Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 837

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“АӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00562 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “АӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “НЭ” ХХК-д  холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 416 028 873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “АӨ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 онд Хан-Уул дүүрэгт “Ар Ий Си” ХХК-ийн захиалгаар баригдсан “Шинэ өргөө” хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа уг төслийн зургаан блок барилгыг “Нуган Эрин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан.

            Захиалагч “Ар Ий Си” ХХК 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “АӨ” ХХК-тай гэрээгээ цуцалсан. Улмаар “АӨ” ХХК, “НЭ” ХХК-д гэрээний дагуу 759 024 215 төгрөгийг дансаар, “Ар Ий Си” ХХК, “АӨ” ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг “Голомт” банкны дансаар, 210 868 248 төгрөгийг бараа материалаар нийлүүлэн тооцож “НЭ” ХХК-д шилжүүлсэн. “НЭ” ХХК гэрээний үлдэгдэл ажлын хөлсөө “АӨ” ХХК-иас нэхэмжилсэн иргэний хэргийг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар хяналтын шатны шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн.

            Гэвч дээрх нэхэмжлэлийг “НЭ” ХХК шүүхэд гаргахдаа “Ар Ий Си” ХХК, “АӨ” ХХК-ийн өмнөөс “НЭ” ХХК-д шилжүүлсэн 205 160 625 төгрөг, бараа материал нийлүүлсэн 210 868 248 төгрөг, нийт 416 028 873 төгрөгийг хасаж тооцоогүй бөгөөд тус компанийн захирал Б.Ууганбаяр нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч мөн “Монголын олон улсын үндэсний арбитр”-ын шүүхэд “Ар Ий Си” ХХК нь “НЭ” ХХК-иас 205 160 625 төгрөгийг хүлээн авсан тухай албан бичиг, “Голомт” банкны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул “НЭ” ХХК-иас 416 028 873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “НЭ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч "АӨ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтыг урьд нь иргэний журмаар бүх шатны шүүх хянан шийдвэрлэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоол гарч, хүчин төгөлдөр болсон.

            “АӨ” ХХК нь "... “НЭ” ХХК-д 210 868 248 төгрөгийн бараа материал хүлээн авсан иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү" гэсэн нь энэхүү нэхэмжлэлтэй давхцсан. Уг хүсэлтийг Улсын Дээд Шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж 001/ШТ2016/00204 дүгээр шүүхийн тогтоол гарсан. Мөн “АӨ” ХХК нь "... “Нуган Эрин” ХХК-д 3 удаагийн Голомт банкны гүйлгээгээр 205 160 625 төгрөгийн санхүүжилтийг “АӨ” ХХК-ийн өмнөөс "Ар Ий Си" ХХК нь шилжүүлсэн нотлох баримт байгааг олж мэдсэн" гэх үндэслэл заан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцээд 001/ШТ2017/00084 дугаар шүүхийн тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэгэнт хүчин төгөлдөр хэлцлийн заалтаас шаардсан "АӨ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.

    Нэхэмжлээд байгаа "416 028 873 төгрөгөөс 210 868 248 төгрөгийн бараа материал авч хэрэглэсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт бараа материалыг хүлээлцсэн акт, баримт байхгүй. Харин Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өгсөн Б.Ууганбаярын уг бараа материалыг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэсэн мэдүүлгээр хэргийн үнэн зөвийг шийдвэрлэх боломжгүй. Мөн 205 160 625 төгрөгийн хувьд "Ар Ий Си" ХХК нь "АӨ" ХХК-ийн өмнөөс 205 160 625 төгрөгийг Голомт банкны дансаар "НЭ" ХХК-д шилжүүлсэн нь үндэслэлгүй.            "Ар Ий Си" ХХК нь "Шинэ Өргөө" цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэх ерөнхий захиалагч бөгөөд тус компани барилгын ажлыг тасралтгүй явуулах шаардлагаар "АӨ" ХХК-ийн өмнөөс "НЭ" ХХК-ийн дансанд 68 000 000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн нь 2 компанийн хооронд үүссэн санхүүгийн маргааныг шийдвэрлэх хугацаанд хийгдсэн. Гэтэл дээрх 2 компани цаашид хамтран ажиллахгүй болсноор "АӨ" ХХК-ийн өмнөөс төлсөн гэх мөнгийг дараагийн гүйцэтгэгч "Аж богд моуэйнтэн" ХХК-д шилжүүлэн тооцож гэрээ хийсэн. "НЭ" ХХК нь энэ мөнгийг "Аж богд моуэйнтэйн" ХХК, "Нуган Эрин" ХХК хоорондын гэрээнд тусгагдаж тооцогдсон зориулалтаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 205 160 625 төгрөгийг юуг үндэслэн нэхэмжилж байгаа талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нуган эрин” ХХК-иас гэрээний үүрэгт 416 028 873 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Асар өргөө” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамж 2 238 094 төгрөгийг төлүүлж улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2 238 094 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Нуган эрин” ХХК-ийн захирал Б.Ууганбаяр, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хуульд зааснаар үндэслээгүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

             Талууд эвлэрэх тухай ярилцсан, тохиролцсон талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй, шүүх хуралдаанд яригдаагүй үйл баримтыг шүүх шийдвэртээ үндэслэсэн нь хууль зөрчсөн.

                Нэхэмжлэгч "АӨ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтыг урьд нь иргэний журмаар бүх шатны шүүх хянан шийдвэрлэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоол болон хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг Улсын Дээд шүүх 2 удаа хянасан.

    “АӨ” ХХК нь "... “НЭ” ХХК-д 210 868 248 төгрөгийн бараа материал хүлээн авсан иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү" гэсэн нь энэхүү нэхэмжлэлтэй давхцсан. Уг хүсэлтийг Улсын Дээд Шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж 001/ШТ2016/00204 дүгээр шүүхийн тогтоол гарсан. Мөн “АӨ” ХХК нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтдээ "... “Нуган Эрин” ХХК-д 3 удаагийн Голомт банкны гүйлгээгээр 205 160 625 төгрөгийн санхүүжилтийг “АӨ” ХХК-ийн өмнөөс "Ар Ий Си" ХХК нь шилжүүлсэн нотлох баримт байгааг олж мэдсэн" гэх үндэслэлээр хэлэлцүүлсэн бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар “хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдохгүй" гэж хангахаас татгалзсан 001/ШТ2017/00084 дугаартай шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаас үзэхэд "АӨ" ХХК-ийн нэхэмжлэлийн одоогийн шаардлага өмнө нь шүүхээр хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдсэн. “Асар өргөө” ХХК нь шүүхээр өмнө шийдвэрлэгдсэн нэг үйл баримтыг дахин давтан шүүхэд гаргаж байгаа нь шүүхэд зориуд будлиантай байдал үүсгэж, нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг мэдэн будилсан байдлаар дахин хянуулж шийдвэрлүүлэх гэсэн хууль бус оролдлого гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудыг үндэслэл бүхий дүгнээгүй.

Мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс үндэслэлгүй түдгэлзүүлж шийдвэрлэснийг хянаж хуулийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

            Нэхэмжлэгч “АӨ” ХХК нь хариуцагч “Нуган Эрин” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 416 028 873 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... “Нуган Эрин” ХХК 210 868 248 төгрөгийн бараа материалыг авч хэрэглэсэн гэдгээ тус компанийн захирал Б.Ууганбаяр нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрдөг, ... Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрт “Ар Ий Си” ХХК нь “Нуган эрин” ХХК-иас 205 160 625 төгрөгийг хүлээн авсан албан бичгийг гарган өгсөн, ... “Ар Ий Си” ХХК нь “АӨ” ХХК-ийн өмнөөс “Нуган Эрин” ХХК-д Голомт банкны дансаар мөнгө шилжүүлсэн байдаг..., ... “Нуган Эрин” ХХК нь манай компаниас ажлын хөлс нэхэмжлэхдээ дээрх мөнгийг хасч тооцоогүй” гэж тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.

            Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох чадвараа алдсан баримтыг шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраас анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16615 дугаар захирамжийн дагуу “Асар өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ар Ий Си” ХХК-д холбогдох арбитрын хэргээс хуулбарлан ирүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт нь төлбөрийн зориулалт, дүн, огноо дугаар, шилжүүлэгч болон хүлээн авагчийн нэр зэрэг нь гаргацгүй, уншигдахгүй /хх-164 дэх тал/ байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан буюу жинхэнэ эхийг шаардан авах, боломжгүй бол түүний хадгалагдаж байгаа газарт нь үзлэг явуулан шинжлэн судлах зэрэг ажиллагаа явуулахгүйгээр тус баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.

Түүнчлэн, Монголын олон улсын ба Үндэсний арбитрт хянан шийдвэрлэгдсэн “Ар Ий Си ХХК-ийн нэхэмжлэлтэй “АӨ” ХХК-д холбогдох арбитрийн хэргийн хариуцагч “АӨ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд “ ...“Асар Өргөө” ХХК-иас шаардаж буй 205 160 625 төгрөгийг “Нуган Эрин” ХХК-д төлсөн” гэсэн агуулга тусгагджээ. /хх 104 дэх тал/ Тус хэргийг арбитрын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/1101тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх 139 дэх тал/ Уг арбитрын шийдвэр нь зохигчдын хооронд үүссэн үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаарх иргэний маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад холбогдох ажиллагаа хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 238 094 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 Ч.ЦЭНД