Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00090

 

Б.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00571 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 956 дугаар магадлалтай,

 Б.Хын нэхэмжлэлтэй

“А.Т” ХХК-д холбогдох

 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Б.Х хариуцагч “А.Т” ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн болон автомашин түрээслэх гэрээний дагуу барьцаа болгож төлсөн 15,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва “...Гэрээний хугацаанд Б.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчиж, компанид хохирол учруулж байсан тул 2019.06.28-ны өдөр компанийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээ болон Автомашин түрээслэх гэрээг цуцалсан. ...15,000,000 төгрөгийн барьцааг Д.Алтангадасаас зээлж байршуулсан. Д.Алтангадас мөнгөө буцааж авмаар байна гэж А.Т ХХК-д хандсан. Б.Х хүлээн зөвшөөрсөн тул 15,000,000 төгрөгөөс 5,060,000 төгрөгт тавилга хийлгүүлж Д.Алтангадас авсан. Мөн 2019.05.31-ний өдөр А.Т ХХК-аас 1,000,000 төгрөгийг Б.Х буцааж авсан. Бусад зөвшөөрөлгүй авсан сэлбэг хэрэгсэл, өөр компанийн ачааг тээвэрлэсэн зэргээр компанид хохирол учруулсан тул   хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00571 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч А.ТХХК-аас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчА.ТХХК-аас 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 956 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлалууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй тул дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс дүгнэхдээ “...талуудын байгуулсан гэрээний 2.5-д “Таван толгойн уурхайгаас ачиж Цагаанхад болон Ганц мод дахь гаалийн хяналтын талбайд нийт 220 ресс нүүрс тээвэрлэнэ. Нэг ресс тутамд 3500 юань компанид төлнө. Тээврийн үнэ 100 юаниас бага болсон тохиолдолд ресс тоолохгүй” гэсэн нөхцөлийг гэрээний нийт үнэ түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацааг тохиролцсон гэж үзэх, тооцох боломжгүй, түүнчлэн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг хэрхэн төлөхөөр тусгаагүй, тодорхойгүй Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээ гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.3-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тодорхойлон мөн хуулийн 56.1.8-д “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл” тул шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн...” гэж заасан байх ба энэ хуульд заасан хуулиар тогтоосон хэлбэр гэдгийг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж гэрээний хэлбэрийг заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулиар тогтоосон бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй ба мөн хуулийн 313.2-т заасныг хангахгүй гэж үзэх үндэслэлгүй байхад уг хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал зохигчдын хооронд байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ” нь Иргэний хуулийн 313.2-т “Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана” гэж заасныг хангасан бөгөөд гэрээний 2.4, 2.5, 2.7, 2.9, 2.10, 5.1-т тус тус зааснаар тодорхой тусгасан гэж харах ба энд зааснаар гэрээний хугацаанд түрээслэгч нь нийт 220 ресс нүүрс тээвэрлэх, сард багадаа 10 ресс хийх гэснээс гэрээ 2 жилийн хугацаатай, нэг ресс тутамд 3500 юанийг түрээсийн төлбөрт компанид төлөх гэснээс гэрээний нийт үнэ болоод түрээсийн төлбөрийг төлөх журмыг тооцох бүрэн боломжтой.

Харин гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг дээрх гэрээний 2.7, 2.10, 5.1-т тус тус зааснаар гэрээг цуцалж, барьцаа мөнгийг буцаан олгохгүй, Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй”, 324.2-т “Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөнө” гэж тус тус заасны дагуу зохицуулагдах ба мөн автомашинд гарсан хохирлыг барагдуулна, цуцлагдсан өдөр хүртэлх төлөгдсөн машины түрээсийн мөнгө нэхэхгүй гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 313.2-т заасныг бүрэн хангаж байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд энд дурдсан хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй байна гэж үзэж байна.

Иймээс зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн учруулсан хохирол, хэрэглэсэн шатахуун, сэлбэг хэрэгсэл болон бусад зардлуудын тооцоог нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн, баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 312, 315, 316 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

4.2 Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэт нэг талыг баримтлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх ба зохигчдын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр эсэхтэй хэн ч маргаагүй байхад шүүх санаачилгаараа хүчин төгөлдөр бус талаар дүгнэж, гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр байгуулах зарчмыг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу зохигчдын хооронд тухайн бүс нутгийн онцлог болон том оврын ачаа тээврийн ажил гүйцэтгэхэд хэвшил болж тогтсон, тухайн бүс нутагт ажиллаж, амьдардаг бүх хүмүүс мэддэг журмаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр гэрээнд тусгасан бөгөөд энэ нь ч мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.3-т “Гэрээний зарим үг хэллэгийг нутгийн онцлогоос шалтгаалан өөр өөр агуулгаар тайлбарлаж болохоор байвал гэрээ байгуулсан талуудын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар, талууд нь өөр өөр газар оршин суудаг бол гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн талын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлана” гэж заасантай нийцсэн байхад шүүхүүд энэхүү хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг хэрэглээгүй байна.

4.3. Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагчийн хүсэлтээр холбогдох газруудаас шаардан гаргуулсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар ирүүлснийг нотлох баримтын шаардлага хангуулах арга хэмжээ авалгүйгээр, үнэлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.4 Нөгөө талаараа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно”, 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж тус тус заасныг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 492.1.1 гэх заалтаар орлуулан тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар гэрч Алтангадас нь “...нэхэмжлэгчид анх барьцаа байршуулах мөнгө хэрэгтэй байна гээд нь 20,000,000 төгрөгийг зээлсэн, уг мөнгөнөөс 5,060,000 төгрөгийн тавилгыг “А.Т” ХХК-аас авсан тул одоо нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг буцааж авах тооцоо үлдсэн...” талаар гэрчилсэн байдаг тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасныг шүүхээс зайлшгүй хэрэглэх шаардлагатай байхад хэрэглээгүй нь хуульд нийцэхгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 6. Барьцааны зүйл болсон 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хэргийн баримт болоод хуульд нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

 7. Хэргийн баримтаас үзэхэд зохигчийн хооронд 2018 оны 12 сарын 05, 06-ны өдрүүдэд “автомашин түрээслэх” болон “хөдөлмөрийн гэрээ” тус тус байгуулагдсан нь тогтоогдсон, “түрээсийн гэрээ”-ний 2.2-т түрээслэгч нь машины барьцааны мөнгө 15,000,000 төгрөгийг компанид тушаасан байх үүргийг хүлээсэн, энэ үүргийн дагуу мөнгийг өгсөн талаар зохигч маргаагүй байна.

 8. Анхан шатны шүүх “автомашин түрээслэх” гэрээг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулсан, улмаар тухайн гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг хэрхэн төлөхөөр тусгаагүй буюу гэрээнд заавал тохиролцох нөхцөл, журмыг тодорхой заагаагүйгээс уг гэрээ хүчин төгөлдөр бус, иймээс талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах үүрэг үүснэ гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Энэ дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 9. Хэрэгт нэг цаг хугацаанд байгуулагдсан “хөдөлмөрийн гэрээ”, “автомашин түрээслэх гэрээ” авагдсан, эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч компанийн ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар зохигч тайлбарласан атал шүүх уг гэрээнүүд харилцан хамааралтай эсэх, талуудын хооронд нэг төрлийн эсхүл тусдаа бие даасан өөр төрлийн харилцаа үүссэн эсэхийг тодруулж дүгнээгүйгээс аль төрлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, улмаар шаардлага гаргаж буй эрх зүйн үндэслэл тодорхой бус гэж үзэхээр байна.

 10. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхой болгосноор ямар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 15,000,000 төгрөг барьцаалсан, уг барьцааны эрх хүчин төгөлдөр эсэх, хүчин төгөлдөр бол барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэж буцаан шаардах эрх зүйн үндэслэл үүссэн эсэх нь тогтоогдох учиртай байна. Энэ байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

 11. Түүнчлэн хариуцагчийн зөвшөөрлөөр түүний бусдад төлөх мөнгөн төлбөрийн зохих хэсгийг төлсөн, мөн барьцааны мөнгөнөөс хариуцагчийн компанид учруулсан хохирол тооцогдон төлөгдөх ёстой гэсэн тайлбар, үндэслэлийн талаар буюу зохигчийн хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой эсэхэд шүүх дүгнэлт хийх байжээ.

 12. Эдгээр байдал тодорхой бус тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглэх асуудлаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй, иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00571 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 956 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч “А.Т” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.27-ны өдөр 232,950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                         Х.ЭРДЭНЭСУВД