Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

          Улсын яллагч Э.Гэрэлмаа,

          Хохирогч Б.Гэрэлчулуун, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /ҮД: 2173/,

          Шүүгдэгч Э.Нямдорж, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан /ҮД: 1851/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нямдоржид холбогдох 2016 2501 2869 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дүнд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 151 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Тэвэг овогт Энхжаргалын Нямдорж /РД: ЗЮ92031518/,

         

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Э.Нямдорж нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр  Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Тамир дэлгүүрийн гадна иргэн Б.Гэрэлчулууныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь бүсэлхийн 3-р нугаламын зүүн хажуугийн сэртэнгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөдөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нямдоржийн өгсөн: “Хохирогч манай найз Доржрагчаатай заамдалцаад гарч ирэхээр нь би салгах гэхэд очсон. Тухайн үед салж өгөхгүй байсан. Тэгээд би түлхээд салахгүй болохоор нь бөгсөн хэсэг рүү нь өшиглсөн. Дэлгүүрийн эгч ирээд бид нарыг салгаад бид нар явсан. Доржрагчаатай хохирогч хэрэлдэж байсан. Би тухайн үед хэрэлдээгүй” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гэрэлчулууны өгсөн: “Би тухайн өдөр тамхи авах гээд байж байхад Доржрагчаа согтуу ирээд намайг мөрлөсөн. Дахиад хүчтэй мөрлөсөн. Тэгээд шүүгдэгч гүйж ирээд үгийн зөрүүгүй цохисон. Эхлээд гараараа цохиж байгаад дараа нь өшиглөсөн. Тэгээд намайг өшиглөөд байхаар нь нүүрээ хамгаалаад зугатаасан. Тухайн үед намайг толгой, тархигүй тойруулаад зодсон. 2-уулаа зодсон. Одоо би эм ууж байгаа. Нийт 3.512.000 төгрөг болж байгаа. Үүнээс 1.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Гэрэлчулууны өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим намайг Тамир дэлгүүрээс тамхи авах гээд үйлчлүүлж байхад эхлээд цоохор өнгийн саравчтай малгайтай саарал өмдтэй туранхай Доржрагчаа гэх залуу дэлгүүр дотор мөрөлсөн юм. Тэгээд би дэлгүүрээс гарч ирэхэд дагаад гарч ирсэн... би эргэж хараад яасан ахын дүү гэж хэлтэл намайг заамдаж Тамир дэлгүүрийн үүдний шатны төмөр лүү заамдаад түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхтэл хажуу талаас нь саарал алаг өнгийн подволктой, шар шоорттой намхан Нямдорж гэх залуу гүйж ирээд намайг цохиод авахад нь би дэлгүүрийн урд талын төмрөөс баруун гараараа зуураад авсан чинь миний толгой руу, баруун талын хавирга, зүүн талын сэртэн лүү гар хөлөөрөө ээлжлээд цохиод байсан. Миний сэртэнгийн далд хугарлыг намхан биетэй шар шоорттой саарал алаг өнгийн подволктой Нямдорж гэх залуу нь хөлөөрөө болон гараараа цохиж гэмтээсэн. Доржрагчаа гэх залуу бид хоёр Тамир дэлгүүрийн үүдэнд түлхэлцээд миний нуруугаар дэлгүүрийн урд талын төмөр хашлага руу хөшөх үед би хойшоогоо жаахан гэдийсэн. Тэгээд би эргүүлээд түлхсэн. Энэ үед миний биед ямар нэгэн хөндүүрлэж өвдөх зүйл байгаагүй. Нямдорж гэх залуу ирээд миний зүүн тал руу цохих үед миний нуруу сонин болсон тэгээд би төмөр хашлагаас зуураад доошоогоо тонгойчихсон юм. Би Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтээд 1.000.000 төгрөгийн зардал гарсан. Мөн Очирваань эмнэлэгт хэвтэхэд 1.200.000 төгрөгийн зардал гарсан нийт унаа эргэлтийн мөнгөтэйгээ нийлээд 3.000.000 орчмын хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх.16-18, 120/,

         

          Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Баярмаагийн өгсөн: “… 22 цагийн орчим бор цоохор өнгийн малгайтай залуу манай дэлгүүрт орж ирээд тамхи авах гэж байсан залуу түлхэлцээд мөргөлдөөд байсан. Тамхи авах гэж байсан хөгшин залуу нь яагаад байгаа юм цаашаа байгаач гэсэн чинь бор цоохор малгайтай залуу чамд ямар хамаатай юм гээд хоорондоо хэрэлдэж байсанаа тамхи авч байсан залуу дэлгүүрээс гарсан чинь бор цоохор малгайтай залуу араас нь гараад манай дэлгүүрийн үүдэн дээр барилцаад авсан. Тэгээд тамхи авсан залууг манай дэлгүүрийн урд талын төмөр хашлага дээр нуруугаар нь шахчихсан түлхээд байсан. Намайг нэг харсан чинь шар шоорттой залуу ирчихсэн тамхи авсан залууг зодоод байсан. Яаж цохисонг хараагүй. Манайхаас тамхи аваад гарсан залуугийн хамарнаас цус гарчихсан байсан. Зодуулсан залуу тэр үед миний нуруу, толгой сонин болчихлоо өвдөөд байна намайг төмөр хашлага руу шахсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Г.Туяагийн өгсөн: “... Гэрэлчулуун манай хамар хашаанд амьдардаг. Гэрэлчулууныг бид Азак гэж дууддаг. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим намайг гэртээ байж байхад манай эгчийн охин Халиунаа Азак ах зодуулчихлаа гээд гэрт орж ирээд орилоод байна гэсэн... Гэрэлчулууны бороонд норчихсон хэвтэж чадахгүй, сууж чадахгүй чичрээд гал тогооныхоо ханыг түшээд зогсож байсан. Мөн намайг харахад нэг талынх нь чихний ард тал хавдчихсан цус хурчихсан байсан. Надад Гэрэлчулуун амьсгаа авахад дотор эрхтэнүүд өвдөөд байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх.28-29/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Хашхүүгийн өгсөн: “... Гэрэлчулуун нь баруун зүүн талыг нь санахгүй байна. 1,3 дугаар нугламын хажуугийн сэртэн яс гэмтсэн тархины эдийн хавтантай, тархины доргилттой байсан. Нурууны сэртэнгийн яс нь гэмтлийн үедээ маш их зовиуртай байх ба бороолсны дараагаас ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Гэрэлчулууны биед үүссэн гэмтэл нь ямар нэгэн хөдөлмөрийн чадвар алдагдахад нөлөөлөхгүй уг өвчлөл буюу сэртэнгийн яс нь бороолсны дараа өвчлөлгүй байна…” гэх мэдүүлэг /хх.38-40/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10264 дугаартай: “Гэрэлчулууны биед бүсэлхийн 3-р нугаламын зүүн хажуугийн сэртэнгийн ард хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.46/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 1464 дугаартай: “Шинжээч эмч А.Амгаланболдын өвчний түүхээр гаргасан 10264 тоот шинжээчийн дүгнэлт үнэн зөв үндэслэлтэй байна. Хохирогч Б.Гэрэлчулуун нь хөл дээрээ удаан зогсож чадахгүй бөгсөн бие мэдрэлгүй байгаа гэх боловч эмнэлгийн бичиг баримтаар дээрх байдал тогтоогдохгүй байна. 2016.7.23-ны өдрийн шинжээч эмч А.Амгаланболдын 10264 тоот дүгнэлтэнд Б.Гэрэлчулууны биед бүсэлхийн 3-р нугаламын зүүн хажуугийн сэртэнгийн далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хөл дээрээ удаан зогсож чадахгүй, бөгсөн бие мэдрэлгүй болоход нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт ... /хх.123-124/,

         

          Мөрдөн байцаалтанд шинжээч эмч А.Амгаланболдын өгсөн: “... уг гэмтэл нь цохилтоос үүсэх бөгөөд уг гэмтэл нь хүний бие тухайн хашлагатай цохилцсоны үйлчлэлээр уг гэмтэл үүсэх боломжтой. Гэрэлчулууны биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл. Бүсэлхийн зүүн хэсгээр тэмтэрэхэд эмзэглэлтэй байсан бөгөөд зургийг харахад 3-р нугаламын зүүн хажуугийн сэртэнгийн далд хугаралтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх.52/,

 

          Мөрдөн байцаалтанд Э.Нямдоржийн сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 07 сарын

21-ний өдөр манай ангийнхан Дарь-Эхийн хуучин эцэст найз Далайцэрэнгийн гэрт уулзсан юм. 21 цагийн үед би Доржрагчаа Батмөнх хоёртой дэлгүүр ороод пиво, архи авах гээд явсан юм. Доржрагчаа Тамир дэлгүүрээс архи авах гээд орсон юм. Удалгүй 40 гаран насны нэг эрэгтэй заамдалцаад гарч ирсэн. Батмөнх тэр хоёрыг очиж салгах гээд очсон юм. Дараа нь би машинаас гараад очтол Доржрагчаа тэр хүнийг нуруугаар нь дэлгүүрийн урд талын төмөр хашлага руу гэдийлгээд дарчихсан байсан юм. Тэгээд би очоод цамцных нь захаас татаад нүүр лүү нь мангасдаж түлхсэн. Батмөнх Доржрагчааг салгасан. Тэгээд Доржрагчаа бид хоёр салаад яваад өгсөн чинь Батмөнх тэр хүнтэй юм яриад үлдсэн. Удалгүй хойноос Батмөнх машинаа унаад ирсэн. Тэгээд бид гурав манай найз Баярбатыг очиж аваад Батмөнхийг гэрт нь хүргэж өгчихөөд явж байсан чинь цагдаа нартай таараад машиндаа суулгаад та нарыг хүн зодсон байна гэж дуудлага ирсэн байна. Та нарыг шалгамаар байна гэсэн. Тэгээд нэг айлын гадаа очсон юм. Удалгүй хашаанаас Тамир дэлгүүрийн урд бид нартай барилцаж ноцолдсон ах гарч ирсэн чинь цагдаа нар таныг зодсон хүн эд нар мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлээд цагдаагийн машинд хамт суугаад ирсэн юм. Би нүүр лүү мангасдаж түлхсэн, цамцныхан захаас татаж дугтарсан. Би болсон зүйлийг сайн санахгүй байна. Дэлгүүрийн эгч дэлгүүрээсээ гарч ирээд боль та нар гэж хэлээд буцаад орчихсон” гэх мэдүүлэг /хх.34/,

 

          - Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.14-15, 129, 131/

- Гэрч Б.Сандагийг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.22-23/

- Гэрч Х.Оюунболдыг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.41-42/

- Гэрч П.Батмөнхийг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.43-44/

          - Компьютерт томографийн оношлогоо /хх.47-48/

- Хохирогч Б.Гэрэлчулуунаас мөрдөн байцаалтын шатанд асууж авсан тайлбар /хх.7/

- Ц.Баярбатаас мөрдөн байцаалтын шатанд асууж авсан тайлбар /хх.8/

- О.Анхбаяраас мөрдөн байцаалтын шатанд асууж авсан тайлбар /хх.9/

- Э.Нямдоржоос мөрдөн байцаалтын шатанд асууж авсан тайлбар /хх.12/

- Ц.Баярмаагаас мөрдөн байцаалтын шатанд асууж авсан тайлбар /хх-ийн 13/

- Гэрч Э.Ням-Осорыг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.30/

- Гэрч Д.Цэцэгхоролыг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.31-32/

- Гэрч Г.Энх-Оргилыг мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.35-36/

- Гэрч Ө.Хашхүү мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэл /хх.37-38/

          - О.Доржрагчааг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх.63/

- “РЕНДЭЖИҮТАЙ ОЧИРВААНЬ” ХХК-ийн тодорхойлолт /хх.98/ зэрэг болно.

 

          Шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжлэн  судлагдсан  эдгээр  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Э.Нямдорж нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр  Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Тамир дэлгүүрийн гадна иргэн Б.Гэрэлчулууныг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь бүсэлхийн 3-р нугаламын зүүн хажуугийн сэртэнгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд /хх.12/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гэрэлчулууны өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Ц.Баярмаа /хх.19-21/, Г.Туяа /хх.28-29/, Ө.Хашхүү /хх.38-40/ нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн 10264, 1464 дугаартай дүгнэлтүүд /хх.46, 123-124/, мөрдөн байцаалтанд /хх.34/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нямдоржийн өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Э.Нямдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Нямдоржийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Хохирогч Б.Гэрэлчулуун болон түүний өмгөөлөгч нь О.Доржрагчаа маргааныг эхлүүлж Э.Нямдоржтой бүлэглэн зодож танхайрсан гэмт хэргийн шинжтэй, хэргийн зүйлчлэл эргэлзээтэй гэж мэтгэлцэн тайлбарлаж байх боловч хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Доржрагчаа, хохирогч Б.Гэрэлчулуун нар нь маргалдан, улмаар Э.Нямдоржийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан болох нь хохирогч, зарим гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

Шүүгдэгч Э.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Хохирогч Б.Гэрэлчулуун нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нийт 3.591.000 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс 1.000.000 төгрөг нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч Э.Нямдоржоос 2.591.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

          Хохирогч Б.Гэрэлчулуун нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг мөн дурдвал зохино.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3 дах хэсгүүд, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тэвэг овогт Энхжаргалын Нямдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нямдоржид 260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.Нямдоржид сануулсугай.

 

4. Шүүгдэгч Э.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Нямдоржоос 2.591.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Гэрэлчулуунд олгосугай.

 

          6. Хохирогч Б.Гэрэлчулуун нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Нямдоржид  урьд  авсан  батлан  даалтад  өгөх  таслан  сэргийлэх  арга  хэмжээг

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР