Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2016/0710

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр шийдвэртэй, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.*******, Л.******* нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 тоот актаар “*******” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги, нийт 7,414,357 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 11,363,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх татварын улсын байцаагч нарын бичсэн акт нь хууль зөрчсөн дараах зөрчлүүд байгааг анхаарч хянаагүйн дээр энэхүү хууль бус актыг зөвтгөж манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус болохыг дараах үндэслэлүүдээр нотолж байна. Үүнд:

Нэг: Татварын улсын байцаагч нар акт бичихдээ дараах зөрчлүүдийг гаргаж дагаж мөрдвөл зохих хууль тогтоомжуудын заалтыг зөрчжээ. Үүнд:

1. Татварын улсын байцаагчид тухайн асуудлыг холбогдох компаниуд болох “******* бул” ХХК, “*******” ХХК-ийн аль алин дээр биечлэн очиж шалгаагүй, маргаантай байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд холбогдох санхүүгийн анхан шатны баримтууд, нягтлан бодох бүртгэл тайлангийн баримтуудын үнэн зөв эсэх, тухайн ажлын гүйцэтгэснийг нотлох аливаа гэрээ, тайлан, зураг төсөв, ажлын график төлөвлөгөөг үзэх, барьж байгаа барилгууд дээр очиж суурийн газар шорооны ажил хийгдсэн эсэх, гэрээт хоёр компанийн санхүүгийн ажилтнууд, холбогдох инженер техникийн ажилтнуудтай уулзах зэрэг ямар нэгэн ажиллагаа хийгээгүй атлаа татварын хуулийн заалтыг зөрчсөн гэж “хий акт” бичсэн.

2. Татварын байцаагч нараас шалгалт хийснийг “******* бул” ХХК-ийн удирдлага ажилтнууд огт мэдээгүйн дээр компанийн захирал Т.******* гүйлгээ хийхээр банкин дээр очихдоо дансыг нь татварын албанаас хаалгасныг мэдэж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, татварын байцаагчидтай уулзахад “танайд нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн акт бичигдсэн тул дансыг чинь хаалгуулсан” гээд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бичсэн 350017416 дугаартай 1 хуудас акт, шалгалт хийсэн тухай 3 хуудас тайланг өгөөд, гардуулж өгсөн гэсэн гарын үсгийг зуруулах үедээ зарим асуултыг асууж ярилцсан байна.

3. Татварын улсын байцаагчдын бичсэн актын бүрдүүлбэр дутуу, актанд хууль зөрчсөн гэх заалтуудаа хэрхэн зөрчигдсөнийг нэг бүрчлэн нотолж зааж бичээгүй, татварын нөхөн төлбөрийн болон захиргааны хариуцлагын тооцоог хэрхэн тооцоолсныг хавсралт хүснэгтээр хийгээгүй учир нэхэмжлэгчээс захиргааны хариуцлагын эхлэн тоолох, дуусгах хөөн хэлэлцэх хугацааг тооцох баримтгүй, гэм буруутай эсэхийг нотлох ямар нэгэн нотлох баримт хавсаргаагүй, утга агуулгын илэрхий алдаатай акт бичиж ҮТЕГ-ын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрмийн Татварын улсын байцаагчийн акт дүгнэлт бичих, биелэлтийг хангуулах тухай гуравдугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчжээ.

Хоёр: Татварын улсын байцаагчийн актад “*******” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн 12295384 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд 113,630,000.0 төгрөгийн бараа борлуулсан мэтээр бичсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар шалган дээрх ажил гүйлгээ хийгдээгүй гэж тогтоосон байна...” гэж худал бичиж дүгнэжээ.

Мөрдөн байцаах газрын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/2-1702 дугаар албан бичигт “Ц.Чинбат, Эрхэмхүү нар нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичиж хамтран оролцсон гэх... гэмт хэрэгт … шалгагдаж байгаа бөгөөд хавсралтанд дурдсан аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийсэн мэтээр татвараас нуугдсан асуудалд хэсэгчилсэн шалгалт акт дүгнэлт гаргуулах асуудлыг зохион байгуулна уу... 175 сая төгрөгнөөс доош дүнтэй худалдан авалт хийсэн бол акт гаргуулж ирүүлнэ үү. Хэлтсийн дарга, Хурандаа Д.Энхтөр” гэсэн бичиг ирүүлсэн байна. Энэ албан бичигт “*******” ХХК-д дээрх ажил гүйлгээ хийгдээгүй гэж тогтоосон байна” гэсэн утга агуулга огт байхгүй атал байцаагч нар утгыг өөрчилж актанд оруулсан байна.

Мөрдөн байцаах газраас хэргийг шалгаж дуусаагүй, жагсаалтанд бичигдсэн компаниудыг уг хэрэгт холбогдуулан шалгаж гэм буруутай эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгааг үндэслэн эрх хэмжээнийх нь хүрээнд Татварын ерөнхий газарт уг компаниудыг шалгуулж шийдвэрлэхээр шилжүүлсэн байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадралын бичсэн “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-д зааснаар буюу яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх тухай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүх үнэлээгүй байна.

Гурав: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар ногдуулах зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ... хамаарна” гэж хуульчилсан атал татварын улсын байцаагч ажил үйлчилгээ худалдан авсан ”зардал”-д татвар ногдуулж хуулийг буруу хэрэглэж, дээрх заалтыг зөрчсөн байна.

Компани хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу “*******” ХХК-иар ажил гүйцэтгүүлж түүний хөлсөнд төлсөн мөнгө нь манай “зардал” бөгөөд орлогыг хүлээж авсан “*******” ХХК-иас уг орлогоо тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд заасан татвараа төлсөн эсэхийг шалгаж баталгаажуулаагүй байна.

Үүнээс шалтгаалан нэг ажил үйлчилгээнд давхар татвар ногдуулах зөрчил гаргаж болзошгүй байдалд хүргэх эсхүл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар татвapaa тайлагнаж төлөх үүрэг бүхий хуулийн этгээдээс төлөөгүй татварыг нөхөн төлүүлэх холбогдох хариуцлагыг хүлээлгэх тухай Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.1-д заасныг тус тус татварын байцаагч нар өөрсдөө зөрчсөн байна.

Ийнхүү татвараас санаатай зайлсхийж “хий зарлага бичсэн” гэх гэм буруутайг нотлох баримтгүй байхад “татвар ногдуулах орлогоо бууруулсан” гэж дүгнэж актаар төлбөр ногдуулсан байна.

Дөрөв: Уг актад “******* бул” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12295384 дүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааны шалгалтыг... хийв. ...Шалгалтаар барилга угсралтын ажил эрхлэх нийт 113,630,000.0 төгрөгийн зөрчил илэрч Татварын ерөнхий хуулийн 18.1.1, 18.1.3, 18.1.14, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1, 4.1.2, 10.1. 16.1 дэх заалтуудыг дараах байдлаар зөрчсөн байна” гэжээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд энэхүү 18.1.1-д “татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.14-т “Хуульд заасан бусад үүрэг” гэсэн заалтууд бөгөөд манай компани эдгээр заалтын алиныг нь ч зөрчөөгүй байхад байцаагч нар өөрсдөө хуулийг буруу хэрэглэж, манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн юм.

Тав: “******* бул” ХХК нь “*******” ХХК-иар орон сууцны 13 барилгын суурийн нүх ухах, нүхнээс гарсан шороог зөөлгөх ажлыг 2016 оны 09 дүгээр сард хийлгэсэн бөгөөд уг ажлын зардал болон хөлсөнд 124,993,000 төгрөг төлсөн нь бодит үйл баримт юм. Энэ нь:

1. 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны 16 барилгын суурийн нүх ухах тухай хоёр компанийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, хийсэн ажлын хэмжээ үнэлгээний тухай уг гэрээн дээр ажил гүйцэтгүүлэгчийн талбайн инженерийн гараар бичсэн тэмдэглэл

2. “******* бул” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “*******” ХХК-д суурийн ажил, тээвэр болон түлшний зардалд 124,993,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт

3. Ажлын хөлс авах үедээ санхүүжүүлэгч “Бэрэн” ХХК болон ажил гүйцэтгүүлэгчид өгсөн Барилгын ажил гүйцэтгэсэн тухай “*******” ХХК-ийн тайлан

4. “*******” ХХК-ийн “******* бул” ХХК-иас бэлнээр 124,993,000 төгрөг хүлээн авсан тухай орлогын ордер

5. “*******” ХХК-иас бичсэн 0012295384 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан

6. “******* бул” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 10 дугаар сарын тайлангаар тус тус нотлогдож байна.

Зургаа: Шүүхээс хэрэгт авагдсан зарим баримтуудыг нарийвчлан судлалгүй, уг баримтуудыг аль компани үйлдсэнийг ялгаж зааглалгүй, санхүүгийн анхан шатны баримтуудыг зөвхөн “******* бул” ХХК-ийн баримт гэж үнэлж шүүхийн шийдвэрт бичжээ.

Тухайлбал: Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч “******* бул” ХХК... ажлын төлбөрт 124,993,000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “бэлэн мөнгөний зарлагын баримт” үйлдэж өгсөн хэмээн тайлбарлан маргаж байгаа боловч уг баримтанд гүйлгээний утгыг “Суурийн ажлын тээвэр болон түлшний зардал” гэж тэмдэглэсэн, зарлагын баримт болон нэмэгдсэн өртгийн албан татварын 0012295384 дүгээр падаанд материал ажил үйлчилгээний нэрийг “машин түрээс, түлш шатахуун” гэж зөрүүтэй тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгч компани нь дээрх 124,993,000 төгрөгийн худалдан авалт нь барилгын суурь ухах ажлыг бодитоор гүйцэтгүүлж төлбөр төлсөн нь тогтоогдохгүй байна...” гэж дүгнэжээ.

Баримтаас үзэхэд “******* бул” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн “Бэлэн мөнгөний зарлагын баримт”-д “Хүлээн авагч: “*******” ХХК, гүйлгээний утга: “суурийн ажил” гэсний дараа “,” (таслалын тэмдэг) тавьсан, “тээвэр болон түлшний зардал” гэж бичээд ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурж, “******* бул” ХХК-ийн санхүүгийн тэмдгийг дарсан, уг баримттай хамт ажил гүйцэтгэх гэрээг хавсаргасан бөгөөд уг гэрээн дээр гүйцэтгэлийн тооцооллыг гараар бичиж баримтжуулсан байна.

Нөгөөтэйгүүр гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг авах үедээ ажил гүйцэтгэгчээс санхүүжилт хариуцсан компанид гаргадаг хийсэн ажлын тайланг “*******” ХХК-иас гаргаж захирал П.Чинбат гарын үсгээ зурж, компанийн тамгаа дарсан, мөн “******* бул” ХХК-иас ажлын хөлс авсан тухай “Орлогын ордерын тасалбар”, “зарлагын баримт”, “0012295384 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан”-ыг тус тус “*******” ХХК бичиж захирал Чинбат гарын үсгээ зурж, “*******” ХХК гэсэн санхүүгийн тэмдэг дарсан байна.

Ийнхүү шүүх 2 өөр компанийн санхүүгийн баримтыг ялгалгүй нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэгчийг буруутгасан байна.

Долоо: Үүний дээр “барилгын суурийн ухах ажил”-ыг бодитоор гүйцэтгүүлж төлбөр төлсөн нь үнэн эсэхэд эргэлзэж байсан бол түүнийг нотлох баримтыг санаачлагаараа цуглуулах үүргээ шүүх хэрэгжүүлээгүй байна.

Найм: Нэхэмжлэгч “******* бул” ХХК-ийн захирал Т.*******ээс татвараас зайлсхийх гэм буруутай үйлдэл хийгээгүй гэдгийг нотолж барилга угсралтын ажлын санхүүжилт, гүйцэтгэлийн үе шат, зохион байгуулалтын ажлын талаар гаргасан үнэн зөв тайлбаруудыг шүүхэд гаргаж өгсөн, ажлын төлбөрийг хүлээн авсан нэр бүхий компаниудаас өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бусад санхүүгийн баримтуудын  бичилтүүд эргэлзээтэй байсан учир хожим гарах болзошгүй эрсдлээс сэргийлж тэдгээр компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагналт төлөлтийн байдлыг шалгуулахаар Татварын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст шалгалт хийлгүүлэх талаар мэдээлэл хүсэлт өгснийг, мөн тухайн мэдээлэлд тэдгээр газар хэлтсээс ирүүлсэн хариуг нотолсон баримтуудыг шүүх үнэлээгүй байна.

Харин шүүх эдгээр газрууд мэдээллийн дагуу шалгалт хийж зөрчлийг арилгах талаар ажиллаагүй 4 жил болсон “эс үйлдэл”-ээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.12, 30.1.14 дэх хэсгийг зөрчсөн байтал мэдээлэгчийн буруу болгож “эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлсний үндсэн дээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцох боломжтой байжээ” гэж компанийн “зардал”-ыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулбал зохих “орлого” гэж үзэж, тайлагнавал зохих хугацааны талаарх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д заасныг зөрчсөн дүгнэлт гаргажээ.

Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтууд нь “*******” ХХК-иас бичиж “******* бул” ХХК-д өгсөн 12295384 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ажил үйлчилгээ огт хийгээгүй атлаа хий бичиж өгсөн падааныг “******* бул” ХХК ажил хийлгээгүй атлаа үгсэн тохирч уг хуурамч падааныг авсан гэм буруутай үйлдэл хийж улсын төсөвт хохирол учруулсан гэж үзсэн шүүх болон татварын байцаагчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа нотлох баримтууд юм.

Ес: Татварын байцаагчийн актанд хавсаргавал зохих захиргааны хариуцлага ногдуулсан тооцоолол байхгүй байхад түүнийг тооцоолол зөв эсэхийг хяналгүйгээр Өршөөлийн хуульд хамруулж 7.414.357 төгрөгийн төлбөрийг чөлөөлжээ.

Дээрх бүх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иймд татварын улсын байцаагчийн 350017416 тоот актаар “******* бул” ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцсэн бөгөөд хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэж шүүхээс гаргасан дүгнэлтийг хууль бус болохыг нотолж байна.

Ийнхүү шүүх хэргийн нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх талаар хуульд заасан заалтуудыг зөрчиж хэргийг бүх талаас нь үнэн зөв бодитой шийдвэрлэлгүй дээрх байдлаар нотлогдож байгаа татварын улсын байцаагч нарын хууль бус актыг дэмжиж манай компаниас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, компанийн өмчийн эрхийг хууль бусаар зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр шийдвэр, татварын улсын байцаагч Л.*******, А.******* нарын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаар акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “*******” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаар актаар “*******” ХХК-аас 2012 оны 09 дүгээр сарын 30-нд 12295384 дүгээр падаанаар 113,630,000 төгрөгийн ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр хасалт хийж татвар ногдуулах орлого бууруулсан гэх зөрчилд 113,363,000 төгрөгийн нөхөн татвар, 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги, нийт төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Уг акттай холбогдуулан нэхэмжлэгчээс “... Манай компани болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр газар шорооны ажил гүйцэтгүүлэн ажлын хөлс төлөхөд “*******” ХХК 12295384 НӨАТ падааныг бичиж өгсөн. ... манай компанийг хуурамч падаан авсан, хоёр компанийн хооронд ажил үйлчилгээ гүйцэтгээгүй, бараа материал худалдаагүй, хасагдахгүй орлогоос төлөх татварыг хассан гэж буруутгаж үндэслэлгүй акт тогтоосон.” гэж маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д “”нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг;”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог;” ойлгохоор тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 26-нд “Алтан ганьт” ХХК-тай барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын төлбөрт 124,993,000 төгрөгийг өгсөн гэх боловч анхан шатны баримтууд нь зөрүүтэй, тухайлбал 12295384 дугаар бүхий падаанд нь дээрх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын нэрийг бичээгүй “Барилгын машин түрээс, Түлш” гэж тусгасан, мөн тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнийн талаар тусгаагүй, “*******” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт нь 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр огноолсон байтал “Алтан ганьт” ХХК-ийн орлогын ордерийн тасалбар нь 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр огноотой байна. Мөн уг ажил гүйлгээг тусгасан бусад баримт, журнал, худалдан авалтын дэвтэр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг баримтууд байхгүй байгаас үзвэл тухайн ажил гүйлгээ хийгдсэн гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 8 дугаар зүйлийн 8.3-д зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэх зарчимд нийцүүлэн зохих журмын дагуу бүрдүүлсэн анхан шатны баримт, санхүүгийн болон бусад татварын тайлангаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл ... хөтөлнө.” гэсний дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хэлбэр, журмаар баримт бүрдүүлж, бүртгэлд тусган, тайланг үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн татварын улсын байцаагч нь Цагдаагийн ерөнхий газраас 2014 оны 10 01/2-1762 дугаар албан бичгээр “... Ц.Чинбат нь  ******* ХХК-ний падааныг бусдад зарж борлуулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгуулах”-ыг хүссэний дотор нэхэмжлэгч “*******” ХХК орсон, мөн “*******” ХХК-ний захирал нь төлбөр бэлэн мөнгөний зарлага гарснаас уг ажил гүйлгээ бодитой хийгдсэн эсэхийг шалгуулахаар татварын байгууллагад хандаж байсан, анхан шатны баримт, санхүүгийн тайлан, бусад баримтаар тухайн ажил гүйлгээ хийгдсэн нь тогтоогдохгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд “Алтан ганьт” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын тайландаа дээрх падааныг тусгаж тайлагнасан нь тухайн хуулийн этгээдийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэх зорилготой болохоос “******* бул” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн ажил, үйлчилгээ авсныг нотлох баримт биш гэж үзэхээр байна.

Мөн гомдолд “...Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар ногдуулах зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ... хамаарна” гэж хуульчилсан атал татварын улсын байцаагч ажил үйлчилгээ худалдан авсан ”зардал”-д татвар ногдуулж хуулийг буруу хэрэглэж, дээрх заалтыг зөрчсөн байна.” гэжээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд татвар ногдуулахаар тус тус заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь өөрөө Алтан ганьт ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлсөн гэх баримтыг бүрдүүлж, бусдад төлөх татвараас хасч тооцсон байна. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч нь татвар ногдуулаагүй, гагцхүү Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчиж, анхан шатны баримтаар нотлогдоогүй татварыг хассаныг зөрчил гэж үзэж нэхэмжлэгчээр уг татварыг нөхөн төлүүлэхээр акт гаргасан байх тул дээрх гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дээрх нөхцөл байдлуудыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ