Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 00506

 

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00506

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 48 айлын орон сууцны .. тоотод оршин суух, Дунд шавь овогт Ц-ын О /../,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 48 айлын орон сууцны .. тоотод оршин суух, Дунд шавь овогт Г-ийн Н / / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3-.. тоотод оршин суух, Цааснаахан овогт Б-ийн Г / /,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Усны аж ахуйн 24 айлын орон сууцны 14 тоотод тоотод оршин суух, Бааж овогт Даваасамбуугийн А / / нарт холбогдох,

76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай,

Гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч Б.Г, Д.А, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батсүх /онлайн/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2015 оны 1-2 сарын үед Д.А гэдэг залуу Болдоо гэдэг залуу бид гурав байр барих тал дээр ярилцсан. Болдоо тендерийн ажил авсан би оролцож чадахгүй гэдэг тайлбарыг Д.Аод хэлсэн байдаг. Д.Аын хувьд Б.Гийг авъя Б.Г барилгын зөвшөөрөлтэй Хан орд ХХК-тай нийлээд танай хашааны газар дээр барилга баръя гэж Б.Гийг дагуулж ирсэн. Бид гурав ярилцаад бүх сууриа тавиад ажлаа эхэлсэн. Барилга барихад хүндрэлтэй тулгамдсан асуудлууд их гарч ирж байсан. Би Булган сумаас Бадрахбаатар гэдэг хүнтэй ярьж 50 тонн цементийг зээлээр авч байсан. Шатахуун болон тээврийн хөлсний асуудал гаргахад Барамсаа, Загдхорлоо гэдэг хүмүүстэй ярьж 10,000,000 төгрөгийн бензин авч байсан. Сэр-Одтой Б.Гийг холбож Улаанбаатар хотоос бараа материалууд зээлээр авахуулж байсан. Барилгын дотор обой, паркетын асуудал гаргахад мөнгөгүй болсон. Энэ үед Б.Гийг компанийнхаа нэр дээр зээл авчих гэж санал тавихад компанийн нэр дээр зээл авах боломжгүй манай компани зах дээр өргөтгөл хийж байгаа гэсэн асуудал ярьж байсан. Миний хувьд М.Энхээ гэдэг хүнээс 25,000,000 төгрөг зээлээд уг мөнгийг Д.А Улаанбаатар хот руу авч явж барилгын дотор талын материалуудыг татаж авчирч байсан. Энэ хүмүүс бүгд шүүхэд тайлбараа өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Бид гурав, гурвуулаа Б.Гийн гэрт ороод 100,000,000, 100,000,000, 100,000,000 төгрөгийн ашиг үзэх юм байна. Айлуудын зээл гарахаар тохиролцоод өгч аваад явъя гэж ярьсан. Би энэ хоёр хүнтэй бичгийн гэрээ хийгээгүй. Аман гэрээ хийж залуу хүмүүсийн итгэлцлээр явж байсан. Тухайн үед Б.Г ашиггүй ажиллаа чамд ашиг өгч чадахгүй мөнгө байхгүй гэдэг асуудал тавьсан учраас би шүүхэд хандсан. Би газрынхаа хөлсөнд хоёр өрөө байр авсан. Т.Хаш-Эрдэнэ гэдэг залууд байраа 54,600,000 төгрөгөөр зарсан. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэрийн дансанд 54,600,000 төгрөг шилжиж орж ирсэн. Анх газар шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээнийхээ үнийн дүнгээс хоёр хувийн татвар хийгээд шилжүүлэх ёстой байсан. Улсын бүртгэлийн хэлтэс дээр ашиг сонирхлын зөрчил гарсан юм уу худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй байхад бүх гэрчилгээнүүдийг гаргаад явсан байгаа. Шүүх Улсын бүртгэлийн хэлтсээс 10 айлын гэрээнүүдийг шаардаж авсан байдаг. Тухайн үед надад заавал 100,000,000 төгрөг авъя гэсэн бодол байгаагүй. 54 м.кв өрөө байранд өөрийн дүү Ганпүрэвийг оруулсан байсан. Б.Г мөнгөө өгөөгүй гээд шүүхэд хандаад Ганпүрэвийг байрнаас гаргасан байгаа. 54 м.кв хоёр өрөө байр болон 3 подволь хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байгаа. Зах зээлийн ханш 1 м.кв нь 1,000,000 төгрөг байсан. Амараа гэдэг хүнээр төсөв гаргуулсан. 449,000,000 төгрөгөөр баригдсан гэдэг тооцоо байгаа. 1 м.кв-ыг 1,000,000 төгрөгөөр бодохоор тэрбум гарантай төгрөгөөр баригдсан гэсэн тооцоо байгаа. Б.Г 71,11 м.кв хоёр өрөө байрыг өөрийнхөө ашигт авсан. 71,11 м.кв 8 ширхэг байрыг 1,000,000 төгрөгөөр бодохоор 568,000,000 төгрөг, 56 м.кв 4 ширхэг байрыг 1,000,000 төгрөгөөр бодохоор 227,800,000 төгрөг, 71 м.кв хоёр ширхэг подволь 60,000,000 төгрөг, 56 м.кв подвалыг 600,000 төгрөгөөр бодохоор 34,170,000 төгрөг болж байгаа. Нийт 903,516,000 төгрөгийн орлоготой гэж тооцсон. Зардлын хувьд 449,304,966 төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан гэдэг төсөвт өртгийг хассан. Би газрын үнэд хоёр өрөө байр авсан. Б.Г хоёр өрөө байр авсан. Хүн амын орлогын албан татвар, цалин хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хасаад 353,908,698 төгрөгийн цэвэр ашиг үзсэн гэсэн тооцооллыг хийсэн. Нэг хүнд ногдох ашиг нь 117,969,563.33 төгрөг болж байгаа. Б.Гийн авсан байр болон миний газрын үнэнд авсан байрны үнийг хасаад нэг хүнд 76,200,000 төгрөг надад ногдон гэсэн тооцооллыг хийсэн. Би ашгаасаа 23,800,000 төгрөгийг авсан. Б.Г Д.А нараас 76,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаан дээр Б.Ганбаатар би Хан орд ХХК-ий захирал Б.Г манай компанийн нягтлан гэдэг тайлбарыг хэлсэн. Тэгж Б.Гийг Хан-Орд ХХК-ийн захирал биш гэдгийг нь мэдсэн....2015 оны 9 сарын 25-ны өдөр М.Энхээ гэдэг хүнээс 25,000,000 төгрөг зээлсэн. Бадрахбаатар гэдэг хүнээс 50 тонн цемент зээлсэн, Загдхорлоо, Барамсаа нараас 10,800,000 төгрөгийн шатахуун зээлсэн. Сэр-Од гэдэг дүүгээрээ дамжуулаад Сайхан төмөрт ХХК-иас сантекникын материал зээлсэн. Тунгалаг буянт ХХК-иас 19,000,000 төгрөгийн тоосго нийлүүлж байсан. Дараагийн тоосгоны нийлүүлэлтийг Од цэ ХХК-иас нийлүүлж байсан. Тухайн барилгыг барихад миний хувьд 88,980,000 төгрөгийн бараа материалыг зээлж оруулсан. Манай хашаанд 8х10 харьцаатай байшин байсан. 5 см-ийн 90 ширхэг банз тухайн барилгын үйл ажиллагаанд зарцуулагдсан. Хашааны банз олон жил болсон байсан учраас гал тогоонд хэрэглээд дууссан....Анх бид гурвын ярьсан яриа нь таньдаг мэддэг хүмүүсээсээ бараа материалаа оруулъя дараа нь ашгаасаа мөнгө төгрөгийг нь төлье гэж аман гэрээ хийсэн....Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 1-15 гэсэн хаягт байрладаг байгаа....Газрынхаа үнэнд 71,11 м.кв байр авъя гэдгийг анхнаасаа яриад авсан. Тэр байраа аваад Т.Хаш-Эрдэнэ гэдэг залууд зарсан. 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэрийн дансанд 54,600,000 төгрөг шилжиж орж ирсэн. 21,000,000 төгрөгийг надад банкинд дээрээс авч өгсөн гэж ярьж байна. Т.Хаш-Эрдэнэ урьдчилгаа мөнгөгүй байсан. Би Түвдэндож гэдэг хүнээс 21,000,000 төгрөгийг Т.Хаш-Эрдэнийн байрны урьдчилгаа гээд ХААН банкны Баатархайрхан салбар дээрээс шилжүүлээд буцаагаад ХААН банкны Жаргалант төвийн салбар дээрээс авч Түвдэндоржид буцаагаад өгсөн....Бид гурвын хамтраад барьсан барилгын орлогоос энэ бүх мөнгө төлөгдөж байгаа. Би хувийнхаа данснаас төлөөгүй....Анхнаасаа бид гурав таны асууж байгаа шиг ингэе, тэгье гэж яриагүй. Танай газар дээр бүх юмаа гурван талаасаа оруулаад барилга баръя дараа нь намайг газрынхаа үнэнд хоёр өрөө байр ав. Дараа нь ашгаа 3 тэнцүү хуваая гээд Б.Гийн гэрт орж ярилцсан. Б.Г хоёр өрөө байр аваад Д.А 1 тоотын байрыг авч Ганбат гэдэг хүнд зарсан. Би ашгаа авъя гэхэд энэ хоёр хүн намайг ийм байдалд оруулсан. Газрын оронд хоёр өрөө байр өгье. Бүх зардлаа хасаад цэвэр ашгаа гурав хувааж авна гэж ярьсан....гэв.

Нэхэмжлэгч Г.Н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.О нь Б.Г, Д.А нарын хамт хөрөнгөө нийлүулж 12 айлын орон сууц барихаар тохиролцсон. Үүнтэй холбогдуулан уг байр барих газрын асуудал тулгарсан юм. Ингээд Ц.О, Г.Н бидний өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт Олзвой багийн 1-15 тоот 683.5 метр кв газар, уг хашаанд байсан 80 метр кв талбай бүхий хувийн орон сууцыг буулгаж, уг байр барихаар болж, уг газрын төлберт Ц.О, Н бид одоогийн Хан орд 12 айлын орон сууцны 71.11 метр кв 2 ерөө байр авахаар аман гэрээ байгуулсан. Энэ бол зөвхөн газрын үнэтэй холбоотой асуудал юм.

Бидний маргаад байгаа гол зүйл бол Хан орд 12 айлын орон сууцыг хөрөнгө нийлүүлж, барьж дуусгасны дараа гарсан зардлаа төлж дуусгаад тус бүртээ буюу Ц.О, Д.А, Б.Г тус тусдаа 100.000.000 сая төгрөгийн ашиг авахаар мөн адил аман гэрээ байгуулсан.

Ингээд аман гэрээний дагуу бид барилга барихтай холбогдуулж хөрөнгөө нийлүүлэхэд би дараах бараа материалыг бусдаас зээлээр авч хөрөнгө оруулалт хийсэн.

Үүнд: 1. М.Энхээгээс 25.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Энэ мөнгийг барилга барихад зориулсан.

2.Бадрахбаатараас 50 тонн цементийг зээлж авч барилгын суурь тавихад хэрэглэсэн.

3.Д.Загдхорлоогоос тоосго татах болон бусад тээвэрт зориулж 10.800.000 зован сая найман зуун мянга/ төгрөгийн шатахуун зээлж авч зориулалтын дагуу зрэглэсэн.

4.Тунгалаг Буянт ХХК-иас 19.000.000 /Арван есөн сая төгрөг/ тоосго нийлүүлж сарилга барьсан.

5.Сайхан төмөрт ХХК-иас дүу Ц.Сэр-Одоор дамжуулан 25.000.000 төгрөгийн сантехникийн материал авч уг барилгын сантехникийн материалд хэрэглэсэн.

6.Бидний өмчлөлийн Ү-1617003277 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 80 кв талбай бүхий байшингийн дээврийн 90 ширхэг 5 см -ийн банз, хашааны 2.00 гаруй банзыг уг барилга барихад хэрэглэж дууссан. /90ш*12.000т=1.080.000, 200ш*2500т=500.000Т/

Энэ бүгд нийлээд 88.980.000 /наян найман сая есөн зуун наян мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Эдгээрээс М.Энхээгийн 25.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг өгсөн, 15.000.000 төгрөгийг М.Энхээ надаас нэхэж байгаа, гзхдээ 15.000.000 төгрөгийг хугацаа хэтэрсэн тул хүүгийн хамт нзхэж байгаа, Бадрахбаатарын 50 тонн цементийн мөнгийг одоо болтол өгөөгүй тул зээл, хүүгийн хамт надаас нэхэж байгаа.

Миний бие нь дээр хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байхад хөрөнгө оруулалт хийгээгүй, ашиг өгөхгүй гэж зугтаж, банкаар орсон мөнгийг өөрийн дур зоргоор ашиглаж байгаад гомдолтой байна.

Ингээд бидний хөрөнгөө нийлүүлж барьсан Хан орд 12 айлын орон сууц нь 2015 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон. Одоо тус байрны 0 давхрын 2 байраас бусад байрууд нь зарагдсан. Гэхдээ нийтдээ 820.938.000 /найман хорин сая есөн зуун гучин найман мянга/ төгрөгийн орлого олсон. Үүнийг задлаж тайлбарлавал пудволын 01, 02, 03 тоот байр нь миний авах ёстой ашигийн 65.000.000 сая төгрөгт орохгүй байгаа бөгөөд үүнийг зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд нийт 106.266.000 төгрөг болж байгаа. Үүнийг 3 хүнд хуваахад нэг хүнд 35.000.000 төгрөгийн ашиг ноогдож байгаа юм.

Үүнээс Хан орд 12 айлын орон сууц барихад гарсан зардал нь 400.0 гаруй сая төгрөг болсон. Бусад нь ашиг юм.

Ингээд ашгаа хуваахад А нь өөрийнхөө ашиг болох 71.11 кв метр байр болох Хан орд 12 айлын орон сууцны 01 тоот байрыг зарж мөнгийг нь өөрөө авсан. Б.Г нь 71.11 кв метр байр болох Хан орд 12 айлын орон сууцны 03 тоот байр авч, одоо тус байранд амьдарч байгаа.

Дээрх олсон орлогоосоо надад ХААН банкны зээл болох 15.000.000 төгрөгийн төлж өгсөн. /холбогдох баримтыг хавсаргав/, мөн тус байранд байр авсан манай дүү Ганпүрэвийн байрны урьдчилгаа болох 6.000.000 төгрөгийг авсан. Мөн Рэнцэнзэвэгээс 5.000.000 төгрөгийн урьдчилгаа авч 3.500.000 төгрөгийг барилгын ажилчдын цалинд олгосон. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан, Содномбалжирт 800.000 төгрөгийн өртэй байсныг барилгын орлогоос хаасан, мөн өөрийн хэрэгцээнд 500.000 төгрөг авсан. Нийт 23.800.000 төгрөг авсан. Үүнээс өөр мөнгө өгөөгүй учир миний бие шүүхэд нэхэмжпэл гаргаж байна.

Бидний тохиролцсоноор барилга барихад гарсан зардлаа төлж үлдсэн ашиг болох 100.000.000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсоноос 23.800.000 төгрөгийг өгсөн талаар дээр дэлгэрэнгүй дурьдлаа.

Иймд үлдэгдэл 76.200.000 төгрөгийг Б.Г, Д.А нараас гаргуулж өгнө үү....гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Г: 2015 онд Д.А, Ц.О хоёр манай гэрт ирсэн. Ц.Оын хашаанд орон сууц барьмаар байна очоод үзээд өгөөч гэхээр нь очиж үзэхэд хашаа нь Прогресс сургуулийн ард ямар ч орон сууц баригдаагүй, нилээн зайдуу шугам сүлжээнээс хол газар байхаар үүн дээр орон сууц барьж болохгүй дэд бүтцийн асуудал байхгүй байна гээд больсон. Дараа нь Д.А, Ц.О хоёр ирээд шугам сүлжээ дээр нь бид нар туслая хашааны газрын оронд хоёр өрөө орон сууц өгчих гэхээр нь би тэр саналыг нь захирал Б.Ганбаатарт танилцуулаад захирал тэр хүмүүс чинь тэгж байгаа юм бол бариад яв гэсний үндсэн дээр орон сууц баригдаж эхэлсэн. Орон сууц тухайн жилдээ баригдаад дууссан. Бид нар дэд бүтцээ 400-аад метр газраас татаж, бохирынхоо асуудлыг зам хөндлөн сэтэлж гаргаад бүх ажлаа хийж дуусгаад барилгаа хүлээлгэж өгөөд Ц.Оаас авсан газрынхаа үнэд Ц.От хоёр өрөө орон сууц өгөөд гэрчилгээг нь гаргуулж өгсөн. Ц.О хоёр өрөө байраа Т.Хаш-Эрдэнэ гэдэг залуу зараад Т.Хаш-Эрдэнээс орж ирсэн бүх мөнгийг нь Ц.Оын эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Энэ барилгыг барихад Ц.О хувиасаа нэг ч төгрөг оруулаагүй. Т.Хаш-Эрдэнийн 21,000,000 төгрөгийн урьдчилгааг Т.Хаш-Эрдэнийн хажууд Ц.Оын данс руу хийж өгсөн. Ипотекийн зээлээр орж ирсэн 56,000,000 төгрөгийг эхнэр Г.Нынх нь данс руу шилжүүлсэн. Энэ барилга дээр хамтарсан зүйл байхгүй. Барилгын компаниуд нэгнээсээ болон хувь хүмүүсээс тоосго, цемент зээлж аваад эргүүлээд төлдөг. Ц.О газрынхаа үнэд хоёр өрөө байр аваад хоёр тийшээ болсон асуудал байгаа....М.Энхээгээс авсан 25,000,000 төгрөг нь хүүтэй зээл байгаа. Ц.О, Д.А хоёрыг дагуулж очоод бид гурав хамт авсан зээл байгаа. Д.А энэ мөнгийг авч Улаанбаатар яваагүй. Манай барилгыг барихад Д.А цонх, хаалт нийлүүлсэн. Энэ барилгыг барихад Ц.О нэг ч төгрөг оруулаагүй. Бид нар урьд нь Тунгалаг буянт ХХК-иас тоосго аваад мөнгийг нь өгөөд явж байсан. Анх К.Нэргүй гэдэг захирал 19,200,000 төгрөгийн тоосгыг Ц.От өгөөгүй Хан орд ХХК-тай гэрээ хийгээд тоосгоныхоо үнийг аваад дууссан гэдэг албан бичгээ өгсөн байгаа. Сэр-Од гэдэг хүнээр дамжуулаад Сайхан төмөрт ХХК-иас сантехникийн материал авч өгсөн гэж байна. Сантехникийн материалаас гадна шугам сүлжээний ажилд хэрэглэгдэх турбог Сайхан төмөрт ХХК-ийн захирал Тогмид гэдэг хүнтэй гэрээ хийгээд буцаагаад мөнгийг нь төлсөн. Баримтыг нь бүгдийг нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Сайхан төмөрт ХХК-тай манай компани холбоотой байж сэндвич, турбог зээлээр худалдаж аваад нэгэндээ төлөөд явдаг байсан. Загдхорлоогоос 10,800,000 төгрөгийн шатахууны асуудалтай гэж ярьж байна. Бид нар тухайн үед Петровис ХХК, НИК ХХК-иудтай гэрээтэй байсан. Тухайн компаниудаасаа шатахуунаа авах гэж байтал Ц.О би Алтайн ойл ХХК-ийн нягтлан хийж байгаа манайхаас зээлээд авчих гэхээр нь бид нар зээл аваад Алтайн ойл ХХК-ийн захирал Загдхорлоо гэдэг хүний 53035260709 тоот данс руу 10,800,000 төгрөгийг аж ахуйн нэгжийн данснаас хийгээд тооцоо дууссан. Байшин буулгахад гарсан банз гэж байна. Байшин буулгахад гарсан банзыг Ц.Оын ах Хооноо гэдэг хүн өөрийнхөө машинаар бүх барилгын материалыг ачаад Ц.Оын их голын ард авсан газар дээр буулгасан. Бадрахбаатараас 50 тонн цемент авсан гэж байна. Бид нар Бадрахбаатараас 50 тонн цемент зээлж аваад Бадрахбаатарын эхнэр Амаржаргалын данс руу 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Орон сууц барихад Ц.О, Д.А хоёрт ямар ч хамааралгүй. Аж ахуйн нэгжийн хооронд хийгдсэн төлбөр тооцооны асуудал байгаа....Хан-Орд 12 айлын орон сууцын барилгын ажил 2015 оны 5 сараас эхлээд улсын комисст 2015 оны 11-12 сард хүлээлгэж өгсөн....2015 оны 4 сард Д.А, Ц.О хоёр манай дэлгүүр дээр ирж уулзсан. Эхлээд ирэхэд нь би газрыг нь очиж дэд бүтэц байхгүй гээд больсон. 2 дахь удаагаа өөрсдөө ирээд хүндрэлтэй асуудал дээр бид нар туслая гээд барилгын ажил эхэлсэн. Ц.Оын оруулсан мөнгө биш би М.Энхээ гэдэг хүнээс зээл аваад зээлийг нь хүүтэй төлсөн....Хамтарч ажиллана гэж яригдаагүй. Газраа худалдаад байр авъя гэж ярьсан....Манай компани НИК ХХК болон Петровис ХХК-иас гэрээтэй шатахуун зээлж авч байсан. Шатахуун зээлж авах үед Ц.О би Алтайн ойл ХХК-ийн нягтлан санхүүгийн тайланг нь гаргаж өгдөг энэ компаниас авчих арай хямдхан гэж хэлсэн учраас шатахуун зээлж авч хэрэглэсэн. Бид нар буцаагаад компаниас мөнгийг нь төлсөн. Намайг байхгүй үед өөрөө нягтлан хийж байсан учраас таньдгаар нь Ц.О гарын үсэг зурж байсан. Жолооч очихоор бензин өгдөггүй байсан....Ц.О намайг захирал биш нягтлан гэдгийг мэдэж байгаа. Ц.Оын хашаа байшинг нь худалдаж аваад орон сууц барьж байгаа гэдэг утгаар оролцож байгаа. Манай хашааг худалдаж аваад оронд нь хоёр өрөө орон сууц өг гэсэн би тусалж байна гэж ойлгосон....Нягтлан бодох бүртгэлийн зарчим нь орлогыг орж ирсэн хойно нь тусгадаг. Санхүүгийн нарийвчлан тооцоог харж хэлэхгүй бол мэдэхгүй байна. Нийт борлуулалт бүх хүнээсээ мөнгөө авч чадах юм бол 760,000,000 төгрөг болох байсан. Гарсан зардал нь 690,000,000 төгрөг болж байгаа. 12 айлын орон сууцны 1 тоотын 71,11 м.кв байрыг 64,000,000 төгрөгөөр Ганбат гэдэг хүн худалдаж авсан. 2 тоотын 56,95 м.кв байрыг 51,000,000 төгрөгөөр Ганчөдөр гэдэг хүн худалдаж авсан. Хоорондоо харилцан ярилцаж зах зээлийн уян хатан зарчмаа баримталж байруудаа зарсан....Газар дээр нь барилга барьж байсан учраас Ц.От мэдээлэл ойрхон байсан. Бид нар ирээд асуухаар бүх зүйлээ ярьдаг байсан. Энэ хүн чинь газраа бидэнд өгчихсөн байсан учир газрынхаа мөнгийг хурдан гаргуулж авах гээд биднээс асуудаг байсан....гэв.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2014 онд татварын шалгалтад Ц.О гэдэг хүн дээр орсон. Татварын шалгалтад ороод явж байх хугацаанд 2015 оны 4 сард Ц.О гараад ирээч уулзаа байна гэхээр нь уулзаад юу болсон талаар нь асуухад зээл хугацаа хэтрээд байна 500,000 төгрөг зээлээч гэхэд би зээлсэн. Би зээлчихээд бид хоёр юм яриад сууж байхад Ц.О Түвдээгийн байранд орсон нэг ч төгрөгийн урьдчилгаа өгөөгүй өр зээл нэхэгдээд зээлийн хугацаа хэтрээд хэцүү байна газраа зараад байр болгож өр зээлнээсээ салмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Би Ц.Оыг Б.Г дээр дагуулж очоод энэ хүн ингэж байна адилхан эр хүмүүс нэг, нэгэндээ тус болоод газрыг нь зохицуулъя гэж би ярьсан. Би яагаад өөрөө ингээд өрөнд ороод энд ирээд зогсоод байгаагаа гайхаад байна. Би Хан орд ХХК-д цонх нийлүүлээд хамтын ажиллагаатай явдаг. Би яагаад өрөнд орсноо мэдэхгүй байна. Хан орд ХХК барьсан барилга. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....Би Б.Гтой хамт явж байхад гарын үсэг зураад батлан даагаад өгчихөөч гэхээр би гарын үсэг зурсан. Би 25,000,000 төгрөгийг аваад Улаанбаатар хот руу яваад материал татаад Хан орд ХХК-ийн үйл ажиллагаанд ороод явсан зүйл байхгүй....гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан орд ХХК нь тус шүүхэд гаргасан шаардлагадаа: 2015 онд Хан орд ХХК иргэн Ц.Оаас Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 1-15 тоот 683,5 м.кв талбай бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авсан. Гэрээний дагуу 71,11 м.кв хоёр өрөө байрыг Ц.От өгсөн бөгөөд уг байрыг Ц.О өөрөө Т.Хаш-Эрдэнэд зарж борлуулаад Хан орд ХХК-ийн данс болон бэлнээр 78,175,200 төгрөгийг авсан. Хан орд ХХК болон Ц.О нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан. Гэтэл уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоход Ц.Оын хашаа байшин ХААН банкны 15,000,000 төгрөгийн барьцаанд байсныг Хан орд ХХК-ийн данснаас төлж барагдуулж барьцаа хөрөнгө сулласан. Мөн Ц.О нь Хан орд ХХК-ийн байрны 05 тоотод амьдарч байгаа өөрийн дүү болох Ганпүрэвээс байрны урьдчилгаа гэж 6,000,000 төгрөгийг Хан орд ХХК-д мэдэгдэлгүй авсан. Байр захиалсан Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг Хан орд ХХК-иас зээл өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна. Тус Хан орд ХХК-ийн нэр дээр Алтайн ойл ХХК-иас 2,592,150 төгрөгийн шатахууныг Ц.О авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд Хан орд ХХК-иас дээрх төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй байна. Эхнэр Г.Н эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөг зээлсэн одоо хүртэл төлөөгүй. Дээрх зээлүүдийг хоёр өрөө байрны зээл гарахаар төлж барагдуулна гээд одоо хүртэл өгөлгүй чирэгдүүлж байна. 2016 оны 4, 6 дугаар саруудад хоёр өрөө байрны 78,175,200 төгрөгийг авсан байсан. Гэтэл иргэн Ц.О нь Хан орд ХХК-иас зээлээр төлүүлсэн, зээлсэн 26,392,150 төгрөгийг иргэн Б.Г, Д.А нараас авах ёстой ашиг гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Мөн Хан орд ХХК-ийн барьсан 12 айлын орон сууцнаас 100,000,000 төгрөгийн ашиг хүртэх ёстой байсан мэтээр бодит үнэд нийцэхгүй нэхэмжлэл гаргаж манай компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд 26,392,150 төгрөгийг гаргуулж шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү....гэв.

Нэхэмжлэгч нар нь тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон Ц.О шүүх хуралдаанд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг бид гурав гурвуулаа хамт байж байгаад аваад 500,000, 500,000, 500,000 төгрөгөөр хувааж авсан.Тухайн үед манай эхнэр эмчилгээнд явж байсан учраас 500,000 төгрөг авсан. Байранд орохдоо Содномбалжираас 800,000 төгрөгийн тавилга авсан. Энэ нь тухайн компанийн данснаас төлөгдсөн байсан ч энэ миний авах ёстой ашиг гэж би тухайн үед эд нар төлөөд явж байсан. Тухайн үед ХААН банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч хашаа байшингаа барьсан байсан. Үүнээс төлөгдөөд 15,000,000 төгрөг үлдсэн байсан. Худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэсэн боловч хоёр гэрчилгээнд дээр худалдах, худалдан авах гэрээ хийлгүйгээр ямар нэгэн байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээнүүд гараад явсан. 26,392,150 төгрөг нь тухайн үед миний авах ёстой ашиг гэж үзэж байна....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О, Г.Н нар нь Б.Г, Д.А нарт холбогдуулан 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1-рт. Нэхэмжлэгч Ц.О, Г.Н нарын нэхэмжлэлтэй Б.Г, Д.А нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.О нь шүүх хуралдаанд ....Б.Г, Д.А нартай 2015 оны 5 дугаар сард Хан-Орд ХХК-ийн барилгын зөвшөөрлийг ашиглан Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 01 дүгээр гудамжны 15 тоотод байрлах Ц.О, Г.Н нарын өмчлөлийн 683.5 метр квадрат газар дээр 12 айлын орон сууц барихаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, нийт 88,980,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн....газрын төлбөрт Хан-Орд 12-н айлын орон сууцнаас 71.11 метр квадрат 2 өрөө байр авсан....Б.Г, Д.А нараас 76,200,000 төгрөгийг нэхэмжилнэ.... гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч Г.Н нь ...Газрын төлбөрт 2 өрөө байр авахаар тохиролцсон, ....6 зүйлээр хөрөнгө оруулалт хийсэн, ....Б.Г, Д.А нараас 76,200,000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Г нь ....2015 онд Д.А, Ц.О хоёр манай гэрт ирсэн....шугам сүлжээнээс хол газар байхаар үүн дээр орон сууц барьж болохгүй дэд бүтцийн асуудал байхгүй байна гээд больсон. Дараа нь Д.А, Ц.О хоёр ирээд шугам сүлжээ дээр нь бид нар туслая хашааны газрын оронд хоёр өрөө орон сууц өгчих гэхээр нь би тэр саналыг нь захирал Б.Ганбаатарт танилцуулаад захирал тэр хүмүүс чинь тэгж байгаа юм бол бариад яв гэсний үндсэн дээр орон сууц баригдаж эхэлсэн. Орон сууц тухайн жилдээ баригдаад дууссан....Ц.Оаас авсан газрынхаа үнэд Ц.От хоёр өрөө орон сууц өгөөд гэрчилгээг нь гаргуулж өгсөн...Энэ орон сууцыг Хан-Орд ХХК барьсан болохоос биш Ц.О нь Д.А бид хоёртой нийлж бариагүй....Энэ бүх төлбөр тооцоо Хан-Орд ХХК-иас төлөгдсөн....Энэ барилга дээр хамтарсан зүйл байхгүй. Барилгын компаниуд нэгнээсээ болон хувь хүмүүсээс тоосго, цемент зээлж аваад эргүүлээд төлдөг....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, хариуцагч Д.Амгалагтогтох нь ....Ц.О ...өр зээл нэхэгдээд зээлийн хугацаа хэтрээд хэцүү байна газраа зараад байр болгож өр зээлнээсээ салмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Би Ц.Оыг Б.Г дээр дагуулж очоод энэ хүн ингэж байна адилхан эр хүмүүс нэг, нэгэндээ тус болоод газрыг нь зохицуулъя гэж би ярьсан. Би яагаад өөрөө ингээд өрөнд ороод энд ирээд зогсоод байгаагаа гайхаад байна. Би Хан орд ХХК-д цонх нийлүүлээд хамтын ажиллагаатай явдаг. Би яагаад өрөнд орсноо мэдэхгүй байна. Хан орд ХХК барьсан барилга. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэж тус тус тайлбарлав.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1

-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ., мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж хуульчилжээ.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ц.Оын ....бүх юмаа гурван талаасаа оруулаад барилга барихаар, газрын төлбөрт 2 өрөө орон сууц авахаар, түүнчлэн ашгаа 3 тэнцүү хуваахаар тохиролцсон.... гэж тайлбарлав.

Уг тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар нь уг 12 айлын орон сууцыг барихад ямар хэлбэрээр оролцохоор тохиролцсон, талууд хураамжийг хэн нь ямар хэмжээгээр, ямар хэлбэрээр төлөхөөр тохиролцсон, үүргээ хэрхэн тодорхойлсон, хамтын үйл ажиллагаагаа хэн нь хэрхэн явуулах зэрэг талаар тохиролцоогүй, энэ талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй байна.

2015 онд Хан-Орд 12 айлын орон сууцыг барьсан уг орон сууцнаас Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 01 дүгээр гудамжны 15 тоотод байрлах газрын төлбөрт 71.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нар авч, уг орон сууцаа Т.Хаш-Эрдэнэд худалджээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.О нь 12 айлын орон сууцыг барьсан газрыг хамтран ажиллах гэрээнд төлсөн хураамж буюу хөрөнгө гэж тайлбарлах боловч хураамж нь үл хөдлөх хөрөнгө байх тохиолдолд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байна.

Дээрхээс дүгнэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар талууд хоорондоо хамтран ажиллах гэрээний гол нөхцлийн талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас хамтран ажиллах гэрээний ашгийг шаардах эрх үүсээгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ц.О, Г.Н нарын нэхэмжлэлтэй Б.Г, Д.А нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2-рт. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаний Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг тухайд:

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь шаардлагын үндэслэлээ ....барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болоход Ц.Оын хашаа байшин ХААН банкны 15,000,000 төгрөгийн барьцаанд байсныг Хан орд ХХК-ийн данснаас төлж барагдуулж барьцаа хөрөнгө сулласан. Мөн Ц.О нь Хан орд ХХК-ийн байрны 05 тоотод амьдарч байгаа өөрийн дүү болох Ганпүрэвээс байрны урьдчилгаа гэж 6,000,000 төгрөгийг Хан орд ХХК-д мэдэгдэлгүй авсан. Байр захиалсан Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг авч хэрэглэсэн. Мөн иргэн Содномбалжирт тавилгын үнэ 800,000 төгрөгийн өртэй байсныг Хан орд ХХК-иас зээлж өрөө төлчихөөд одоо хүртэл төлөхгүй байна. Тус Хан орд ХХК-ийн нэр дээр Алтайн ойл ХХК-иас 2,592,150 төгрөгийн шатахууныг Ц.О авч тооцоогоо төлж чадахгүй байна гээд Хан орд ХХК-иас дээрх төлбөрийг зээлж авсан боловч одоо хүртэл төлөөгүй байна. Эхнэр Г.Н эмчилгээнд явж байна төгрөг зээлээч гэхээр нь 500,000 төгрөг зээлсэн одоо хүртэл төлөөгүй....Гэтэл иргэн Ц.О нь Хан орд ХХК-иас зээлээр төлүүлсэн, зээлсэн 26,392,150 төгрөгийг иргэн Б.Г, Д.А нараас авах ёстой ашиг гэж нэхэмжлэлдээ бичсэн байна....Иймд 26,392,150 төгрөгийг гаргуулж шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү.... гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О нь ....Ренцэнзэвэгээс 1,500,000 төгрөгийг бид гурав гурвуулаа хамт байж байгаад аваад 500,000, 500,000, 500,000 төгрөгөөр хувааж авсан....26,392,150 төгрөг нь тухайн үед миний авах ёстой ашиг гэж үзэж байна....Е.Батнасан гэдэг хүн Улаанбаатар хотоос цемент ачиж ирэхээр нь өгдөг мөнгө байхгүй байсан учраас тэр хүнийг гуйж байгаад шатахуун өгч зохицуулж байсан. Буянбат гэдэг хүнд бас хэдэн төгрөг өгөх ёстой байсан. Шатахуун авна гэхээр нь шатахуун өгсөн....Ганпүрэв манай дүү учраас 6,000,000 төгрөгийг авсан. Дараа Ганпүрэв тухайн байрнаас гараад надаас 6,000,000 төгрөгөө авсан.... гэж тайлбарлав.

Гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь шаардлагын үндэслэлээ ....ХААН банкны зээл чөлөөлсөн, ....Ц.О нь хүний байрны урьдчилгааг мэдэгдэлгүйгээр авсан, ....өр төлөхөөр болон эхнэрээ эмчилгээнд явахад нь зээлсэн мөнгөө төлөөгүй.... гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281

.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд гуравдагч этгээд Хан-Орд ХХК нь Ц.Оаас шаардах эрхтэй байна.

Хан-Орд ХХК-ийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Ц.От мөнгө зээлүүлсэн гэж үзвэл талууд хүү, хугацааны талаар хэрхэн тохиролцсон болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.О нь хамтран ажиллах гэрээний ашиг гэж тайлбарлаж байх ба түүний тайлбарыг гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Гуравдагч этгээд Хан-Орд ХХК болон түүний өмгөөлөгч нараас шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаний Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 төгрөгийг, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 төгрөгөөс 538,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О, Г.Н нарын нэхэмжлэлтэй Б.Г, Д.А нарт холбогдох 76,200,000 /далан зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд Хан-Орд ХХК-ийн Ц.Оаас 26,392,150 /хорин зургаан мянга гурван зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хан-Орд ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,911 /хоёр зуун наян есөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг, нэхэмжлэгч Ц.О, Г.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,000 /таван зуун гучин есэн мянга/ төгрөгөөс 538,950 /таван зуун гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 /тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.О, Г.Н нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ