Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2017/00994/и |
Дугаар | 135/шш2020/00431 |
Огноо | 2020-04-08 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 135/шш2020/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00994/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух, О овгийн Н-гийн Л /РД:..., .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, Б овгийн Ж-ын А /РД: ..., утас: .../
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, Б овгийн Г-ийн О /РД: ..., утас:.../ нарт холбогдох
“10,150,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“А салоны эзэн Ж.А түүний нөхөр Г.О нартай харилцан тохиролцож 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл 10 сарын турш нэр төрлийн тавилга эд зүйл хийж өгсөн тухайн үед 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг урьдчилгаа гэж өгсөн, үлдэгдлийг ажлаа бүрэн хийсний дараа үлдэгдэл болох 5,150,000 төгрөгийг авахаар амаар тохиролцсон. Гэтэл Ж.А-ийн нөхөр Г.О надаас 5,000,000 төгрөг зээлээр өгсөн мэтээр нэхэмжилж урьдчилгаанд өгсөн 5,000,000 төгрөгөө Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийдвэр, 42 дугаар магадлал 00877 дугаар тогтоолоор Г.О буцааж авсан. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт А салонд тохижилт хийсэн тухайгаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна гэж заасан. А салонд хийж өгсөн тохижуулсан тавилга эд зүйлийн үнэ болох 10,150,000 төгрөгийг хариуцагч Ж.А, Г.О нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ж.А, Г.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч Г.О нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Л нь машины хэрэгцээ байна, зохих хувийн хүүтэй нь өгье гэж гуйж ирсэн. Хүү энэ тэр гэлгүй 5,000,000 төгрөг зээлж Н.Л нь гарын үсгээ зураад түүнд мөнгө зээлдүүлсэн. Энэ мөнгөө авах гэж удаа дараа хөөцөлдөж өгөхгүй байсан тул шүүхэд хандан Н.Л-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнийг шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай шийдвэр гарсан. Энэ мөнгө шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд очсон байгаа ч одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ мөнгийг О авсан гэж худлаа нэхэмжлэлдээ бичжээ. Нэг ч төгрөг аваагүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шүүх хурал дээр Н.Л ярихдаа үсчний салоны тавилгыг хийж өгсөн. 5,000,000 төгрөгөнд бүх тавилгыг хийхээр тохирсон. О тавилга хийх явцад дутсан материалыг өөрөөсөө мөнгө гаргаж авч өгсөн байсан. Ачимэг гэж хүн эд зүйл хийлгээд мөнгөө төлөөгүй, төлбөрт нь миний эхнэр хүүхэд үсээ засуулж байсан гэж хэлж ярьж байсан. Гэтэл одоо гаргасан нэхэмжлэлдээ 10,150,000 төгрөгийн эд зүйл, тавилга хийж өгсөн. 5,000,000 төгрөг урьдчилгаанд нь авсан, бүх тавилгыг хийж дуусгаад 5,150,000 төгрөг авахаар амаар тохирсон гэж бичсэн байх юм. Хууль шүүхийн өмнө хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл Н.Л дур зоргоороо худлаа ярьж байгаа нь биднийг гүтгэж байна гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. А салонд тавилга хийлгэж байсан ч мөнгийг дор дор нь өгч байсан. Гуйхаар нь түүнд 5,000,000 төгрөг зээлж байсан. Н.Л нь хийж өгч буй тавилгынхаа мөнгийг аваагүй юм бол надаас 5,000,000 төгрөг зээлдэв гэж бичиж өгөх үү, баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй байх. А салон, О гэсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд аливаа гэрээ хэлцэл хийгдээгүй. Иргэн Н.Л-аар тавилга хийлгэж байсан. Төлөх төлбөргүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Ж.А, Г.О нарт холбогдуулан 10.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Л нь 2015 оны 02 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцагч Ж.А, Г.О нарын эзэмшлийн ... сумын ... багт байрлах “А” гоо сайханы салоныг тохижуулж, 20 гаруй төрлийн ажил үйлчилгээ /үсчин, гоо сайханы үйлчилгээний зориулалттай тавилга хийх, засварлах, тогтоох зэрэг/ хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан үзлэгийн баримт, гэрэл зураг, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Л тодорхой нэр төрлийн ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн, түүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон эд зүйлсийг хариуцагч Ж.А, Г.О нар хүлээн авч, одоо ч салоны хэрэгцээнд ашиглаж байгаа талаар маргаагүй болно.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ “ гэж заажээ.
Талууд дээрх 20 гаруй төрлийн ажил, үйлчилгээний ажлын хөлс, үнийн талаар болон уг ажлын хөлс, үнийг төлсөн эсэх талаар маргадаг болно.
Нэхэмжлэгч Н.Л нь “...ажлын хөлс 10,150,000 төгрөг байсан, үүнээс урьдчилгаа 5,000,000 төгрөг өгснийг хариуцагч нар зээл гэж үзээд шүүхийн шийдвэрээр буцаагаад гаргуулсан тул 10,150,000 төгрөгийг гаргуулна...” гэсэн бол хариуцагч нар нь “...Н.Лаар салоны тавилга хийлгэсэн. Тавилгын материалыг бид өөрсдөө мөнгөөрөө авч өгч байсан, тавилга хийлгэсэн ажлын хөлсийг тухай бүр нь өгч байсан. Одоо төлөх төлбөр байхгүй...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай шүүгчийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч Н.Л-ын А салонд хийсэн эд зүйлсийн үнийг 2015 оны байдлаар тогтоолгохоор “А” ХХК-нийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлт гаргаж, тус шүүхэд дүгнэлтээ ирүүлсэн байна.
Хариуцагч Г.О нь дээрх шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан боловч тэрээр энэхүү тайлбартай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг гаргаагүй болохыг дурдаж байна.
“А” гоо сайханы салонд хийсэн дараах ажил үйлчилгээний хөлс, үнийн талаар талуудын гаргасан тайлбар болон шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон үнэ зэргийг доорх хүснэгтээр үзүүллээ.
№ | Хийсэн эд зүйл, ажил, үйлчилгээ
| Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнэ /төгрөг/ | Хариуцагчийн гэх төлсөн үнэ /төгрөг/ | Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэ /төгрөг/ |
1. | Шкаф | 628,000 | 327,000 | 550,000 |
2. | Өлгүүр /хар/ | 455,000 | 280,000 | 350,000 |
3 | Лакны тавиур | 195,000 | 100,000 |
|
4 | Тек | 659,945 | 350,000 | 460,000 |
5 | Буйдан сэргээх | 80,000 | 35,000 /материалын авч өгсөн/ |
|
6 | Оффис ширээ | 230,000 | 120,000 | 200,000 |
7 | Цагаан тавиурнууд | 990,000 | 70,000 | 495,000 , Шаталсан цагаан тавиур-190,000 |
8 | Хар шкаф | 103,890 | Үсчин Ачимэгийнх зөвшөөрөхгүй |
|
9 | Үсчний толь | 2,183,740 | Зөвшөөрөхгүй, хийгээгүй | 1,500,000 |
10 | Хананд толь | 696,930 | 370,000 |
|
11 | Маникурын ширээ | 289,170 | Зөвшөөрөхгүй, хийгээгүй |
|
12 | Өлгүүр /бор/ | 220,000 | 280,000 | 150,000 |
13 | Төмөр хаалт | 369,000 | 96,000 | Үнэлгээ тогтоох боломжгүй |
14 | Педикурын сандал | 1,050,000 | Стандартад нийцээгүй, хэрэглээгүй | 350,000 |
15 | Ягаан тумбочка | 250,000 | 80,000 /чулуун тавцан ороогүй/ | 170,000 |
16 | Бор тумбочка | 200,700 | Зөвшөөрөхгүй, байхгүй |
|
17 | Шилэн нүүртэй тавиур | 165,000 | зөвшөөрөхгүй |
|
18 | 150 м-тай хар суурь | 270,000 | байхгүй |
|
19 | Цагаан ширээ наалт | 30,000 | 10,000 | 30,000 |
20 | Өлгүүр хүрэн | 250,000 | 15,000 |
|
21 | Ширээ лакдах | 50,000 | 20,000 |
|
22 | Сандал бүрэх | 180,000 | хийгээгүй |
|
23 | Махны мод | 8000 | 8000 | 8000 |
24 | Жижиг сандал | 5000 | 5000 | 35,000 |
25 | Гутлын тавиур | 280,000 | байхгүй | 190,000 |
26 | Юуби хаяг | 120,000 | 10,000 |
|
27 | Гадаад хаяг тогтоох | 30,000 | 20,000 |
|
28 | Дугуйтай өлгүүр | 150,000 | 15,000 | 80,000 |
29 | Хөшиг тогтоох | 10,000 | 10,000 |
|
|
|
|
| Хананы тавиур-90,000 төгрөг, Гурвалжин тавиур -7 ширхэг-315,000 төгрөг, Бусад ажлын хөлс /хаяг хөшиг ттогтоох, гэрэл цоож суулгах гэх мэт / -250,000 төгрөг |
Нийт | 10,149,375 | 2,221,000 | 5,413,000 |
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1284 дугаартай захирамжид заасны дагуу шүүхээс хөндлөнгийн гэрч болон зохигч талуудыг байлцуулан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ... сумын ... багт байрлах “А” гоо сайханы салонд үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр талууд Н.Лыг дараах эд зүйлсийг хийсэн гэдэг талаар маргаагүй. Үүнд: Хар өлгүүр, лакны тавиур, тек, Оффис ширээ, Цагаан тавиур, Шаталсан цагаан тавиур, Тусгаарлагч тавиур, Хананы тавиур, Бор өлгүүр, Төмөр хаалт, сандал бүрэх, махны мод, жижиг сандал, Гутлын тавиур, гадна хаяг тогтоох, Дугуйтай өлгүүр, Хөшиг тогтоох, Хананы хар тавиур 7 ширхэг, Төмөр хаалт, Цоож суулгах, Лакны тавиурын гэрэл суулгах, Хар шкафны шилэн хаалга, Ширээ лакдах зэрэг,
Хариуцагч тал сэргээн засварласан гэж маргасан эд зүйлс: Буйдан сэргээсэн, Хар шкаф янзалж сэргээсэн, Цагаан ширээнд наалт наасан зэрэг,
Нэхэмжлэгч хийсэн, хариуцагч зарим хэсгийг нь хийсэн гэж маргасан эд зүйлс:
Нэхэмжлэгч Үсчний 3 ширхэг толь хийсэн-хариуцагч толины хүрээ хийсэн гэж маргасан
Нэхэмжлэгч Хананы толь хийсэн–хариуцагч толь тогтоосон, суурь хийсэн гэж маргасан
Нэхэмжлэгч Яагаан тумбочка хийсэн–хариуцагч чулуун тавцангаас бусдын хийсэн гэж маргасан
Нэхэмжлэгч Маникурын ширээ хийсэн-хариуцагч чулуун тавцангаас бусдын хийсэн гэж маргасан
Нэхэмжлэгч Педикурын сандал 2 ширхэг хийсэн–хариуцагч стандартын бус хэрэглээгүй гэж маргасан
Нэхэмжлэгч Бор тумбочка хийсэн-хариуцагч хийгээгүй, тавцан тогтоосон гэж маргасан
Нэхэмжлэгч UB хаяг хийсэн –хариуцагч хаягийн наалт наасан, материалын хувиасаа гаргаж өгсөн гэж маргасан.
Нэхэмжлэгч Цагаан хүрээтэй толь хийсэн-хариуцагч толины хүрээ хийсэн гэж маргасан зэрэг байдлыг үзлэгээр тогтоож, үзлэгийн тэмдэглэлд тусгасан болно.
Хариуцагч Ж.А, Г.О нар нь нэхэмжлэгч Н.Лын зүгээс тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч тэрээр ажлын хөлсийг тухай бүр нь өгч байсан гэж маргадаг. Тиймээс нэхэмжлэгчийн хийсэн ажлын хөлсийг төлсөн эсэхийг нотлох үүргийг хариуцагч нар хүлээхээр байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Н.Лын ажлын хөлсөнд нийт хэдэн төгрөг өгсөн болон материалын зардалд хичнээн төгрөг болсон талаар тодорхой тайлбарыг гаргадаггүй, хэрэгт хариуцагч Ж.Аийн гоо сайханы салоныг тохижуулахад гаргасан зардлаа тэмдэглэсэн дэвтрийн хуудас цаас /1-р хх-246/ байдаг боловч энэ баримт нь тэмдэглэлд тусгагдсан зардал мөнгийг нэхэмжлэгч Н.Лд өгсөн гэдгийн нотлох баримт болж чадахгүй бөгөөд гэрч Г.Г, А.Б, Ж.О нарын мэдүүлгүүдэд ...Н.Лын ажлын хөлс, мөнгийг тухай бүр нь Г.О, Ж.А нар нь өгч байсан гэх боловч хариуцагч нар нь Н.Лд ажлын хөлсөнд хэдэн төгрөг өгсөн талаар гэрчүүд мэдүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр заасан байх тул хариуцагч Ж.А, Г.О нар нь нэхэмжлэгч Н.Лд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс хийсэн үзлэгээр хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч Н.Лын хийсэн дараах ажил үйлчилгээг шинжээч “А” ХХК-ний тогтоосон үнэлгээгээр, хэрэв шинжээч үнэлгээг тогтоогоогүй тохиолдолд хариуцагч нарын тогтоосон, хүлээн зөвшөөрсөн үнээр тооцож, хариуцагч нараас ажлын хөлс гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Үүнд: шинжээчийн тогтоосон үнэлгээгээр Хар өлгүүр- 350,000 төгрөг, Тек-460,000 төгрөг, Оффис ширээ-200,000 төгрөг, Цагаан тавиур -495,000 төгрөг, Шаталсан цагаан тавиур-190,000 төгрөг, хананы тавиур-90,000 төгрөг, бор өлгүүр -150,000 төгрөг, Гутлын тавиур -190,000 төгрөг, дугуйтай өлгүүр-80,000 төгрөг, хананы хар тавиур 7 ширхэг-315,000 төгрөг, Хар шкаф-350,000 төгрөг, буйдан сэргээх-35,000 төгрөг, Цагаан ширээний хуулга наасан -30,000 төгрөг, ягаан тумбочка-170,000 төгрөг, цоож суулгах, лакны гэрэл суулгах, хөшиг тогтоох, хаяг тогтоох зэрэг ажлыг 250,000 төгрөг, шинжээч үнэлээгүй, хариуцагчийн зөвшөөрсөн үнэ Лакны тавиур 100,000 төгрөг, талууд зөвшөөрсөн үнэ махны мод-8000 төгрөг, жижиг сандал 5000 төгрөг зэргээр тооцож, нийт 3,468,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Бусад эд зүйлс хийсэн ажлын талаар болон үнийн талаар талууд маргадаг, шинжээч үнэлгээг тогтоогоогүй, тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгч Н.Лын гаргасан 6,682,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ж.А, Г.О нараас 3,468,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгож, 6,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 177,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А, Г.О нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Ж.А, Г.О нараас шинжээчийн зардал 150,000 төгрөгийг гаргуулан шинжээч “А” ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА