Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01323

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00832 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б” ХХК,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

172 321 308.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрхэмболор, өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “М” ХХК-ийн барьсан ХУД-ийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамж, ивээл хотхоны 41А, 41Б, 41В блок бүхий 241 айлын орон сууцны дулаан цэвэр бохир ус, усан хангамж гадна дотно харуул хамгаалалт, цахилгаан узель, нэгдсэн тоолуур цэвэрлэгээ зэрэг ажил үйлчилгээг 1 00178 тоот тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гэрээний дагуу хариуцан ажиллаж ирсэн.

“М” ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, санхүүд сар бүр төлбөрийн нэхэмжлэл бичиж хүргүүлсэн ба тус компанийн нягтлан бодогчтой тооцоо нийлж байсан боловч ашигласан ажил үйлчилгээний төлбөрөө төлөхгүй хохироож байна. “М” ХХК 2015 оны 4 дүгээр сарын 01-нээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ашиглалт болон дулааны төлбөр 55 467 261 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дулааны төлбөр 81 514 708 төгрөг, нийт 136 981 969 төгрөгийн төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйгээс манай компани тус компанийн төлөөгүй төлбөрт ногдох алданги төлж алдагдалд орж байна. Иймд “М” ХХК-иас 136 981 969 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б” ХХК-ийг тусгай зөвшөөрлөө авах хүртэл хугацаанд оршин суугчид тусгай зөвшөөрөлгүй компаниар хариуцууллаа гэж гомдол гаргадаг байсан боловч бидний зүгээс “Б” ХХК тусгай зөвшөөрлийн материалаа өгсөн хүлээлгийн шатанд байгаа гэх мэтээр хариулт өгч явдаг байсан. “М” ХХК Ивээл хотхондоо байрладаг мөн компанийн удирдлагууд болон ажилчид ч хотхондоо ажиллаж амьдардаг тул “Б” ХХК-ийн үйл ажиллагаа бид бүхний нүдний өмнө ил байсан ба оршин суугчидтай ч өдөр бүр таардаг байсан.

2016 оны 04 дүгээр сараас эхлэн “Б” ХХК-д төлж буй сар бүрийн ашиглалтын төлбөрөөс 1 500 000 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрөөс суутган тооцож явж байсан боловч СӨХ-г оршин суугчдад хүлээлгэн өгөх асуудал яригдаж эхэлмэгц ерөнхий захирал н.Баяраатай муудаж 9 сарын төлбөрөөс эхлэн алданги тооцож эхэлсэн. “Б” ХХК нь СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байхдаа оршин суугчид болон манай компанид албан ёсоор нэг ч удаа санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаж, танилцуулж байгаагүй ба 2016 оны 10 дугаар сард манай компаниас санаачлан оршин суугчдын дундаас СӨХ байгуулах хурал зохин байгуулахад “Б” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Г.Эрхэмболорын хариуцаж ажилласан хугацааны санхүүгийн тайлан мэдээг танилцуулахыг бичгээр мэдэгдсэн боловч захирал н.Мөнхбаатар оролцон ямар ч нотлох баримтгүй их хэмжээний алданги ярин хурлыг үймүүлэн зогсоохыг оролдсон боловч оршин суугчид илт дургүйцэж хүлээн авсан ба танилцуулж буй тайлан мэдээ нь ч мөн ойлгомжгүй байсан. Иймд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч “Б” ХХК нь “М” ХХК-иас дулаан халаалт, цэвэр бохир ус, усан хангамж, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээний төлөгдөөгүй төлбөрийн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь “М” ХХК-ийн хүсэлтээр ХУД-ийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, ивээл хотхоны 41А, 41Б, 41В блок бүхий 240 айлын орон сууцуудыг дулааны эрчим хүчээр хангах дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээг “Батбаян дулаан” ХХК-тай байгуулж, манай компанитай байгуулсан дулаанаар хангах гэрээг 2017-2018 онд үргэлжлүүлэн сунгах боломжгүй гэж үзэж манай компанитай байгуулсан гэрээг дуусгавар болгосон байна. Иймд Ивээл хотхоны 41А, 41Б, 41В, байрны узельд хийсэн засварын зардал 3 055 000 төгрөг, ажлын хөлс 4 240 000 төгрөг нийт 7 295 000 төгрөг болон 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны усны төлбөрөө төлөөгүй тул хэрэглэсэн усны төлбөр болох 28 044 339 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Б” ХХК-ийн хариуцагч байгууллагаас 7 295 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байх ба “Б” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон, “М” ХХК нь өөрийн худалдан борлуулагдаагүй орон сууцны ашиглалтын зардлыг “Батбаян дулаан” ХХК-д төлж байгаа. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны усны төлбөр гэж 28 044 339 төгрөгийг манай компани төлөх үндэслэл байхгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 172 321 308.65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1 019 556 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Б” ХХК нь нэхэмжлэлдээ Эрчим хүчний зохицуулах хороо болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлж холбогдох баримтуудыг хавсаргасан ба Эрчим хүчний тухай хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжоор “М” ХХК нь хэрэглэгч юм. Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт тус тус заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Хариуцагч “М” ХХК-аас М.Цэндсүрэнд 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангаагүй, өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Мөн шүүх нотлох баримтыг хэт нэг талыг баримталж буруу үнэлсэн ба хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг огт үнэлэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь буруу байна. Учир нь дулааны эрчих хүчний төлбөрийг Эрчим хүчний тухай хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм, Хангагч хэрэглэгч хооронд байгуулсан гэрээний дагуу тоолуураар эсвэл задгайгаар сар бүр бичилт хийж, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын дагуу тооцдог. Гэтэл 1 дүгээр хавтас хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтад 136 981 969 төгрөг гэж жилээр тооцож нэхэмжилсэн байх ба уг төлбөрийг хэзээ, хэрхэн, ямар тарифаар тооцсон, УБДС ТӨХК-д төлөгдсөн дүн эсэх талаар огт баримт авагдаагүй байна. “М” ХХК нь нэхэмжлэлд дурдсан барилгуудад Дулааны нэгдсэн тоолууртай бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэрэглэгчийн тариф, гэрээний үнийн дагуу нэгдсэн тоолуурт бичигдсэн дулааны дүнгээс айл, өрхүүдийн төлсөн дүнг хасч үлдэгдэл төлбөрийг “Батдулаан хан” ХХК-д тогтмол төлж байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас баримтаас нэхэмжлэгч тал УБДС ТӨХК-т төлөгдсөн дулааны төлбөрийг талбайн хэмжээгээр давхардуулан нэхэмжилсэн байгаа нь харагдаж байгаа ба нотлох баримтыг буруу үнэлэн, үнэн бодитой эргэлзээгүй талаас нь шалгаж тогтоолгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хүлээн авахаас татгалзах, нотлох баримтаас хасах эрхтэй. Гэтэл илэрхий нотолгооны ач холбогдолгүй, шаардлага хангаагүй, цаг хугацааны болон агуулгын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй баримтуудыг хүлээн авч үнэлсэн байна. Тухайлбал, 1 дүгээр хэргийн 12 дугаар талд байгаа 7 919 754.19 төгрөг, 15 дугаар талд авагдсан 491 385.02 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хугацаанд хамааралгүй, 17 дугаар талд авагдсан баримт нь айл ороогүй шинэ байрны усны төлбөр гэж 72 957 522.60 төгрөг байгаа боловч хэдэн тоот орон сууцанд ямар хэмжээний хэрэглээ гарсан талаар тоолуурын бичилтээр баталгаажуулаагүй, гагцхүү нэхэмжлэгч талын өөрсдийн бичсэн нэхэмжлэх байх ба энэ нь нотолгооны ач холбогдолгүй. Түүнчлэн 1 дүгээр хавтас хэргийн 18, 26, 27, 34-35, 43-44, 52, 53, 61-62, 70-71, 79-81, 92-106, 108-131, 137, 155-159 дүгээр талд авагдсан баримтууд нь нотолгооны ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага огт хангахгүй, 138 дугаар талаас эхлэн кассын зарлагын баримт гэсэн 7 ширхэг баримт мөнгө хүлээн авсан нь Г.Эрхэмболор, Б.Энхтуул гэсэн ба энэ нь “Б” ХХК-ийн нягтлан бодогчид зарлагадан мөнгийг авсан байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр “М” ХХК авсан гэж буруу тодорхойлжээ.

Мөн шүүх “Б” ХХК нь хариуцагч “М” ХХК-ийн ашиглалтад оруулсан Ивээл хотхоны борлогдоогүй орон сууцны ашиглалтын зардал, хариуцагч компанийн ашиглалтын зардлыг төлөх үүргээ гүйцэтгэж байсан нь хариуцагчаас ирүүлсэн 119 хуудас баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа 172 321 308.65 төгрөгийг “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн дээрх шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй, нэхэмжилсэн төлбөрийг хариуцагч тал төлсөн нь баримтаар тогтоогдсон атлаа дахин төлөх ёстой мэтээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй буруу байна.

Талуудын хооронд орон сууцны ашиглалтыг “Б” ХХК-аар гүйцэтгүүлэх талаар хэлцэл хийгдэж байсан, хэргийн үйл баримтаар нотлогддог боловч гэрээг бичгээр байгуулж баталгаажуулаагүй. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх” гэрээг хариуцагч талтай огт байгуулж байгаагүй, хуурамч гэрээ байгаа тухай 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шаардлагаа хүргүүлж байсан ба шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахдаа шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байсан боловч өмгөөлөгчийг уг шүүх хуралдаанд оролцуулаагүй, зохигчийн эрхийг хязгаарласан байна.

“Б” ХХК нь Ивээл хотхоны шинээр ашиглалтад оруулсан узельд үйл ажиллагаа явуулж байсан. Харин “Б” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа, тохируулга, арчилгаа, үйлчилгээг хийгээгүйгээс ердийн элэгдэл, хорогдлоос болж хэт муудсан ба ажлын хэсэг узелийг хүлээн авахад аваарын байдалтай байсныг “М” ХХК нь “Батбаян дулаан” ХХК-аар засвар үйлчилгээ хийлгэж хэвийн ажиллагаатай болгосон. Гэтэл уг баримтуудыг нэхэмжлэгч талын баримт мэтээр үнэлж хариуцагчаас гарсан зардлыг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн, үнэн бодитой, эргэлзээгүй талаас нь шалгаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 172 321 308.65 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг нотлохын тулд 2015, 2016 онуудын орон сууцны ашиглалтын зардал, дулааны эрчим хүчний төлбөр, цахилгааны тоолуурын зөрүү зэрэг төлбөрийн баримтуудыг /2ХХ-107-223/ гаргаж өгсөн байх ба шүүх дээрх баримтыг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн гэж үзэхээргүй байна. Эдгээр баримтуудын хугацаа, агуулгаас үзвэл нэхэмжлэлд дурдсан хугацаа болон зардлын төрөлд хамаарахгүй гэх үндэслэлгүй, тодруулбал 2015-2016 оны ашиглалтын зардлын баримтууд байх бөгөөд хариуцагч тал шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй, нотлох баримт маргаанд хамааралгүй гэдэг нь эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн хэргийн оролцогчид шүүх хуралдаанаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаантайгаар гаргаж өгөх боломжгүй баримтыг шүүх хуралдааны үед гаргаж өгсөн тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу шинжлэн судлах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй. Шүүх ийм эргэлзээтэй нөхцөлд шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх боломжоо хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нь бичмэл нотлох баримтыг эх хувиар нь гаргаж өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ёстой. 2 дугаар хавтас хэргийн 48, 49 дүгээр талд авагдсан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3587, 4079 дугаар бүхий Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримт нь эх хувиараа бус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь байх боловч дээрх гэрээнүүдийн хуудас нь дутуу буюу зөвхөн 1 болон 16, 17 дахь талууд нь хэрэгт авагджээ. Тиймээс уг гэрээг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэхгүй бөгөөд тус баримтад үндэслэн “Б” ХХК-ийг дулааны эрчим хүчийг худалдан авч цааш нь дамжуулах эрхтэй байсан эсэх нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00832 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 019 556 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                                 А.ОТГОНЦЭЦЭГ