Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00834

 

 Ц.Тунсагмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр шийдвэр,

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр магадлалтай,

 

Ц.Тунсагмаагийн нэхэмжлэлтэй

Д.Хишигбуянжаргалд холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Хишигбуянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.Тунсагмаагаас Д.Хишигбуянжаргалд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Тунсагмаагийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 м.кв газрыг Д.Хишигбуянжаргалын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 330 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Ц.Тунсагмаагийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 м.кв газрыг хариуцагч Д.Хишигбуянжаргалын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 708200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Д.Хишигбуянжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа хашаа байшин нь 2001 онд анх бусдад худалдагдаж, цаашид олон айл дамжин худалдагдсаар байхад ямар нэгэн нэхэмжлэл гомдол гаргаж байгаагүй хэрнээ 16 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа олон жилийн өмнө дууссан байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 75-р зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.3-т заасан заалтуудыг хэрэгжүүлэх ёстой байсныг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтан дээр үндэслэж зөв шийдвэр гаргасан байсан юм. Учир нь нэхэмжлэгч Ц.Тунсагмаа нь 2017 онд Завхан аймагт эмээтэйгээ золгох үедээ л хашаа байшинг байгаа гэдгийг сонсож гэрчилгээг нь хөөцөлдөж эхэлсэн гэж өөрөө шүүхэд тайлбар өгдөг юм.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.Тунсагмаа нь 2017 онд хашаа байшин байгааг сонсож мэдсэн гэж өөрөө тайлбарладаг боловч энэ тухай нотлох баримт хэрэгт огт байхгүй байна гэж үзэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтыг зөв үнэлж хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн байсан юм. Энэ хэргийн материалд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2003.03.14-ний өдрийн 60 дугаартай шийдвэр байгаа юм. Тус шийдвэрийг уншиж үзэхэд одоо нэхэмжлэл гаргаад байгаа Ц.Тунсагмаа нь тэр үед мөн нэхэмжлэгчээр оролцсон байдаг бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт 4 тал банзан хашаа, 6х4-н харьцаатай өвлийн орон сууц гэж бичигдсэн байгаагаас харахад нэхэмжлэгч нь урьд өмнө нь хашаа байшин байгааг мэдээгүй 2017 онд л мэдсэн гэдэг нь баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байна гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь тус хашаа байшинг анх В.Хандсүрэн гэдэг хүн 2001 онд бусдад худалдсанаас хойш олон айл дамжин худалдагдсан бөгөөд энэ айлууд бүгд л харилцан тохиролцож худалдаа хийж ирсэн бөгөөд бүгд л газар эзэмших гэрчилгээгүй байсан, ямар нэгэн байдлаар бусдад хохирол учруулаагүй, ямар нэгэн гомдол маргаан гараагүй, шударгаар эзэмшиж байсан юм. Ийм нөхцөл байдлууд заримдаа байдаг болохоор хуульд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа гэж зааж өгсөн байдаг байх гэж иргэн би бодож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх 16 жилийн дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм.

4.2. Иргэн Д.Хишигбуянжаргал би энэ хашаа байшинг худалдаж аваад засаж сайжруулж мөнгө төгрөг, хүч хөдөлмөр зарцуулж эд хөрөнгө барьсан тул би хохирох ёсгүй гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч нь олон жилийн өмнө гомдол нэхэмжлэлээ гаргасан бол энэ олон айл дамжин худалдагдахгүй, манайх мөнгө төгрөг хүч хөдөлмөр, эд материал зарцуулахгүй байх байсан тухайгаа би урьд өмнөх тайлбартаа тодорхой бичсэн байгаа билээ. Миний гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Ц.Тунсагмаа нь Д.Хишигбуянжаргалд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Суваргын 17-13 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1518.7 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй... гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх ...газар эзэмших эрхийн гэрчилгээ 2017 онд олгогдсноор нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх тул анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон, ...улмаар нэхэмжлэгч нь хууль ёсны эзэмшигч мөн болох нь газар эзэмших гэрчилгээгээр нотлогдсон бөгөөд хариуцагч нь маргаан бүхий газрыг хуульд заасан хэлбэрээр шилжүүлэн авсан болохоо баримтаар нотлоогүй, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй... гэж дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

8. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...маргаж буй хашаа байшин 2001 онд бусдад худалдагдсан байхад нэхэмжлэгч нь ямар нэг гомдол гаргаж байгаагүй, ...16 жилийн дараа шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэргийн нөхцөл байдлыг харгалзалгүй нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

 

9. Хэрэгт авагдсан М.Хандсүрэнгийн 2019.01.04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбарт: ...маргаж буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суваргын 17-13 тоот хаягт байршилтай хашаа байшин миний эцэг Мятавын өмчлөлд 1967 оноос хойш байсан, ...1990-ээд онд Ц.Тунсагмаагийн ээж болох Ичинхорлоо нь 4-5 хүүхэдтэй манай гэрт ирж амьдарсан, ...2001 онд аав Мятав нас барсны дараа 13 тоот хашаа байшинг Амараа гэх хүнд 200,000 төгрөгөөр зарсан, ...2001 онд Ц.Тунсагмаа нь 13 тоот хашаа байшинг авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс уг хашаа байшинг миний эзэмшилд байх нь зүйтэй гэсэн шийдвэр гарч байсан... гэж /хх-34/, М.Манлайбаатарын төлөөлөн нэхэмжлэгч Ц.Тунсагмаагийн гаргасан М.Хандсүрэнд холбогдох эцэг Мятавын өвлөгдөх хөрөнгөөс 1,398,000 төгрөгийн эд хөрөнгийг өвлүүлэх тухай хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003.03.14-ний өдрийн 60 дугаартай Шийдвэрээр: ...4 тал банзан хашаа, 6х4-ийн орон сууцыг 600,000 төгрөгөөр үнэлж, ... хариуцагч М.Хандсүрэнгээс 299,000 төгрөгийг гаргуулан М.Манлайбаатарт өвлүүлж, Ц.Тунсагмаагийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-37/, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2003.04.29-ний өдрийн №30 дугаартай Захирамжийн Нэг дэх заалтаар Тус сумын нутаг дэвсгэрт газар ашиглаж буй иргэд, аа-н нэгж, байгууллагуудад захирамжийн хавсралтад заасан ёсоор эдэлбэр газрыг гэрээгээр нөхөн эзэмшүүлэхийг зөвшөөсүгэй гээд хавсралтын 204-т Ц.Тунсагмаад Суварга 17-13, 1518.7 м.кв талбайтай газар эзэмших эрхийг хашаа байшингийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн /хх-47/, дээрх захирамжийг үндэслэн Ц.Тунсагмаад 2017.02.01-ний өдөр Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож /хх-3/, 2017.02.01-ний өдөр Алтанбулаг сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан иргэн Ц.Тунсагмаатай Газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан /хх-5/, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.24-ний өдрийн 03 дугаартай Шүүгчийн захирамжаар Сумын газрын албанаас газар чөлөөлөхийг шаардаж иргэн Д.Хишигбуянжаргалд ирүүлсэн Газар чөлөөлөх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Хишигбуянжаргалын нэхэмжлэлийг газрын даамал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-40-41/ үйл баримт тус тус тогтоогджээ.

 

10. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.3-т энэ хуулийн 106.1-д заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, 106.4-т энэ хуулийн 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулжээ.

 

Хуулийн дээрх заалтаар нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон, нотлогдсон тохиолдолд өмчлөгчийн шаардлагыг хангах үндэслэл болно.

 

11. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ үйл баримтыг тодруулаагүй, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн үндэслэл тодорхой бус тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

12. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй болох нь Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч хариуцагчийн тайлбарын үндэслэл болсон маргаж буй газартай холбоотой өвлөх эрхийн маргаан, газар чөлөөлөхийг шаардсан албан тушаалтны мэдэгдлийг шийдвэрлэсэн иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр дээрх шийдвэрүүдийг тухайн хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн уг газар анх хэний эзэмшилд байсан, 2001 онд газрын маргааныг шүүхээр шийдвэрлэж байсан гэх М.Хандсүрэнгийн мэдүүлэг болон хариуцагч Д.Хишигбуянжаргал 2009 оноос хойш маргаж буй хашаа газрыг эзэмшиж ашиглаж байхад нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

 

13. Хоёр шатны шүүх үйл баримт үндэслэл бүхий тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбуянжаргалаас 2020.08.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД