Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00166

 

  

А.Болортуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01074 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1135 дугаар магадлалтай,

 

А.Болортуяагийн нэхэмжлэлтэй,

Ш.Энхжаргалд холбогдох,

 

34,428,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнарангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал, хариуцагч Ш.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч А.Болортуяагаас Ш.Энхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,428,826 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь ...А.Болортуяагаас авсан мөнгийг бүрэн төлж дуусгасан учир ямар ч өглөггүй, 2019.06.26-ны өдрийн 2178 дугаартай зээлийн гэрээний 3.2 дахь хэсэгт заасан 30,500,000 төгрөгийг зээлдүүлэгч А.Болортуяа нь надад өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01074 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Энхжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 26,100,750 төгрөгийг гаргуулж А.Болортуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,328,076 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1135 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,магадлалыг зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

4.1. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно хэмээн заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2019.06.26-ны өдрийн 2178 дугаар бүртгэлээр хийсэн зээлийн гэрээний дагуу 30,500,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй учир талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх үүнд үндэслэл бүхий, нотлох баримтанд тулгуурласан дүгнэлт хийж чадаагүй төдийгүй хэргийг шударгаар шийдвэрлээгүй, дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй. Мөн Иргэний хуулийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул хүү болон алданги нэхэмжлэх эрхгүй байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.

4.2. Нэхэмжлэгч А.Болортуяа нь 5111002905 дугаарын данснаас 14 удаагийн гүйлгээгээр нийт 32,780,000 төгрөгийг Ш.Энхжаргалын 5084369199 тоот дансруу хүлээлгэн өгсөн байдаг. Үүнд: 2019.01.28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019,01,28-ны өдөр bolor гээд 3,000,000 төгрөг, 2019.01.28-ны өдөр bolor-s orlogo гээд 3,000,000 төгрөг, 2019.01.28-ны өдөр bolortuyaga.s orlogo гээд 3,000,000 төгрөг, 2019.02.19-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019.02.21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019.02.21-ний өдөр 700,000 төгрөг, 2019.03.15-ны өдөр 80,000 төгрөг, 2019.03.19-ний өдөр 400.000 төгрөг, 2019.04.09-ний өдөр 100,000 төгрөг, 2019.04.10-ны өдөр 600,000 төгрөг, 2019.04.19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2019.04.22-ны өдөр 900,000 төгрөг, 2019.05.03-ны өдөр 4,000,000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн.

Ш.Энхжаргал нь буцаагаад А.Болортуяагийн 5111002905 дансруу өөрийн 5084369199 данснаас 21 удаагийн гүйлгээгээр нийт 41,495,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Үүнд: 2019.02.12-ны өдөр 5,500,000 төгрөг 2019.02.28-ны өдөр 400,000 төгрөг, 2019.03.06-ны өдөр 500,000 төгрөг, 2019.03.29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019.04.12-ны өдөр 300,000 төгрөг, 2019.04.12-ны өдөр 300,000 төгрөг, 2019.04.12-ны өдөр 135,000 төгрөг, 2019.04.17-ны өдөр 800,000 төгрөг, 2019,04.24-ний өдөр 1,800,000 төгрөг, 2019.04.26-ны өдөр 100,000 төгрөг, 2019.05.09-ний өдөр 400,000 төгрөг, 2019.05.09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019.05.10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019.05.10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019.05.16-ны өдөр 260,000 төгрөг, 2019.05.21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019.05.21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019.05.22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.06.04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019.07.04-ний өдөр 12,000,000 төгрөг, 2019.08.27-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. Зөрүү 8,715,000 төгрөгийн илүү төлөлтийг Ш.Энхжаргал нь жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг өмгөөлөгч М.Энхжаргал хүсэлт болгон анхан шатны шүүхэд илэрхийлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэр магадлалд дурдаагүй орхигдуулсанд гомдолтой байна.

4.3. Хавтас хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бухий нотлох баримтууд нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран миний хүсэлт, миний гаргаж өгсөн нотлох баримтуудаас бүрдсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ганц ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Тодруулбал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран миний бие Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019.06.26-ны өдөр байгуулсан 2178 дугаартай зээлийн гэрээний дагуу 30,500,000 төгрөгийг дансаар өгсөн гэсэн байгаа. Хариуцагчийн хувьд уг мөнгийг өөрийн эзэмшлийн дансаар аваагүй тул дансны хуулгыг гаргуулах хүсэлттэй байгаагаа 2020.01.21-ний өдрийн шүүх хуралдаан дээр илэрхийлсэн бөгөөд уг өдрийн 101/Ш32020/01897 дугаартай шүүгчийн захирамжинд дурдагдсан болно. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ дансаар хүлээлгэн өгсөн гэж дурдсан бөгөөд хүсэлт гаргаж дансны хуулга авахуулж, дансаар хүлээлгэн өгөөгүй нь нотлогдоход бэлнээр хүлээлгэн өгсөн гэж ИХШХШТухай хуулийн 25.2.1-т заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ ноцтой зөрчсөн.

2020.03.2-ны өдөр 16 хуудас Ш.Энхжаргалын 5084369199 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар хүргүүлсэн юм. 2020.03.2-ны өдөр ...нэхэмжлэгч А.Болортуяагийн Хаан банкны төгрөгийн 5111002905 тоот дансны 2019 оны 2-р сараас 2019 оны 8 сарыг дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулгыг Хаан банкнаас гаргуулж хавтас хэрэгт тусгаж өгнө үү хэмээн хүсэлтийг гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. 2020.03.31-ний өдөр шүүх хуралдаан дээр өмгөөлөгч М.Энхжаргал нь 3 хуудас Ш.Энхжаргалын 5084369199 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2019.01.28-ны өдрийн bоlог гээд ЗУЛХҮҮ ХАЯНХЯРВАА-гаас 3,000,000 төгрөг мөн өдрийн 6,000,000 төгрөг ДЭЛГЭРМАА АЛИМАА-гаас шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч бүхэлд нь оруулан тооцож 2019.06.26-ны өдрийн 2178 дугаар зээлийн гэрээг нөхөж байгуулсан байхад шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй төдийгүй бусдын нэхэмжлэх эрхтэй этгээд эсэхийг тодруулаагүй орхигдуулсан.

4.4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч А.Болортуяа 2019.06.26-ны өдрийн Зээлийн гэрээг үндэслэл болгож, гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт 34,428,826 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч дээрх гэрээний дагуу мөнгийг шилжүүлж аваагүй, өмнө өгч, авалцаж байсан зээлийн тооцоо дуусгавар болсон тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх ...2019.06.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө талууд хоорондоо мөнгө зээлдүүлж, зээлж байсан харилцаатай байсан гэж дүгнэсэн атлаа гэрээ байгуулснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлж байсан нь гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ... гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай болжээ.

 

8. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т тус тус зохицуулжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн нь нотлогдоогүй байхад хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. дэх заалтыг хэрэглээгүй, ...2019.06.26-ны гэрээ нь нөхөж хийсэн хэлцэл байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй... гэжээ.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн маргаж буй үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй байх тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн, зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх үүргээ бүрэн биелүүлээгүй, өөрөөр хэлбэл шийдвэрийн үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар шийдвэрт тусгаагүй тул шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Тухайлбал, зохигч өмнө нь зээлийн гэрээний харилцаатай байсан талаар маргаагүй боловч өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх нь тодорхойгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019.06.26-ны өдрийн зээлийн гэрээг дүгнэх боломжгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага өмнөх зээлтэй холбоотой талаар тайлбарлаж, нотлох баримтыг гаргаж, мэтгэлцсэн байхад шүүх хариуцагчийн тайлбар, үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд талуудын өмнөх зээлтэй холбоотой маргааны тооцоо дууссан эсэх нөхцөл байдлыг тодруулж, бодит байдалд үндэслэн дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2020/01074 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1135 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнарангийн гомдлын заримыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш.Энхжаргалаас 2020.06.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,451 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД