Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00125

 

   

Мэргэн девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00179 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 890 дүгээр магадлалтай,

 

Мэргэн девелопмент ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Одгэрэлд холбогдох,

 

1,582,898,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Алтанбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК нь хариуцагч Ц.Одгэрэлд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,582,898,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь ...Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байсан тул 4 хаусыг төлбөртөө тооцож өгөх санал гаргасны дагуу 2,000,000,000 орчим төгрөгт тооцож шилжүүлсэн, ...зээлийн гэрээний үүргээр хүлээсэн мөнгөн хөрөнгөд 4 хаусыг өгөх хэлцэл хийж Номин констракшн ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр эрх шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, ...үндэслэлгүйгээр хөрөнгө авсан зүйл байхгүй гэж маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ...Зээлийн гэрээний дагуу бид харилцан тохиролцож Мэргэн девелопмент ХХК-иас зээлийн өр төлбөртөө тооцож 4 хаус авсан, ...үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00179 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК-ийн Ц.Одгэрэлд холбогдуулан гаргасан 1,582,989,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК нь хариуцагч М.Өлзийсайхан, Ш.Энхбаяр, Номин констракшн ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, М.Өлзийсайхан, Ш.Энхбаяр, Номин констракшн ХХК нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 890 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөн оролцож шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.1. Магадлалын хянавал хэсэгт: Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж таун хаусыг 995,600,000 төгрөгөөр тооцсон, ИСОМ02015 тоот гэрээгээр тохиролцсон үнийг баримтална гэж хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авах гэрээгээр тохиролцсон 300,000,000 төгрөгөөр тооцно гэж зөрүүтэй тайлбар гаргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх уг зөрүүтэй, эргэлзээтэй, тогтоогдоогүй баримтыг тодруулж талуудыг мэтгэлцүүлсний үндэслэн дээр хэргийг шийдвэрлэх байжээ гэж хууль бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн гол үзэл баримтлалыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 34 дүгээр зүйлийн 34.4.2-т үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан бүрэн, тууштай хамгаалах, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зааснаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч өөрсдийн гаргаж буй тайлбар, шаардлагаа, татгалзлаа нотлох үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч энэхүү зарчим, хуулийн үзэл баримтлал ойлголтын зөрүүгүйгээр практикт хэрэгжээд удаж байгаа гэж ойлгож байгаа.

4.2. Хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэж болохоор байтал бүхэл бүтэн 4 жилийн хугацаанд хянагдаж байгаа хэргийг давж заалдах шатны шүүх ямар ч хуулийн үндэслэлгүйгээр, мөн хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах үүрэгт хөндлөнгөөс оролцож хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн аль алинаас маргаан бүхий орон сууцны үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлт гаргаагүй, өөрсдийн зүгээс хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд баримтаа гаргаж мэтгэлцсэн. Мөн шүүх хуралдаан дээр анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн үндэслэлд дурдаад байгаа эргэлзээтэй, тогтоогдоогүй баримтыг тодруулж мэтгэлцүүлээгүй гэх асуудлыг шүүх хуралдаан дээр тодруулж асууж, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа.

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 1,422,702,000 төгрөгийг хүлээн авсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй мөн маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн өгсөн эрх шилжүүлэх гэрээ болон худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр бус гэж үзээгүй гэх зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нягтлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Магадлалын хянавал хэсэгт: Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул... гэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1 шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн мөн шийдвэрийг өөрчлөх боломжгүй нөхцөл үүссэн байхыг шаардаж байна гэж ойлгож байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ анхан шатны шүүх ямар хуулийг яаж буруу тайлбарлан хэрэглэсэн эсэх, хэрэглэх ёсгүй ямар хуулийг хэрэглэсэн эсэх, мөн шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар заалт зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгжүүлээгүй, ямар зохицуулалт журмыг ноцтой зөрчсөн эсэхийг огт бичээгүй, тайлбарлаагүй хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ.

Үүнээс дүгнэхэд уг хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхэд ИХШХШТхуулийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байхад хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар гомдол гаргаагүй байхад, мөн анхан шатны шүүх рүү буцаах талаар гомдоогүй байхад давж заалдах шатны шүүх гомдолд дурдаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК Ц.Одгэрэлд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,582,898,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ...маргаж буй үйл баримт тодорхойгүй, зохигчийн тайлбар зөрүүтэй, эргэлзээтэй байхад шүүх тодруулаагүй, ...анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй... гэсэн үндэслэл заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцжээ.

 

8. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК нь өөрийн хариуцан бариулж байгаа Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж №53 хаягт байрлах M-SQUARE худалдаа үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай үндэслэлээр 2015 оноос Ц.Одгэрэлээс мөнгөн хөрөнгө зээлж, 2015.08.26-ны өдөр тооцоо нийлж, өмнө авсан зээлийн тооцоо 972,702,000 төгрөг дээр нэмж 450,000,000 төгрөгийг авч, нийт 1,422,702,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 10 сар 4 хоногийн хугацаатай буюу 2016.06.30-ныг хүртэл зээлэхээр Зээлийн гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар M-SQUARE худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт худалдаа үйлчилгээ хийх зориулалтаар, нийт 1,206.551 м.кв талбайг гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр 2015.08.27-ны өдөр Худалдааны талбай худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Улмаар нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон үндэслэлээр 2016.05.25-ны өдөр дахин 1,800,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр 9 сарын хугацаатай зээлэх саналыг хариуцагчид цахим шуудангаар хүргүүлж, энэхүү саналдаа уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ХУД-ийн 11 дүгээр хороо, Богины амын Дипломат резиденс хотхоны 3ш таунхаус, ХУД-ийн 15 дугаар хороо, Оранж таун хотхоны 2 тоот, 264 м.кв талбай бүхий 3 давхар таунхаус зэргийг бүрэн шилжүүлж, барьцаалахыг хүсч, дээрх саналаа үндэслэн нэр бүхий барьцааны хөрөнгийг Ц.Одгэрэлийн нэр дээр шилжүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст 2016.05.23-ны өдөр хүсэлт гаргасан байна.

 

Хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Мэргэн девелопмент ХХК нь 2014.12.28-ны өдөр Номин констракшн ХХК-тай байгуулсан Үйлчилгээний талбайн захиалгын гэрээний төлбөрт тооцохдоо 3,005,600,000 төгрөгөөр үнэлж авсан зэрэг нь нотлогджээ.

 

9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь түүний өмчлөлд шилжүүлсэн нэр бүхий хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлснээр буцаан авах боломжгүй болсон, ...дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнээс түүнд төлөх ёстой 1,422,702,000 төгрөгийг хасч, зөрүү 1,582,898,000 төгрөгийг гаргуулна, хариуцагч нь энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн... гэж тайлбарласан,

 

хариуцагч нь эдгээр хөрөнгөөр 1,422,702,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар болон зохигчийн хооронд үүссэн 2015.08.26-ны өдрийн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

Өөрөөр хэлбэл, 1,800,000,000 төгрөгийн зээл хүссэн нэхэмжлэгчийн санал, түүнтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэн эсэх, эд хөрөнгийн үнэлгээний талаарх зөрүүтэй баримтыг хэрхэн үнэлсэн болох, мөн хариуцагчид төлөх ёстой 1,422,702,000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг хэрхэн дуусгавар болгосон нь тодорхой бус болжээ.

 

Зохигчийн маргаж буй үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан баримтыг үнэлэх, улмаар хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 890 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдоос 2020.05.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,072,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД