Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0517/З |
Дугаар | 226 |
Огноо | 2017-06-12 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 226
Н.Энхболдын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0242 дугаар магадлалтай, Н.Энхболдын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхарын 110, 123 дугаар авто зогсоолын улсын бүртгэлийн Ү-2206014408, Ү-2206013914 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109447, 000107202 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолуудын өмчлөгчөөр Н.Энхболдыг бүртгэл, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг Н.Энхболдын нэр дээр улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн тасагт даалгах шаардлага бүхий Н.Энхболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0242 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж өөрчилж, 4 дэх заалтын дугаарыг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд.
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн авто зогсоолуудыг “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн нэр дээр бүртгүүлж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Капитон банк” ХХК-д барьцаалсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх заалтын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж буруу дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгч Н.Энхболд нь “Мфикс капитал” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний үүргээ гэрээ байгуулсан өдөр болох 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүрэн биелүүлж, төлбөр тооцоог барагдуулсан байх буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр үүссэн байна.
Гэтэл “Мфикс капитал” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй этгээд атлаа 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Н.Энхболдын өмчлөлийн 110, 123 тоот авто зогсоолуудыг өөрийн өмч мэтээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр мэдүүлснийг хариуцагч байгууллаг нь нягтлан шалгалгүйгээр бүртгэж, нэхэмжлэгч Н.Энхболдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болно. Ийнхүү бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэр дээр иргэний өмч хөрөнгийг бүртгэж, гэрчилгээ олгосны улмаас “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК нь нэхэмжлэгч Н.Энхболдод огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хууль зөрчин “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, улмаар улсын бүртгэлийн байгууллагад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж заасныг тус тус зөрчиж, барьцааны эрхийг бүртгүүлсэн байна.
Иймд дээрх бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” заалтад нийцээгүй, хууль зөрчсөн бүртгэл болжээ.
2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн харилцааг нэгтгэн зохицуулсан ерөнхий хууль буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.8, 18.1.10-т заасныг үндэслэж, улмаар тухайн маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д заасан зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д “Мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тэр нь хүчинтэй байгаа бол Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаана”, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байдаг.
Иймд дээрх хуулийн 14.1.9-д заасан “өмнө бүртгэгдсэн эрх” гэдэгт “Мфикс капитал” ХХК-ийн авто зогсоолуудын өмчлөх эрхийн бүртгэлийг ойлгох бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлд заасан барьцаа, түрээс, сервитут зэрэг эрхийн бүртгэлийн хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон юм. Гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК нь өмчлөх эрхийн бүртгэлийг иргэн Н.Энхболдын нэр дээр бүртгэхэд татгалзах зүйлгүй талаар удаа дараа бичгээр болон амаар тайлбар гаргаж, хүлээн зөвшөөрч энэ талаар гарсан шүүхийн хүчин төгөлдө захирамж байсаар атал анхан болон давж заалдах шатны шүүх “Капитрон банк” ХХК-ийн барьцааны эрхийн бүртгэлийг үндэслэж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “...хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх” гэснийг баримтлан иргэн Н.Энхболдыг “Капитрон банк” ХХК-аас зөвшөөрөл авч, бүртгүүлэх боломжтой гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иргэн Н.Энхболдын өмчлөх эрх нь “Мфикс капитал” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээний 3.5.2-т заасны дагуу гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр үүссэн буюу цаг хугацааны хувьд “Капитрон банк” ХХК-ийн барьцааны эрхээс өмнө үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тодорхой байдаг. Хариуцагч байгууллага нь “Blue sky” хотхоны 120 айлын орон сууц, 205 авто машины зогсоолыг зөвхөн нэг компанийн өмчлөлийн эд хөрөнгө гэж бүртгэсэн нь өмчлөгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл байхаас гадна хуулиар хүлээсэн нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй болохыг нотолно. Харин “Капитрон банк” ХХК-ийн удирдлагын хувьд хувийн ашиг сонирхлоор зээлийн гэрээ байгуулж, иргэд өөрсдийн худалдан авсан орон сууц, авто зогсоолуудыг эзэмшиж, ашиглаж эхэлснийг мэдсээр атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байдаг.
Түүнчлэн дээрх авто зогсоолуудыг өмчлөх эрх иргэн Н.Энхболдод үүссэн болохыг иргэний хэргийн шүүхээр тогтоосон байхад өмчлөгч бус этгээдтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Н.Энхболдоос шаардан, өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ заавал банкнаас зөвшөөрөл авах ёстой гэж тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Иргэн Н.Энхболдын өмчлөх эрхээс хойш бий болсон, нэхэмжлэгчийн хууль ёсны зөвшөөрлийг авалгүйгээр хийгдсэн “Капитрон банк” ХХК болон “Мфикс Капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаалагч этгээд болох банкийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд”-д хамааруулж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд үнэн зөв байх шаардлагыг хангаагүй бүртгэлийг үндэслэн “Капитрон банк” ХХК нь барьцааны зүйлийг нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүй зээл, барьцааны гэрээг байгуулснаас үүдэлтэй маргаанд иргэн Н.Энхболдыг хамааруулж, түүний өмчлөх эрхийг 7 жил зөрчиж байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна. “Капитрон банк” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэх асуудал, өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх нь хүчин төгөлдөр байх эсэх асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Энхболд “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “Blue Sky” хотхоны 44В байрны зоорийн давхарын 110, 123 дугаар авто зогсоолын улсын бүртгэлийг хүчингүй болгож, өөрийн нэр нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “миний бие маргаан бүхий автомашины зогсоолуудыг “Мфикс капитал” ХХК-аас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалж, төлбөрийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэй гэж, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага “эдгээр авто зогсоолуудыг 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай “Капитрон банк” ХХК-ийн зээлийн барьцааны гэрээнд бүртгэсэн тул барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бүртгэлийг өөрчлөх боломжгүй” гэж, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн зүгээс “уг барилгын гүйцэтгэл 55 хувьтай байх үед анх 2007 онд зээлийн барьцааны гэрээ байгуулсан, 2010 онд 90 хувийн гүйцэтгэлтэй байхад барьцааны гэрээгээ шинэчлэн байгуулсан, нэхэмжлэгч 2008 онд төлбөрөө бүрэн төлсөн юм бол яагаад бүтэн 9 жил бүртгүүлэхгүй яваад байсныг ойлгохгүй байна...” гэж, гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК нь “манай компани Капитрон банктай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж зээлийн өр төлбөрийг “Blue Sky” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, 2010 оны 5 дугаар сард “Капитрон банк” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмч мэтээр бүртгүүлж зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан, нэхэмжлэгч нь 2008 онд манай компанитай гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус маргаж байна.
Үүнээс үзвэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын зүгээс өөр өөрсдийн өмчлөх болон барьцааны эрх хэзээ эхэлж үүссэн талаар зөрүүтэй үйл баримтыг дурджээ.
Анхан шатны шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2007 оны зээлийн барьцааны гэрээг нотлох баримтаар өгөх хүсэлт гаргахад шүүх “тухайн үед зээлийн барьцааны зүйл болох маргаан бүхий авто зогсоол биет байдлаар бий болоогүй, нэхэмжлэгчид авто зогсоолын дугаар, байршил, талбайн хэмжээ тодорхойгүй байхад хийгдсэн гэх дээрх гэрээг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул барилгын гүйцэтгэл 55 хувьтай байх үеийн зээлийн барьцааны гэрээг бүртгүүлсэн талаарх үйл баримтыг дүгнэх шаардлагагүй” хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.
Учир нь, уг баримт нь гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн барьцааны эрх нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээс түрүүлж үүссэн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх “барьцааны гэрээ хууль бус” гэж захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэхгүй асуудлаар дүгнэлт өгөн, хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг үгүйсгэсэн нь буруу болжээ.
Ийнхүү хэргийн оролцогчдын зүгээс маргаан бүхий авто зогсоолын улсын бүртгэл хэзээ анх, яаж хийгдсэн, өмчлөх болон барьцааны эрх хэдийд үүссэн талаар зөрүүтэй үйл баримтуудыг дурдсан байтал анхан болон давж заалдах шатны шүүх тэдгээрийг бүрэн шалгаж тогтоолгүйгээр зөвхөн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээрх Ү-2206013914, Ү-2206014408 дугаартай улсын бүртгэл, түүнд үндэслэсэн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 дугаартай “Капитрон банк” ХХК-ийн зээлийн барьцааны гэрээг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 77 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0242 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ