Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01592

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01155 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А” ХХК,

Хариуцагч Ж.Ч, Н.Д нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 31,880,416.73 төгрөг, нотариатын зардал 15,700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, хариуцагч Н.Д-ийн өмгөөлөгч О.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.  

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ч, Н.Д, Ч.Б нар 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 25 773 237.17 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6 018 423.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 88 755.81 төгрөг, нийт 31 880 416.73 төгрөг, нотариатын зардал 15 700 төгрөг, нийт 31 896 116.73 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч нарын зээлийн барьцаанд буй Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаартай, 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.      

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс 8 348 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн хуваарьт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй ч үүргийн гүйцэтгэлийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байна. Зээлийн хөрөнгийг Ч.Бийг гадаад улс руу явуулахад зарцуулсан. Солонгос улсад анх очоод эхний хэдэн сар тогтсон ажил хийх боломжгүй байсан. Одоо бол ажил хийж байгаа учир зээлийг төлөөд явах боломжтой болсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч, Н.Д нараас 31 880 416.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 15 700 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч, Н.Д нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Н.Д-ийн өмчлөлд бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000465284 дугаартай гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203004051 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу гудамж, 29-р байр, 34 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулах,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387 630.58 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ч, Н.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 387 630.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлж байгаа Б.Бадамгарав нь хариуцагч Ч.Бээс татгалзсан хүсэлтийг гаргаагүй ба хэрэгт огт хамааралгүй хэргийн оролцогч биш Ц.Энхтөр нь уг хүсэлтийг гаргаж анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Дээрх хуулийн зохицуулалтыг шүүх үндэслэл болголгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь хуулийн зохицуулалтаас харагдаж байгаа бөгөөд уг хэрэгт хариуцагчаар татагдсан Ч.Бээс татгалзсан нь үндэслэлгүй, “А” ХХК-аас авсан зээлийг зарцуулсан субьект тул энэ хэрэгт хариуцагчаар зайлшгүй оролцох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ж.Ч, Н.Д, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 773 237,17 төгрөг, хүү 6 018 423,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88 755,81 төгрөг, нийт 31 880 416,73 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа, гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, зээлийг цаашид төлөөд явах боломжтой, зээлийн мөнгийг Ч.Б ашигласан гэсэн тайлбарыг гаргажээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 2107002914 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч Ж.Ч, хамтран зээлдэгч Н.Д, Ч.Б нар нь зээлдүүлэгчээс 30 000 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, харилцан тохиролцож тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн, зээлийн мөнгийг хүлээн авсан, мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Н.Дгийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 29 дүгээр байр, 34 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан үйл баримт тогтоогдсон, шүүх талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул нэхэмжлэгч А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б Монгол Улсад байхгүй шалтгаанаар хариуцагчаар татахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй ба шүүхэд хүсэлт гаргасан Ц.Энхтөр нь нэхэмжлэлд гарын үсэг зурсан байх тул хариуцагчийн хэргийн оролцогч биш этгээдийн хүсэлтийг шүүх хүлээн авсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Хариуцагч тал зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөлгүй үүргийн зөрчил гаргасны улмаас нэхэмжлэгч тал 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгчид үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн ч зээлдэгчийн үүргийн зөрчил үргэлжилсээр байсан тул мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд хандан шийдвэрлүүлэх үндэслэл бүрдэж байгааг мэдэгдсэн талаарх баримт авагдсан, хариуцагч үүнийг няцаагаагүй.

            Иймд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 3.6, 3.7-д заасныг зөрчөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

            Түүнчлэн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр  хангуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ