хэлсэн байсан. Пүрэвцэцэг одоо мөнгө өгөхгүй байна. Иймд цагдаад нөхөр Лхагвасүрэн хандаж өрөгдөл гаргасан. Анх ажилд оруулах хүсэлтийг Пүрэвцэцэгийн ээж Амараа гаргаж нөхөр бид хоёр ажилд авсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

 

             Мөрдөн байцаалтанд Б.Пүрэвцэцэгийн сэжигтнээр өгсөн: “Би тэжээл зардаг Лхагвасүрэн ахын контейнерт 2015 оны 12-р сарын 20-ны өдөр 200.000 төгрөгний цалинтай ажилд орсон. 2016 оны 07-р сарын 09-ний өдөр хүртэл ажилласан. 2016 оны 07-р сарын 09-ний өдөр Лхагвасүрэнгийн эхнэр Тэгшээ эгчтэй тооцоо хийхэд 2 сая төгрөг дутсан байсан. Би тухайн мөнгөний 1.600.000 төгрөгийг 800.000 төгрөгөөр 2 удаа авч дүү Баяраад зээлүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь би идчихсэн талаараа хэлсэн. Тэгээд намайг ажлаас халсан би мөнгийг нь дүүгээс аваад өгнө гэж хэлсэн байгаа. Би Лхагвасүрэнгийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх.25-27/,

 

2016 оны 07 дугаар сарын 10 өдөр тооцоо нийлсэн баримт /хх.7/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/ зэрэг болно.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй байна.

 

             Б.Пүрэвцэцэг нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 07-р сарын 09-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Лхагвасүрэнгийн тэжээл зарах цэг дээр ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хувьдаа завшиж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Б.Лхагвасүрэн /хх.15-17/, гэрч Г.Тэгшжаргал /хх.18-19/, мөрдөн байцаалтанд Б.Пүрэвцэцэгийн сэжигтнээр /хх.25-27/ өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

   Иймд шүүгдэгчийг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн Б.Пүрэвцэцэгийг эрүүгийн хариуцлагад татаж болох 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

   Шүүгдэгч Б.Пүрэвцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

             Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлын 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Пүрэвцэцэгээс гаргуулж, хохирогч Б.Лхагвасүрэнд олгох нь зүйтэй.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Боржигон овогт Базаррагчаагийн Пүрэвцэцэгийг бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пүрэвцэцэгт холбогдох 2016 2501 3862 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг үндэслэн шүүгдэгч Б.Пүрэвцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

   3. Шүүгдэгч Б.Пүрэвцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд                     мөрийн  баримтаар  хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн  хөрөнгөгүй болохыг тус тус

дурдсугай.

 

             4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвцэцэгээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч Б.Лхагвасүрэнд олгосугай.

         

             5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пүрэвцэцэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

             7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР