Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар  001/ХТ2022/00706

 

 

                                  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01084 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1395 дугаар магадлалтай,

         “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр болон өмгөөлөгч У.Түвшин нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Т.Наранчимэг, түүний өмгөөлөгч Г.Болдбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01084 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 25,000,000 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д олгож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д шилжүүлэхийг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

                                                                                                               

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1395 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01084 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр болон  өмгөөлөгч У.Түвшин нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.6.29-ний өдрийн 1395 дугаар магадлалыг  зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг үнэлэх талаар болон хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэж, илтэд нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хариуцагчийг хохироосон. Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Талууд Баянзүрх дүүрэг 14-р хороо, 14 хорооллын 203 дугаар байрны 48 тоот орон сууцыг худалдах, худалдан авахаар амаар хэлцэл хийхдээ “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ийн “Голомт банк” ХХК-аас авсан орон сууцны зээлийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй...” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.11-ний өдрийн 183/ШШ2018/01476 дугаар шийдвэрээр “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” надаас холбогдох төлбөрийг нь гаргуулж, “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” болон миний маргааны асуудлаар хэлэлцээгүй байдаг. Гэтэл тухайн шийдвэрээр энэхүү маргааны нэхэмжлэгч талын шаардлага нотлогдсон мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Уг 183/ШШ2018/01476 дугаар шийдвэрийн үндэслэх болон тогтоох нь хэсгийн хаана ч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  25,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д өгсөн талаар тогтоогдож байна гэж дүгнэсэн дүгнэлт болон тогтоосон гэсэн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, 183/ШШ2018/01476 дугаар шийдвэртэй иргэний  хэрэгт ач холбогдолгүй учраас тухайн шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” намайг төлөөлж байсан хүн ч нарийвчилж тайлбарласан зүйл байхгүй. Тиймээс л энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар зохигчдын маргаанд байгаа асуудлаар бусад нотлох баримтуудыг нягталж, шалгаж, эцэслэн шийдвэрлэх ёстой байсан. Мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” би энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн байр сууриа бодитоор илэрхийлж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор тайлбар өгч, Монгол Улсад байгаагүй учраас яг хэдэн төгрөг хэнээс хэнд өгсөн талаар мэдээгүй. Цагдаагийн байгууллага дээр Д.Ариунсанаагийн зүгээс надад хэлсэн тоог л хэлж байснаас би нэг ч төгрөг аваагүй. Хэргийн материалд байх дансны хуулгаас харвал Б.Бат-Эрдэнэ гэдэг хүнээс 16,000,000 төгрөг Д.Ариунсанаа бид хоёрын дундын дансанд орсон харагддаг. Тухайн данснаас би хувьдаа нэг ч төгрөг аваагүй. Мөн Д.Ариунсанаа нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын өгсөн мөнгө шүү гэж надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Д.Ариунсанаагийн ““,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын зүгээс байр худалдан авахаар тохиролцож, уг орон сууцанд нүүн орсноос хойших төлбөрт төлөгдсөн” гэж тайлбарлаад байгаад шүүх огт анхаарал хандуулаагүй, хандуулахыг ч хүсээгүй, үнэлээгүй.

4.2. Магадлалын хянавал хэсэгт “Шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан  авах хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхдээ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна” гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн, нэхэмжлэгч нь өөрөө гэрээнээс татгалзаж байна гээд байхад хүчин төгөлдөр бус байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Хэлцэл нь шүүхийн дүгнээд байгаагаар хүчин төгөлдөр бус байсан ч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” надаас мөнгө гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Хэлцлээр тохирсон үүргээ гүйцэтгээгүй этгээд хохирлоо өөрөө хариуцах ёстой. Мөн магадлалын хянавал хэсэгт “Нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” дээрх хэлцэлтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний дүү Д.Ариунсанаа нар шалгагдах явцдаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”оос 25,000,000 төгрөг хүлээж авсан тухай тайлбар мэдүүлэг өгч байжээ” гэснийг зөвшөөрөхгүй. Миний хувьд энэхүү хэргийн явцад болсон процессыг үнэнээр нь тайлбарлаж, тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэдгээ удаа дараа хэлж байгаа. Цагдаагийн байгууллага дээр Д.Ариунсанаагийн хэлснийг л хэлсэн. Мөнгө хийсэн тухай ярьдаг. Гэтэл тухайн данс нь зөвхөн миний биш, дундын данс байсан бөгөөд би биш Д.Ариунсанаа захиран зарцуулж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагааны талаарх Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн зөвлөмжид “Зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт гэдгийг онцгой анхаарах нь чухал юм. Прокурорын болон Цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим нотлох баримтыг дахин нотлох шаардлагагүй, нотлох баримт гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгодог алдаа шүүхийн практикт гардаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарах нь зүйтэй” гэж заасан. Энэхүү хэргийн материалд 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт л байна. Гэтэл шүүх нь хэн хэн рүү мөнгө шилжүүлсэн, хэн захиран зарцуулсан гэдгийг нь нягтлахгүйгээр цагдаад эрүүгийн хэрэг үүсгэж, айлгаж, дарамтад өгсөн мэдүүлгийг туйлын үнэн гэж шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй.

4.3. Магадлалын хянавал хэсэгт “Мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”,  Т.Наранчимэг нар гэрлэгчид, иргэн Б.Бат-Эрдэнэ нь Т.Наранчимэгийн хүү болох нь хэргийн 118 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлж болдог тул хүү Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Голомт банк” ХХК-ийн данснаас 2014.08.29-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ийн данс руу шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг шилжүүлээгүй, шаардах эрхгүй гэж үзэх боломжгүй” гэснийг зөвшөөрөхгүй. Энд 16,000,000 төгрөг шилжүүлсэн гээд л шүүх өөрөө бичээд байгаа бус уу. Яагаад 25,000,000 төгрөг гаргуулж шийдээд байгаа нь ойлгомжгүй юм. Гэхдээ 16,000,000 төгрөгийг би төлнө гэж байгаа юм биш. Харин хэн захиран зарцуулсан нь төлөх ёстой. Хавтас хэрэгт байгаа баримтаас харвал иргэн Б.Бат-Эрдэнэ гэдэг хүний данснаас 16,000,000 төгрөг шилжүүлсэн нь харагдаж байгаа. Хэрвээ давж заалдах шатны шүүхийн бичиж байгаа агуулгаар бол “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” гэдэг хүн итгэмжлэл хийж өгөөд өөрийнхөө дансанд байгаа мөнгийг Б.Бат-Эрдэнээр хийлгэхийг хэлнэ. Нэхэмжлэгч өөрөө шилжүүлээгүй учраас мөнгө нэхэмжлэх эрх нь бас Б.Бат-Эрдэнэд л хамаатай биш үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэний эрх зүйн чадамжгүй,  зарим буюу бүрэн бус чадамжтай, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг Иргэний хуульд заасан төлөөлөгч нь бүрэн төлөөлнө” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, иргэнийг шууд төлөөлөх хуулийн заалт бол энэ юм. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын хувьд бол Д.Ариунсанаа гэдэг хүнтэй хэлцэл хийсэн гэх боловч өөрөө хэлцлээ зөрчсөний улмаас энэхүү хэргийн материалд байх шүүхийн шийдвэр гарсан байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын зүгээс холбогдох төлбөрийг төлөөгүй эс үйлдэл, орон сууцыг өөрийн нэр дээр болгосон болон орон сууцнаас нүүн гарсан, орхин явсан нь тодорхойгүй, ойлгомжгүй үйлдлээс болж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” би “Голомт банк” ХХК-тай үл ойлголцолд хүрч, эцэст нь асар их хэмжээний мөнгөний өрөнд орж хохирсон. Орон сууцны хувьд одоо ч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэр дээр бүртгэлтэй хэвээр бөгөөд гүйцэтгэх хуудас материал нь ч гэсэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэр дээр байдаг. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.28-ны өдрийн 183/ШШ2020/01084 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.6.29-ний өдрийн 1395 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”оос хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн орон сууцны урьдчилгаа төлбөр 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-тай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, 203 дугаар байрны 48 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “Голомт банк” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан, орон сууцыг 8 хувийн зээлд хамруулахад нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д тусална гэж тухайн мөнгийг авсан байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь мөнгийг шилжүүлэн орон сууцанд амьдарч байсан боловч цаашид зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж орон сууцыг чөлөөлж өгсөн. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2 өрөө орон сууцаа зарна гэж Д.Ариунсанаад хэлсэн. Д.Ариунсанаа нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д уг орон сууцыг худалдахаар ярилцаж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” болон Д.Ариунсанаагийн зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д орон сууцны зээлийг 8 хувийн зээлд хамруулна гэсэн амлалт өгөөгүй. Тэрээр орон сууцны хэрэглээний зардлыг төлөөгүй учир зугтаагаад уулздаггүй байсан. Үүнээс болоод “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “Голомт банк” ХХК нарын хооронд үл ойлголцол үүссэн. 25,000,000 төгрөгийг аваагүй. Нэхэмжлэгч талын зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ийн дансанд орсон гэж байна. Энэ данс нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, Д.Ариунсанаа нарын дундын данс, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь Хятад Улсад  байсан учраас Д.Ариунсанаа нь энэ данснаас холбогдох захиран зарцуулалтыг хийж байсан. Талууд уулзаж байсан, харилцан тохиролцоод мөнгөө өгнө гэсэн талаарх тайлбарууд нь үндэслэлгүй. Худалдан авагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль зүйн үр дагавар үүсэж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь “Голомт банк” ХХК-д 300,000,000 гаран төгрөгийн өрөнд орж, урьдчилгаа төлбөр, гэрээ гэх зэрэг  бүх зүйлээрээ хохирч үлдэж байна. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг хариуцагч хүлээх үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд амаар байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “...хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчсөн...” анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болно, хүчин төгөлдөр бус гэрээний хувьд талуудын эрх, үүргийн хэрэгжилт, түүнчлэн гэрээнээс татгалзах асуудал яригдахгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг шийдвэрлэх ёстой тул нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаанд төлсөн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 48 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

10. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуульд нийцсэн эсэх буюу хүчин төгөлдөр эсэхэд шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээр хязгаарлагдалгүйгээр дүгнэлт өгөх учиртай, иймд “...нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзаж байна гэсээр байхад шүүх хүчин төгөлдөр бус байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан хариуцагч  талын гомдол үндэслэлгүй.   

11. Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн “нэхэмжлэгч нь байрны урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, тухайлбал хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ийн Д.Ариунсанаатай хамтран эзэмшдэг дансанд нь нэхэмжлэгч 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн ““,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”оос 25,000,000 төгрөг хүлээн авсан” тухай тайлбар, мэдүүлгээ баримтаар үгүйсгээгүй атлаа “... шүүх үнэлэх ёсгүй баримтыг үнэлсэн, Б.Бат-Эрдэнийн шилжүүлсэн 16,000,000 төгрөгийг би аваагүй, тухайн данс нь дундын данс байсан, мөнгийг Д.Ариунсанаа захиран зарцуулсан тул би төлөх ёсгүй, шүүх 25,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй...” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4.2-4.3) гомдлыг хангах боломжгүй юм.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/01084 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1395 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД